С.Мөнхчулууны мөрөөдлийг биелүүлэх, эсэхийг ИТХ л шийднэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлахаас татгалзаж буйгаа өнгөрсөн баасан гарагт албан ёсоор илэрхийллээ. У.Хүрэлсүх МАН-ын даргын хувиар нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлсэн хүн нь С.Мөнхчулуун биш. Нөгөө талаас тэр нийслэлийн ИТХ дахь олонхын бүлгээс олонхын санал авч чадаагүй нэгэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тэргүүн С.Мөнхчулууныг батламжлахгүй гэдгээ хэзээ илэрхийлэх вэ гэдэг нь гагцхүү цаг хугацааны асуудал байсан гэхэд болно. Ийнхүү С.Мөнхчулууныг Засаг даргаар батламжлуулах албан бичгийг ИТХ-аас Ерөнхий сайдад илгээснээс 24 хоногийн хойно татгалзсан нь энэ.

Ерөнхий сайдын хариу тун товчхон, ердөө л “Татгалзлаа” гэдгээ нэг өгүүлбэрээр илэрхийлсэн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд ч Засаг даргаар батламжлах, эс батламжлах талаар төд хоногийн дотор хариу өгөх тухай заалт ч байхгүй. Харин уг хуулийн 26.5-д аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигчийн хангасан байх ёстой шаардлагыг “Дээд боловсролтой, төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, татвар, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй, ялгүй байх” гэсэн таван зүйлээр тусгасан байдаг.

Нэгэнт Ерөнхий сайд татгалзсан учраас ИТХ 15 хоногийн дотор Засаг даргад дахин нэр дэвшүүлэх ёстой. ИТХ энэ сарын 22-нд буюу ирэх баасан гарагт хуралдах товтой. Гэхдээ энэ нь өнгөрсөн сарын 28-нд хуралдсан ээлжит 21 дүгээр хуралдааны үргэлжлэл. Өөрөөр хэлбэл, тус хуралдаанаар Засаг даргад нэр дэвшүүлэх талаар хэлэлцэх, эсэх нь эргэлзээтэй. Хэлэлцэхээр бол ИТХ-ын тэргүүлэгчид маргаашаас хэтрэлгүй хуралдаж, хэлэлцэх асуудалдаа Засаг даргыг сонгох, эсэх талаар нэмэх ёстой. Учир нь хэлэлцэх асуудлыг хуралдаан болохоос гурав хоногийн өмнө тодорхой болгож, төлөөлөгчдөд холбогдох мэдээллийг хүргэх учиртай.

Энэ тохиолдолд МАН-ын Удирдах зөвлөл өнөө, маргаашгүй хуралдаж таарна. Тодруулбал, Засаг даргад ИТХ дахь олонхын бүлгээс нэр дэвшүүлнэ. Олонхын буюу МАН-ын бүлгээс нэр дэвшигч гэдэг нь МАН-ын даргын санал болгосон, Удирдах зөвлөлийн шийдвэрээр тодорсон нэгнийг хэлнэ. Мэдээж ИТХ-ын төлөөлөгч өөрөө өөрийгөө нэр дэвшүүлж болно. С.Мөнхчулуун нь ч намын дарга У.Хүрэлсүхийн санал болгосноор Удирдах зөвлөлийн гишүүдийн олонх дэмжин, нэр дэвшүүлсэн С.Амарсайхантай өрсөлдөхөөр өөрийгөө сойсон нэгэн. Юутай ч МАН-ын Удирдах зөвлөл ойрын үед дахин хуралдаж, Засаг даргад хэн нэгнийг нэр дэвшүүлэх биз. Харин тэр нь өмнө нь нэр дэвшүүлсэн, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан байх уу, эсвэл өөр нэгэн байх уу. Намын удирдлага нь хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээс эс хамааран С.Мөнхчулуун Засаг дарга болох амбицаа дарах, эсэх нь бас асуулт болж байна.

Засаг даргад нэр дэвшигчдээс хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын буюу 50-иас дээш хувийн санал авсныг нь томилуулахаар Ерөнхий сайдад санал болгох юм. С.Мөнхчулууныг дэмжсэн хуралдаанд 43 төлөөлөгч оролцсон бөгөөд 24 нь түүний төлөө саналаа өгсөн. Энэ нь 11 гишүүнтэй АН-ын бүлгээс нэлээд дэмжлэг авсан гэсэн үг. Одоо намын даргынхаа шийдвэрийг сөрж С.Мөнхчулуун, эсвэл өөр хэн нэгэн нэр дэвшвэл сөрөг хүчнийхэн тэр хүнийг урьдын адил дэмжих болов уу.

Ийнхүү хоёр дахиа хуралдаж, нэр дэвшүүлсэн хүнийг харин Ерөнхий сайд ИТХ-ын тогтоолыг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор томилох шийдвэр гаргах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, ИТХ-аас С.Мөнхчулууны нэрийг илгээлээ гэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд түүнийг батламжлахаас өөр сонголт үгүй гэсэн үг. Хуульд заасан хугацаа, энэ мэт үндэслэлийг харвал гурван сар гаруйн хугацаанд даргагүй байсан нийслэлийг хэн удирдах вэ гэдэг нь ирэх сараас хэтрэлгүй тодорхой болох нь ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)