С.Мөнхчулуун: Ерөнхий сайд намайг батламжлахаас татгалзах үндэслэл байхгүй

Энэ сарын 16-нд нийслэлийн ИТХ-ын олонх нь төлөөлөгч С.Мөнхчулууныг Засаг даргаар томилохыг дэмжсэн. Албан ёсны шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжилснаар тэрбээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болно. Харин “Ерөнхий сайд түүнийг батламжлахаас татгалзжээ”, “С.Мөнхчулууныг олонхын саналаар томилсон ИТХ-ын тогтоолыг Засгийн газарт хүргүүлээгүй гэнэ” зэрэг мэдээлэл өчигдөр өглөө нийгмийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр тархсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгалан “С.Мөнхчулууныг батламжлах албан бичгээ ИТХ-аас Засгийн газарт албан ёсоор ирүүлээгүй байна” гэж мэдээлсэн юм. Үүнтэй холбогдуулан С.Мөнхчулуун тайлбар хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Таныг Засаг даргаар батламжлуулах албан бичгийг ЗГХЭГ-т өдий хүртэл (12.00 цагийн орчимд мэдээлэл хийсэн) хүргүүлээгүйн шалтгаан юу юм бол. ИТХ-ын дарга С.Амарсайхан албан бичигт гарын үсэг зурж, тамга дарахаас зайлсхийж байна гэх мэдээлэл байна.

-Засаг даргад нэр дэвшин, сонгогдсоноос хойш өчнөөн нэр, хоч зүүлээ. Өчигдөр (уржигдар) орой 18.30 цагт нийслэлийн Засаг даргын Тамгын газрынхан албан бичгийг бэлэн болгоогүй байсан. 16-нд баталсан тогтоолд огноо, дугаарыг нь бичээгүй, гарын үcэг зураагүй байсан хэрэг. 16-нд сонгогдоход л надаас шалтгаалах бүх материал бэлэн байсан. Нэр дэвшиж байгаа хүний хувьд нэг бичиг баримт дутуу гэдэг шалтгаанаас болж эрхээ хасуулахгүйн тулд бүгдийг бүрдүүлсэн. Бараг долоо хонох гэж байхад яагаад албан бичгээ ЗГХЭГ руу явуулаагүй талаар ИТХ-ын ажлын албаны даргаас өнгөрсөн баасан гарагт асуусан. ИТХ-ын даргад танилцуулсан ч гарын үсэг зураагүй байна гэх мэдээлэл өгсөн. Даваа гаргийн үдээс хойш ИТХ-ын даргатай уулзахад “Одоо гарын үсгээ зураад явуулна” гэсэн. Батламжлах, эсэх талаараа Ерөнхий сайд төд хоногийн дотор хариу өгнө гэсэн тодорхой заалт хуульд байхгүй. Албан бичиг хөтлөлтийн журмаараа л шийдэх байх. Гэхдээ тогтоолыг өнөөдрийг хүртэл хүргүүлэхгүй байгаа нь Ерөнхий сайдын хуулиар олгосон бүрэн эрхэд нь халдсан хэрэг. Ингээд зогсохгүй шийдвэр гаргасан мэтээр Ерөнхий сайдын өмнөөс ярьж байгаа нь харамсалтай.

-Ерөнхий сайд таныг батламжлахгүй бол яах вэ?

-Ийм шийдвэр гаргахгүй болов уу. Засаг даргад байх ёстой хуулийн шаардлагыг би хангасан. Нэгэнт ИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь намайг дэмжиж, сонгосон учраас Ерөнхий сайд батламжлах байх. Батламжлахгүй бол хуульд заасны дагуу Ерөнхий сайд түүнийгээ ИТХ-д албан бичгээр мэдэгдэнэ. ИТХ дахин хуралдаж, сонгосон хүнийхээ нэрийг хүргүүлэх ёстой. Харин тэр хүнийг Ерөнхий сайд тав хоногийн дотор батламжлах үүрэгтэй.

-Танай намын Удирдах зөвлөлөөс С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн байхад та яагаад өрсөлдсөн юм бэ?

-Хамт өрсөлдсөн хүнээсээ илүү бэлтгэгдсэн, би энэ ажлыг хийж чадна гэж үзсэн учраас нэрээ дэвшүүлсэн.

-МАН-ын “хотын” гэгддэг фракц, цаашлаад “60 тэрбум”-ын хэмээх хэрэгт холбогдсон хүмүүсийг тантай ойр гэдэг нь үнэн үү?

-Тэр хэргийг хууль, хяналтын байгууллага шалгах ёстой. ЖДҮХС-гийн дуулианд ч би ямар нэг байдлаар холбоогүй. Тийм байсан бол би ийм зоригтойгоор нэрээ дэвшүүлэхгүй байсан.

-Таны хамаарал бүхий этгээд “Улаанбаатар радио”-г булааж авах нь гэх маргаан 10 гаруй жил үргэлжилсэн. Үүний талаар АТГ-т иргэнээс гомдол мэдүүлсэн байна лээ.

-Надад ямар ч хамаагүй. Манай хадам ээж “Нарны титэм”-ийн нэгдүгээр давхарт 1990 оноос хойш үсчин, цайны газар ажиллуулж байгаа. Би энэ айлд 2007 онд хүргэн орсон. Цайны газрыг нь 2005 оны нийслэлийн ИТХ-ын тогтоолоор хадам ээжийн “Наран булаг” компанид хувьчилсан юм билээ. Тус барилгын дээд талын давхарт Зам, тээврийн хөгжлийн дэд сайд байсан Б.Цогтгэрэлийн “Улаанбаатар радио” компани 2003 онд байрлаж, ажилласан. Улмаар тэд “Наран булаг” компанийг бүхэлд нь хувьчилж авна гэснээр маргаан үүссэн юм билээ. 2016 онд шүүхээс “Улаанбаатар радио” энэ талаар дахин маргаан үүсгэх эрхгүй. Өөр өөрсдийнхөө юмыг ав” гэх агуулгатай шийдвэр гаргасан гэсэн. Надад ийм маргаанд оролцох зав ч алга. Шаардлагатай бол холбогдох газрууд нь шалгаж тогтоох байлгүй. Энэ нь Ерөнхий сайд намайг батламжлахаас татгалзах үндэслэл биш. Намайг Засаг даргаар сонгосонтой холбоотойгоор энэ мэдээллийг хүчтэй явуулж байна. Үүнийг Б.Цогтгэрэл хийж байгаа гэж таамаглаж байгаа юм болов уу. Өмнө ч янз бүрийн асуудлаар намайг харлуулах мэдээлэл тарааж байсан.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)