С.ДУЛАМ: “Хөмөргөн гурвалжин”-г олон хүн нулимстай үзлээ

Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дуламыг аяны дөрөө мулталмагц нь ярилцлагад урьсан юм. ЮНЕСКО-гийн тайзнаа СУИС-ийнхаа багш, оюутнуудын багтай “Хөмөргөн гурвалжин” этно балетаа тоглуулаад ирсэн түүнээс асууж, лавлах зүйл олон байлаа. Монгол хэл, уран зохиолын хичээл заадаг, хэл шинжлэлийн ухааны эрдэмтэн тэрбээр бүжгийн урлагт хүчин зүтгэх болсон түүх бас л сонирхолтой.

-Та бүхний хамтын “Хөмөргөн гурвалжин” хэмээх бүжгэн жүжгийг Францын үзэгчид ихэд таалжээ. Барууны, хэр баргийн үзвэрт цочрохоо байсан, шүүмжлэхээ урдаа байдаг үзэгчдэд таалагдсаныг бодоход нэлээд глобал үзэл санаатай бүтээл болсон юм болов уу?

-Хүн гэгч төрөлхтөн хаана ч адилхан юм байна. Францын болон гадаадын олон үзэгч бидний бүтээснийг хараад, “энэ эрт дивангарын юм хэнд хэрэгтэй, юунд хамаатай юм” гэж хэлсэн хүн байгаагүй. Олон хүн нүдэндээ нулимстай үзсэн. Бүжгэн жүжигт ихэд эртний явдлын тухай өгүүлдэг. Гэтэл үүнд тэгтлээ автаж, өөр дээрээ тусган хүлээж авч үзээд, сэтгэл нь хөдлөн нулимс дуслуулж суух нь хүн гэдэг хаана ч адил юм даа гэж бодоход, хэлэхэд хүргэлээ.

-Сэдэв, зураг, дэглэлт, хөгжим, хувцас, хэрэглэл бүгд цогцолж, жинхэнэ урлагийн бүтээл болсных байж болох юм, тийм үү?

-Тийм ээ. Хүн төрөлхтөн энэ их төмөржин, нүргээнтэй эрин зуунаасаа залхаад, хувь хүн бүр хүүхэд ахуй, гэнэн хонгор цагийнхаа сайхан үеийг нэг их дурсах дуртай байдаг шиг, дотроо үгүйлж, өөрийн эрхгүй эрж хайж байдаг, тийм нэгэн мэдрэмжийг үзэгчдэд өгсөн байж магадгүй гэсэн горьдлого байгаа. Хүмүүний тэр эмзэг, цэвэр мэдрэмжийг аль болох хөдөлгөж байх ёстой гэж бодож байна. Хүн төрөлхтний тэрхүү мэдрэмжийг сайн хөдөлгөвөл олон муу юмнаас зайлж болохоор байна даа гэж бодогдсон. Тэгэхээр бүх цаг үеийн ахуй амьдралтай ямар нэг хэмжээгээр холбоотой глобал үзэл санаатай бүтээл болсон юм болов уу. Д.Энхгэрэлийн дэглэсэн бүжиг, Д.Ариунболдын зохиож, эртний монгол хөгжмийн зэмсгүүдээр тоглуулсан хөгжим, дуурьсал, Б.Нямхүүгийн зураг, анимэйшн бүгд цогцолсон доо. Хөгжим дунд амьтны болоод хүний дуу хоолой ч бий. Дуу биш шүү, дуу хоолой. Хүн төрөлхтний ургаажийн буюу язгуурын хөдөлгөөн, дохио зангаа, дуу хоолой, дүрс, зураглалыг гаргасан, илэрхийлсэн учраас энэ бүтээл хаанахын ямар ч хэл, соёлтой үзэгчдийн сэтгэлийн гүнд тусаж байх шиг.

-Энэ бүтээлийн цомнолыг та бичсэн. Хэрхэн бүтээсэн талаараа ярьж өгнө үү?

-Нэлээд дээр үеэс эхэлж ярих болох нь. Би МУИС-д 45 жил ажилласан юм. Тэтгэвэрт гараад, ямар ажил хийх билээ гэж бодож байтал СУИС-иас “Шинээр профессорын баг байгуулж байгаа, Бүжгийн урлагийн сургуулийн профессорын багийн ахлагчаар ажиллах уу” гэсэн санал ирсэн юм. Эхэн үед энэ нь боломжгүй мэт санагдаж байсан ч, урьд нь бодож, сэтгэж явсан нэгэн санаа сэдэл байдаг болохоор ажиллах гээд зүтгээд үзье гэсэн бодлоор энэ саналыг хүлээж авсан. Өнөөдөр “амьд” уламжлал болоод буй баруун Монголын бий биелгээ мэтийн бүжгийн өв бол бидэнд бий.

Гэтэл маш эрт цагийн монголчууд яаж бүжиглэдэг, ямаршуу биеийн хэлмэрээр хоорондоо харилцдаг байсан бэ гэсэн асуулт надад үргэлж явдаг байсан. Амьд гэрч бол мэдээж байхгүй. Монгол орны уул хаданд байдаг хадны зурагт үлдсэн дүрс, дохио зангаа, биеийн хэлмэр л хэлж өгнө байх гэсэн бодол байлаа. Би утга соёл, аман зохиол голдуу судалдаг хүн. Бүжгийн мэргэжилгүй. Монгол утга соёлд биетэй, бодитой байгаа зүйлээр нь хэлэх юм бол домог зүй, бэлгэдэл зүй, баатарлаг тууль, бөө мөргөл зэрэгт байдаг чанадын чанд дохио буюу кодууд хэр зэрэг урт настай, аль хэр бат бөх дохио вэ гэдэг асуулт гарна. Олон жил судалсан домог, тууль, бөө мөргөл дэх үг хэллэгүүд хадны зурагт бас дүрсээр илэрхийлэгдсэн байх шиг санагддаг байлаа. Хадны зургийг монгол утга, соёлд одоо хүртэл уламжилж ирсэн үгсийн кодоор дамжуулан тайлж болмоор юм шиг. Ялангуяа бэлгэдэл утгаар нь. 

Иймэрхүү санаа төрсөн болохоор 2015 оны намар “Тэнгэрийн хүүхдүүдийн бүжиг, тэдгээрийн танивар дохиог тайлах нь” гэсэн томоохон лекц, илтгэл бэлтгээд СУИС-ийн “Оюутан” театрт багш нар, докторант, магистрантуудын өмнө тавьсан юм. Хадны зургийг манай монголчууд “Тэнгэрийн хүүхдүүдийн бичиг” гэж хэлдгээс санаа авч, энэ уран адилтгал, метафорыг жаахан хувиргаад, “Тэнгэрийн хүүхдүүдийн бүжиг” болгосон юм л даа. Судалгааны явцад хадны зурагт буй нэлээд дүр, дүрсүүд биеийн хөдөлгөөн, биеийн хэлмэр, бүжиглэж байгаа хөдөлгөөнтэй холбоотой гэдгийг тогтоосон. Үүнээс үүдээд мөн ийм нэртэй, гурамсан бүжгийн жүжиг бүтээж, олон нийтийн хүртээл болгох, өөрөөр хэлбэл, эртний монголчууд яаж бүжиглэж байсан, түүгээр юуг илэрхийлж байсан талаар тодорхой ойлголттой болох зорилготойгоор “Тэнгэрийн хүүхдүүдийн бүжиг” төслийг хэрэгжүүлэхээр боловсруулсан юм.

Эртний бүжигтэй холбоотой байж мэдэх нэгэн сонирхолтой эх сурвалж бол Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулан дахь дөрвөлжин булшны ханан хадны ирмэг дээгүүр сийлсэн, археологич нарт “32 хүнт” гэдгээр танил болсон зургийн нэг хэсэг буюу 19 хүний бүжиглэж байгаа мэт хөдөлгөөн чухам юу илэрхийлж байна вэ гэдгийг судалсан юм. Ингээд олон жил судалсан бэлгэдэл зүй, бөө мөргөл, монгол баатарлаг туулийн жишээ болоод ялангуяа дүрсийн болон дохио зангааны бэлгэдэл зүйн үүднээс авч үзэхэд энэ нь эртний оршуулгын зан үйл, түүнийг дагалддаг бүжгийн хөдөлгөөн байх боломжтой гэж тайлсан. Ийм оршуулга одоогоор Төв Монголд гурав байгаа гэж Монгол-Германы археологийн шинжилгээний ангийнхан надад мэдээлсэн байсан. 

Дөрвөлжин булш гэдэг бол одоогоос 3000 жилийн тэртээх, түүнээс цааших он жилүүдэд байсан дурсгал гэж археологийн шинжлэх ухаанд үздэг. Харин миний хувьд харын хартай бөө буюу хорлогчин бөөг оршуулах заншилтай холбоотой юм уу гэсэн таамаглалыг судлан дэвшүүлсэн. Яагаад гэхээр бүжиглэж байгаа 16 хүний өмнө толгойг нь уруу харуулсан хүн, түүнтэй холбоотой бас хоёр, нийлээд 19 хүний дүрс байгаа. Үүнийг би ОХУ-ын академич А.П.Окладниковын Ангар мөрний хөвөөнөөс олж, тайлбарласан археологийн судалгаанаас уншиж байсан, бас тийнхүү хүнийг толгойг нь уруу нь харуулж оршуулдаг заншлын талаар Буриадын эрдэмтэн, угсаатны зүйч М.Н.Хангаловын харын хартай бөө буюу хорлогчин бөөг ингэж оршуулдаг заншил байсан талаарх мэдээллүүд, миний өөрийн монгол бөө мөргөл судалж байхад Дархадын “Тэнгисийн есөн дараа” гэдэг, Тэнгис голын хөвөөнд байдаг есөн булш, бөөгийн онгодыг оршуулж булшилсантай холбоотой хуучны домгийг харьцуулж үзээд энэ бол чухамдаа хорлогчин бөөг толгойг нь уруу харуулж оршуулдаг заншил байжээ гэдгийг таньж мэдсэн.

Ингэхийн гол утга учир нь монгол бөө мөргөлийн гурван сүнсний үзэлтэй холбоотой. Гурван сүнсний тухай үзэлд эцгээс заяасан ясан сүнс, эхээс заяасан махан сүнс, тэнгэрээс заяасан оюуны сүнс гурвын тухай авч үздэг. Хүний орой зулайд оршдог тэнгэрээс заяасан оюуны сүнс байдаг гэж үздэг бөгөөд бөөг газарт булж оршуулдаггүй, ой мод, уул, хээр тал, хаданд ил онголж тавьдаг байжээ. Яагаад гэвэл тэнгэрээс заяасан оюуны сүнсийг нь чөлөөлөх гэж тэр. Ахмад бөө нарын хэлсэн “Тархи нь эргэсэн бөөг газар булах юм бол тэнгэрийн сүнс нь сэргэдэггүй юм” гэсэн үг бий. Уруу нь харуулж газар булна гэж юу гэсэн үг вэ гэхээр орой, зулайд нь оршдог оюуны сүнсийг дахин сэргээхгүйн төлөөх үйлдэл бөгөөд ийм ер бусын оршуулгын зан үйл хийдэг байжээ. Үүний дагуу би бүжгэн жүжгийн зохиолоо бичсэн.

-Сонирхолтой юм. Ховор сэдэв болжээ.

-Эхнийхээ бүжгийн жүжгийг энэ сэдвээр хийж болохоор байна гэсэн санал дэвшүүлэхэд Бүжгийн урлагийн сургуулийн авьяаслаг багш нар, уран бүтээлчид маш уриалгахан хүлээн авч, ажиллаж эхэлсэн дээ. Тэд ер нь уран бүтээлийн сэдвээр цангаж явдаг хүмүүс юм билээ. Ингээд “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийг бүжиг дэглээч, гавьяат жүжигчин, миний шавь Д.Энхгэрэл дэглэн найруулж, хөгжмийг нь хөгжимчин, өсөж яваа авьяаслаг хөгжмийн зохиолч, “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Д.Ариунболд бичлээ. Б.Нямхүү гэж, Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн багш зураачаар ажиллаж, Баярцэцэг дизайнер хувцсыг нь бүтээж хамтарлаа. Ерөөлөөр болж байгаа юм шиг, тал талаасаа аванхайлаад, харьцангуй богино хугацаанд энэ бүжгэн жүжгийг бүтээж, анхны тоглолтоо 2016 оны дөрөвдүгээр сард ҮУИТ-т хийсэн түүхтэй. Дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас хадны зураг судлаач гадаадын 15 эрдэмтнийг урьж оролцуулсан “Хаданд мөнхөрсөн урлаг” гэдэг нэртэй эрдэм шинжилгээний том чуулган зохион байгуулахдаа энэ бүжгэн жүжгийг гол үзвэрээ болгосон юм. Гадаадын эрдэмтэд бидний бүтээлийг маш их сонирхож, санал, шүүмжээ харамгүй хэлсэн. Үүнээс хойш урам зориг ороод “Хөмөргөн гурвалжин”-г нутагтаа арваад удаа тоглосон байна.

-Цомнол төрсөн түүх ийм аж. Бүжгэн жүжиг боллоо, бүр Парист тоглууллаа. 70-аад хүний бүрэлдэхүүнтэй баг Парист очиж, жүжиг тоглоод буцах нь энэ цаг үеийн ололт уу?

-Монголчууд урлагийн нэгэн сайхан бүтээлээ ЮНЕСКО-гийн танхимд тоглуулчихаасай гэсэн сэтгэлээр дэмжиж, тусалсан олон хүн, байгууллагын хүчээр бид амжилттай тоглоод ирлээ. Ний нуугүй хэлэхэд яана даа гэхээр цаг мөч нэг бус удаа байлаа. Бишкект цасан шуурга манарч байснаас болоод онгоц нисэхгүй Улаанбаатарт нэг өдрийг алдсан. Тэнгэр онгоймогц ниссэн ч, залгуулаад суух онгоцгүй болсон учраас шинээр өөр нислэгт хүмүүсээ шингээх гэж зүдэрсэн. Ингэсээр байгаад 12-р сарын 11-ний орой дөнгөж л амжиж очсон доо. Франц орон даяар ажил хаялт болж, нэн ялангуяа бүх төрлийн тээврийн хэрэгслийн жолооч нар ажил хаясан үетэй таарсан нь тун эвгүй байлаа. Метро хүртэл явахгүй. Жолоочгүй явдаг ганцхан шугам л ажиллаж байлаа. Найз нар маань энд тэндээс цахимаар “Унаа олдохгүй байна, очиж амжихгүй нь” гэж бичээд байдаг.

Тэгэхээр нь 1000-аад суудалтай ЮНЕСКО-гийн танхимд үзэгч ирэхгүй нөхцөл байдал үүсэх вий, яах билээ” хэмээн түгшиж байлаа. Хэдэн үзэгч цуглана, 50 хүн ч бай, 30 ч бай, ирсэн хүмүүст нь тоглоно доо гэж ярилцаж байлаа. Тэгтэл тийм хүнд нөхцөл байдалд 811 үзэгч биднийг зориод ирсэн шүү. ЮНЕСКО-гийн байр луу нэвтрэхийн тулд заавал бүртгүүлдэг болохоор үзэгчийн тоог ядах юмгүй мэдэж болдог аж. Дүүрэн үзэгчтэй танхимд хөгжимчид, бүжигчид маань бүхий л авьяас чадвараа дайчилж тоглоход төгсгөлд нь 800 гаруй хүн дэрхийтэл зэрэг босож алга ташин, “Браво” гэж хашхиралдан бөөн шуугиан болов. Хэчнээн ч минут болсон юм, мэдэхгүй. Маш их сэтгэлийн хөдөлгөөн, хөөрөл ажиглагдсан. Олон хүн ирж баяр хүргэлээ. Францын гүний нутаг буюу хаадын нутаг Тур хотод тоглуулах тухай санал ирэв. Франсуа Раблегийн нэрэмжит их сургуулийн нэг профессор “Эндээс одоо шууд очоод тоглож болох уу” гэж урихад нь зардал зурхайн боломж байхгүй гэж үнэнээ хэлж, арай гэж ойлгуулсан. Тэгэхэд тус сургуулийн профессор, соёлын антропологич, “Хүндэт легион”-ы одонт эрдэмтэн Изабелле Бианки бүжгэн жүжгийг тэнд болон олон тайзан дээр тоглуулах тухайд бүхий л талаар хөөцөлдөх болно гэдгээ илэрхийлж араас захиа бичсэн байсан.

-Францчууд үнэхээр сонирхож, хүндэтгэн хүлээж авчээ.

-Профессор Бианки биднийг наашаа гарсан хойно бичсэн захидалдаа “Чиний илтгэл ямар их сонирхолтой, бүжгэн жүжиг чинь ямар гайхалтай сайхан байв аа. Ер нь л хөгжим, бүжиг, хувцас, бүх зүйл нь сайхан. Түүний гол учир нь тэдгээр уран бүтээлчдэд чиний өгсөн санаа сэдэл тийм гүн гүнзгий, эрчимлэг бүтээл болгосон гэлтэй. Би болон надтай хамт ирсэн найз нар минь яг л зүүдний ертөнцөд умбаж байгаа мэт болсон сон. Тэд минь бас гүн автчихсан байсан. Энэ бүтээлийг Францад дахин урьж, өөр олон тайзан дээр тоглуулахын төлөө би их зүйлийг хийх болно” гэсэн байлаа. Монте Карлогийн археологич, манай оронд маш олон жил ирж судалгаа хийсэн Жером Магай бас талархлын захидал илгээжээ. Үзэгчдийн дунд элэг нэгт монголчууд маань, тэр дундаа тэнд ажилладаг эрдэмтэд, оюутнууд гээд боловсрол өндөр хүмүүс олноор хүрэлцэн ирсэн.

-Жүжиг тоглохын өмнө тайлбар хийхдээ их товч ярьсан уу?

-Ер нь “Хөмөргөн гурвалжин” жүжгийн талаар гадаадын үзэгчдэд тайлбарлахдаа гэрэлт үзүүлэн буюу пауэр пойнт дэлгэж байгаад, хадны зурагт юу, юу байгаа, тэр бүхэн ямар ямар учиртайг нэгбүрчлэн ярьж өгдөг юм. Толгойг нь уруу харуулсан тэр хүний хажууд бас нэг жижиг, толгойг нь уруу харуулсан хүн байгаа биз. Энэ бол залгамжлагч нь байж болно. Түүнтэй ямар нэгэн харилцаатай, магадгүй эхнэр нь ч юм уу, эсвэл зүгээр бэлгийн харилцаатай байх магадлалтай нэг хүн, бас хайртай нохой нь ч байна. Хорлогчин бөөг оршуулахдаа ойр дотнын хүмүүстэй нь, нохойтой нь ч хамт хойлголон булшилдаг, тэгэхгүй бол хорлогчин бөөгийн аюулыг бүрэн дарж чадахгүй гэсэн үзэл, төсөөлөл байсныг сайтар хэлж өгөхийг хичээдэг. ЮНЕСКО-д ингэж тайлбарлахдаа гэрэлт үзүүлэнгээ англиар тайлбарлаж харуулаад, лекцээ францаар уншсан юм. Үзэгчдийн сэтгэлзүйд тохируулахыг хичээсэн гэсэн үг. Францчууд өөрийнх нь хэлээр ярихыг сонсохоороо учиргүй их хөөрч, хөхөсдөг улс. Бүжгэн жүжиг үзэгчдийн сэтгэлд хүрэхэд энэ бүхэн ямар нэгэн хэмжээгээр нөлөөлсөн болов уу. Нэгэн зүйлийн маркетинг юм даа.

-Олон зүйлийг нэг доор багтааж, шингээсэн бүтээл санагдлаа.

-Товчхондоо Монголын язгуур соёлын судалгаа, мэдлэгтээ үндэслэж бичсэн зохиол. Домог зүй, бэлгэдэл зүй, тууль, бөө мөргөл судалсны минь ач тус юм уу даа. Олон жилийн судалгааны талстууд хуримтлагдсаар байгаад нэг ийм цогцлол бий болжээ. Энэ бүхнийг бүжгээр илэрхийлэх нь хамгийн тохиромжтой юм билээ. МУИС, СУИС хамтраад миний судалгааны бүтээлүүдийг эмхэтгэж, зургаан боть ном болгон хэвлүүлсэн. Эдгээрийг дуустал унших хүн гэж үгүй. Тэгэхээр миний судалгааны үр дүн нь хавтсан дундаа л жаргах байсан болов уу. Ингэж бүжгийн бүтээл болгосноор олон түмний, тэр дундаа гадаадын үзэгчдийн хүртээл болж байгаад баяртай байна. Биднийг ЮНЕСКО-д тоглох үеэр Монгол орны хадны зургуудыг гэрэл зурагт буулгасан, “Сэмүүн” продакшны Б.Баярын гэрэл зургуудаар үзэсгэлэн гаргалаа.

Энэ бүхнээс харж байхад манай орны газар дээрх баялаг газар доорхоосоо илүү баян юм байна гэдгийг ойлгосон. Тэгэхээр газар, хөрсөө ухаж төнхөхгүйгээр, ийм маягаар ажиллаж, өөр нэгэн их баялгийг бүтээх боломж байна гэж харав. Газрын доорхоосоо илүү, хүн төрөлхтөнтэй хамтран хуваалцах өөр баялаг бидэнд их байна. Газрын доорхыг хэдхэн хүн хувааж ухан, баяжиж, хөлжөөд, үлдсэн нь хоосон шахуу сууж байдаг. Ийм юм гэж байж болох уу. Газраа ухаж, нөхөн сэргээхгүй хаясаар байтал хэдэн нүх үлдэж, эх орны хөрс шороо сарны гадарга шиг болох нь ээ. Монголчууддаа газрын доорх баялгаасаа илүү, газар дээрхийг нь түрүүлж эрдэнэ, эрдэм болгон хувиргаач ээ гэж уриалмаар бодогдож байна.

Мөн миний хувьд нэг бодол өвөртөлж эх орондоо буулаа. Бид бүжгэн жүжгээрээ хүн төрөлхтний өөрийнх нь ургаажийн эмзэг, цэвэр мэдрэмжийг хөндөж чадсан юм биш байгаа гэж бодогдсон билээ. Хар санаа, атаа жөтөө гээд хүний мөн чанартай холбоотой олон юм бий. Энэ бүжгэн жүжгээр хэн нэгнийг сайн хүн болоогүй байхад нь хэтийдсэн их эрх мэдэл олговол ямар аюул гамшиг тарьж болдгийг харуулах хэмээн оролдсон юм. Орчин үеийн дэлхий дахинд болон Монгол оронд ч ийм асуудал тулгардаг. Хүмүүн гэдэг гайхамшигт бодгальд бүтээн туурвих болоод устган сүйрүүлэх хоёр их хүч байна. Устган сүйрүүлэх хүчийг хэрхэн хазаарлаад, бүтээн туурвих хүчийг яаж бадрааж болох вэ гэдэг глобал асуудал эцсийн бүлэгт тулгараад байна. Ингээд төгсгөлд нь энэ бүтээлийг Парист тоглуулах санаачилга гаргасан ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын нарийн бичгийн дарга С.Уянга, Герман дахь Монгол Улсын соёлын элч Ц.Гэрлээ, СУИС-ийн тэнхимийн эрхлэгч С.Гэрэлтуяа, ГХЯ, БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, нийслэлийн ЗДТГ, СУИС, Бүжгийн урлагийн сургууль, Швейцарын хөгжлийн агентлаг, МИАТ болон бусад олон байгууллага, хувь хүмүүст баяр, талархлаа илэрхийлье.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)