С.ЖИГЖИДПҮРЭВ: НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага зудад өртсөн 14 200 өрхөд тусламж үзүүлсэн

Манай улсын баруун болон хойд аймгуудын нутгаар цасан бүрхүүл зузаан тогтож, хаваржилт хүндрэх эрсдэл нүүрлээд байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн сүүлийн жилүүдэд эрс хүйтэрч, эсвэл хэт дулаарах болжээ. Тодруулбал, 2017 онд сүүлийн 10 жилд байгаагүй хүйтэн өвөл болж 57 градус хүрч хүйтэрсэн. Мөн зун нь 56 жилд тохиолдоогүй халуун буюу 45 хэмд хүрч халсан. Энэ мэтчилэн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан ган, зудын давтамж ойртож буй нь малчдын амьжиргаанд хүндээр нөлөөлөх болсон. Зудад өртсөн эмзэг бүлгийн малчин өрхөд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагынхан тусламж үзүүлсээр ирсэн. Тус байгууллагын Мал, аж ахуйн зөвлөх, доктор С.Жигжидпүрэвтэй энэ талаар ярилцлаа.

-Танай байгууллага эмзэг бүлгийн малчин өрхөд өвлийг даван туулахад нь зориулж дэмжлэг үзүүлдэг. Уг ажлаа хэзээнээс эхлүүлэв.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь хүн бүрийг шим тэжээл сайтай хоол хүнсээр хангахад цаг ямагт дэмжлэг үзүүлж ирсэн. Мөн эрүүл саруул оршин амьдрахад хөдөө, мал аж ахуй, загасан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бүтээмж сайтай байлгах, өлсгөлөн, ядуурлаас ангид орших нөхцөлийг бүрдүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцааг гишүүн 198 оронд үзүүлэх, зохицуулах үүргийг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн мэргэжлийн төрөлжсөн байгууллага юм. Малчид, фермерүүд байгаль, цаг уурын давашгүй хүчин зүйлтэй тулгарч амьжиргаагаа алдах эрсдэл үүсэхэд хүмүүнлэгийн яаралтай тусламжийг үзүүлдэг гэсэн үг. Монгол улс 1973 онд тус байгууллагад гишүүнээр элссэн. Энэ үеэс хөдөө, аж ахуйн салбарыг хөгжүүлэх, бүтээмж үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлого, эрхзүйн орчныг бүрдүүлэхэд шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн. Тухайлбал, 2000, 2010 онд Монгол оронд тохиолдсон зудад нэрвэгдсэн малчдад цаг тухай бүрт нь тусламж үзүүлсэн.

Төв Азийн эрс тэс уур амьсгалтай Монгол оронд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн бусад улсаас илүү эрчимтэй явагдаж байгаа учир сүүлийн жилүүдэд ган, зуд нийт нутгийг хамарч эсвэл тодорхой бүс нутагт хэсэгчлэн тохиолдох болсон. Тиймээс манай байгууллага цөөн тооны малаас өөр амьжиргааны эх үүсвэргүй өрхийн мал сүргийг онд мэнд оруулахад дэмжлэг үзүүлэх хүмүүнлэгийн яаралтай болон эрт арга хэмжээний тусламжийг үзүүлж байгаа. 2015 онд нийт нутгаар гантай, хязгаарлагдмал зах зээлд мах, малын гаралтай бүтээгдэхүүний үнэ хямд байснаас болж малчид өвс, тэжээлийн нөөцөө бүрдүүлэх санхүүгийн чадавхгүй болсон гэж манай байгууллага үзсэн юм.

2016 оны хоёрдугаар сард Монгол Улсын Засгийн газар өвөлжилт хүндэрч, дотоодын нөөц шавхагдсан тул олон улсын хүмүүнлэгийн тусламж шаардлагатай болсон тухай албан ёсоор Монгол улс дахь хүмүүнлэгийн багт мэдэгдсэн. Үүний дагуу манай байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүн амын сан, Хүүхдийн сантай хамтран 2.4 сая ам.долларын санхүүжилтийг НҮБ-ын Онцгой байдлын хариу арга хэмжээний төв сангаас босгож, зудад нэрвэгдсэн зургаан аймгийн 4390 малчин өрхөд хүмүүнлэгийн багц тусламж үзүүлсэн. Багц тусламжийн хүрээнд манай байгууллагаас малчин өрх бүрт өвс, хүчит тэжээл, эрдэс, аминдэм, эм бэлдмэлүүд агуулсан малын сувиллын багцыг олгосон. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх бэлэн мөнгөний тусламжийг, Хүүхдийн сангаас 0-5 насны хүүхдүүд болон хөхүүл, жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан олон найрлагат бичил тэжээлийн нэмэгдэл, мөн хүнсний хоёр сарын хэрэгцээ, Хүн амын сангаас нөхөн үржихүйн насны охид, эмэгтэйчүүдийн ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг өгсөн. Тусламжийг цөөн тооны малтай, өрх толгойлсон, олон хүүхэдтэй, гэр бүлийн аль нэг гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаанд байдаг зорилтот бүлгийн малчин өрх хүртсэн.

2016 онд зургаан аймгийн 45 сумын 4390 малчин өрхөд тусалсанаас гадна өөр аймаг, сумуудын хэдэн зуун малчид амьжиргаагаа алдах эрсдэлд орсон тул ХХААХҮЯ-ны хүсэлтийг үндэслэн манай байгууллагаас 10 аймгийн 35 сумын 1750 өрх, 13 аймаг дахь цөм сүргийн үржлийн төвийн 54 суурьт 500 мянган ам.долларын өвс, хүчит тэжээл, эрдэс, аминдэм, эм бэлдмэлүүдийг агуулсан малын сувиллын багцыг олгосон.

-Эхний жил багагүй хөрөнгө зарцуулсан юм байна. Хүмүүнлэгийн ажил эхлүүлэхдээ дөрвөн жил хэрэгжүүлнэ гэж төлөвлөсөн байсан уу.

-Хүмүүнлэгийн яаралтай тусламжийг жил бүр олгоно гэсэн төлөвлөгөө, зорилт байхгүй. Олон улсын хүмүүнлэгийн тусламжийг дотоодын бүх нөөц, чадавх барагдсан үед засгийн газар нь албан ёсоор хүсэлт гаргасны үндсэн дээр үзүүлдэг заримтай. Гэтэл 2016 оны зун нь дахиад л ган тохиож 2017 онд өвөлжилт хүндэрсэн тул Засгийн газар олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хүссэн. Үүний дагуу манай байгууллага НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч НҮБ-ын Онцгой байдлын хариу арга хэмжээний төв сангаас нэмж 1.1 сая ам.долларын санхүүжилт бүрдүүлж өвөлжилт хүндэрсэн 13 аймгийн 45 сумын 4000 малчин өрхөд тусламж үзүүлсэн юм.

-Олон улсын байгууллага учир нарийн судалгаанд үндэслэн тусламжид хамрагдах малчдаа сонгодог байх. Нэг айлд дунджаар хэдий хэмжээний аминдэм, өвс, тэжээл олгодог вэ?

-2016 оноос хойш манай байгууллагаас хонин толгойд шилжүүлснээр 200 ба түүнээс цөөн тооны малаас өөр амьжиргааны эх үүсвэргүй 14 200 малчин өрхөд 2.9 сая ам.долларын тусламж үзүүлээд байна. Тусламжид хамрагдах малчин өрхийг сонгохдоо мал тооллогын статистик мэдээллийн сангийн өөр ашиглачихаар эх сурвалж одоогоор алга. Гурван жил тутамд өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг түүврийн аргаар хийж, улсын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлсэн гэдэг ч бодит байдалтай зөрөхөөс гадна, мэдээлэл нь хуучирсан байдаг. Иймээс бид орон нутгийн засаг захиргаатай хамтарч тухайн сумын халамжийн мэдээллийн сангаас тусламж хэрэгтэй иргэдийн нэрсийг гаргаж, мал тооллогын “А” данстай тулган нарийн судалж, нягталж байж тусалдаг.

Тусламжид хамрагдах малчин өрхүүдийн малын тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах боломжгүй. Иймээс норм тооцож тухайн айлын нийт малынх нь 40 хувьд нэмэгдэл тэжээлийн тусламж үзүүлдэг. 2016 онд 30, 2017 онд 60 хоногийн нэмэгдэл тэжээл олгосон. Нийт мал сүргийн 40 хувьд хээлтэй эсвэл төллөсөн эх мал, сүрэг сэлбэх өсвөр бяруу, төлөг, борлон, шинэ төл, эцэг мал ордог гэсэн үг.

-Манай улсад өвөлжилт, хаваржилт хүндрэх нь олонтоо. Зудад малаа алдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломж бий юу?

-Боломжтой. Зуд гэдэг нь бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг Монгол Улсад л тохиолддог удаан явцтай гамшгийн төрөл. Бороо орохгүй байснаас зун хуурай, гандуу байх, эсвэл ганд нэрвэгддэг нь удаан явцтай гамшгийн сэрэмжлүүлгийн шат юм. Нэгэнт сэрэмжлүүлэг өгч, малчид малынхаа тарга хүчийг сайтар авхуулж дараа өвлийн бэлтгэлээ эртнээс базаах, орон нутгаасаа хадлан өвсөө бэлтгэх боломжгүй болсон бол тодорхой тооны малаа намар зах зээлд борлуулах нь зүйтэй болов уу. Улмаар өвөлжүүлэхээр авч үлдсэн малаа дулаан хэвтэртэй дунд идэштэй онд оруулахад хүрэлцэх өвс тэжээл худалдан авч, нөөцлөх дохиог ойлгох ёстой. Есдүгээр сар гэхэд бэлчээрийн нөөц өвөл, хавартаа хүрэлцэхгүй талаарх тодорхой дүр зураг гарчихдаг. Хадлангийн ургац муу, малын тарга хүч муу, дээрээс нь аравдугаар сарын сүүлч, арваннэгдүгээр сарын эхээр цас унаж, цасан болон мөсөн бүрхүүл тогтож эхэлбэл энэ нь зудын түгшүүрийн шат. Манай малчид оройтоод ч болтугай долдугаар сард бороо орчихвол бэлчээр сэргэнэ, мал тарга хүчээ авчих байх гэж их назгайрдаг. Гэтэл малын тоо толгой хэт өсөж, бэлчээрийн даац хэтэрч, нэг газрыг жилийн дөрвөн улиралд талхлан “мөлждөг” болсон учраас бэлчээр сэргэн ургахгүй. Зудыг өвөл, хаврын улиралд цаг агаар хүндэрснээс мал сүрэг турж, бэлчээр усаар нэн гачигдан, зутарч олноор хорогдох нөхцөл бүрдэнэ гэж тодорхойлсон байдаг. Үүний дагуу Засгийн газраас олон улсын тусламжийг хүсэх нь цаг хугацааны хувьд нэлээн оройтсон үе байдаг. Хүсэлт ирсний дараа судалгаа хийх, санхүүжилт босгох, малчин өрхүүдээ сонгох, худалдан авалтын тендер зарлах, тусламжаа сонгосон малчин айлын хотонд тээвэрлэн хүргэхэд их хугацаа зарцуулдаг. Тусламж ханш нээж, ногоо цухуйхтай зэрэгцэн хүрдэг гэж хэлж болно. Нэгэнт доройтсон малд өвс, тэжээл өгөөд ч босох тамиргүй болчихсон байдаг.

2017 оны зун Монгол орны нийт нутгийг хамарсан гантай жил болсон. Манай байгууллага НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөртэй хамтарч ганд нэрвэгдсэн төвийн аймгуудад хүнсний аюулгүй байдлын үнэлгээ хийсэн юм. Судалгаагаар цөөн малтай малчдын амьжиргааг хамгаалахад эрт арга хэмжээ авах нь оновтой гэсэн дүгнэлт гарсан. Эрт арга хэмжээний хүрээнд Засгийн газрын хүсэлтийг хүлээлгүй тусламж үзүүлэх санхүүгийн эх үүсвэр манай байгууллагад байдаг учраас бид ЦУОШГ-аас 2017 оны арваннэгдүгээр сард гаргасан зудын эрсдэлийн зургийг үндэслэн Архангай, Завхан, Төв, Булган, Өвөрхангай аймгийн эрсдэл нэн өндөртэй таван сумын 504 малчин өрхийг хамруулах, 290 мянган ам.долларын сэрэмжлүүлэг, эрт арга хэмжээний төслийг 2017-2018 онд хэрэгжүүлсэн. Мах бэлтгэх цаг үед санхүүжилт босгож чадсан учраас төслийн зорилтот 504 малчин өрх тус бүрээс тураг махны стандарт шаардлага хангасан хонины 504, ямааны мөн тооны гулууз махыг Улаанбаатарын зах зээл дээрх махны үнээр худалдан авч нийслэлийн долоон дүүргийн зорилтот бүлгийн 404 өрх, Завхан аймгийн Улиастай хотын 100 айлд хүнсний тусламжаар олгосон. Махаа борлуулсан малчин өрхүүд амьжиргаандаа дэм болох бэлэн мөнгөтэй болсноос гадна малын хүчит хорголжин тэжээлийг эрдэс, бүрэн найрлагат аминдэмийн багцын дэмжлэг авсан. Уг төслийн хөрөнгө оруулалтын үр ашгийн тооцоогоор эрт арга хэмжээнд зарцуулсан нэг ам.доллар тутамд 7.2 ам.долларын үр ашиг гаргасан гэх судалгаа гарсан. Үр шимийг нь хүртсэн нэг малчин өрхийн 2008 ам.долларын үнэ бүхий мал, хөрөнгө хамгаалагдсан хэрэг.

-Жил бүр ийм тусламж үзүүлдэг үү?

2018-2019 онд ямар нэг тусламж үзүүлээгүй. Эрт арга хэмжээний төсөл хэрэгжүүлсэн судалгааны тайланг Засгийн газарт хүргэсэн. Өнгөрсөн зун зуншлага харьцангуй сайн байсан мэт боловч Дундговь, Дорноговь, Төв, Өвөрхангайн цөлөрхөг хээрийн сумдад ганц, хоёрхон удаа бороо орсон. Мөн сумуудын нутаг үлийн цагаан оготны нүүдэлд маш ихээр нэрвэгдсэн, мал өвөлжих бэлчээрийн нөөцгүй болж олон малчин өрх өөр аймаг сумд руу оторлох шаардлагатай болсон. Дээрх бүсэд байгалийн хадлан бэлтгэх газар нутаг байдаггүйгээс гадна, зах зээл дээрх өвсний үнэ аравдугаар сард 10 мянган төгрөгөөс дээш гарчихсан байсан. Зуншлага сайтай байсан гэх Завхан, Баян-Өлгий, Хөвсгөл, Увс аймгуудад намар эрт цас орсон. Олон удаа цас орсноос болж мал бэлчээрт гарах ямарч боломжгүй, малчид намар бэлтгэсэн өвс тэжээлийн нөөцөө барсан. 2020 оны нэгдүгээр сард гаргасан зудын эрсдэлийн зургыг үндэслэн эрт арга хэмжээ үзүүлэх санхүүжилтийн боломжоо ашиглан Дундговийн 10, Дорноговь, Төв аймгийн тус бүр тав, Баян-Өлгийн хоёр сумын зорилтот бүлгийн 450 малчин өрхөд бэлэн мөнгө болон малын сувиллын багц олгосон. Мөн зудтай болон зудархуу байгаа Завхан аймгийн 16 сумын 3100 малчин өрх, Хөвсгөл аймгийн дөрвөн сумын 2800 малчин өрхөд улсын нөөцөөс хуваарилан тусламжаар олгох болсон өвс, тэжээлийг тээвэрлэх шатахууны зардлыг сум тус бүрт олгох төслийг хэрэгжүүллээ. Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Шведийн олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжүүжилтээр хэрэгжүүлсэн энэ төслийн үр шимийг нийт 6500 малчин өрх хүртлээ. Зорилтот бүлгийн 450 малчин өрх тус бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөгтэй дүйцэх тусламж хүртсэн бол Завхан, Хөвсгөл аймгийн 20 сум тус бүртээ гурван сая төгрөгийн түлш, шатахууны зардал авч байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)