С.ДУЛАМРАГЧАА: Дэлхийн аваргын тайзан дээр охиныхоо захиасыг биелүүлсэн

булчин

Бодибилдинг, фитнесийн ДАШТ, Азийн АШТ-ий хүрэл медальт С.Дуламрагчааг зорилго тэмүүлэл, хичээл зүтгэл нь амжилтад хөтөлжээ. Тэрбээр гадаадын нэгэн сэтгүүлд Холливудын од Арнольд Шварценеггерийн зураг хэвлэгдсэн байхыг хараад бодибилдингээр хичээллэхээр шийдсэн гэдэг. Түүний спортын замнал дардан байсангүй.Тамирчдад тулгардаг саад бэрхшээлүүдийг даван туулж амжилтаас атгажээ. Түүнд эрчүүдийн адил “гахай” үүрч, ганзагын наймаа эрхлэн, хүний нутагт ажиллаж, амьдралаа авч явсан удаа бий. Амьдрал олон зүйлээр сорьж, дуртай спортоос нь холдуулсан ч хүсэл мөрөөдөл нь зүгээр суулгаагүй гэсэн. Зүрх сэтгэлийнхээ дуудлагаар бодибилдингийн спортод эргэн ирж, 2015 онд зохион байгуулсан УАШТ-д оролцон IV байрт шалгарав. 2016 онд Тайландад болсон ДАШТ-д эх орноо төлөөлөн 50-59 насны ангиллын 75 кг-ын жинд өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн. Тэгвэл өнгөрсөн сард Индонез улсын Батам хотод болсон Азийн АШТ-д оролцож, мөн хүрэл медаль өвөртөлсөн билээ. Түүний хүсэл мөрөөдөл 27 жилийн дараа ийн биелэв. Спортын амжилтаа жилээс жилд ахиулсаар яваа түүнийг “Таван цагариг”-ийн зочноор урилаа.

-Монголын ахмад тамирчдаас бодибилдингийн спортод амжилт гаргасан цөөн хүний нэг нь та. Нас бол тоо гэдгийг үеийнхэндээ үлгэрлэж яваа.

-Бодибилдинг хүний бие, булчингийн бүтцийг харуулдаг тайзны спорт. Хүн боломжоо ашиглан, бүх талаар дайчилж сурах хэрэгтэй. Хүний булчин хөгширдөггүй юм гэдгийг үеийнхэндээ харуулахыг зорьсон юм, би. Бодибилдингийн спортод хөл тавиад 27 жил болж байна. Эх орноо төлөөлж, гадаадын тэмцээнд оролцдог. 50-60 насны ангиллын 80 кг-ын жинд өрсөлддөг гадаадын олон тамирчин бий. Тэднээс Итали, Иран, Тайланд, Вьетнамын тамирчид хүчтэй өрсөлдөгч. Би өрсөлдөгчдийнхөө давуу талаас суралцаж, дутуу зүйлдээ анхаарал хандуулдаг. Бодибилдингийн спорт гайхамшигтай. Түүнд сэтгэл нэг л татагдвал хэзээ ч холдож чаддаггүй. Олон жил хичээллэсэн тамирчид энэ спортоос хөндийрч байхыг би лав хараагүй. Спортын энэ төрлөөс цол, медаль хүртэхэд олон жилийн хөдөлмөр, туршлага их нөлөөлдөг. Зорилгоо тэргүүнд тавьж, дуртай зүйлээсээ татгалзсан удаа надад олон.

бодибилдинг

-Спортод өөрийгөө 27 жил зориулна гэдэг бага хугацаа биш. 1990 онд бодибилдинг сонирхож байх үед тань энэ спорт дөнгөж хөгжиж, эхэлж байсан болов уу?

-Найз минь намайг энэ спортод дуртай болгосон юм. Германаас ирэхдээ Арнольд Шварценеггерийн зурагтай сэтгүүл өглөө. Тэр үед Монголд энэ спортыг сурталчилсан сонин, сэтгүүл байгаагүй. Түүний зургийг сэтгүүлээс харчихаад бодибилдингээр хичээллэе гэж бодсон. 1975 онд Шварценеггер зодог тайлж, таван жилийн дараа дахин хичээллэн, долоо дахь удаагаа мистер болж байлаа. Би нэг хэсэг дориун хичээллэж байтал Монголын нийгэм зах зээлийн нийгэм рүү шилжин бүх зүйл өөрөөр эргэсэн. Төмөр өргөвөл ирээдүйгүй санагдаж, бусдын адил “гахай” үүрч, ганзагын наймаанд мордлоо. Оросоос Монгол руу бараа зөөж мөн ч олон явсан. Бидний үеийнхэн ийм замаар амьдралаа залгуулж ирсэн. Ганзагын наймаа хийж явахдаа “Миний амьдралд бодибилдинг зорилго минь болох үе хэзээ нэгэн цагт ирнэ” гэж итгэдэг байлаа.

-Дуртай спортоо хаялгүй сэтгэлдээ тээж явсаар дахин хөл тавьсан байх нь.

-Тэгсэн. Би хүний нутагт хүсэл сонирхлоо хаяагүй. БНСУ-д 13 жил ажиллаж, амьдрахдаа ч бодибилдингээс хөндийрөөгүй. Тэнд надад зааж, зөвлөх дасгалжуулагч байсангүй. Өөртөө багшлаад бор зүрхээрээ л зүтгэсэн. 1980-аад оны үед мистер болсон Ким Сан У хэмээх залуутай бодибилдингээр хамт хичээллэдэг байв. Тэрбээр “Надад туршлага, чамд хүч байна” гэдэг сэн. Би түүнийг “Далайн акул” харин тэр намайг “Монголын хүрэн баавгай” гэж хочилно. Хүний амьдралд юу эс тохиолдохыг тэр гэх вэ. Зорилгоосоо буцах уу, цааш үргэлжлүүлэх үү гэдэг сонголттой тулгарахад спортдоо үлдэх үү, олсноо гэр бүлдээ зарцуулах уу гэж их бодсон. Гэр бүл минь ойлгож дэмжсэний хүчинд спортдоо үлдэж байлаа. Боломжгүй зүйлд ч боломж байдаг. Зүтгэл байхад бүтэхгүй зүйл үгүй. Бодибилдингэд сэтгэл татагдах тусам энэ спортоос салж чадахгүйгээ мэдэрсэн.

-Монголдоо хэзээ хөл тавив. Эх орон тань танд ямар бодол төрүүлж байсан бэ?

-БНСУ руу анх явсан үеийнхээрээ Монголоо төсөөлдөг байлаа. 2008 онд ирэхэд огт өөр орчин угтсан. Тэр үед “Монголоо ийм хөгжилд хүрснийг хараагүй байж, тэнэг зүйл бодож явжээ” гэж өөрийгөө зэмлэж билээ. Намайг Монгол руу буцахын өмнө “Далайн акул” хочтой найз минь “Би бодибилдингийн спортоос зодог тайлахаар шийдсэн. Амьдралаа бодох цаг минь болжээ” гэж байв. Найз минь ачааны автомашины жижиг компани байгуулаад, хувийн бизнес эрхэлж байгаа гэсэн.

-Амжилттай яваа тамирчны ар талд сайн эзэгтэй байдаг. Тэмцээнд оролцохыг хараад, догдолж суудаг байх даа, гэргий тань.

-Тамирчин хүний ар талыг гэр бүл нь хариуцна гэдэг том үүрэг. Амжилт гаргахад гэр бүлийн уур амьсгал чухал. Бэлтгэл базааж, ядарсан хүн л орой гэрийн бараа харна. Манайх гурван охинтой. Гэрийнхээ босгыг даваад л хүүхдүүдийнхээ дуу чимээнд ядарснаа мартдаг. Эхнэр өмнө нь фитнесээр хичээллэдэг байсан болохоор намайг ойлгож, дэмждэг. Энэ спортод өөрийгөө зориулсан тамирчин ямар саад бэрхшээл туулж амжилтад хүрдгийг мэднэ. Спортод элэгтэй гэр бүлтэй байх амжилт гаргах суурь болдог. Ээж минь эхнэрээс дутуугүй надад урам хайрладаг юм. Зурагтаар тэмцээн гарч байвал сүү өргөнө, амжилт гаргаасай гэж залбирна. Миний сайн, сайхны төлөө өөрийгөө мартаж, бүхнээ зориулж чаддаг ээждээ баярлаж явдаг. Намайг хүний нутагт ажиллаж байхад аав минь бурхан болсон. Уулзаж чадаагүйдээ харамсдаг ч нэрийг нь дуудуулаад тайзан дээр гарахдаа ааваараа бахархдаг.

ТАМИРЧИН ХҮНИЙ АМЖИЛТ ЗӨВХӨН ӨӨРИЙХ НЬ БАЙДАГГҮЙ

-Тэмцээнд олон тамирчинтай өрсөлдөнө гэж бодохоор та догдолдог уу, эсвэл сандарч тэвддэг үү?

-Тайван байхыг боддог. Тайландад болсон ДАШТ-д оролцохоор явахад охин минь захидал бичээд “Аав аа, тэмцээний өмнөх өдөр задалж уншаарай” гээд өгсөн. Тэмцээн эхлэхийн өмнө хамт явсан Цахар найз минь “За одоо охиныхоо захиаг уншаад тэмцээнд ороорой” гэлээ. Захиаг нь задалтал “Миний аав мундаг. Та чадна, ДАШТ-д амжилттай оролцоод медальтай ирээрэй. Охин нь итгэж байгаа шүү” гэж бичсэн байв. Би дэлхийн аваргын тайзан дээр охиныхоо захиасыг, бас өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлсэн.

-Аавыгаа бодибилдингээр хичээллээд байхаар охид нь ч гэсэн фитнест сонирхолтой болсон байх даа.

-Манай охид спортод дуртай. Намайг амттан өрсөн ширээний ард суухаар “Аав аа, дэглэмээ баримтална шүү” гэж зөвлөдөг. Охид цаанаа л өөр. Аавыгаа халамжилна, сэтгэл сэргээж урам хайрлана, мартсан зүйл байвал сануулна, өөрийнхөө бодлыг харамгүй хуваалцдаг. Хэлсэн үгнээс зөрөхгүй, цэвэрч нямбай, ажилсаг гээд охидтой айлд давуу тал их. Хэрвээ охид маань фитнес сонирхвол хичээллүүлнэ.

-Тамирчид хоол, тэжээл, амин дэмгүйгээр бэлтгэл сургуулилалт базаах бэрх. Зардал мөнгөө хэрхэн олж тэмцээнд оролцож байна вэ?

-Хүмүүс бодибилдингээр хичээллэх амархан, төмөр өргөж, уураг идээд, булчингаа хөгжүүлчихдэг гэж бодоод байдаг. Спортын бусад төрлөөс бодибилдинг маш хүнд. Тэвчээр, хатуужил шаардахаас гадна хооллох нарийн дэглэмтэй. Нүүрс ус их хасдаг болохоор энерги алдаж ядардаг. Дэглэм барьж хооллохоор ходоод агшдаг. Тиймээс биеийнхээ онцлогт тохируулж хоол хүнсээ сонгож хэрэглэх нь зүйтэй. Тэмцээний тайзан дээр тамирчид түй гэх шүлсгүй, чангахан үлээхэд бараг уначихмаар улс гардаг юм шүү дээ. Тэмцээний дараа ч гэсэн цадтал идэж болохгүй. Бодибилдингийн тамирчид эрүүл мэндийн боловсрол, мэдлэгт зохих хэмжээгээр суралцдаг. Өөх тосгүй, амт муутай, давс, сахаргүй хоол иднэ гэдэг жирийн хүнд бол бэрх. Гэхдээ зорилгынхоо төлөө хичээж байгаа болохоор хэцүү бүхнийг даван туулдаг. Сошиал ертөнц хөгжсөн өнөө үед тамирчид өөртөө хэрэгтэй бүх мэдээллийг авдаг болсон. Миний хувьд өрсөлдөгч тамирчдынхаа хоолны дэглэм, бэлтгэл, ажил, амралтаа зохицуулж буй байдал, амжилтад хүрсэн түүхийг сонирхож судалдаг.

-Тамирчид хүнсний хэрэглээндээ сард дор хаяж гурван сая төгрөг зарцуулдаг гэж сонссон, үнэн үү.

-Тийм ээ. Би амьдралаа энэ спортод зориулж яваа. Намайг дэмждэг олон хүний ач тусыг мартаж болохгүй. Бодибилдинг санхүү их шаарддаг, тэр ч хэрээрээ өртөг өндөртэй. Тамирчин хүний амжилт зөвхөн өөрийх нь байдаггүй. Гэр бүл, ойр дотнын ах дүүс, хүрээлж буй найз нөхөд, хичээллэдэг клуб, өөрийнх нь хичээл зүтгэл гээд олон зүйлтэй холбоотой. Аль нэг нь дутвал амжилт гаргахад хэцүү.

-Эх орондоо ирээд оролцсон анхныхаа тэмцээнд амжилт хэрхэн гаргав?

-2015 онд бодибилдингийн УАШТ Монгол бөхийн өргөөнд болоход анх оролцож, дөрөвдүгээр байрт шалгарсан. Тэр үед “Би энэ спортоор өдийг хүртэл хичээллэлээ. Аль хэр явах нь вэ, үр дүнг нь харъя” гэж бодсон.

ХҮРЭЛ МЕДАЛИЙГ ХАМГИЙН ҮНЭ ЦЭНТЭЙ ГЭЖ БОДДОГ

-Тамирчны нэрийг эх оронтой нь дуудахад сэтгэл догдлуулсан сайхан агшин байдаг. Шагналын тавцанд Монгол гээд зарлахад огшихгүй байхын аргагүй байдаг байхдаа?

-2016 онд Тайландад болсон ДАШТ-д оролцож, хүрэл медаль хүртсэн. Дэлхийн тайз дээр эхлээд улсынхаа, дараа нь аавынхаа, тэгээд өөрийнхөө нэрийг зарлуулах мөчид сэтгэл их хөдөлдөг юм билээ. 27 жилийн дараа хүсэл мөрөөдлөө биелүүлж, дэлхийн аваргаас медаль зүүсэн минь тэр шүү дээ. Догдлоод итгэж ядсан. Би хүрэл медалийг хамгийн үнэ цэнтэй гэж боддог. Хүрэл медаль хүртсэн тамирчинд мөнгө, алт хүртэх юмсан гэдэг тэмүүлэл төрдөг. Ямар ч тамирчинд зорилго нь чухал. Намайг дагаж бодибилдингээр хичээллэсэн, хичээллэдэг хүмүүс бий. Миний үеийнхнээс бодибилдингийн спортод амжилт гаргасан нь Монголын мистер Л.Баянхүү, Гавьяат тамирчин Ж.Нурлан нар байна. Өөрийгөө ялж байж амжилтад хүрдэг энэ спортод хэр их хөдөлмөрлөж, хөлс дуслуулна тэр хэрээр амжилт ирдэг юм.

-Тамирчид санаанд оромгүй зүйлтэй тулгардаг. Спортод унаж, боссон үе танд ч гэсэн байдаг л байлгүй?

-Миний хувьд өнгөрсөн жил хүнд байлаа. БНСУ-д зохион байгуулсан мистер олимпод оролцохоор онгоцны тийз захиалчихсан байтал гэнэт бие чилээрхээд эмнэлэгт хэвтсэн. Эмчдээ “Дурангийн хагалгаанд даруй орж, цөсөө авхуулаад тэмцээнд оролцъя” гэхэд “Таны цөсийг авах шаардлагагүй, чулуужсан элс ч алга. Хорыг нь тайлж гадагшлуулах хэрэгтэй. Эрхтнээ авхуулаад тэмцээнд оролцож, амжилт гаргана гэж юу байх вэ. Бие тань дийлэхгүй, тайзан дээр л унаад өгнө” гээд загналаа. Эмнэлэгт хэвтэж байхдаа “Хүнд унаж, босох үе байлгүй яах вэ. Энэ жил чаддаггүй юм гэхэд ирэх жилийн тэмцээнд заавал оролцоно” гэж бодсон. ДАШТ, Азийн АШТ-ээс хүртсэн хүрэл медаль миний олон жил зарцуулсан хөдөлмөрийн минь үр дүн. Хөлсөө дуслуулсан он жилүүдийн минь амжилт. Медаль, цом маань надад амжилтад хүрэхийн тулд ямар их бэрхшээл туулсныг үргэлж сануулдаг.

-Спортыг сонгодог ч замын дундаас буцдаг хүн олон. Бодибилдинг таныг хэрхэн өөрчилж, ямар байр суурьт аваачив?

-Би техникийн боловсрол эзэмшсэн ч бодибилдингээр хичээллэсэн цагаасаа мэргэжлийнхээ ажлыг хойш тавьж, зөвхөн энэ спортын төлөө зүтгэлээ. Надад энэ спортоос суралцах зүйл их бий. Сүүлийн үед залуус бодибилдингээр хичээллэдэг боллоо. Ямар ч их ажилтай байсан эрүүл мэндээ бодож, идэвхтэй амьдрахыг хичээдэг болсон байна. Олон хүн сонирхсон спортдоо зав гаргаж, амьдралынхаа хэв маяг, хэвшлийг өөрчилж байгаа нь анзаарагддаг.

-Спортын төрлүүдийг судлахгүй хичээллээд халширдаг хүн олон байх юм. Бодибилдингийн тамирчин юуг эрхэмлэн баримтлах ёстой вэ?

-Зөвхөн бодибилдинг гэлтгүй спортын бусад төрөлд хөл тавихаасаа өмнө би амжилт гаргаж чадах уу гэж өөрөөсөө асуугаарай. Дараа нь хичээллэх, эсэхээ шийдэж, сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй. Өөрийнхөө сонголтод үнэнч үлдэж чадвал тамирчин болж чадна. Тууштай хичээллэвэл ямар ч спортод амжилт гаргадаг. Зорилгодоо үнэнч байхад амжилт, алдар аяндаа ирдэг. Хүний хүсэл, мөрөөдөл хамгаас хүчтэй. Юуг ч даван туулах сэтгэлийн тэнхээ, амьдрах итгэл хайрладаг юм шүү дээ.

Бэлтгэсэн: Г.Батцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)