С.Зоригийг егүүтгэсэн “хэрэгтнүүдийг” золигт гаргах гэсэн ажлын хэсгийнхнээс мөрдлөгөө эхлэв бололтой

Ардчилсан Монгол Улсын түүхэнд гарсан улс төрийн захиалгат аллагын золиос болсон УИХ-ын гишүүн С.Зоригийн амийг гардан бүрэлгэсэн гэх хэрэгтнүүдийг тагнуул, цагдаа, прокурорын байгууллагаас томилогдсон ажлын хэсгийнхэн илрүүлж, бараг л баатар болоогүй. Энэ хэргийг үйлдэх үед 16 нас дөнгөж хүрч байсан гэх залууг шоронд байхад нь гол хэрэгтнээр тодруулан, түүгээр хамсаатнуудыг нь илчлүүлэв. Бүх шатны шүүх тэднийг гэм буруутай хэмээн үзэж 20-23 (Улсын дээд шүүхийн хуралдаанаас тус бүрийг нь 20 жил хорихоор болгосон) жил хорих ял ногдуулан, хаалттай шоронд суулгаж байна. Дээд зэргийн зохион байгуулалттай, барагтай хэргийг илрүүлчихдэг манай хууль сахиулагчид, мөрдөгчид энэ хэргийг 20 шахам жил мөрдөөд бараагүй. Гэтэл нэг л өдөр нөгөөх хэрцгий хэрэгтнүүдийн халуун чихийг атгаснаа сүр дуулиантайгаар зарласан нь тракторчин, тухайн үед нялх хүүхэдтэй байсан бүсгүй, 16 нас дөнгөж хүрээд байсан хөвгүүн байдаг байгаа.

Улаанбаатарыг үзээгүй шахам тэднийг ардчиллын бэлгэ тэмдэг, УИХ, Засгийн газрын гишүүнийг зэрлэгээр егүүтгэсэн гэхэд олон нийт төдийгүй сайд Ц.Нямдоржоос эхлээд итгээгүй УИХ-ын гишүүн олон. Харин ажлын хэсгийнхэн, хяналт тавьсан прокурорууд дээрх хүмүүсийг хэрэгтэн мөн гэдэгт олон нийтийг итгүүлэхээр хэвлэлд үе үе ярилцлага өгч, цуглуулсан нотлох баримтаасаа дэлгэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Хэрэгтнүүдийг шүүхээр шийтгэсэн, одоо ямар нэг асуудал байхгүй” гэсэн утгатай зүйл ярьсан юм даг. Гэсэн ч олон нийт эргэлзсээр байсан нь хэвлэлд гарсан мэдээ материал, нийгмийн сүлжээнд бичсэн сэтгэгдлүүдээс харж болно. Дээрх хэргийг тойрсон сүүлийн үеийн үйл явдлууд хүмүүсийг бүр ч их эргэлзүүлж, С.Зоригийг егүүтгэсэн гэх хэрэгтнүүдийг золигт гаргачихсан юм биш биз гэх бодол төрүүлээд байгаа бололтой. Иргэдийг хамгийн их эргэлзүүлсэн зүйл нь гүйцэтгэгч нарыг баривчилсан хэрнээ хэргийг захиалсан эздийг зарлаагүй, илрүүлээгүй явдал. Мөрдөгчид энэ талаар одоо ч дуугүй байсаар байгаа билээ.

“С.Зоригийг егүүтгэсэн гэх хэргээр яллуулсан Ц.Амгаланбаатар хэргээ задалж байгаа” гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдэгдсэний дараахнаас дээрх хэргийг илрүүлэх ажлын хэсэгт байсан тагнуулын хоёр ажилтныг баривчиллаа. Хэрэгт сэжигтнээр байцаагдаж байсан гурван иргэнийг дарамталсан, эрүүдэн шүүсэн гэх асуудалд тэднийг буруутгаж буйг хэвлэлд мэдээлсэн. Энэ явдлаас хоёр хоногийн дараа ШШГЕГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга, хурандаа Ү.Отгонбаярыг дээрх үндэслэлээр баривчлаад байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ хэрэгт яллалуулсан хүмүүсийн ар гэрийнхнээс уучлалт хүсэв. Сайдын ярьснаас үзвэл, мөрдөгчид 1937 оны хэлмэгдүүлэлтийн үеэр хэрэглэж байсан эрүү шүүлтийн бүх аргыг ашигласан болж таарчээ. Аливаа хэргийн мөрдөн байцаалт хуулийн дагуу явж байгаа, эсэх, хүний эрх зөрчигдөхөөс сэргийлж хяналт тавих учиртай Улсын ерөнхий прокурор (УЕП)-ын орлогч нь ажлын хэсгийг ахалж байсан гэхээр манай хууль хяналтынхан, мөрдөгчид эрүүдэн шүүдэг, хүчээр хэрэг хүлээлгэдэг аргаасаа салаагүй юм байна гэж олон нийт дүгнэхэд хүрсэн болов уу. Иргэдийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн тохиолдол ганц энэ биш. Хэнтийд гарсан гал түймрийн цуврал хэргийн, худалдааны нэгэн төвийн манаачийг егүүтгэж ломбардад хадгалж байсан үнэт эдлэлийг дээрэмдсэн гэх хэргийн сэжигтнүүдийг мөн л эрүүдэн шүүж, олон сар хорьж цагдсан талаар тухайн үед хэвлэлд мэдээлсэн. Хилсээр хэрэг хүлээлгэснээс үүдэн гэмгүй иргэн нас барсан тохиолдол ч бий.

С.Зоригийг хэрцгийгээр егүүтгэсэн хэргийн мөрдөн байцаалт анхнаасаа буруу тийшээ явсан гэдгийг хашир мөрдөгчид нэг бус удаа мэдэгдэж байсан билээ.

ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ҮГҮЙЛЭГДЭЖ БУЙ МЭРГЭЖИЛТЭН

Уншигч Та анзаарсан бол С.Зоригийн амь насыг хэрцгийгээр хөнөөсөн гэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар шүүх хурлын үеэр ямар ч сэтгэл хөдлөлгүй, гөлийсөн байдалтай сууж харагдсан. Хүнд гэмт хэрэгт шийтгүүлж буй хэрнээ юу ч болоогүй юм шиг, ер нь орчноо мэдэрч байгаа болов уу гэмээр суусан. Тэд яагаад ийм байдалтай байв. Нэг бол үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, цайсан хүний шинж байх талтай гэсэн. Гэтэл бас үгүй юм байна. Хүнд, ноцтой олон хэрэг илрүүлж, рецедив гэмт хэрэгтнүүдтэй цөөнгүй жил ажилласан нэгэн ахмад мөрдөгч:

-“Та хоёр энэ хэргийг хүлээчих. Шоронд удаан суулгахгүй, хэдэн жилийн дараа гаргаад авчихна, ар гэрийн чинь амьдралыг даана. Сүүлд нь хангалттай хөрөнгө мөнгө өгнө” гэж амлуулсан байх гэсэн хувилбар байна билээ. Байж болох талтай. Нөгөөтээгүүр, асар их дарамтад орсон хүн гөлийчихдөг. Хүнд гэмт хэрэг хүлээтэл нь хүнийг дарамтална гэдэг их л зохион байгуулалттай, системтэй үйлдэл байж таарна. “Та нар хэн ч биш, яагаад ч нэмэргүй” гэсэн дарамтад орсон хүн тэр стрессээс гарахгүй, улам л айна. С.Зоригийг егүүтгэсэн гээд байгаа тэр хүмүүст хүлцэнгүй номхон гэхээсээ дарамтад орсон шинж ажиглагдсан” хэмээн өгүүлэв.

Дээрх хэрэгтэй холбоотойгоор өрнөж буй үйл явдал, Ц.Нямдорж сайдын мэдээлэл хашир мөрдөгчийн жил гаруйн өмнө ярьж байсныг баталчих шиг боллоо. Энэ бүхнээс үүдэн манай хууль хяналтын байгууллагад судебный психиатр буюу шүүхийн сэтгэл судлал, следственная психологи буюу мөрдөн байцаалтын сэтгэлзүйч гэдэг мэргэжилтэн үгүйлэгдэж буйг учир мэдэх хүмүүс өгүүлсэн. Хэрэв ийм мэргэжилтэн байсан бол сэжигтнүүдийн үнэн, худал мэдүүлж байгаа, эсэхийг шинжлэх ухааны үүднээс дүгнэх, аливаа хэргийг илрүүлэхэд мөрдөгчдөд тусалж, сэтгэл зүйн дүгнэлт хийх боломжтой. Манайд бол ердийн сэтгэцийн өвчтөнүүдтэй ажилладаг мэдрэлийн эмч нарыг шинжээчээр томилж, хэрэг хүлээх чадвартай, эсэхэд дүгнэлт гаргуулж байгаа. Гэтэл шүүхийн шинжилгээ өндөр хөгжсөн орнуудад дээрх мэргэжилтнүүд гэмт хэрэг илрүүлэхэд чухал оролцоотой байдаг аж.

ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГ, АМ ЗУРАГНААСАА ХОЛ ЗӨРСӨН ХЭРЭГТНҮҮД

С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн хэрэгтнүүдийг ганц Д.Булган (талийгаачийн гэргий) харсан байдаггүйг хэн хүнгүй мэднэ. Тэднийг хэрэг үйлдээд гарч явахад нь шатан дээр зогсож байсан хоёр хүү харсан байдаг. Хоёр хүүгийн нэг нь талийгаачийн дээд давхарт амьдардаг байжээ. Санд мэнд явсан хэрэгтнүүд С.Зоригийнхоос гарахдаа хаалгыг нь онгорхой орхисон аж. Юу болов хэмээн тэр хоёр талийгаачийнх руу ороход З.Зориг алагдсан байж. Чухам тэд цагдаад хамгийн түрүүнд мэдээлсэн юм билээ. Тэднийг нас барсан хэмээн бичсэн байдаг ч нэг нь амьд гэсэн. Харин нэг нь өвчнөөр өөд болсон гэнэ. Энэ гурван хүний мэдүүлэгт үндэслэн анх зурсан ам зургийг та бүхэн харж байна.

Харин яллагдагч Т.Чимгээ (Оюунаа) нь Батаа (Б.Содномдаржаа)-гаасаа намхан байгааг хүмүүс анзаарсан нь лавтай

Эл зургийг хамгийн бодитой нь гэж учир мэдэх нэгэн хэлсэн. Гэтэл дээрх хэргийг үйлдсэн гэх хүмүүсийг баривчилсны дараа ажлын хэсгийнхний үзүүлээд байгаа ам зургийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай ойртуулж буюу сүүлд зурсан байх магадлалтай гэх юм билээ. Анхны зурсан ам зураг орон даяар тарсан тул үнэхээр зөрүүтэй байна уу, үгүй юу гэдгийг харьцуулаад харчихаж болно. 

Хууль хяналтынхан үүнийг анзаарч буй нь лавтай. Хамгийн наад зах нь гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн анх зурсан ам зургаар бол хэрэгтнүүдийн эмэгтэй нь (Оюунаа) эрэгтэйгээсээ (Батаа) өндөр байсан. Гэтэл өнөөдөр энэ байдал 180 градус эргэсэн буюу Т.Чимгээ (Оюунаа) Б.Содномдаржаа (Батаа), Ц.Амгаланбаатар нараас намхан байгааг харж болно. Зөвхөн энэ баримтад тулгуурлан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гэмт хэрэгтэн биш гэж үзэх магадлалтай.

Гэрчүүдийн мэдүүлснээр Оюунаа (Т.Чимгээ) нь Батаа (Б.Содномдаржаа)-гаасаа өндөр байжээ

ГЭРЧГҮЙ ШҮҮХ ХУРАЛ БУЮУ НАЙРУУЛГА ТААРУУ “ЖҮЖИГ”

Гэмт хэрэгтнүүд С.Зоригийг гэгээн цагаан өдөр, эхнэрийнх нь нүдэн дээр хөнөөсөн. Өөрөөр хэлбэл, амьд гэрч үлдээсэн байдаг. Тэднийг Д.Булганаас гадна шатан дээр зогсож байсан хоёр хүү харсан гэдгийг дээр дурдсан. Одоо гэрчүүдийн хоёр нь амьд сэрүүн байна. Тэр аймшигт хэрэг нүдэн дээр нь болсон тул Д.Булган алуурчдын төрхийг мартана гэж лав баймааргүй. Хоёр хүү ч тэднийг сайн харсан тухайгаа мэдүүлж, төрх байдлыг дүрслэн хэлсэн нь тухайн үед Д.Булганы мэдүүлсэнтэй таарч байсан гэдэг. Энэ хэргийг дэнсэлсэн шүүгчид, хяналт тавьсан прокурорууд, яллагдагчдын өмгөөлөгч нар яагаад дээрх гэрчүүдийг шүүх хуралд оролцуулсангүй вэ. Магадгүй тэд (гэрчүүд) Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хараад биш байна гэчих вий гэхээс мөрдөгчид эмээсэн байх гэж хардаж болохоор. Ажлын хэсгийнхний баривчилсан дээрх “хэрэгтнүүд”-ийг гэрчүүд үгүйсгэвэл тэдний ажил талаар болох төдийгүй, гэм зэмгүй хүмүүсийг олон сар, жилээр хорьж цагдсан (Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдэгдсэнээр эрүүдэн шүүсэн) хэрэгт өөрсдөө унах нь лавтай. Эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын конвенцод манай улс нэгдэн ороод олон жил болж байгааг эргэн сануулъя.

Талийгаач С.Зоригийн эхнэр Д.Булганыг дээрх хэргийг шалгасан ажлын өмнөх хэсгийнхэн гэрчээр тооцон тайлбар мэдүүлэг авсан байдаг. Гэтэл УЕП-ын орлогч Г.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсгийнхэн түүнийг баривчилж, хоёр сар шахам цагдан хорьсон нь энэ эмэгтэйг буруутай юм байна гэх ойлголтыг олон нийтэд өгсөн. Гэтэл шүүх хуралд Д.Булганыг хохирогч, гэрч, яллагдагчийн алинаар нь ч оролцуулсангүй. “Намайг шүүх хуралд оролцуулсан бол шүүх будаа болох байсан” гэж тэрбээр бусдад ярьж явсан гэх. Тэгээд энийгээ яагаад хэлж болдоггүй юм бэ гэхээр “Намайг буцаагаад шоронд хийчих байх” гэж хариулсан тухай мэдээлэл бий. Хэрэв энэ бүхэн үнэн гэж үзвэл дээрх хэргийн гогцоо Д.Булганд байгаа юм биш үү. С.Зориг бусдад алагдсаны дараа байгуулсан анхны ажлын хэсэгт манай туршлагатай мөрдөгчид ажиллан Д.Булганыг хамгаалалтад авах, тэр ч бүү хэл, сэжигтнээр тооцон цагдан хорихоор шийдвэрлээд байсан гэдэг. Гэтэл тэднийг ажлын хэсгээс тэр дор нь гарган, Д.Булганыг цагдан хорих шийдвэрийг нь өөрчлүүлсэн гэж тухайн үед хэвлэлд мэдээлж байсан билээ. Энэ бүхнээс үзвэл хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригийн ахлан хийсэн гээд шат шатны шүүх хурал муухан найруулгатай “жүжиг” болж таарах гээд байна.

ХОЁУЛАА БАЙСАН ХЭРЭГТЭН ЯАГААД ГУРВУУЛАА БОЛЧИХОВ

Дээрх хэргийн гэрчүүд (Д.Булган, шатан дээр зогсож байсан хоёр хүү) гэмт хэрэгтнүүдийг хоёулаа байсан гэж анхнаасаа мэдүүлсэн байдаг. Тэр хэргийг үйлдсэн байх магадлалтай сэжиг бүхий хүмүүсийг хүргэж өгсөн гэх улаан машинтай жолооч хүртэл тэднийг хоёулаа явсан гэж мэдүүлсэн гэдэг. Гурав дахь хэрэгтнийг гадаа хүн харж байсан гэж ярьж, бичих нь бий. Тэгвэл тэр этгээд С.Зориг орлоо шүү гэдгийг гэрт нь хүлээж байсан Батаа, Оюунаа (Б.Содномдаржаа, Т.Чимгээ) нарт яаж дуулгасан байх вэ. Тэр үед хөдөөний байтугай, хотод гар утас барьдаг хүн цөөн байсан. Тэгэхээр хэрэгтнүүдийг гурвуулаа байсан гэх магадлал тун бага гэх юм билээ. Гурав дахь хүнийг мөрдөгчид хаанаас гаргаад ирэв. МҮОНТ-ийн нэвтрүүлэгт прокурорууд оролцохдоо “илрүүлсэн” хэргийнхээ зарим нэг баримтыг дурдаж, дүрс бичлэг үзүүлсэн. Одоо хэргээ задлахаар болсон гэх Ц.Амгаланбаатар тэр дүрс бичлэгт талийгаачийнд хэрхэн орсон, угаалгын өрөө нь ямар байсан зэргийг ярьж байхыг харуулсан. Тэрбээр угаалгын өрөөндөө засвар хийсэн байна гэж хүртэл ярьж байсан. “Талийгаачийнд ороогүй, коридорт хүлээж зогссон” гэж энэ залуу мэдүүлж байжээ. Батаа, Оюунаа нарыг харсан гэрчүүд гурав дахь хүн буюу Ц.Амгаланбаатарыг харалгүй өнгөрөөсөн гэж байх уу.

НОТЛОХ БАРИМТААС ГАДУУРХ ШҮҮХ ХУРАЛ

Энэ хэргийг тэр хүн үйлджээ гэдгийг хөдөлбөргүй тогтоодог гол зүйл нь нотлох баримт гэдгийг хүмүүс одоо мэдэхтэйгээ болсон. Дээрх хэргийн шүүх хурал яллагч, мөрдөгч нар нотлох баримтын тухай бараг ярихгүй байгаа нь иргэдийг төдийгүй хуульчдыг эргэлзэхэд хүргэж буй юм. Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч асан, доктор Б.Бат-Эрдэнэ энэ хэргийн шүүх хурлын талаар буюу нотлох баримтыг шүүх хэрхэн үнэлэх ёстой тухай “Өнөөдөр” сонины сэтгүүлчтэй 2017 онд ярилцахдаа:

-Хэрэгт авагдсан гүйцэтгэх ажлын мэдээ, баримт буюу нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эсэхийг шүүх үнэлэх ёстой. Гүйцэтгэх ажлын мэдээ хавтаст хэрэгт байна. Энэ нь хэрэгт ач холбогдолтой, эсэхийг үнэлэх учиртай. С.Зоригийг хөнөөсөн гэх гурван хүн байгаа. Гүйцэтгэх ажлын мэдээ энэ гурван хүнийг яллахад хамааралтай байна уу, шал дэмий мэдээ авчихаад түүнийгээ нууц гээд далдлаад байж болохгүй шүү дээ. Тухайлбал, энэ баримт, мэдээлэл тухайн яллагдагч уг гэмт хэргийг үйлдсэнийг нотолж байгаа, эсэх, түүнд хүлээлгэх хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэхэд ач холбогдолтой, эсэхийг үнэлэх ёстой. Олон түмний хардлага байна. Ял шийтгүүлээд байгаа гурван хүнийг ямар нотлох баримт, гүйцэтгэх ажлын ямар мэдээнд тулгуурлан ялласан бэ гэдэг нь хардлага төрүүлэх болсон.

Ерөөсөө гүйцэтгэх ажлын мэдээ энэ хэрэгт байхгүй, эсвэл дан ганц гүйцэтгэх ажлын мэдээгээр л бүрдүүлсэн байж болох юм. Хэрэг үйлдэхэд энэ хүн хамааралтай юу гэдгийг нотолж чадах шаардлагыг гүйцэтгэх ажлын мэдээ хангасан байх ёстой. Хэрэв тэгж байвал хэрэгт ач холбогдолтой гэж үзнэ. Хамаагүй, шал өөр, мөнгөний, улс орны эдийн засагтай холбоотой, эсвэл маргааш дампуурах гэж байгаа банкны, хэзээ мөдгүй огцрох гэж байгаа сайдын тухай ч юм уу мэдээ байдаг. Тэр нь нууцад хамаарна гээд хэргийг нууцлаад байж ч болох тал бий. Тэгэхээр гүйцэтгэх ажлын мэдээ байгаа юм байна. С.Зоригийг хөнөөхөд шүүгдэгч гурван хүн оролцсон уу, үгүй юу гэдгийг нь гүйцэтгэх ажлын мэдээ нотолж байх шаардлагатай. Нотлох баримт хэрэгт хамааралтай гэдгийг шүүх үнэлэх ёстой юм хэмээн өгүүлжээ.

Харин шүүгчид энэ зарчмаар ажилласан, эсэхийг мэдэхгүй.

С.Зоригийг егүүтгэсэн хэрэгтнүүд тэднийхээс мөнгөн аяга, ээмэг, бөгж, тэр ч бүү хэл хоёр шил цуу хүртэл авч явсан байсан гэдэг. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар алуурчид мөн юм бол дээрх эд зүйлийг яаснаа мэдэж л таарна. Мөрдөгчид, шүүгчид яагаад нотлох баримтын талаар нэг ч зүйл ярьсангүй вэ. Яллагдагчид ч талийгаачийнхаас авсан дээрх үнэт эдлэлүүдийг хэрхсэнээ яагаад хэлээгүй юм бол. С.Зоригийг егүүтгэх зорилготой Эрдэнэтээс ирсэн тэд хоёр шил цуугаар яах гэж байсан байж таарах вэ. Хэргийн газраас алдагдсан гэх ээмэг, бөгжтэй тун адилыг бусдаас худалдаж авсан охиныг цагдаагийнхан тогтоосон гэх мэдээлэл тухайн үед хэвлэлд гарсан. Энэ асуудал юу болов. Тэр охин хэнээс, хаанаас тэдгээрийг авсан юм, тэр нь талийгаачийнхаас алдагдсан үнэт эдлэл мөн байсан, эсэхийг ажлын хэсгийнхэн мухарласан уу гэдэг нь ч тодорхойгүй.

Энэ хэрэгт хяналт тавьж байсан УЕПГ-ын хяналтын прокурор П.Дайрийжав агсан “Өнөөдөр” сонины сэтгүүлчидтэй ярилцахдаа:

-С.Зоригийг егүүтгэсэн, энэ хэргийг мэднэ, бүр би үйлдсэн гэж цөөнгүй хүн гарч ирсэн. Тэр бүгдийг ажлын хэсгийнхэн шалгаад худлаа ярьж байгааг нь тогтоосон. Олон нийтэд ил болсон баримтуудаас гадна энэ хэргийг шалгаж байгаа ажлын хэсгийн хэдхэн хүн л мэдэх баримт байдаг. Тэдгээр баримтуудын дагуу шалгахад тэр хүмүүс худлаа ярьж байгаа нь, энэ хэргийг үйлдээгүй нь тогтоогддог юм гэж байжээ.

Тэгэхээр гэмт хэргтнүүдийг гарцаагүй мөн гэдгийг нотлох баримт байдаг байх нь. С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн нь тогтоогдож, ял шийтгүүлсэн дээрх хоёр хүнийг тэр баримтад тулгуурлан ялласан байх учиртай. Тэд хэрэг үйлдсэн нь үнэн юм бол П.Дайрийжав прокурор агсны ярьсан тэр нотлох баримтыг ил болгож болохгүй юу. Улс төрийн зорилготой, захиалгат аллага болжээ гэдгийг тагнуулын байгууллагаас нэгэнтээ зарласан дээрх хэргийг 20 шахам жил мөрдсөний эцэст хэрэгтнүүдийг шүүхийн өмнө суулгаж, ялласан. Сүүлийн өдрүүдэд болж буй үйл явдлаас үзвэл тагнуул, цагдаа, прокурорын байгууллагаас томилогдсон ажлын хэсгийнхэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллуулсан хоёр хүнийг эрүүдэн шүүж, ял үүрүүлсэн болж таарах гээд байх шиг. Эрүүдэн шүүсэн нь нотлогдож, яллагдагчид хэрэгт хамааралгүй болбол дараагийн мөрдөгчид тэднийг золигт гаргахаар улайрсан ажлын хэсгийнхнээс ажлаа эхлэх болох нь ээ дээ, янз нь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)