С.ДАШЦЭРЭН: “Ажил хаясан газраас Хөдөлмөрийн баатар төрөх ёсгүй” гээд тодорхойлолтыг маань буцаасан байсан

Манай улсад авто тээврийн салбар үүсэж, хөгжөөд 95 жилийг үджээ. Энэ хугацаанд нийтийн тээврийнхнээс дөрвөн хүн Хөдөлмөрийн баатар болсон аж. Тэдний хоёр нь Дашцэрэн нэртэй, амьдай. Хоёулаа Говь-Алтайнх. Энэ удаа бид “Хоймор”-тоо Хөдөлмөрийн баатар Сэрсэнжавын Дашцэрэнг урилаа. Тэрбээр 25 жилийн өмнө, хоёр нийгэм солигдоод удаагүй байхад Хөдөлмөрийн баатар болсон юм. С.Дашцэрэн гуай сумын заан цолтой.

-Сайхан намаржиж байна уу, та. Нас сүүдэр хэд хүрч байна вэ?

-Сайхаан сайхан. Та бүхэн сайхан намаржиж байна уу. Би 1938 онд Говь-Алтай аймгийн Төгрөг сумд Сэрсэнжав гэдэг хүний хоёрдугаар хүү болон төрсөн. Нэг эгч, хоёр дүүтэй. Аав маань жин тээдэг, ажилч, хичээнгүйгээрээ нутагтаа алдартай хүн байсан. Эгч Цэрэнбалжид маань аавтай хамт жин тээдэг байлаа. Өдгөө эгч маань нутагтаа суугаа. Дүү Бадна минь бас энх тунх аж төрж байгаа. Тэдэндээ танай сониноор дамжуулан мэнд хүргэж, үргэлж талархаж явдгаа чин сэтгэлийн угаас илэрхийлье. Өдий наслахдаа эгч, дүү нартаа ийм үг хэлж байсангүй ээ.

-Та тэгвэл удам дамжсан тээвэрчин байх нь.

-Тийм ээ. Гэвч аав минь залуугаараа, 1946 онд намайг найман настай байхад бурхан болсон. Ээж минь 32 настай ханиасаа үлдсэн дээ. Тэр цагаас манайх миний нэрээр явж, би өрх толгойлсон. Аавыгаа ихэд санадаг байсан ч тэр тоолонд хөдөлмөрлөх, амьдралд суралцах тухай л бодож явж дээ. Бие дааж амьдрах, шалтаг тоочиж, бурууг бусад руу чихэх хэрэггүйг бүх насаараа таньж, тунгаахын эхлэл энэ байсан болов уу. Ээж минь их ухаалаг хүн байсан учраас намайг бага, балчир гэж гололгүй, аливаа учир, явдлыг тайлбарлан, ажил, хөдөлмөрт сургасан. Чин сэтгэлээсээ хөдөлмөрлөх л хамгийн гол, хүний амьдралыг өөд нь татах, хүнийг хүн болгох түшигтэй зам гэдгийг надад бат нот ойлгуулсан.

Манайх мал ихтэй, бүл муутай байлаа. 10 настай сургуульд орсон ч дөрөвдүгээр анги төгсөөд ар гэрийн гачигдлаар хөдөө гарч, мал маллаж, тариа тарьсан. Тэр үед эмэгтэй хүүхдээр гэрийн ажил хийлгэх гээд сургуульд явуулах дургүй байсан. Эрэгтэйг нь өгөөд явуулахыг илүүд үзнэ шүү дээ. Дөрвөн жил сурахдаа дандаа онц авдаг, ангийн дарга ч болов. 12 настайдаа хоёр жил тэмээн хөсгөөр Хатгал руу жин тээж, 70 кг-ын жинтэй, шуудайтай будаа, гурилыг өргөж, ачдаг сан. Тээвэр, машиныг тэр үеэс л сонирхож, жолооч болохыг хүссэн дээ. 1963-1971 он хүртэл Төгрөг сумд нэгдлийн жолоочоор ажилласан. Оросын “ЗИС-150”-ын загвараар хийсэн “СА-10” гэдэг хятад машин барьдаг байлаа.

-Машинтай анх яаж танилцаж байсан бэ?

-Машин маш ховор, бараг үзэгдэхгүй. Намайг сургуульд ордог жил баруун хилд будилаан гарлаа гээд цэргийн машин нэлээд явдаг байлаа. Тэгсэн манай нутгийн хүн машин бариад ирсэн нь “ЗИС-5” гээд модон кабинтай тэрэг байсан. Дээр нь гарч, яаж явдгийг нь баахан сонирхож билээ. Жолооны хүрдээ бариад л хөдөлчихдөг юм байна, дугуйг нь түлхэж явуулдаг байх гэх мэтээр бодож байлаа. Яаж зогсоодог юм бол гэж их удаан бодсон. Нэг удаа машин бариад явж байна гэж зүүдэллээ. Машинтайгаа өндрөөс тонгойгоод ирэхээр жолооны хүрднээсээ татаад байсан ч зогсдоггүй, цочоод сэрж байсан сан.

-Нэгдлийн жолооч болох хүртлээ та юу хийж байв. Хаана машин барьж сурав?

-1958 онд цэрэгт мордлоо. Эхлээд намайг замын ангид хуваарилж, махны нярав болгов. Цэргийн хоол хүнс, ачаа бараа буулгах машиныг ойр зуур барьсаар жолоочийн дөр суусан. Тэндээ цэргийн авто сургууль төгсөж, жолооч болсон юм. 1961 онд халагдах байсан ч Дархан хотыг байгуулах бүтээн байгуулалтад бүх цэргийг дайчилсан. 1963 он хүртэл тэнд ахлах жолоочоор ажиллалаа. Тэр үед эрэгтэй дүү маань Багшийн дээд сургуульд сурч байсан юм. Нутагт минь ээж, эмэгтэй дүү нараас гадна аавын маань аав, ээж хоёр болох 80 гаруй настай хөгшин үлдсэн учраас санаа зовж байлаа. Ээж минь Тонхил, аав Төгрөг сумынх. Аавыг өөд болсны дараа ах, дүү нар нь ээжийг дөрвөн хүүхэдтэй нь Тонхил руу аваачъя гэхэд хадам хоёр хөгшнөө харж хандана гээд яваагүй юм билээ. Миний ээжийн нэр нь Дулам ч нутгийнхан нь Дужил гэдэг, ёстой л “өндөр ээж” гэгдсэн хүн байсан. Ингээд 1963 онд цэргээс халагдаж, нутагтаа очсон.

1995 он. Хөдөлмөрийн баатар болсны дараа

-10 шахам жил ажилласан нэгдлээсээ нийтийн тээвэр лүү “урваж”, нутгаа орхих шалтгаан юу байсан юм бол?

-Хань минь багадаа хүнд шарласан, элэг, цөс муутай хүн байлаа. Манайх бараг жил алгасалгүй гарсан зургаан хүүхэдтэй. Ханийн маань бие тун тааруу. Аргагүйн эрхэнд, эхнэрийн эрүүл мэндийг бодолцон Улаанбаатарт ирсэн. Тэр үед нэгдэлжих хөдөлгөөн ид өрнөж, залуучууд хот руу хошуурч, хөгшчүүл нь хөдөө үлдэж байлаа. Жолооч бид нар гэхэд Улаанбаатараас айл нүүлгэх тээвэрт их явдаг байсан цаг. Тиймээс хөдөөний паспорттой хүнийг хотод ажилд авдаггүй байв. Уг нь би хотод ирэхдээ “Автобус баазын намын хороонд” гэсэн илгээлттэй ирсэн хүн. Түүнийгээ боловсон хүчинд нь үзүүлтэл “Хөдөөний паспорттой хүнийг ажилд авахгүй” гэсэн өнөөх хариултыг чинь авдаг юм байна. Тэгэхээр нь намын хорооны даргатай нь уулзлаа. Гэтэл “Бид коммунистуудыг хаана байгаа газар нь харж үзнэ” гээд шууд ажилд авсан юм даг. Би МАХН-д 1970 онд гишүүнээр элссэн. Ингэж ажилласан жилдээ завсар оруулалгүй, нийтийн тээвэрт хүчин зүтгэж эхэлсэн дээ. Бүх зүйлийг хүн бүтээдэг. Хүн тээвэрлэдэг ажил хийж, энд л хөдөлмөрөө шингээе гэж боддог байсан. 1996 онд тэтгэвэрт гартлаа бааздаа тасралтгүй ажиллаж, Яармагийн чиглэлийн жолоочоос бригадын дарга болтлоо дэвшиж, зүтгэж дээ.

-Хамгийн анх ямар чиглэлд үйлчилж байсан бэ?

-Үйлдвэр комбинатын чиглэлд хуваарилсан. Тэгэхдээ усны дачик, цан үлээгчээс нь авхуулаад ажилладаггүй, хөдлөхгүй шахам, хуучин автобус өглөө. Тэрийг нь хөдөлгөөд, ажилд гарахад хүмүүс их гайхаж билээ. Гуравдугаар цахилгаан станцаас Таван буудал хүртэл явдаг чиглэл л дээ. Таван буудлаас 40 мянгат хүртэл 20, тэндээс III цахилгаан станц хүртэл 15, станцаас Таван буудал хүртэл 20 минут явдаг. Өглөө, оройдоо хүнд дарагдана. Унд хоолгүй явдаг байлаа. Харин кондукторууд Хоёр буудлын тэндэх хятад гуанзанд хоол идэж бай гэж зааж өгснөөр овоо хоол ундтай явдаг болсон. Би ер нь яаруу хүн. Саванд нь гал авалцсан хоолыг ходоод руугаа чихэж, автобус руугаа гүйдэг байсан. Заримдаа буугаад ирэхэд жижүүрийн автобус хэдийн хөдлөх болчихсон, хүлээж байдаг сан.

-Та зорчигчийн хувиар хамгийн сүүлд хэзээ автобусанд сууснаа санаж байна уу?

-Өө, тэрийг мэдэхгүй.

-Өнөөдөр нийтийн тээвэр, автобус, унааны хүрэлцээ, авто замын түгжрэл хамгийн том асуудлуудын нэг болчихоод байна. Таны хөдөлмөрлөж байсан он жилүүдийн өнгө төрх өнөөдрийнхөөс огт өөр биз?

-Орон зай, хөдөлгөөний багтаамж нь хангалтгүй байна шүү дээ. Түгжрэл үүсэхээс өөр аргагүй. Бидний үед түгжрэлгүй, ёстой санаагаараа явдаг байсан.

1978 онд социалист уралдаанд тэргүүлж, гадаадад аялах эрхийн бичгээр шагнууллаа. Ингээд 30-уулаа Москва, Ленинград, Киев, Прага, Будапешт хүртэл аялсан. Нэг хотод буугаад л нийтийн тээврийнх нь хаяг, маршрутын тоог нь хараад яваад байлаа. Тэндээс маршрутын дугаар ямар чухал болохыг мэдэж нэвтрүүлсэн. Тэгж аялахдаа тэр хотуудын нийтийн тээврийн бүх хэрэгслээр зориуд зорчиж үзсэн юм. Ямар буудлаас хөдөлж, хаана хүрч байгаагаа зорчигчдод зарладгийг нь ирээд хэрэгжүүлсэн. Зорчигчдынхоо мэндийг мэдчихээд, “Улаанбаатарт төдөн цаг, төдөн минут болж байна, Туул хүртэл төдөн минь явна” гэх мэтээр анх хэлж эхэлсэн.

Бригадын даргын хувьд өөртөө маш их шаардлага тавьж ирсэн. Ийм хатуу чанга сахилга баттай ажиллаж чадсан учраас манай бригад улсын гурван удаагийн аварга болсон гэж боддог. Юуны түрүүнд, төлөвлөгөөт үзүүлэлтээр тэргүүлж, хоёрдугаарт, ямар ч зөрчил гаргахгүй, хоцрогдолгүй хамт олон болох зорилго дэвшүүлэн ажилладаг байсан. Тухайн үеийн норм, төлөвлөгөө гэж юуг хэлээд байна вэ гэвэл шугамд ажилласан цаг хамгийн чухал. Өдөрт найман цаг ажиллах ёстой. Үүнд шугамд гарахын өмнөх бэлтгэл цаг орохгүй. Сүүлдээ жолооч нар ээлжтэй болсон. Найман цагаас илүү явахгүй. 05.30 цагт жижүүрийн автобусаар ажилдаа ирээд 06.30-д шугамд гарна. 23.30 цагт хамгийн сүүлийн автобус буух ёстой. Шугамын рейс ямар ч зөрчилгүй байх ёстой. Манай Яармагийн автобус 3-4 минутын зайтай явдаг байсан. Тодруулбал, Яармагийн чиглэлд гурван минутын зайтай 10, дөрвөн минутын зайтай найман автобус явахаар зохицуулсан байсан. Энэ нь таван минутын дотор буудал бүрт нэг автобус очиж байхаар тохируулсан гэсэн үг. Ямар сайндаа л “Яарвал “Яармаг”-т суу” гэсэн хэлц гарах вэ дээ. Оролцохгүй юмгүй байж дээ. Өглөө бүр автобуснуудын цэвэрлэгээг шалгаад, тэнцэхгүйг нь өөрөө цэвэрлэж, арчиж, зүлгээд эхэлнэ шүү дээ. Сүүлдээ манай хэдэн жолооч намайг үзэгдсэн газар бүрт л юм хийж байдаг болсон. Автобусандаа өөрөө гар хүрэхгүй, хүнээр хамаг юмаа хийлгэчихээр эвдрэлээ мэддэггүй нь аргагүй биз дээ. Хөдөлмөрийн баатар болчихоод ажилдаа явахад Яармагийнхан, үйлдвэрийн ажилчид баяр хүргэж, нүдээ олсон шагнал гэж хэлэхэд нь маш их урам авсан.

2015 он. Хүүхдүүдийн хамт

-Хөдөлмөрийн баатар болсон үеэ дурсахгүй юу?

-1995 онд авто тээврийн салбарын 70 жилийн ойгоор Хөдөлмөрийн баатар болсон. Тэгэхэд нэг л хүнийг Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан. Мөн нэг л хүнийг Гавьяат болгосон нь цэргийн салбарынх байсан юм. Уг нь тэгш ойгоор 2-3 Хөдөлмөрийн баатар төрж байсан юм билээ. Тухайн үед ардчилалтай дөнгөж золгосон, хоёр нийгмийн зөрчил, ялгаа арилаагүй, шагнал, урамшууллын бодлого зогсонги байдалд орчихсон байв.

Анх надад Хөдөлмөрийн баатар цол олгуулахаар 1991 онд тодорхойлсон юм. Тэр хавар нэг өдөр ажилдаа очтол Ардчилсан холбооныхон ирээд, ажил хаячихсан, гараашийн хаалган дээр машин эвдчихэж. Хурал хуй хийгээд л даргыг нь солино, явуулна гэж байдаг шүү. Манай бааз Толгойтод байсан юм. Бригадын дарга нь би. Автобуснуудаа гаргаад ажилдаа орох гээд ээлжийн инженерээс түлхүүр аваад эргэтэл хань минь гүйгээд ирдэг юм байна. Тэр үед хань минь кондуктор хийдэг байсан юм. “Дашцэрэн хамт олноосоо тасарлаа, тэргийг нь хэмхчээд хая” гэж хүмүүс яриад байна гээд, баахан хориглож билээ. Ингээд тэр өдрөө баазын даргын ажлаа өгөх болсноор ажил хаялт зогсов. Тухайн үед манай хамаатны хүн Тээврийн яаманд хэлтсийн даргаар ажиллаж байлаа. Хэд хоногийн дараа нөгөө хамаатны хүний хадам аавтай таарав уу, үгүй юү уйлаад, намайг бариад авах нь тэр. “Дашцэрэн минь, чи даанч яав даа, ганцаараа ч болов ажилдаа гарахгүй. Ажил хаясан газраас Хөдөлмөрийн баатар төрөх ёсгүй” гээд чиний Хөдөлмөрийн баатрын тодорхойлолтыг буцаагаад татчихсан байна шүү дээ” гэж билээ.

Манай бааз маш хатуу дэг журамтай байсан. Төмөрбаатар дарга, Дэмбэрэл нягтлан хоёр ажлаа өгч, оронд нь Ардчилсан холбооны хоёр нөхөр ирсэн чинь архидалт хавтгайрч, засварчид нь шланк, канистр барьчихсан автобуснуудыг “саагаад” явж байх жишээтэй. Ердөө нэг жилийн дотор манай ажил нам унасан. Шинээр ирсэн хоёр хүн ажил хаяж яваад, эцэст нь Төмөрбаатар дарга ирж байж, баазаа хөл дээр нь босгосон.

Надтай хамт 15 хүнийг Хөдөлмөрийн баатарт тодорхойлсон юм билээ. Хүн нэг бүрийг маш нарийн шалгасан байгаа юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь нэг өдөр манай ажил дээр бүтэн өнжиж, намайг шалгасан. Өглөөнөөс эхлээд хүн бүртэй нэгбүрчлэн уулзаж, миний талаарх саналыг сонссон. Олон хүний нүүрэн дээр миний дутагдлыг хэлж чадах хүн хэд байх бол. Тэр үед миний таван хүү манай “Автобус-2” баазад жолоочоор ажиллаж байлаа. Хань минь бас кондуктор. Манайх долоон хүү, нэг охинтой. Шударга бөгөөд сайн хөдөлмөрлө гэж хүүхдүүддээ хэлж ирсэн хүн, би. Төлөвлөгөөт уралдаанд шалгарсан жолооч нарт үр дүнгийн хурлаар шагнал гардуулахад дөрвөн хүүгийнхээ өмнөөс өргөмжлөлийг нь ээж нь авч байсан үе бий. Тухайн үед хүүхдүүд бүгд ээлжтэй, ажилтай таараад, өөрсдийн биеэр байж чадаагүй. Намайг Хөдөлмөрийн баатарт тэнцэх, эсэхийг шалгахаар ирсэн хүн тэр өдөр хүүхдүүдийн маань нэгтэй нь ч уулзсан. Хамгийн сүүлд намайг дуудсан гэсэн. Хөөргөө даахгүй шахам ядруу байсан үе. Гэхдээ л “Амьдралынхаа бүх үйл явцыг ярь” гэхэд нь наана, цаана оруулалгүй хэлчихдэг, сайхан байж дээ. Эцэст нь, надаас “Танай байгууллагаас төрийн дээд шагналыг ямар хүнд өгвөл зүйтэй” вэ гэж асуухад нь бригадынхаа Аюуш жолоочийг нэрлээд, “Шагналын талаар санал, гомдол алга. Нас болон биеийн байдал иймд хүрч, ажлаа сайн хийж чадахгүй байгаадаа сэтгэл гонсгор байна” гэж хэлсэн. Үүнээс хэд хоногийн дараа намайг дуудаж, Хөдөлмөрийн баатар цол олгосон юм.

-1990-ээд онд амьдрал хэцүү, автобуснаас зүүгдэж явдаг байснаа дурсах хүн олон байдаг.

-Хэцүү байсан. Ажил хаяснаас болж манай бригадын ажил баларсан. Төвөөс автобусаар хангаж чадахгүйгээс болж хүлээлэг их үүсэж, буудал дээрээ очиж чадахгүй үе олон гарсан. Гэхдээ ямар ч ажлын ард хүн л бий. Тухайн хүний хариуцлагаас хамаг зүйл шалтгаална. Тиймээс хэн ч гэсэн өөртөө л дүгнэлт хийх хэрэгтэй.

-Та нэг автобусыг хамгийн удаандаа хэдэн жил унаж байв?

-Ээлжийн жолоочтойгоо нийлээд 800 мянга гаруй км явуулж байсан удаа бий. Тэр үед тодорхой норм заадаггүй байсан. Жилд нэг автобус 120 мянга шахам км явдаг байсан. Уг нь дугуйны жилийн норм 95 мянган км. Дугуйны шагнал гээд жилдээ овоо мөнгө авчихдаг гэх мэт шалтгаанаар нэлээд их явуулдаг байсан. Би ер нь дандаа чех автобус барьсан юм байна шүү. “Төв замын түрэмгий улаан” гэгддэг “Шкода”-г анх жолоодож байлаа.

-Тэтгэвэртээ гарсан Хөдөлмөрийн баатар юу хийж байв?

-Ээжийгээ хөдөө байхад хүүхдүүдээ зуны амралтаар нь таньдаг жолооч нарынхаа бүхээгт суулгаад л явуулчихдаг байв. Хөгшинтэйгөө тэтгэвэрт гарахаараа хэдэн малтай болж, энэ хэдийнхээ хүүхдүүдийг хөдөө гаргаж байя гэж ярьдаг байсан юм. 1959 онд манайх бүх малаа нийгэмчилсэн. 1951 онд таван жилийн төлөвлөгөөг анх биелүүлж эхлэхэд бүх малыг 25 сая болгоно гэсэн уриа дэвшүүлж байсан шиг санагддаг юм. Гэтэл одоо 70, 80 сая малтай болчихож. Тэр үед айлууд цөөхөн хэдэн малтай, өсгөхөд хэцүү байсан. Нэг малаас авах ашиг шим, үзүүлэлт нь 50, эсвэл 100 хоньтой айлд өөр өөр байсан. Олон малтай айлаас илүү их нэгж үзүүлэлт шаарддаг байсан гэх үү дээ. Манайх гэхэд л маллаж хүчрэхгүй болоод нутгийн дориун ажилтай хүнд 30 үхрээ улаан мөнгө авалгүй тууж аваачаад өгдөг байсан. 1991 онд өмч хувьчлалаар ээжид 100 хонь, гурван тэмээ өгөхөд “25-ыг нь танайд явуулна” гэж байж билээ. Бид хөдөө гарахдаа бэлтгэх маягтай гурван бага үхэр худалдаж аваад Яармагт ажлаа ч хийж, малаа ч малладаг байлаа. 1996 онд тэтгэвэртээ гараад Хустай руу малтайгаа явсан ч хоёр жилийн дараа хөгшин минь элэгний хорт хавдраар өвчилж, удалгүй хотод буцаад ирсэн.

-Та тамхи татдаг уу. Нийтийн тээврийн жолооч нар зорчигчдоо тамхины утаагаар хордуулаад явах нь энүүхэнд болж.

-Үгүй. Би ер нь ааваараа шийтгүүлж, загнуулж үзээгүй. Нас бардаг жил нь би хүүхдүүдтэй нийлж татах гээд гаанс, тамхи төхөөрдөг юм байна. Нэг хүйтэн өдөр ээж зүүн авдрын өмнө монгол гутал оёод сууж байв. Аав дээхнэ талд нь маани уншаад сууж байхдаа намайг эрхээрээ ороолгоод авсан. Аав руу харсан чинь өөдөө харж байна. Тэгсэн чинь миний гаансыг унинд хавчуулчихаж. Гэхдээ “Тамхи хортой, муухай” гэж юу ч яриагүй. Аавыг томоотой хүн гэдгийг нутгийнхан нь андахгүй л дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)