С.МӨНХЖАРГАЛ: Мөөгний аж ахуйг кластер технологиор хөгжүүлэх нь ашигтай

Мөөг нь ургамал болон амьтны шинжийг давхар агуулдаг гэдгээрээ онцлог. Шинжлэх ухааны арга нарийсаж, амьд организмын гарал үүслийг молекулын түвшинд судалдаг болсноор мөөг нь ургамал ч биш, амьтан ч биш, бүтцийн хувьд биеэ даасан аймаг гэж эрдэмтэд тодорхойлжээ. Хоорондоо харилцан үйлчилдэг, бие биеэсээ тэжээл авдаг учир амьтны шинжтэй гэж үзэн, ургамал биш гэж дүгнэхэд хүрсэн гэнэ. Дэлхийд хоёр сая гаруй зүйлийн мөөг ургадаг бол манай оронд 400 орчим төрөл бий. Үүний багагүй хувийг хүнсэнд хэрэглэх боломжтой. “Монголын таримал мөөгний нэмүү өртгийн сүлжээ” ТББ-ын тэргүүн С.Мөнхжаргалтай ярилцлаа.

-Хүнсний мөөгний аж ахуй манайд дорвитой хөгжөөгүй. Мэргэжлийн хүний хувьд та юу гэж дүгнэж байна вэ?

-Мөөг хүний эрүүл мэндэд хэрэгцээтэй олон бодис агуулдаг. Уургийн маш өндөр агууламжтай учир малын махнаас дутахгүй шим тэжээлтэй. Уураг нь үл орлогдох амин хүчлээр баялаг, бүх төрлийн эрдэс бодис агуулдаг. Тиймээс бид уураг ихээр агуулдаг мөөг тариалж, хүнсэндээ хэрэглэж заншвал сайн сан. Мөөгийг хортой, хоргүй, иддэг, иддэггүй гэж ангилдаг. Манайд ургадаг 400 орчим зүйлийн мөөгний 60 гаруйг нь хүнсэнд хэрэглэх боломжтой. Үүнээс хамгийн түгээмэл нь талын цагаан, дэрдгэр сархиа, болнушка, дэлбэнхи. Гэхдээ монголчуудын олонх нь талын цагаан мөөгнөөс өөрийг мэдэхгүй, танихгүй. Тэрийгээ ч хүнсэндээ бага хэрэглэдэг. Бид жилд дунджаар зургаа орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий хатаасан, хөлдөөсөн, даршилсан мөөг хүнсэндээ хэрэглэдэг гэх судалгаа бий. Энэ нь мөөгний хэрэглээ тийм ч их биш гэдгийг илтгэнэ. Ихэнхийг нь гадаадаас импортолдог. В-гийн төрлийн аминдэм агуулдаг мөөгийг хүнсэндээ аль болох ихээр хэрэглэх ёстой ч иргэд тэр бүр мэддэггүй нь харамсалтай. Хэрэглэгч цөөн учир хүнсний мөөг тариалах иргэн, аж ахуйн нэгж ч хэдхэн бий. Тиймээс хүнсний мөөг тариалах шинэ технологи нэвтрүүлж, хэрэглэгчдэд олон төрлийн бүтээгдэхүүн санал болгох нь мөөгний аж ахуйг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй.

-Тэгвэл хүнсний мөөг тариалж буй иргэн, аж ахуйн нэгж шинээр ямар технологи нэвтрүүлэв?

-Монголчууд хүнсний мөөг тариад багагүй хугацаа өнгөрсөн ч хэрэглэгч цөөн гэж дээр хэлсэн. Манайхан 60 гаруй төрлийн мөөгнөөс хоёрыг нь л удаан хугацаагаар ургуулж байсан туршлагатай. Үүний нэг нь хясаан мөөг.

Иргэдийн мэдлэг дутмаг учир таримал эл мөөгний зах зээлийн нийлүүлэлт, хэрэглэгчийн эрэлт тогтворгүй байгаа. Сүүлийн гурван жил мөөг тариалах технологиор мэргэшсэн компаниуд бий болж, өрхийн тариаланчид ч нэмэгдлээ. Ийм төрлийн компаниуд олширсоноор хясаан мөөгийг үйлдвэрлэлийн түвшинд тариалах шинэ технологи нэвтрүүллээ. Энэхүү мөөгний үйлдвэрлэлд л гэхэд мицели ургуулахаас гадна сүрлээр хөрс бэлтгэх гурван өөр технологи нэвтрүүлээд байна. Үүнээс гадна үртсээр хөрс бэлтгэх технологи туршиж дууслаа. Эдгээрээр мөөг тариалах стандарт, менежментийн гарын авлага боловсруулж, тариаланчид дагаж мөрдөхөөр болсон. Дээрх технологиудыг ашиглан хясаан мөөгийг улаан буудайн сүрэл, хусны үртэс дээр тариалдаг. Ийнхүү шинэ технологид нэвтрүүлснээр хүчин чадал сайтай тоног төхөөрөмжийг дотооддоо угсарч, таримал мөөгний брэнд бий болгохоор тариаланчид гар нийлэн ажиллаж байна.

-Шинээр нэвтрүүлсэн мөөг тариалах технологийн талаараа хуваалцаач.

-Мөөгний аж ахуй нь гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ онцлог. Хамгийн эхэнд мицели буюу үрээ өөрсдөө үйлдвэрлэх шаардлагатай. Үүний дараа хөрс үйлдвэрлэдэг болж, эцэст нь мөөгөө тариалдаг. Эдгээрийг өөр өөр орчинд, шат дараатай хөгжүүлэх шинэ технологи нэвтрүүлсэн. Гадаадын өндөр хөгжилтэй орнууд ийм технологи нэвтрүүлээд удаж байна. Жишээлбэл, мицелийг үйлдвэрлэхдээ микробиологийн лабораторид тариалдаг. Хуруу шилтэй нэг өсгөврийг янз бүрийн технологи ашиглан олон килограмм үр болтол нь энд өсгөдөг гэсэн үг. Үүний дараа үр суулгах хөрсөө бий болгох шаардлагатай. Хотын захад, том талбай бүхий, битүүмж сайтай, дулаан байранд сүрэл боловсруулж, ариутгасны дараа үр хольж, ууталж, савладаг. Энэ нь яваандаа бут маягийн хөрс болж, мөөг ургах таатай орчин болдог. Эцэст нь хөрсөө чийглэг газар, эсвэл хүлэмжид байрлуулснаар мөөг ургадаг. Ингээд л шинэ мөөгөө хурааж авдаг даа. Ямар төрлийн мөөг тариалж байгаагаас шалтгаалан мицелийг өөр өөр технологи ашиглан үржүүлэх боломжтой. Үүнийг цаашид ч хөгжүүлэх шаардлагатай.

-Сүүлийн жилүүдэд шинэ технологи нэвтрүүлэхээр багагүй ажилласан юм билээ. Энэ хугацаанд ямар бэрхшээл тулгарав?

-Хясаан мөөгний гарцыг нэмэгдүүлэхэд хөрс чухал ач холбогдолтой. Харамсалтай нь, өнөөдөр хөрс үйлдвэрлэх технологи маань дулимаг хэвээр байна. Бид хөрс үйлдвэрлэх шатандаа гацчихсан гэхэд хилсдэхгүй. Эл төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, ажиллах орчныг сайжруулахад төрөөс зохицуулалт хийх шаардлагатай болов уу. Учир нь түрээсийн болон түр ашиглах зориулалттай байранд хөрс бий болгоно гэдэг боломжгүй. Тиймээс мөөгний аж ахуйд кластер буюу хувааж, шат дараалалтай хөгжүүлэх технологи хэрэгтэй. Жишээлбэл, газар тариалангийн, мицелийн, хөрс үйлдвэрлэлийн компанийг тусад нь байгуулж, шинэ тенхологийг салгаж хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үг. Ингэж мөөгний аж ахуйг хөгжүүлбэл бидэнд асар их боломж бий.

-Манай тариаланчид болон бусад холбогдох байгууллагынхан энэ технологийг ашиглах талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Монголд мөөгний үйлдвэрлэлийг кластер технологиор буюу хэсэгчлэн хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж, тийм төрлийн аж ахуй эрхэлдэг тариаланч, компанийнхантай хамтарч ажиллахаар болсон. Таримал мөөгний хэсэгчилсэн үйлдвэр бий болгох нь олон давуу талтай. Энэ сард Монголын мөөг судлаач, сонирхогчдын нэгдсэн нийгэмлэг, “Монголын таримал мөөгний нэмүү өртгийн сүлжээ”, ШУТИС-ийн зарим эрдэмтэн хамтран Монголд анх удаа мөөгний хөрс үйлдвэрлэх технологийн талаар санал солилцон, сургалт зохион байгууллаа. Ингэснээр хөрс үйлдвэрлэлийн явцад тулгардаг алдааг бууруулах, чанарын хяналтыг тогтмол хийх, үйл ажиллагаа явуулах байгууламжийн стандартыг сайжруулах, шинэ технологийг нутагшуулах зэрэг асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэхээр ажиллаж байна.

-Мөөгний аж ахуйг хэсэгчлэн хөгжүүлэх нь ямар давуу талтай юм бол?

-Мөөгний үйлдвэрлэлийг кластер технологиор хөгжүүлснээр ургацын гарц нэмэгдэж, импортын барааны 10 хүртэлх хувийг дотоодоосоо хангах боломж бүрдэнэ. Сард найман тонн үр , 20 тн хөрс үйлдвэрлэж, багадаа таван тн мөөг хураан авч, жилд 1.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлнэ гэсэн үг. Үүнээс ч илүү ашиг хүртэх боломжтой. Манай салбарынхан ирэх хоёр жилийн турш мөөг үйлдвэрлэлийг хэсэгчлэн хөгжүүлэх зорилт тавиад байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)