С.ГЭРЭЛМАА: Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хүртээмжтэй ажиллаж чадсангүй

“2020 оны УИХ-ын сонгуулийн санал авах болон санал тоолох үйл ажиллагааны иргэний нийгмийн хөндлөнгийн ажиглалт, хяналт” төслийн удирдагч, “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагын ерөнхий менежер С.Гэрэлмаатай ярилцлаа. Тус байгууллага нь “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагатай хамтран 2020 оны УИХ-ын сонгуульд хөндлөнгийн ажиглагчаар оролцсон юм.

-Энэ удаагийн сонгуульд иргэний нийгмийн байгууллагууд хэчнээн хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиглагчаар оролцов?

-Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр иргэний нийгмийн зургаан байгууллага нэгдэн, Шударга сонгуулийн төлөөх иргэний нийгмийн хяналт сүлжээг 2012 онд байгуулсан байдаг. Үүний нэг нь манай “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” төрийн бус байгууллага. Дээрх сүлжээ нь 2012, 2016 оны УИХ-ын, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгийн ажиглалт хийсэн. Үүний хүрээнд манайх “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагынхантай хамтран санал хураах, тоолох үйл ажиллагаанд ажиглалт хийж, энэ жил сонгуульд дөрөв дэх удаагаа иргэний нийгмийн хяналтын үүрэг гүйцэтгэлээ. Бид есөн дүүргийн 99 хэсгийн хороонд буюу (Нийслэлийн хэмжээнд 451 хэсгийн 21.6 хувь) 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиглалт хийсэн. Мөн Дархан-Уул, Дорноговь, Баянхонгор, Төв, Хэнтий гэсэн таван аймгийн 13 хэсгийн хороонд 22 гишүүнээ бэлтгэн, ажиглагчаар оролцууллаа. Энэ сонгуулиар орон нутагт анх удаа ажиглалт хийсэн. Өмнө нь зөвхөн шалгах хуудсанд тэмдэглэгээ хийдэг байсан бол 2020 оны сонгуульд цахим системээр давхар холбогдон, ажиглалтын мэдээлэл, тайлангаа ирүүлж оролцлоо. Төслийн хүрээнд 20 багийн ахлагч, зохион байгуулагч гээд 250 гаруй хүн ажилласан. Манай ажиглагч нар сонгуулийн санал хураах, тоолох, хяналтын тооллого хийх ажилд сайн дурын үндсэн дээр оролцдог. Тэд тусгай арга зүй бүхий сургалтад хамрагдаж, сонгогчдын сонгох эрхийг хамгаална гэсэн үнэт зүйлийг эрхэмлэн ажилладаг юм. Сонгогчийн сонгох эрхийн манаанд гарч, ажиглалт хийсэн 228 ажиглагч, багийн ахлагчдадаа талархал илэрхийлье.

-Ажиглалт хийсэн хэсгийн хороодод ямар нэг зөрчил илрэв үү?

-Нийслэл дэх хэсгийн 451 хорооны үйл ажиллагаанд оролцох боломжгүй, бидний нөөц хязгаарлагдмал учир 99-ийг нь сонгосон. Үүнээс 15 хэсэгт нь нэг ажиглагч бүтэн өдрөөр, бусдад нь 07.00–15.00, 15.00-22.00 цаг гэсэн хуваарьтайгаар хоёр ээлжээр ажиллалаа. Бид тусгай аргачлалын дагуу байрын орчин, зохион байгуулалт, санал авах, тоолох үйл явц хэрхэн өрнөсөн, хяналтын тооллого хийх хэсгийг яаж сонгон, явуулж буйд хөндлөнгийн ажиглалт хийдэг. Бидний ажигласан хэсгийн хороонд ноцтой зөрчил гараагүй. Гэхдээ нийтлэг зөрчлүүд их илэрсэн. Тухайлбал, хэсгийн 112 хорооны 22.1 хувьд нь ажиглагчийг баганын ард суулгах, шахцалдах, сандал, ширээний хүрэлцээ муу, дэлгэцнээс хол байлгах тохиолдол гарлаа. Мөн 41 хэсэгт нь тэргэнцэртэй, тулгуур эрхтний бэрхшээлтэй, өндөр настай, хараа муутай хүмүүст зориулсан орчин бүрдүүлээгүй. Өөрөөр хэлбэл, налуу шатгүй B1 давхарт санал авах үйл ажиллагааг явуулсан, өндөр довжоотой, нарийн хаалгатай барилгад сонгууль зохион байгуулсан. Мөн 33 хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэн саналаа өгөхөд зориулсан тусгай бүхээг бэлдээгүй. Хэсгийн 51 хороонд сонсголын, харааны бэрхшээлтэй иргэний саналаа өгөх нөхцөлийг хангаагүй байсан.

-Санал авах үйл явц хэр зохион байгуулалттай байсан бол?

-Санал авах үйл явц хэвийн үргэлжилсэн боловч хэсгийн хорооны зай, талбай хэт жижиг байснаас сонгуулийн санал нууц байх зарчим алдагдсан. Тухайлбал, бидний ажигласан хэсгийн хорооны 26.1 хувьд нь саналын хуудсаа уншуулахдаа зориулалтын хавтсанд хийгээгүй, “Амжилттай уншигдлаа” гэсэн бичиг гарахаас өмнө иргэн явсан учир буцааж дуудах, зарим нь саналын хуудсыг яаж уншуулахаа ард талынхаа хүнээр туслуулах зөрчил гарлаа. Мөн 39.4 хувьд нь мэдээллийн технологийн даамал “хар машин”-тай хэт ойр байрласнаас саналын нууцлал алдагдах нөхцөл үүссэн. Түүнчлэн сонгогчдын хурууны хээг таниагүй учир регистрийн дугаараар нь бүртгэж, саналыг нь өгүүлжээ. Үүнээс гадна Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зургаан хэсэгт сонгогчийн нэрсийн жагсаалттай холбоотой буюу дөрвөн ам бүлтэй нэг айлын хаяг дээр 20 гаруй хүн бүртгэсэн тохиолдол гарсан. Үүнтэй ижил төстэй буюу тухайн айлд амьдарч байгаагүй танихгүй хүнийг хаягт нь нэмж бүртгэсэн 5-6 зөрчил илэрсэн тухай ажиглагч нар хэллээ. Санал тоолох үйл явцын хувьд ажиглалт хийсэн хэсгийн хорооны 80.4 хувьд нь хэвийн байна гэж дүгнэжээ. Зарим хэсэгт манай ажиглагчийн бэлдсэн CD дээрх зурган файлыг хуулж өгөөгүй тохиолдол гарсан.

-Иргэний нийгмийн байгууллагуудын ажилласан хэсгийн хороодоос хэдэд нь хяналтын тооллогыг хэрхэн явуулсан бэ?

-Бидний ажилласан хэсгийн 99 хорооны 33-д, орон нутгийн таван хэсэгт хяналтын тооллого явуулахаар сонгогдсон. Зарим хэсэгт хяналтын тооллого хийх ажил хэт удаан үргэлжиллээ. Энэ нь ажилтнууд нь алдаж тоолсноос болж, дахин эхлүүлэх, хяналтын тооллого хийх тодорхой аргачлал байхгүйгээс үүдсэн. Тодруулбал, алдаж тоолбол дахин эхлүүлэх тухай Хяналтын тооллого явуулах журамд тусгасан байдаг.

-Энэ удаагийн сонгуульд олон улсын ажиглагч нар оролцоогүй. Тиймээс иргэний нийгмийн байгууллагууд голчлон төлөөлж, сонгуулийн үйл явц бодитой, үнэн зөв явагдсан, эсэхэд хяналт тавилаа. Гэтэл танай ажиглагч нарт хөндлөнгийн хяналт хийх бүрэн боломж олгоогүй гэсэн.

-Тийм ээ. Иргэний нийгмийн ажиглалт нь сонгуулийн санал авах өдрийн бүхий л үйл явцад оролцож, мэдээлэл цуглуулж, нэгтгэх арга зүйтэй. Гэтэл нийслэлийн зургаан дүүргийн 27 хэсэгт нь биднийг намын ажиглагч нартай хоёр цагаар ээлжлүүлж ажиллуулах шийдвэр гарсан юм билээ. Энэ талаарх санал, шаардлагыг СЕХ, хэсгийн хорооны дарга, гишүүдэд удаа дараа хүргүүлсэн. Үүний үр дүнд 20 хэсэгт бүрэн ажиглалт хийх боломжийг бидэнд олгосон. Гэсэн ч Чингэлтэй дүүргийн дөрөв, Хан-Уулын гурван хэсэгт манай ажиглагчид бүтэн сууж чадсангүй. Мөн Баянгол дүүргийн зургаа, долоо, ес, арваннэг, хориннэг, тавингуравдугаар хэсгийнхэн ажиглагчдын гар утсыг хураан авсан тохиолдол гарсан. Энэ нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 68.2.5-д “...ажиглагч санал хураах үйл явцад саад учруулахгүйгээр дуу, дүрсний бичлэг ашиглан сонгуулийн үйл явцыг баримтжуулна” гэж заасныг зөрчлөө. Үүгээр ч зогсохгүй манай ажиглагч нарын тайлангаа ирүүлэх ёстой цахим системийг ашиглах боломжгүй нөхцөлд хүргэсэн. Төслийн багийн ахлагч нар өглөө ажиглагчдаа хэсгийн хороонд нь хүргэж, хяналтын тооллогоос буухаар нь хүлээн авдаг. Үүнээс үзэхэд багийн ахлагч, ажиглагч нар сонгуулийн санал авах өдөр дунджаар 24, хамгийн их нь 32 цагийн турш ажиллажээ. Энэ бол сайн дураар ажиллаж байгаа залуусын хувьд сонгуулийн үйл явцад өндөр ач холбогдол өгч, иргэний үүргээ биелүүлж байгаа чухал үйл явдал.

-Өмнөх сонгуулиар ямар зөрчлүүд илэрсэн бэ. Тэдгээрийг энэ удаад сайжруулсан байна уу?

-Бид ажиглалтын дүнгээ нэгтгэж дуусаад хэвлэлийн бага хурал хийх замаар ажиглалтын үр дүнг нийтэд нээлттэй зарладаг. Үүний дараа санал, зөвлөмжөө СЕХ-нд бичгээр хүргүүлдэг. Тус хорооны хувьд бидний хүргүүлсэн зөвлөмжүүдийг боломжит хэмжээнд хэрэгжүүлж, бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг зорьдог. Гэвч сонгуулийн хуулийн онцлог, хэсгийн хороодын нөхцөл байдал, зохион байгуулалт зэргээс шалтгаалан нийтлэг дутагдлууд гардаг хэвээр байна. СЕХ өөрийн фэйсбүүк дэх хуудсандаа сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийг оруулсан хэдий ч олон нийтэд хүртээмжгүй буюу цахим сүлжээний хэрэглэгч биш, өндөр настай хүмүүст хүргэж чадаагүй. Иргэд саналын хуудсаа хааш нь харуулж уншуулах, яаж бөглөхөө мэдэхгүй тохиолдол их гарсан. Тиймээс дараагийн сонгуулиар санал авах байрыг бүх иргэнд хүртээмжтэй байхаар сонгож, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллаасай. Мөн хэсгийн хорооны ажилтнуудын ачааллыг тэнцвэржүүлж, арга аргачлалын сургалтад сайтар хамруулах тал дээр анхаараасай.

-Сонгогчид ямар нэг зөрчил гаргасан уу?

-Энэ жилийн хувьд сонгогчид зөрчил гаргасан тохиолдол харьцангуй бага. Өмнөх жилүүдэд согтуу хүмүүс ирж үймүүлсэн удаатай. Бидний ажигласан хэсгийн хороодод ийм тохиолдол гараагүй. Хоёр газарт борооны улмаас цахилгаан тасарсан. Тэр үед бүх үйл ажиллагааг зогсоож, цахилгаан ирэнгүүт үргэлжлүүлсэн тохиолдол бий.

-УИХ-ын сонгуулийн тухай хуульд санал авах байрын зай, талбай бага бол ажиглагч нарыг ээлжээр ажиллуулна гэсэн заалттай. Түүн дээр тулгуурлаж, иргэний нийгмийн ажиглагчдыг бага цагаар оролцуулна гэсэн байх.

-Хууль нь хүртэл алдаатай, иргэний эрх ашгийг хангахгүй байхаар заалттай байна. Намын ажиглагч нар зөвхөн тухайн намаа төлөөлж ажиллаж буй. Нам, эвслийн нэр дэвшигч нар дөрөв хүртэлх гишүүнээ ажиглагчаар оролцуулж болно гэж хуульд тусгасан. Харин бид иргэдийн сонгох эрхийг хангахын төлөө ажиллаж байгаа учир бүх л үйл явцад оролцох ёстой хүмүүс атал хоёр хүртэлх ажиглагч оролцуулна гэж заасан байдаг. Гэтэл нам, эвслийн ажиглагч нараас бага цагаар, тэдэнтэй хамт ээлжээр ажиллуулна гэдэг буруу шийдвэр. Иргэд сонгуулийн үйл явц шударга явж буй, эсэхийг хянах боломжгүй учир тусгайлан бэлтгэгдсэн иргэний нийгмийн ажиглагч нар үүнд хяналт тавьж байгаа шүү дээ. Гадаадын улс орнуудад иргэний нийгмийн ажиглагч нарын хөндлөнгийн хяналт тавих эрх, үүргийг тодорхой тусгаж өгсөн байдаг. Цаашид хэсгийн хорооны ажилтнуудад ажиглагч ямар эрх, үүрэгтэй, яаж оролцдог, хэрхэн харилцах, юу хийх ёстой вэ гэдгийг хэлж, ойлгуулах хэрэгтэй. СЕХ, хэсгийн хорооныхон иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжиж, хамтарч ажилладаг байх шаардлагатай.

-“Хар машин”-ы биллийг ажиглагчдад өгөх нь сонгуулийг шударга явуулж буйн нэг илрэл. Гэтэл үүнийгээ өгөхгүй тохиолдол гарсан гэсэн.

-“Хар машин”-ы биллийг санал авах үйл ажиллагааны эхэнд болон дууссаны дараа ажиглагч нар хэвлүүлж авдаг. Өөрөөр хэлбэл, “хар машин”-д өмнө нь ямар нэг саналын хуудас уншуулсан, эсэх, санал хураах үйл явц дуусахад нэр дэвшигчдэд хэчнээн хүн санал өгснийг хянах хэлбэр. Гэтэл цөөн хэсэгт санал авч дууссаны дараа “хар машин”-ы биллийг өгөхгүй, ажиглагчдыг зургийг нь ав гэсэн тохиолдол гарсан. Сонгуулиа шударга явуулахын тулд хуулийн дагуу танилцуулах ёстой мэдээллээ өгч, ажиллавал сайн хэрэг.