С.Дорждэрэм: 24 иргэний мэдээлэл давхацсан

“Буянт-Ухаа 2” хороолол

“Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцаас түрээслэх хүсэлтэй нийт 35 058 иргэн цахимаар бүртгүүлжээ. Сонгон шалгаруулалтын комиссынхон эхний шатанд тэнцсэн иргэдийг энэ сарын 14-нд шалгаруулж дууссан юм. “Шалгаруулалт шударга бус болсон” гэж олон иргэн гомдол гаргасан тул нийслэлийн Орон сууцны корпорацын дэд захирал С.Дорждэрэмээс зарим зүйлийг тодрууллаа.

-Шалгаруулалтыг ямар зарчмаар явуулав?

-972 айлын орон сууцны 60 хувь буюу 582 орон сууцыг л түрээслэх юм. Үлдсэнийг нь газраа чөлөөлсөн иргэдэд олгохоор төлөвлөсөн. Тэгэхээр 35 058 иргэн 582 айлын орон сууцаас түрээслэхээр бүртгүүлсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сонгогдох магадлал 60-д нэг гэсэн үг. Бид бүртгүүлсэн бүх иргэний мэдээллийг шалгаад, журмын дагуу шалгарууллаа. Тухайлбал, төрийн албан хаагч гэсэн ангилалд бүртгүүлсэн иргэдийг төрд ажилласан жил, ам бүлийн тоо, агаарын чанарын бүсчлэл, гавьяа шагнал зэргийг нь харгалзан үзэж, эрэмбэлсэн. Мөн залуу гэр бүл ангилалд бүртгүүлсэн иргэдийг нийгмийн даатгал төлсөн хугацаа, гэр хороололд амьдарч байгаа, эсэх, хүүхдийн тоо зэргийг харгалзан, шалгаруулсан.

-Тэнцсэн иргэд хэзээнээс орон сууцдаа орох вэ?

-Шалгараад буй 582 иргэн 100 хувь тэнцсэн юм биш. Дараагийн шатанд цахимаар бүртгүүлсэн мэдээллээ бичиг баримтаараа батлах ёстой. Бичиг баримт нь дутуу, эсвэл цахимаар бүртгүүлэхдээ худал мэдээлэл илгээсэн бол хар жагсаалтад бүртгэж, дараагийн хүнд нь боломж олгох юм. Тухайлбал, ганц бие эцэг, эх гэсэн ангилалд 15 хүнийг тэнцүүлсэн. Тэднээс гурав нь хасагдлаа гэж бодоход удаах иргэдэд боломж олгоно гэсэн үг. Энэ сарын 19-23-нд тэнцсэн иргэдийн бичиг баримтыг шалгана. Хүйтрэхээс өмнө иргэдийг орон сууцад нь оруулахаар төлөвлөсөн.

-Нэг хүнийг 8-9 удаа, бас хэд хэдэн иргэний мэдээллийг хоёр дахин бүртгэсэн нь хүмүүсийг нэлээд бухимдууллаа. Яагаад ийм асуудал үүссэн юм бэ?

-24 иргэний мэдээлэл давхацсан. Нэг хүнийх найман удаа бүртгэгдсэн байна. Бид үүнийг мэдсэн ч иргэдэд нөхцөл байдлыг ил тод харуулахын тулд давхацсан чигээр нь мэдээлсэн. Учир нь давхацсан мэдээлэл бүрийг цахим хуудас автоматаар дугаарладаг. Тэгэхээр “Нийт төчнөөн иргэн бүртгүүлсэн байна” гээд гараад ирнэ. Тэндээс бид давхацсан иргэдийн мэдээллийг хасчихвал зарим нэг нь “Өөрсдийнхөө хүмүүсийн мэдээллийг сугалаад үлдээчихлээ, эсвэл тэнцсэн иргэдийг хасчихлаа” гэж хардаж, сэрдэхээс сэргийлсэн юм. Зарим иргэний мэдээлэл яагаад давхацсаныг одоогоор тогтоогоогүй байна. Сүлжээний алдаа байж магадгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)