С.Нарангэрэл: Төрийн нийтийн өмч гэдгийг хэт дэвэргэж, нөгөө тал руу гуйвуулах үйл ажиллагаа явагдаж байна

Үндсэн хуулийн 6.2. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн гэсэн заалтыг иргэд болоод зарим улс төрчид шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Өчигдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар уг заалтыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, үндсэн хуулийн 6.2 заалтыг өөрчлөх ажлын хэсэг байгуулж авч хэлэлцэхийг шаардсан. Тэгвэл өнөөдөр тус заалтын талаар хууль зүйн ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл тайлбар өгөв.

Тэрбээр “Сүүлийн үед цахим ертөнц, хэвлэл мэдээлэл, зарим нэр бүхий улс төрч оролцож Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад дурдсан төрийн нийтийн өмч гэдгийг хэт дэвэргэж, нөгөө тал руу гуйвуулах үйл ажиллагаа явагдаж байна. Нэр томьёо, хууль зүйн нэр томьёо цаанаа шинжлэх ухааны маш нарийн үндэстэй. Төр гэдэг нэр томьёо бол бас хоёрдугаар утгаараа улс гэж явдаг. Тэгэхээр төрийн нийтийн өмч гэдэг нь бүх ард түмний хөрөнгө, улсын өмч гэсэн утгаар энэхүү заалтыг Ерөнхийлөгч санаачлаад УИХ баталсан. Үүнд эх орноосоо урваж тэрслэх, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд нөлөөлөх өчүүхэн төдий асуудал энэ нэр томъёоны цаана байхгүй. Бид үүнийг хаа сайгүй анхааралдаа авах зайлшгүй шаардлагатай болсныг эрдэмтэн, судлаач, туршлагатай хуульч хүний хувьд хэлж байна” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)