С.Одон: Барилга бол түүхийн гэрч, урлагийн бүтээл

ДБЭТ

ДБЭТ, УДЭТ, Үндэсний номын сангийн барилгыг нурааж, шинийг барина хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан мэдэгдсэн нь олон нийтийн дунд маргаан дэгдээсэн. Зарим хүн хотын өнгө төрхийг илэрхийлэх хуучин барилгуудаа сэргээн засаж, хадгалан үлддэг жишиг олон улсад бий хэмээж байхад нэг хэсэг нь буулгаад дахин барих нь зөв гэж буй юм. Уг асуудалтай холбогдуулан Монгол Улсын зөвлөх архитектор С.Одонтой ярилцлаа. Тэрбээр түүхэн дурсгалт барилгуудаа хэрхэн хамгаалах ёстой талаар зөвлөв.

-Хуучин барилга бүрийг хамгаалж, нураах ёсгүй гэвэл өрөөсгөл болох байх. Үнэ цэнтэй, зайлшгүй хамгаалах шаардлагатай ямар барилгууд манай хотод байдаг вэ?

-Монголын орчин цагийн архитектурыг олон улсын өндөр хөгжилтэй хотуудынхтай харьцуулах аргагүй л дээ. Гэсэн ч дэлхийн сонгодог архитектурын ерөнхий хандлагууд манайд нутагшсан. Жишээ нь, Хэвлэх үйлдвэр, “Бөмбөгөр ногоон” гэдэг байсан Төв театр, Хотын түүхийн музейн барилга бол модерн урсгалын төлөөлөл. Хэдийн нураасан Дотоодыг хамгаалах яам, Армийн клуб буюу өнөөгийн Кино урлагийн дээд сургууль, хуучнаар Аж үйлдвэрийн яам байсан одоогийн Ардчилсан намын байрыг 1930-аад онд ЗХУ-д хүчээ авсан конструктивизмийн нөлөөгөөр барьсан. 

Мөн “Ленин” клуб буюу одоогийн “Санкт-Петербург” төв, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын нураачихсан байр зэрэгт ч конструктивизмийн нөлөө туссан байсан. Социалист хэмээн хүчээр нэрлэж, дэлхийн сонгодог архитектурын онолд тулгуурлан хөгжүүлсэн неоклассицизм гэх урсгалын нөлөөгөөр 1940-өөд оноос Улаанбаатар хот өөрийн гэсэн өнгө төрхтэй болсон юм. 

МУИС, Гадаад явдлын яам, Гадаад явдлын яам байснаа дараа нь Германы ЭСЯ яам үйл ажиллагаа явуулсан барилга, Дуурь бүжгийн эрдмийн театр, Б.Элдэв-Очирын нэрэмжит кинотеатр, Засгийн газрын ажилтнуудын 32 айлын орон сууц, Монголын үйлдвэрчний эвлэлийн төв байр, Улсын драмын эрдмийн театр, “Сонгино” амралтын газар, Улсын төв музей, Санхүү эдийн засгийн их сургууль, Хүүхдийн урлан бүтээх төв зэргийг тэр үед барьсан. Эдгээр нь манай улсын хөгжлийн түүхийн жишээ, соёлын өв. Тэр ч утгаараа үнэ цэн нь өндөр байх учиртай. Чанаргүй материалаар барьсан, өнгө үзэмж муутай байгууламж мэдээж үүнд хамаарахгүй.

-Тэдгээрийг барихад, архитектурыг нь гаргахад голдуу хойд хөршийн мэргэжилтнүүд оролцсон болов уу?

-1948 оноос өмнө гол төлөв ЗХУ-ын архитекторуудын зохиосон зургаар барилга барьж байлаа. Харин 1948 оноос Монголын мэргэжилтнүүдийн зохиосон зураг төслөөр томоохон барилга байгууламж барих болсон. “Улаанбаатар” зочид буудал, Лениний музей, Хүрэлтогоот дахь Одон орон судлалын төв, Цаг уурын хүрээлэн, Урт цагаан, Бага тойруу дахь орон сууцууд, Эрүүлийг хамгаалах яам, их, дээд сургууль зэрэг олон жишээг энд дурдаж болно.

-Ерөнхий сайдын мэдэгдэлтэй холбоотойгоор соёлын өв болсон барилгуудаа нураах “жишиг” тогтлоо гэж шүүмжлэх хүн цөөнгүй байна.

-Хурандаа генерал С.Лувсангомбо гуай өнгөрсөн дөрөвдүгээр сард хотын дарга С.Амарсайхантай уулзахдаа хуучин барилгуудаа архитектурын дурсгал гэж үзэн, хамгаалахыг аминчлан захисан шүү дээ. Аргагүй юм. Барилга бол түүхийн гэрч, урлагийн бүтээл. Үүнийг ойлгодог хүмүүс л хуучин барилгуудаа хамгаална. Хотын төв хэсэг сүүлийн 30-аад жил өөр хоорондоо авцалдаагүй, өрсөлдсөн юм шиг өндөр барилгуудын цуглуулга боллоо. Төв талбайгаа урд, баруун, зүүн талаас нь том барилгуудаар хашсан. Одоо хойд талаас нь шахаж эхэллээ.

Хуучнаар МУИС-ийн хичээлийн VI байр, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын байр гээд манай улсын түүхтэй холбоотой, архитектурын өвөрмөц шийдэлтэй байшинг нураасан. Хүмүүс тэр талаар одоо бараг мартаж, хэдхэн хүний дурсамжид л үлдлээ. Засгийн газрын ажилтнуудын 32 айлын сууц гэж төр, улсын зүтгэлтэн, эрдэмтэн мэргэд, их сургуулийн багш нарын амьдардаг, архитектурын өвөрмөц шийдэлтэй барилгуудын ээлж одоо ирж байна. Энэ мэт нь ойлгодоггүй хүмүүст жирийн л үзэгдэл мэт санагдах биз. Гэтэл үнэндээ бол маш гунигтай хэрэг юм.

-Мэргэжлийн хяналтын газрынхан ашиглалтын шаардлага хангахгүй, нурах эрсдэлтэй гэж дүгнэсэн. Тэгэхээр аюулгүй байдлыг хангахын тулд арга хэмжээ авах нь зөв юм биш үү?

-Хотын төвд өндөр шилэн барилгатай байвал тухайн хувь хүн, байгууллагын нэр хүнд өндөрсөх мэтээр ойлгодог хүн цөөнгүй болж. Тоосгон ханатай, модон хийцтэй барилга төдөн настай, одоо буулгах цаг нь гэх мэтээр дэлхийн хаана ч үгүй хачин юм ярьж байна. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гэж итгэхэд бэрх, сонин баримт гаргаж ирдэг боллоо. Тэр дүгнэлтээр ижилхэн хоёр барилгын нэг нурах болчихоод, нөгөөх нь зүгээр байна. 

Жишээ нь, сонгодог архитектурын үлгэр жишээ болох Байгалийн түүхийн музейн болон Санхүү эдийн засгийн их сургуулийн яг ижилхэн хоёр барилга бий. Архитектор Б.Чимэдийн ижил зураг төслөөр энэ хоёр барилгыг барьсан. Гэтэл яагаад нэг нь нурах гээд, нөгөөх нь зүгээр байна вэ. Үүний цаана ашигтай байршилтай газрыг авах гэсэн хэн нэгний явцуу эрх ашиг, түүнтэй шууд хамааралтай янз бүрийн шалтгаан байгаа гэж харддаг. Арчилж тордвол барилга хэчнээн ч жил “насалдгийг” харуулах олон жишээ бий. Үндсэн хийцийг нь модоор шийдсэн Богд хааны ордон, Чойжин ламын сүм зэрэг 50-иас дээш жил насалсан барилга манай улсад ч байна. 

Хотын төв хэсгийн болон зарим өвөрмөц барилгыг шаардлага хангахгүй нэрээр буулгаад байвал хэдэн жилийн дараа хүмүүс шилэн аквариумд амьдарч, энэ манай хот гээд суух нь. Тэгэхээр хүрээлэн буй орчин, байгаль дэлхийгээсээ холдож, робот болно биз дээ. Хэрэв энэ маягаараа бид хуучин бүхнийг устгадаг болчихвол өдгөө орчин үеийн гээд байгаа байшингууд хэсэгхэн хугацааны дараа мөн л хуучинд тооцогдон, нураах эрсдэлтэй тулгарна.

-Улс орон хөгжихийн хэрээр бүтээн байгуулалт хийх нь зайлшгүй. Түүний зэрэгцээ хуучин барилгуудаа хамгаалж үлдээх ёстой. Тэгэхээр шинэ, хуучнаа хэрхэн уялдуулах вэ?

-Архитектурын дурсгалыг хамгаалахаас гадна дүр төрхийг нь шинэ барилга байгууламжид уламжлуулан хадгалдаг жишиг олон улсад бий. Энэ нь манайд ч нэвтэрсэн. Тодруулбал, “Голомт” банкны байрыг төв талбайн уламжлалт цогцолбортой уялдуулан барьсан. Үүнээс гадна “Континенталь” зочид буудал, “Улаанбаатар” их дэлгүүр зэрэг нэлээд хэдэн жишээ дурдах боломжтой. Гэхдээ олон давхар барилга барьж болохгүй гэсэн үг биш. Аливаа урлагт зохиомжийн онолыг баримталдаг. Хот байгуулалт, архитектурын байгууламжийн зохиомж нь хэмнэл, тэгш, тэгш бусын болон өндөр, намын харьцаа, гэрэл, сүүдрийн зохицолтойгоороо урлагийн бусад төрөлтэй адил. 

Харин хүн амьдрах, ажиллах орчныг бүрдүүлэх онцлог шинжээрээ ялгарна. Сүүлийн үед хот, суурингууд улам цоглог дүр төрхтэй болж буй нь зүй ёсны үйл явц. Гэсэн ч түүхийн гэрч болсон байгууламжид арай ухаалгаар хандмаар байгаа юм. Дөнгөж өнөөдөр л ярьж, хэлэлцээд байгаа зүйл биш л дээ. Олон бүтээлийг улс, хотын хамгаалалтад авах тогтоол, шийдвэр гаргасан байдаг. Монголын архитекторуудын эвлэлээс санаачлан, зарим барилгыг Азийн соёлын өвд бүртгүүлсэн.

-Улаанбаатар дахь түүхийн дурсгалт барилгуудыг хэрхэн хамгаалах ёстой вэ?

-Тухайн барилгын ерөнхий дүр төрхийг хадгалаад, доторх зохион байгуулалтыг нь өөрчилдөг жишээ гадаадын орнуудад цөөнгүй. Түүхийн дурсгалт барилгуудыг хадгалах, хамгаалах, сэргээн засах тухай архитектурын онолын салбар бий. Манайд энэ талаар мэргэшсэн хүн ч цөөнгүй. Тэдний саналыг сонсож, хэрэгжүүлсэн зүйл бий, эсэхийг мэдэхгүй. Түүхийн дурсгалт зүйлсийг сэргээн засах газар гэж манай улсад уг нь байсан. Гэсэн ч уг газар зөвхөн сүм хийдэд хамааралтай гээд, хувьчлал нэрийн доор үгүй хийсэн. Олон улс дурсгалт барилгуудаа хамгаалж, сэргээн засаж, зарим тохиолдолд зөвхөн нүүрэн талыг хуучнаар нь үлдээж, доторх зориулалтыг өөрчилсөн жишээ цөөнгүй бий.

-Өдгөө нураана гээд байгаа гурван барилга ямар түүх “өгүүлдэг” юм бэ?

-Дуурь бүжгийн эрдмийн театрын барилгын зураг төслийг Эх орны дайны үед ЗХУ-д амьдарч байсан, фашизмыг эсэргүүцэгч, герман архитектор Герхард Козель зохиосон. Барилга барих, гадна, дотор чимэглэлийг хийхэд манай уран бүтээлчид оролцсон байдаг. Театрын барилгын төлөвлөлтийн сонгодог жишээг үүнд шингээсэн. Манай ууган архитектор Б.Чимэд төрийн чухал алба хашихын зэрэгцээ олон барилгын зураг төслийг зохиож, бариулсан юм. Монголын үйлдвэрчний эвлэлийн төв байр, Улсын төв музей, орон сууцны барилгууд ч бий. 

Тэдгээрийн нэг нь Залуучуудын ордон буюу одоогийн Улсын драмын эрдмийн театр. Энэ бол сэргэн мандалтын үеийн архитектурын гол онолчдын нэг А.Палладиогийн зарчмыг баримтлан, Хархорин дахь Хаадын их өргөөний археологийн судалгаанд тулгуурлан төлөвлөлтийн шийдлийг олж, Монголын чимэглэлийн урлагийн уламжлалыг тусгасан барилга. Уг барилгын яг өнөөгийн төрхийг хадгалаад дахин барих боломжгүй, хоосон дуураймал юм болно. Харин сэргээн засах боломжтой. Монголын үндэсний номын сангийн барилгын хувьд загварыг нь ЗХУ-ын архитектор Н.М.Шепетильников орон зайн өвөрмөц шийдэлтэйгээр боловсруулсан. Олон жил хотын төвийг чимсэн. Даанч архитектурын мэдлэггүй хүмүүс хоёр талаас нь шахаж, барилга бариад юу ч болгочихов доо.

-Барилгын асуудал ярихаар хотын ерөнхий төлөвлөгөөг хөндөхөөс аргагүй болдог. Улаанбаатарт олон замбараагүй барилга барьж буй нь ерөнхий төлөвлөгөөгөө баримтлахгүй, зүгээр л нэг цаас болгосонтой холбоотой гэдэг байх аа?

-Улаанбаатар хотын хөгжлийн тав дахь ерөнхий төлөвлөгөөг одоо мөрдөх учиртай. Харамсалтай нь, үүнийг баримталдаггүй. Хотын даргаар ажилласан хүн бүр зоргоороо газар олгосноор сул чөлөөтэй орон зай үгүй болж, асуудалд мэргэжлийн мэдлэг, туршлагагүйгээр хандсан. 1990 оноос хойш ажилласан ерөнхий архитекторуудад мэргэжлийн зориг дутаж, бусдын амыг дагаж явсаар өдий хүрлээ. Сүүлдээ бүр түүхийн дурсгалт барилгууд руу халдах явдал хавтгайрсан нь сэтгэл зовоож байна.

-Манай хот төлөвлөлтөд өөрийн гэсэн өвөрмөц хэв шинж, урлаг бий юү?

-Нийслэл хүрээ байх үеэс манай хот нүүдэлчдийн уламжлалт хүрээ маягаар барилгажин дүр төрхөө олсон. Шашны томоохон төв, худалдаа арилжааны зах, өргөн чөлөө, аймаг гэж нэрлэж байсан дүүрэг маягийн төвлөрөн оршин суух хэсгүүд, банк санхүүгийн байгууллагууд, цэргийн хуаран аажимдаа бий болсон. Их хүрээний үеийн монгол зургийн аргаар зурсан бүтээлийг хараад ийм сэтгэгдэл төрдөг.

Энэ нь хотын барилгажилтын үндэс гэж үзэж болох юм. Улаанбаатар хотыг барилгажуулах анхны ерөн хий төлөвлөгөөг 1956 онд ЗХУ-ын ГИПРО институтэд боловсруулсан. Гэхдээ түүнээс өмнө хотын төв талбайг цэгцлэх, барилга байгууламжийг нэгдмэл цогцоор шийдэх ажил хийж байсан. Дэлхийн хоёрдугаар дайны дараа үеэс Засгийн газрын ордон, Төв театр, “Алтай” зочид буудал, Б.Элдэв-Очирын нэрэмжит кинотеатр зэрэг томоохон барилга барьж, хотын төв хэсгийн өнгө төрхийг бий болгосон. Монголын ууган архитектор Б.Чимэд уламжлалт хот байгуулалтын ёсоор төв талбайг Богдхан уул руу нээн хөгжүүлэх санааг 1949 онд гаргасан нь ерөнхий төлөвлөгөөнд тусгалаа олсон. 

Тэр нь төв талбайгаас эхлэн Хүүхдийн парк, Төв цэнгэлдэх хүрээлэнгээр дамжуулан Богдхан уул хүртэл битүү ногоон зурвас байхаар шийдсэн, дэлхийд бараг байхгүй, жинхэнэ монгол уламжлалыг хадгалсан хот байгуулалтын өвөрмөц шийдэл байсан. Энэ шийдэл 1990-ээд он хүртэл л хадгалагдсан даа.

-Анхны ерөнхий төлөвлөгөөнд тусгасан монгол уламжлал бүхий архитектурын шийдлээс өдгөө үлдсэн үү, бүрмөсөн устсан уу?

-Анхны ерөнхий төлөвлөгөөг зохиогчид Улаанбаатар хотыг барилгажуулахдаа дэлхийн хот төлөвлөлтийн цацраг тойргийн шилдэг шийдлийг тусгасан нь одоо зарим хэсэгт хадгалагдан үлдсэн. Тухайлбал, төв талбайгаас цацраг хэлбэрээр эх авсан гудамж, тэдгээрийг хооронд нь холбосон тойрог одоо ч бий. Их сургуулийн болон Сүхбаатарын гудамж, Их, Бага тойруугийн дагуух барилгажилт, зохион байгуулалт, зам, тээврийн сүлжээ зэргийг үүнд хамааруулж болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)