С.ИДЭРМАА: Би их азтай

С.Идэрмааг анх “Фантастик” продакшны бүтээсэн “Зүрхний хилэн” уран сайхны киноноос харж байв. Удалгүй тэр намайг “U stage” театрын “Ангаргаас ирсэн эмэгтэй”-тэй “танилцуулж”, “Mesmerism” продакшны “Диваажинд хүрэх зам”-аар “аялуулсан”. СУИС-ийг жүжигчнээр төгссөн эл бүсгүй чамгүй дуучин гэдгээ “The voice of Mongolia” шоунд оролцож харуулсан билээ. Тэрбээр өдгөө Төрийн шагналт, дуучин Д.Болдын толгойлдог “B” продакшнд үндсэн уран бүтээлчээр ажиллаж буй аж.

-Яагаад жүжигчний мэргэжил сонгож, эзэмшив?

-Гэнэт л жүжигчин болохоор шийдсэн юм биш л дээ. Багаасаа л урлагт дуртай, кино, жүжиг шимтэн үздэг охин байлаа. Ингэж дурлахад гэр бүлийнхэн минь их нөлөөлсөн байх. Аав, ээж хоёртойгоо хамт УДЭТ-ын уран бүтээлүүдийг үздэг байв. Үзэх бүрт л сайхан мэдрэмж төрнө. Дунд ангид орж, мэргэжил сонгохдоо ямар ч эргэлзээгүйгээр урлагийн хүн болохоор шийдсэн. Харин дуучин уу, жүжигчин болох уу гэж л удаан бодсон доо. СУИС-ийн дэргэдэх “Бадмаараг” ахлах сургуулийг төгсөөд, СУИС-д элсэж, 2018 онд Н.Отгонбат багшийн удирдлагад төгссөн.

-Багш тань УДЭТ-ын уран бүтээлч. Танд театрын босго давъя гэсэн хүсэл байхгүй юу?

-Оюутан байхдаа “УДЭТ-ын босгыг л давчих юм сан” гэж хүсдэг байлаа. Одоо ч боддог. Хүндэлдэг жүжигчдийнхээ хэрхэн ажиллахыг тайзны араас ч хамаагүй хараад суух сан, тэднээс суралцах сан гэж хүсдэг. Гэвч одоогоор үргэлжлүүлэн сурах, амжуулах ажил гэхчлэн төлөвлөсөн зүйлс бий болохоор театрт шалгуулж түвдэхгүй л байна.

-Сурахаар төлөвлөсөн гэлээ. Мэргэжлээрээ үргэлжлүүлэн сурах уу, эсвэл өөр чиглэлээр үү?

-Сэтгэл судлалаар сурахыг хүсдэг юм. Жүжигчний мэргэжилтэй их ойр санагддаг.

-Уран бүтээлч хүнд авьяас, хөдөлмөрөөс гадна аз тохиож амжилтад хүрдэг мэт санагддаг. Оюутан байхдаа найруулагчдын нүдэнд өртөж уран бүтээлийн гараагаа эхэлдэг нэгэн байхад сургуулиа төгсөөд хаана, хэрхэн ажиллахаа мэдэхгүй яваа нь ч бий. Та хэр азтай вэ?

-Би их азтай. Юуг ч хийхэд бэлэн зориг байхад аз дагуулдаг мэт санагддаг. Мэдээж авьяасаа хөдөлмөрөөр өнгөлж, тордох нь ойлгомжтой.

-“Зүрхний хилэн” кинонд тоглохоосоо өмнө дүрийн сонгон шалгаруулалтад оролцсон уу?

-Дөрвөн ч киноны дүрийн шалгаруулалтад орсон боловч тэнцээгүй. Найруулагч нар “Эргээд холбогдоно оо” гээд л таг чиг болчихно. Эргээд холбогдохыг нь хүлээдэг байлаа.

-Тэгж хүлээх үед, дүрд тэнцээгүйгээ мэдээд сэтгэлээр унадаг уу?

-Мэдээж сайхан биш. Миний шалгуулсан дүрд намайг биш, өөр хүн сонгосныг мэдээд гомдмоор ч санагдах шиг. “Би болоогүй юм байна. Улам хичээх хэрэгтэй” гэж өөрийгөө зоригжуулдаг байлаа. “Чи энэ кинонд тоглохоор боллоо. Тэнцлээ” гэдэг хариу хэзээ сонсох бол гээд л хүлээдэг байсан.

-Тэгвэл “Зүрхний хилэн” кинонд хэрхэн тоглосон юм бол?

-“Фантастик” продакшныхан Сүглэгмаагийн дүрд тохирох хүн хайж СУИС дээр ирсэн юм. Анги ангиар орж, гаднах төрх нь тохирохоор охидод дүрд шалгуулах санал тавьж явсан. Яг тэр өдрийн өмнөх өдөр би шалгалтдаа бэлдээд нойргүй хоносон юм. Хичээл тараад гэртээ харих гэтэл нойр хүрээд болдоггүй. Тэгэхээр нь “20 минут дуг хийчихээд явъя” гээд ангийнхаа хойно унтчихсан. Намайг унтаж байхад “Фантастик”-ийн ах нар манай ангийн охидыг харчихаад “Өөр охин байхгүй юу” гэж л дээ. Ингээд ангийнхан маань намайг сэрээж, би тэдэнтэй уулзсан. Намайг харчихаад “Ирж шалгуулаарай” л гэсэн. Шалгуулснаас хойш сар шахам хариу ирдэггүй ээ. “Бас л тэнцсэнгүй дээ” гэж бодож байтал над руу утасдаж “Зүрхний хилэн” кинонд тоглохоор тэнцлээ. Хөдөө явж, олон хоногоор зураг авна. Гэрийнхэндээ хэлээрэй. Бас хувийн бэлтгэлээ базаагаарай” гэсэн. Тийм хариу сонсоод баярлахаас илүү дотор палхийдэг юм билээ.

-Түүхэн кинонд тоглох ямар байв. Монгол ахуйтай хэр ойр өссөн бэ?

-Би гэр хороололд, монгол гэрт өссөн. Зун бүр өглөө гэр бүлээрээ тойрч цайлчихаад, гэрийнхээ бүрээсийг нимгэлж, дахиж бариад л. Тийм дурсамж олон болохоор одоо ч заримдаа монгол гэрт сайхан амрах сан гэж боддог шүү. Хөдөө зураг авхуулах, зутрахаас эмээгээгүй. Харин гэрээсээ олон хоногоор холдож үзээгүй, дээр нь анхны дүрдээ тоглосон учраас их тэвдсэн.

-Гэр бүлийнхэн тань таныг хэр дэмждэг вэ?

-Ах минь миний ард ёстой л асаалттай танк шиг байж, ямар ч үед намайг түшдэг. Ахтай өссөн болоод ч тэр үү, би эршүүд зантай. Аав, ээж минь намайг багаас л дэмжиж, өнөөдрийн намайг бүтээсэн. Тэд минь “Үнэхээр хүсэж байвал хий. Алдсан ч хамаагүй. Алдаа чинь сургамж болно” гэдэг.

-“Зүрхний хилэн” кинонд Сүглэгмаа хоолойгоо хэрчүүлж үхдэг. Зарим жүжигчин тийм дүрд тоглохоос цэрвэдэг, заримынх нь гэр бүлийнхэн дургүйцдэг тухай ч сонсож байсан. Танай гэрийнхэн таны “үхэж” буй хэсгийг үзээд юу гэсэн бэ?

-Киноныхоо нээлтэд ээж, ахтайгаа очсон юм. Ээж минь тэр хэсэгт хамаг биеэ чангалчихсан сууж байсан. Дараа нь аавтайгаа хамт кинотеатрт үзэхэд намайг хоолойгоо хэрчүүлж үхээд, хүмүүс дээгүүр алхаад гардаг хэсэгт гарнаас минь атгаад авсан. Хэдий кино гэдгийг нь мэдэж байгаа боловч ээж, аав минь “Охин минь ингэвэл яана аа” гэж үнэмшиж үзсэн байх. Харин би өөрийгөө дэлгэцээс хараад ичсэндээ танхимаас гараад гүйчихмээр л санагдсан. “Ингэсэн бол, тэгдэг байж” гэж бодогдоод л. Гэхдээ “Чи өөрийгөө хар. Чиний гүйцэтгэл энэ. Алдаанаасаа суралц” гэж өөртөө хэлээд л минчийтлээ улайгаад үзсэн дээ.

-Үүний дараа кинонд тоглуулах саналд дарагдсан уу?

-Үгүй ээ. Мэр сэр ирдэг ч санал тавьсан болгонд тоглож, улиг болохыг хүсээгүй юм.

-Диваажинд хүрэх зам”-аас хойш кинонд тоглов уу?

-“Mesmerism” продакшныг үүсгэн байгуулагчдын нэг нь манай ангийн хүүхэд. Би ердөө эхнийхээ уран бүтээлд тоглож, гараагаа хэрхэн эхлэхээ мэдэхгүй тэвдэж байхад ангийн минь хүүхэд бие даан кино хийхээр болсонд их баярласан. Тэгээд ч зогсохгүй гол дүрээ надад санал болгоход дэмжиж, тоглолгүй яах вэ. Нөгөө талаас надаас өөр, миний тоглож үзээгүй төрлийн, сонирхолтой дүр учраас саналыг нь дуртайяа хүлээн авсан.

-“Ангаргаас ирсэн эмэгтэй” жүжиг таныг үзэгчдэд бас өөрөөр харуулсан байх.

-Би “Girls” телевизийн олон ангит киноны зургаа авхуулж байлаа. Гэтэл нэг эмэгтэй утасдсан. Сонирхолтой нь, өмнө нь уулзаж байгаагүй хэрнээ хоолойг нь сонсоод л Г.Ундармаа эгчийг таньсан. Бэсрэг жүжиг тавих болсноо тайлбарлаад, надад санал тавьсан. Би олон ангит киногоо ч, тэр жүжгийг ч алдмааргүй, аль алинд нь тогломоор санагдаж, шунасан. Аль алиных нь чанарыг муутгахгүйгээр, нойргүй хоноод ч хамаагүй амжуулахаар шийдсэн. Тэр хэдэн сар үнэхээр завгүй гүйсэн дээ. Гэхдээ хүн чадна гэж бодсон, зорьсон л бол чаддаг юм билээ. “Ангаргаас ирсэн эмэгтэй” жүжгийн Цэлмэгийн дүрдээ хамгаас их хайртай.

-Тус жүжгээ нийт хэчнээн удаа тоглосон бэ?

-40 гаруй удаа тоглосон.

-Кинонд нь тоглохыг хүсдэг найруулагч бий юү. Одоо ямар дүрээр үзэгчидтэй “уулзах”-ыг хүсэж байна вэ?

-Ж.Сэнгэдорж найруулагчийн кинонд тоглохыг хүсдэг. Б.Ганболд найруулагчийн кинонуудад дуртай. Түүний уран бүтээлд тоглох сон. Гол, туслах дүр гэж голох эрх байхгүй ээ. Найруулагчийн оноосон дүр бүхэнд л хувирахыг хүснэ. Гэхдээ аль болох өөр өөр төрлийн дүр оноогоосой гэж хүсдэг. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар агсны уран бүтээлд тоглохыг оюутан байхаасаа мөрөөддөг байв. Биширч явдаг найруулагч минь бурхан болж, хэзээ ч биелшгүй мөрөөдөл болон үлдлээ. Тэр эрхэм хүний жүжгийн олны хэсэгт ч хамаагүй оролцож, загнуулж үзэхийг ямар их мөрөөддөг байсан гэж санана.

-“Voice” шоунд оролцсоноос тань хойш хүмүүс илүү таньдаг болсон байх. Эл шоунд оролцсоноос хойш таны амьдрал хэр өөрчлөгдөв?

-Дуулах бол миний хобби. Дунд ангид байхад аав минь надад гитар бэлэглэсэн юм. Байнга л нөгөөхөө “нүдэж”, дуулж суудаг байв. Дэлхийн олон оронд зохион байгуулдаг “The voice of Mongolia” шоуг үзэж, оролцогчдыг нь харж гайхширдаг байлаа. Монголд зохион байгуулахаар болсныг нь ээж минь сонсоод “Миний охин заавал оролц” гэж зөвлөсөн. Би ч тус шоуны үзэгч биш, оролцогч байхаар шийдсэн.

-Шоуны хоёрдугаар шатнаас та хасагдсан. Сэтгэлээр их унасан уу?

-Үгүй ээ, сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан. Амьдралдаа гарсан хамгийн том тайз минь тэр байсан. Шоуны дараагийн шатанд тэнцвэл илүү сонирхолтой үзүүлбэр үзүүлнэ, хасагдвал өрсөлдөгчдөө амжилт хүсээд шоуг орхино гэж бодсон. Өмнө нь олон уралдаанд оролцож ялж, ялагдаж үзсэн. Тиймээс хүндээр тусгаж аваагүй.

-Одоо харахад шоунаас хасагдсан нь танд бүр ч илүү боломж авчирсан юм биш үү?

-Үнэхээр тийм зүйл болно гэж төсөөлөөгүй. Шоунаас хасагдахад Д.Болд захирал “Чамайг “В” продакшндаа авна шүү” гэхэд нь итгээгүй. Намайг тайвшруулах гэж хэллээ дээ хэмээн бодсон. Албан ёсоор гэрээ байгуулсныхаа дараа л зүүд биш гэдэгт итгэсэн.

-Б.Маралжингоо, Б.Эгшиглэн, Э.Агиймаа зэрэг олонд танигдсан уран бүтээлч “В” продакшнаас гараагаа эхэлсэн. Та тэднээс ямар онцлогтой уран бүтээлүүд хүргэхээр зэхэж байгаа вэ?

-Дуунууд дээрээ ажиллаж байна. Ойрын үед дэлгэцийнхээс илүү дууны уран бүтээлдээ төвлөрч байгаа. Д.Болд гэж хөдөлмөрч, мундаг уран бүтээлчийн дэргэд байж, түүнээс суралцах боломж гарсан нь азтай хэрэг. Зөвхөн уран бүтээлчийн үүднээс бус, хувь хүн, биеэ авч яваа байдлаас авхуулаад суралцах зүйл маш их. “Эхний дуу, клип чинь иймэрхүү өнгө аястай байвал зүгээр юм” гэхчлэн миний өөрөө бодоогүй зүйлийг ч төлөвлөчихсөн байдаг нь биширмээр.

-Ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлуудаасаа хуваалцаач.

-Би их мөрөөдөмтгий. Гэхдээ мөрөөдлөө зорилго болгож, түүндээ хүрэх арга замыг хайдаг. Уран бүтээлийн гараагаа эхэлж буй хүний хувьд хамгийн чухал нь өөрийгөө олох, тодорхойлох явдал. Би ямар дуунд дурлаж, аль төрлийн жүжгийг илүү сонирхож байна, яаж өөрчлөгдөж, хувирч чадах бол, хүмүүст өөрийгөө дахин өөрөөр хэрхэн харуулах вэ гэх зэргээр онцлог, давуу талаа дөвийлгөж, ур чадвараа ахиулахыг зорьдог.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)