С.Жавхлан: Энэ хулгайчууд хоорондоо зодолдох тусам Монголын ард түмэнд ашигтай. Би аль ч талд орохгүй

Сэтгүүлчид УИХ-ын гишүүн С.Жавхлангаас Засгийн газрыг огцруулахтай холбоотойгоор байр суурийг нь сонслоо. Тэрбээр "Аль нь ч ялгаагүй. Дараагийн Засгийн газар таалагдахгүй бол мөн л дэмжихгүй, хөндөлсөөд хэвтчихнэ дээ. Ерөнхийдөө бид 65 хүнийг ээлжлээд хооллож байна. Нэг, хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орчихлоо. Одоо 65 хүний үлдсэн гуравдугаар ээлж хоолонд орох гэж байна. Би өнөөдрийнхийг ч, дараагийнхийг нь ч аль алиныг нь дэмжихгүй. УИХ-ын гишүүн болсноосоо хойш "Энэ бүх муу муухай зүйл чинь дэлбэрнэ шүү" гэж хэлж л байсан. Нэг ч хүн тоож сонсоогүй.

Шунал ихэдвэл шулам болно, шударга ихэдвэл хэнхэг болно гэдэг. Та бүхэн хэн шулам болоод байгааг харж байгаа байх. Кноп дарах эсэх нь бүрэн эрхийн минь асуудал. 

Сэтгүүлчид миний байр суурийг асууж орж ирж байна. Би бол "Энэ хулгайчууд хоорондоо зодолдох тусмаа Монголын ард түмэнд ашигтай. Өөрөөр хэлбэл, нэгнийгээ барьж идэж, булхайгаа дэлгэлцэх нь түмэн олонд ашигтай гэсэн үг. Төр цэвэршихэд хэрэгтэй" гэж харж байна. Энэ бол дөнгөж эхлэл.

Та нар намайг биш энэ хулгайчуудаа сайн ажигла. Хоёр тал болсон энэ хүмүүсийг харж байгаа. Би аль ч талд орохгүй. Харж л байя. Тэд нар намайг "Яах гэж байна" гээд л тойрч гүйлдээд байна.

Чуулганы танхимд миний ирц нэгдүгээрт байгаа. Тэнд нэг нэгнийхээ товчлуурыг дараад сууж байдаг арваадхан хүн л байдаг. Миний танихгүй хүмүүс байдаг шүү дээ. Найзууд нь ирээд л саналыг нь өгөөд байдаг юм шиг байгаа юм. 

Надад одоогоор мөнгө амласан юм алга. "Чи яах гэж байна" гээд л тойроод гүйлгээд байна. Надад ямар ч их хайртай болчихсон юм бэ дээ. Ганцхан товчлуур дээр юун аймар ач холбогдол өгдөг юм бэ. УИХ-ын гишүүдэд сайн хагаралдаад бай гэж хэлмээр байна. Надад гарын үсэг зуруулах бичиг ирсэн. Би зурахгүй ээ гээд л гаргалаа" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)