С.Мөнхчулууныг Засаг даргаар томилбол ашиг сонирхлын зөрчил үүснэ хэмээн АТГ болон Ерөнхий сайдад хандав

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшин олонхын санал авсан С.Мөнхчулууныг энэ албан тушаалд томилбол ашиг сонирхлын зөрчил үүснэ хэмээн “Улаанбаатар радио”-гийн захирал У.Булган гомдол гаргаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон АТГ-т хандсан байна.

Түүний гомдолд “С.Мөнхчулуун нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллахад тохирохгүй, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ч ажиллахад тохирохгүй, ашиг сонирхлын үлэмж зөрчилтэй, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн ажиллах ёс зүйгүй этгээд болох нь дараах баримтаар нотлогдоно” хэмээн 18 хуудас баримт хавсаргасан байна. 

Цааш нь уг гомдолд “С.Мөнхчулууны хамаарал бүхий этгээд болох эхнэрийнх нь ээж, дүү нарынх нь эзэмшлийн “Наранбулаг сервис” компани нь “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн Ж блокийн 175 ам метр талбайг хувьчлан авах сонирхолтой бөгөөд ийм шийдвэр гаргуулахаар удаа дараа нийслэлийн удирдлагад хандаж байсан. С.Мөнхчулуун нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлэийн ӨХГ-ын хэлтсийн дарга, нийслэлийн МАН-ын бүлгийн дарга зэрэг албан тушаал хашиж байхдаа албан тушаалаа урвуулан хадам ээжийнхээ компанид эл объектыг хувьчлан өгөхөөр дарамт шахалт, нөлөө үзүүлж байсан. Тиймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар батламжлахаас татгалзан, яаралтай шийдвэрлэж өгнө үү” гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)