С.Ганболд: Тариаланчдын тархи өвөл л жаахан амардаг юм

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98, Ардчилсан хувьсгалын 30, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсад газар тариаланг хөгжүүлэх, хүн ардыг эрүүл, цэвэр хүнсээр хангах үйлсэд онцгой гавьяа байгуулсан, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Их шинэстэй” компанийн захирал С.Ганболдод Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ. Энэхүү хүндтэй шагналыг өнгөрсөн сарын эцсээр хүртсэн С.Ганболдыг “Хоймор” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр 1983, 1985, 1986, 1987, 1988, 1990 онд БНМАУ-ын ургацын аваргаар шалгарч, 1999 онд буюу Атар газар эзэмшсэний 40 жилийн ойгоор Гавьяат механикжуулагч цолоор шагнуулж байв.

-Та аль нутагт төрж, өссөн бэ. 1974 онд Ерөөгийн сангийн аж ахуйд тракторч, комбайнчаар ажиллаж эхэлсэн юм билээ. Энэ салбартай анх хэрхэн холбогдов?

-Би 1952 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумд (хуучнаар Хүдэрийн Тарвагатай) төрж, Хүдэр голын эрэг дээр өссөн. Манайх Хүдэр нутагтаа 1964 он хүртэл амьдарсан юм. Атрын I аяны гурав дахь жилд буюу 1961 онд Ерөө сумын сангийн аж ахуйн гуравдугаар тасгийг байгуулж, атар хагалсан. Тэр үед би хоёрдугаар ангийн сурагч байв. Хөгшчүүл газар хагалж, сүйдлэх нь гэж дургүйцэн, би ч бас тэгж л бодож байсан санагддаг. Удалгүй бригадын ах нар дээр гүйж очиж, тракторыг нь сонирхдог болсон. Хоёр, гуравдугаар ангид байхдаа л бид жолооч ах нарын тракторыг барьж, гарыг нь амраагаад сурчихсан. Тэд нутгийн хөгшчүүлийн нэрмэл архийг биднээр зөөлгөж ууна. Ингэж л атарчидтай дотносож байсан юм. Тэр үед ажиллаж байсан ахмад тариаланчдын олонх нь ертөнцийн мөнх бусыг үзүүлж дээ. Одоо цөөн хүн бий. Манай Ерөөд гэхэд Ц.Буяндэлгэр, Шаамарт Д.Шура ах байна. Улсын ургацын аварга болж байсан, тариаланч С.Балдий, Х.Даваажав, Санжаа, Сүхбаатар нарыг дагаж, бага насаа Хүдэрийн тариалангийн талбайдаа өнгөрүүлсэн. Би багаасаа техникт дуртай, модоор машин хийж тоглодог байлаа. Тухайн үед дунд сургууль долоон жилтэй байсан. Долдугаар ангиа төгсөөд бүрэн дунд боловсрол эзэмшинэ гэлгүй, механикч болох зорилгоор Алтанбулагийн техникумд суралцсан юм. 1974 оноос Ерөөгийн сангийн аж ахуйн тавдугаар бригадад тракторч, комбайнчаар ажилд орсон.

Техникумын оюутнууд намрын ургац хураалтад оролцдог байлаа. Алтанбулагийн сангийн аж ахуйн Хутаг-Өндөрийн бригадад улсын заан, талийгаач Ё.Ишгэн бид хоёр намаржингаа үр тарианы үйлчилгээний трактор барьсан. Жолооч нарт хоол хүргэж өгнө, идэх зуурт нь тракторыг нь жолооддог байлаа. 1968 оны хаврын тариалалтад үрлэгч цэнэглэгчээр ажилласан. Ерөөд ирэхэд буурьтай хүмүүс “Ерөө нутаг олон баатартай ч яг манай нутгаас баатар төрөөгүй. Ерөөд алдар гавьяа хүртсэн хүмүүс дандаа өөр аймаг, сумынх байдаг. Тэр баатруудаас дутахгүй амжилт гаргаж ажиллаарай” гэж захисан. Манай ерөөчүүд “Нутаг орныхондоо жаахан хатуу, гаднын улсуудад ээлтэй” гэж ярьдаг байсан юм. Тухайн сангийн аж ахуйн дарга хаанахын хүн байна, тэр нутгийнхаа хүмүүсийг авчирч, шинэ техник өгдөг тал байсан, тэр үед. Уг нь баатруудаас дутахгүй сайн ажилладаг нутгийн хүмүүс байсан л даа. Талийгаач Г.Мягмар нэлээд өндөр амжилт гаргасан ч тодорхойлолтыг нь дээшээ явуулдаггүй байсан юм болов уу. Нутгийнхан маань “Мягмар бол баараггүй баатар болох ёстой хүн” гэдэг байлаа.

Ирээд сар болоогүй байтал цэрэг татлага эхэлсэн. Карантинд тэнцээд гурав, дөрөв хонож байтал тракторын бүх жолоочийг үлдээх шийдвэр гаргасан. Тэр жил Улсын фондын бригад байгуулж, Ерөөд 25 орчим шинэ трактор авчирсан юм. Цэрэгт яваагүй тул нэг жил гаруй хадлан хадсан. 1975 онд сангийн аж ахуйд Оросоос шинэ техник авчирсныг орос комбайнчид угсарч байлаа. 1976 онд олон комбайн эзэнгүй болоход С.Балдий ах “Комбайн барь. Хадланд явахаа боль” гэсэн юм. Тэр намар С.Балдий ахыг дагаж V бригадад комбайн барьсан. Анхны жилдээ би муугүй ажиллаж, социалист уралдааны болзол ханган, сангийн аж ахуйдаа тэргүүлж, Москва, Ленинград, Киевээр аялах эрхийн бичгээр шагнуулснаас хойш газар тариалантай амьдралаа холбосон.

-Анх ургац хураалтын аварга болохдоо их баярласан уу?

-Сангийн аж ахуйд ирээд дарга нарт “Надад алдар нэр хэрэггүй. Баатар, гавьяатуудаас дутахгүй ажиллахаа харуулна” гэсэн юм даг. 1983-1990 онд найман жилийн дотор зургаан удаа улсын, хоёр удаа аймгийн аварга болсон. Намайг бага байхад трактор бариулдаг байсан С.Балдий ах маань миний багш. Багштайгаа цуг 1983 онд анх улсын аварга болохдоо маш их баярласан. Бригадаасаа бид хоёр улсын аварга болж байсан юм.

АТРЫН IV АЯНЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЦАГ БОЛСОН

-“Их шинэстэй” компаниа хэрхэн байгуулсан бэ?

-Би 1974-1997 онд сангийн аж ахуйдаа трактор, комбайнчаар ажилласан. 1992 оны өмч хувьчлалаар Ерөөгийн сангийн аж ахуй гурван компани болж хувьчлагдсан. Хувьцаа нь орон нутгийн иргэдэд тарчихсан байсныг төвлөрүүлэн худалдан авч, компаниа 1997 онд байгуулсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл газар тариалангийн салбарын эгзэгтэй, уналттай, хөгжиж дэвшсэн бүх үед ажиллаж ирлээ.

-Хэдийд эгзэгтэй үе тохиож байв?

-Газар тариалангийн салбар 1994 оноос хойш тасралтгүй унаж эхэлсэн. 1999 оноос хойш зургаа, долоон жил үргэлжилсэн гантай, маш хүнд үе тохиосон шүү дээ. Улсынхаа хэрэгцээг бүрэн хангадаг байсан бол гангаас шалтгаалж жилд 70 орчим мянган тонн буудай авах хэмжээнд хүртэл унасан. Оросын техникээр, улсын хангамжийг түшиж ажиллаж байсан аж ахуйн нэгжүүд техникээ шинэчилж чадалгүй эдийн засгийн хямралтай үед дампуурсан. Би Буриадын хамтралуудын инженер, агрономич нартай муугүй харилцаатай байлаа. Тэд Ерөөгөөс хадлан, тарианы сүрэл авч малаа тэжээдэг, бидэнтэй холбоотой ажилладаг. Тэднээс техник авч, компаниа авч үлдэж чадсан.

-Танай компанийг элдэншүүлэггүй уринш бэлдэх технологи нэвтрүүлсэн гэж сонссон юм байна.

-1999 онд Газар тариаланг хөгжүүлэх сан байгуулагдсан. Тус сан болон АНУ-ын ACDI/VOCA байгууллагатай хамтарч Монголд элдэншүүлэггүй уринш бэлдэх төсөл хэрэгжүүлсэн. Манайх шиг ийм хуурай, хөрсний элэгдэл ихтэй оронд элдэншүүлэггүй уринш ашигладаг болчихвол хөрсөө хамгаалах, тогтвортой ургац авах боломж бүрдэнэ. Газар тариалангийн бүс нутгуудад бэлчээрийн мал аж ахуй давамгайлж байна. Малын тоо толгой өссөнтэй холбоотойгоор сүрлэн хучлага үүсгэх боломжгүй нь сорилт болдог. Элдэншүүлэггүй уринш гэдэг нь комбайнаар хураасан буудайгаа сүрлээр хэрчээд, талбайдаа буцааж цацахыг хэлж байгаа юм. Энгийнээр тайлбарлавал, ойд модны навч унаж, хөвд маягтай зузаан давхарга үүссэн байдаг шүү дээ. Тиймэрхүү хучлага үүсгэж, тариалангийн талбайг хамгаалах технологи гэсэн үг. Үүнд зориулсан техник нь тусгай байх учиртай.

Газрыг эргүүлж хагалахгүй, хөрсийг хөндөхгүй. Комбайн нь сүрлэн хучлага үүсгэх хэрчигчтэй байна. Энэ төсөл мал аж ахуйгаас болоод нэлээд олон жил саатлаа. Харин одоо Засгийн газар, ХХААХҮЯ-наас хашаажуулах бодлого хэрэгжүүлж байна. Газар тариалангийн бүс нутгуудад эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ ажил амжилттай хэрэгжвэл дээрх технологийг нэвтрүүлж, газар тариалангийн салбарт дэвшил гарах боломжтой. Одоогоор элдэншүүлэггүй уринш бэлдэх технологийг бүрэн төгс нэвтрүүлэх боломж хараахан бүрдэхгүй байна. Мал бэлчсэн талбайн хөрс дагтаршиж, сүрлэн хучлага нь байхгүй болчихоод буй хэрэг. Ямартай ч компаниуд хөрсөө бага хөндөж, сүрлэн хучлага үүсгэх тал дээр санаачилга гаргах болсон. Заавал хавж, хосолмол маягаар технологио нэвтрүүлж байна. Уг технологийг нэвтрүүлэхэд эрдэм шинжилгээний байгууллагууд, ХААИС, газар тариалангийн бүх аж ахуйн нэгж анхаарч, хөрсийг малын хөлөөс хамгаалах тал дээр боломжоороо ажиллаж байгаа. Одоо хөрсийг эргүүлж хагалдаг хуучин технологи ашигладаг аж ахуйн нэгж бараг үгүй.

-Хөрсний элэгдэл, гэмтлийг хамгаалах зорилгоор танай компани тариан талбайгаа тойруулан нарс суулгасан гэсэн байх аа?

-Манай компанийнхан ойжуулахад санаачилга гаргаж, өндөр уулын бүс нутгаар мод тарьсан. Хашаа барьж байж л асуудлыг шийдэхгүй бол зулзаган модыг мал идчихдэг. Бугантын мод бэлтгэлийн аж ахуйн суурин дээр үржүүлгийн аж ахуй байгуулагдсан юм. Тэднийхтэй хоёр жил хамтарч ажиллалаа. Олигтой үр дүн хараахан гараагүй байна. Талбайгаа хашихгүй болохоор мал орчихдог нь нэг бэрхшээл. Өнгөрсөн аравдугаар сард нэг үүрээр очиход л талбайд маань 500 орчим адуу орсон байх жишээтэй.

-“Их шинэстэй”-гийнхэн техникээ хэрхэн шинэчилж байна вэ. Үүнд анхаарахын ач холбогдол юу бол?

-Техникийн шинэчлэлд голлон анхаарч байгаа. 2009 онд Атрын III аяны үед манайх “John deere”-ийн хоёр комбайн авсан. Энэ жил дахиад хоёрыг авлаа. Ер нь “John deere”-ийн трактор, комбайнаар паркаа шинэчлэхийг зорьж байгаа. Энэ онд манай компани бараг хамгийн түрүүнд тариагаа хураасан. Цаг агаараас хамааралтай, хором мөчтэй уралддаг ид ажлын үед техникийн хүчин чадал маш чухал тул онцгой анхаарах учиртай.

-Тариаланчид ургацынхаа төлөө хэдэн сар шаналдаг байх, тийм үү?

-Ер нь тариаланчид жилийн дөрвөн улиралд сэтгэлийн шаналгаатай явдаг юм шүү дээ. Өвөл жаахан тайвширна л даа. Гэхдээ хавар тариагаа яаж тарих вэ, ирэх жилийн цаг агаар ямар байх бол гээд бодохгүй зүйл үгүй. Тариагаа тархиндаа “ургуулна” гээч л болно. Бид гуравдугаар сараас тариалалтынхаа бэлтгэлийг хийж эхэлдэг. Үрээ нөөцөлж, тариагаа хэдийд тарихаа шийдэж, хаврын бэлтгэл ажлаа хангаж, үрээ ариутгаж цэвэрлээд суулгаж авна даа. Чийг, цаг хугацаа нь тохирсон бол 7-10 хоногийн дотор соёолж байгааг нь харах хэчнээн сайхан гээч. Сэтгэл сэргээд ирнэ. Түүнээс хойш зургаа, долдугаар сард бороо орох нь уу, үгүй юү гээд шаналгаатай. Наадмаас хойш бас их хэцүү. Халуун жил жаахан үүл гарахаар мөндөр орвол том гамшиг. Долдугаар сарын хурц нар бас их осолтой. Өндөр болчихсон буудай яг идээ татах үед нь чийг татарвал чанаргүй, идээгүй болчихно. Намар тариагаа хураах үед бороо орвол арай гэж ангилан хадсан буудай норчихвол хатаах ёстой болно. Үтрэм дээр нойтон буудай буувал хатахгүй, хэцүү. Тэгэхээр хуурай байхад нь хураах ёстой. Хурааж аваад, агуулахдаа хийсний дараа сэтгэл жаахан амардаг.

Сангийн аж ахуйнууд задарч, хувийн хэвшилд шилжсэн хэцүү үеийг маш цөөн компани давж үлдсэн. Цагааннуур, Номгон, Алтанбулаг, Жавхлант, Ерөөд насаараа инженер, агрономич хийсэн хүмүүс компаниа авч явж, ард түмнийхээ хүнсийг бэлтгэх буянтай ажлаа хаялгүй “зууралдаад” л, дампуурах нь дампуурах шахаад, ард нь гараад явж байна.

Гандуу жилүүдэд маш хүнд байхад төр, засгаас хөтөлбөр хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлсэн нь тус болсон. 1999 оноос Японы буцалтгүй тусламж, Засгийн газрын дэмжлэгтэйгээр техникийн шинэчлэлийн “Car 2” төсөл хэрэгжүүлж, газар тариаланд шинэ техник нэвтрүүлсэн юм. Хамгийн анхны, гуравдагч орны тракторуудыг оруулж ирж, парк шинэчлэлийг эхлүүлсэн. Гантай жилүүдэд газар тариалангийн ихэнх компани дампуурсан. Үлдсэн нь зээлээр үр, шатахуун худалдаж авсан. Аз байвал жаахан ургац авна. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх маягаар Атрын III аяныг хүргэсэн. 1999-2008 он хүртэл амар байгаагүй. Ерөнхий сайд С.Баяр зоримог шийдвэр гаргаж, Атрын III аяныг эхлүүлж, асуудлуудыг иж бүрнээр нь шийдэж ажилласан. 

Өмнө нь “Уринш”, “Үр” хөтөлбөр зэргийг сайд нар дэвшүүлж байлаа. Эдгээр нь тус болж байсан ч бүх асуудлыг цогцоор нь шийдэхэд эдийн засгийн хувьд маш хүнд. Дээрх аяны хүрээнд хүү багатай зээл олгож, техникийн шинэчлэлд анхаарч, буудайг улс, гурилын үйлдвэрүүд өндөр үнээр худалдаж авсан. Нөгөөтээгүүр, үүнтэй зэрэгцээд хангай дэлхий ч ээлээ хайрлалаа. Энэ нь газар тариаланг сэргээх боломж олгож, компаниуд техникээ шинэчилж эхэлсэн. Томоохон компаниуд дампуурсан аж ахуйн нэгжүүдийг авч, газар тариаланд дэвшил гарч, дэлхийн шилдэг брэндийн, хөдөө аж ахуйн техник, трактор, комбайнуудыг нэвтрүүлж эхэлсэн л дээ. Харин одоо Атрын IV аяныг хэрэгжүүлэх шаардлагатай гэж харж байна. Өөрөөр хэлбэл, газар тариалангийн хөгжлийг дэлхийн жишигт нийцүүлж, хөрс хамгаалахад анхаарч, шинэ техник, технологи нэвтрүүлж, эрчимтэй газар тариаланг хөгжүүлэх үе шатыг эхлүүлэх хэрэгтэй гэсэн үг.

ХҮМҮҮСИЙН ХҮНСИЙГ БЭЛТГЭДЭГ БУЯНТАЙ АЖИЛ ГЭХ СЭТГЭЛ Л ТАРИАЛАНЧДЫГ УРАМШУУЛДАГ

-Малчид хүнд өвлийг давлаа гэдэг шиг Танд хэзээ хамгийн хэцүү санагдаж байв?

-2009 онд маш их цас орсон. Тариа хураалт 30-хан хувьтай байхад 30 орчим см цас орж, буудай хавтгайртлаа дарагдсан. Өнгөрсөн жил тарианыхаа 20 хувийг ч хураагаагүй байхад бас 20, 30 см цас орж компаниудын удирдлага, тариаланчдад маш том цохилт болсон. Социализмын үед биднийг тракторч, комбайнч байхад ийм үе тохиолдож л байсан. Намаржингаа бороо орж, буудай хураах боломж гарахгүй, цасанд даруулж байлаа. Байгалийн давагдашгүй хүчин зүйл байнга, жил бүр тохиолддог л доо. Октябрын баяраар цас орж, аргагүйн эрхэнд, цасан доороос авалтай биш гээд буудайгаа хаяад буусан тохиолдол нэгээр тогтохгүй, хоёр, гурван ч жил гарч байсан. Тариаланч хүн байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүчин мөхөстөх л хамгийн хэцүү. Хүн амаа хүнсээр хангах буянтай үйлс гэсэн сэтгэлээр л газар тариалангийн салбарынхан зүтгэдэг дээ. Газар тариалангийн хүнд үед банкууд тариаланчдаас зайгаа барьчихдаг. Газар тариалан шиг эрсдэлтэй бизнес байхгүй учраас тэр. Бүх хөрөнгөө хавар газар булна, намар яах нь тодорхойгүй тул аргагүй биз. Ган гачиг, цаг зуурын ямар ч бэрхшээл тохиолдож банкны итгэл, бидний зүтгэл талаар болох өндөр магадлалтай. Энэ бол амар салбар биш. Нэг сумын, нэг компанийн талбайд эрс тэс өөр нөхцөлтэй, ар газар, энгэр газар, хөрсний үржил шим сайтай, муутай байх энүүхэнд. Энэ бүгдэд таарсан технологийг нь сонгох хэрэгтэй. 40 гаруй жил ажилласан бид ч газар тариаланг төгс авч явж чадахгүй л байна. Газар тариалангийн салбарт орж ирээд шатаж байгаа бизнесмен олон бий. Одоо хөдөө аж ахуйн мэргэжилтнийг хэрхэн бэлтгэж буйг өмнө нь хэрхэн бэлддэг байсантай харьцуулах хэрэгтэй юм шиг санагддаг.

-Хашраад больё гэж бодож байсан үе бий юү?

-Байх нь байсан. Социализмын үед ч бид шаналдаг байсан хэрэг. Хавар тариалалт эхэлж, зуны уринш бэлдэх үед агаар шүүгчгүй тракторт шороо бужигнасан “юм” л явна. Алсад цахилгаан цахихаар бороо орох байх гээд шөнөжингөө хараад байхгүй. Өглөө нь мэлтийсэн улаан нар гараад л, хөлс гоожиж, өнөөх шороотойгоо, нүд, шүд нь гялалзсан хүмүүс явдаг байлаа. Ийм байдлаар олон жилийг туулсан даа. 1980-аад оноос тракторын нөхцөл арай сайжирсан.

Мал аж ахуй, газар тариалан шиг баялаг бүтээж байгаа салбар ховор. Улаан буудайг үйлдвэрүүд гурил болгоод, түүнийг нь худалдаачид борлуулж, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд өдий төдий хүн ажиллана. Түүнийг нь худалдана гэх зэргээр олон хүнийг ажлын байраар хангахад нөлөөтэй. Иймээс ч төрөөс дэмжих л ёстой салбар.

-Үнэтэй туршлагаасаа хуваалцаач гэвэл юу хэлэх вэ?

-Тариалалтад хугацаа маш чухал. Би хүмүүст энэ талаар хэлдэг л юм. Намар орсон бороо, хөрсний чийгийг маш сайн судалж тариалалтаа хийх хэрэгтэй гэж. Ихэнх компани оройтож тарьдаг болсон. Хөрсний чийг доошлохоос өмнө тариагаа тарих нь хугацааны хувьд зөв. Ургамал ургах бүх нөхцөл маш сайн бүрдсэн үед тарьж байж их ургац авна. Ямар намар болохоос шалтгаалж болц гүйцэхгүй байх тал бий. Хөрсний чийг доошилсон үед тарихаар үр суулгах 5-6 см-ийн гүнд хуурай байвал бороо орсон цагт үндэслэж, соёолж, дээшээ гарч ирдэг. Энэ жилийнх шиг долдугаар сар гартал бороо орохгүй байвал буудайны болц оройтно. Яг ийм тохиолдол сүүлийн хоёр жил давтагдаж байна. Бороо орохгүй үед хөрсний нөөц чийг аажим аажмаар доошилдог. Нэгэнт соёолж, үндэсний систем нь хөгжихөөр чийг доошлох тусам үндэсний систем нь нэг метр хүртэл доошилдог. Энэ жил Ерөөгийн ихэнх талбайн буудай хугацаандаа болсон. Талбайн хажуугийн өвс гандаж байхад тариа ногооноороо байсан. Хүмүүс “Буудай ганд тэсвэртэй” гэж ярьдаг. Ганд тэсвэртэйдээ биш, хамгийн гол нь үндэсний систем доошлох тусам чийгийг хөөж байгаа. Ерөөд буудай соёолсноос хойш 45 хоногт бороо ороогүй гэхэд болно. Ургамалд нөлөөлөхөөргүй, бага зэрэг бороо орсон. Зарим газар бутлалт жаахан сийрэг болсон ч буудай ургах жамаараа ургасан.

-Тариаланчийн ажлын онцлог юу вэ?

-Тариаланч хүнд олон мэдрэхүй хэрэгтэй юм шиг байгаа юм. Наад зах нь цаг уурч болно. Техник хариуцаж байгаа ажилчидтайгаа харилцахаас авхуулаад мэдрэмжтэй байх хэрэгтэй. 45 жил ажиллаж буй надад ч сурах зүйл байгаа. Жилийн жилд цаг агаар хувьсан өөрчлөгдөх боллоо. Социализмын үед есдүгээр сард цас орж байгаагүй. Хаврын цаг агаар эрс өөрчлөгдсөн. Биднийг залуу байх үед зургадугаар сар гараад дээд тал нь 15 хоног орчим тасралтгүй бороо ордог байж билээ. Зургадугаар сард орсон бороо ургамлын хувь заяаг шийддэг. Гэтэл сүүлийн жилүүдэд зургадугаар сард бороо орохоо больсон. Наймдугаар сарын эцсээс буудай болох үеэр ороо орох болсон. Энэ бол шинжлэх ухаан хөгжсөнтэй холбоотой сөрөг хандлага юм шиг ээ. Далайн чийглэг уур амьсгал эх газар луу тэмүүлдэг нь ойлгомжтой. Энэтхэгийн далайгаас Гималайн нурууны баруун талаар Казахстаны талаас үүл нүүж, манайх руу бороо ордог байсан байгаа юм. Би 1999 онд Хөх хотоор явсан. Тэнд Даланхарыг даваад элсэн цөл шахам байсан бол сүүлд очиход бүр ногоорчихсон байсан. Эх газар луу тэмүүлж буй үүлэнд үйлчилж, замд нь буудаад байхаар манайд зургадугаар сард байгалийн жамаараа ордог байсан бороо “алга” болчихоод байна уу даа гэж боддог. Байгал нуур луу Монголоос цутгадаг усны урсац багасаж байна л гэдэг. Энэ бол зургадугаар сард зузаан үүлнээс бороо орж, гол мөрнийг тэтгэдэг байсан нь үгүй болсонтой холбоотой. 1999-2006 он хүртэл ган болсноор хөрсний нөөц чийг доошоо “яваад” байхгүй болсон. Олон гол горхи ширгэсэн нь ч үүнтэй холбоотой.

“Хөхөө гэрлэх дөхлөө” кинон дээр тариаланчид нэг л их мөнгө авдаг гэж гардаг. Тариалангийн салбарт хүн тогтоохын тулд төр, засгаас залуучуудыг уриалан дуудах, урам зоригийг нь сэргээх зорилготой байсан байгаа юм. Атрын II аяны үед атар газар ажилласан хүмүүсийн үр хүүхэд, залгамж халаа, залуу боловсон хүчнүүд тэртэй, тэргүй суурьшчихсан, Монголын тракторч, комбайнчид чадваржсан байсан. Атрын I аяны үед намайг сангийн аж ахуйд ирэх үед бидний амьдардаг орчин маш хүнд байлаа. Нэг муу модон амбаар дотор, шуурахад улаан шороо дундаас л босож ирнэ шүү дээ. Комбайнчид аль болох өдөр, шөнөгүй явж байж тариагаа хураана. Нэг хэсэг их хүнд үе байсан. Үрлэгээний үе буюу тавдугаар сарын эхээр бид 04.00 цагт харанхуйд босож, талбайн захад трактортойгоо давхиж очоод үрлэгчээ зүүгээд ороход дөнгөж гэгээ орж байдаг байлаа. 23.00-00.00 цаг хүртэл ажиллаад буудаг байв. Бид заримдаа тракторын чиргүүл дээр улаан тоосонд булагдаад, талбайнхаа захад очдог байлаа. Тэр үед бригадууд том байсан, хол ч явдаг байж. Социализмын үед төр, засаг газар тариаланд маш их анхаарч байсан. Үрлэгчээр Хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүд, Гадаад явдлын яамны дипломат ажилтнууд хүртэл ажилладаг байлаа. Гэхдээ газар тариалангийн салбарт ажилладаг хүмүүст тэгтэл анхаарч чаддаггүй байсан. Амьдрах орчин маш хүнд, яйжгай амбаар, хээрийн майханд ч амьдардаг л байв. Атрын I, II аянд оролцож байсан, одоо ч ажиллаж буй хүмүүсийг ясны тариаланчид гэж хэлж болно.

-Гэргий тань таны хажууд явсаар өөрөөс тань дутахгүй тариаланч болсон болов уу?

-Манай эхнэрийг П.Думаа гэдэг, тогооч мэргэжилтэй. “Нөхөрт маань үүнээс өөр хийж чаддаг юм байхгүй” гэсэн ойлголттой, намайг дэмжээд л явж байдаг хүн дээ.

-Хүү тань таны мэргэжлийг өвлөсөн гэж дуулсан.

-Газар тариалангийн компани онцлогтой. Өдгөө манай компанид надтай мөр зэрэгцэн ажиллаж байсан хүмүүс, тэдний үр хүүхдүүд ч ажиллаж байна. Үе дамжсан тракторчид гэсэн үг. Миний бага хүү мэргэжлийг маань өвлөсөн. Над шиг насаараа сэтгэлийн шаналгаатай явах нь дээ гэж боддог л юм. Бидний нэг үе, жаран ингээд дуусаж байна. Дараагийн жаранд техникийн дэвшил гарч, газар тариалан, Монгол Улсын хөгжил ирээдүйтэй гэж боддог учраас бас ч гэж санаа бага зовж байгаа.

ХӨРСӨӨ ЯАРАЛТАЙ ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ

-Атар газар эзэмшсэний 60 жилийн 45-д нь Та түүхийг нь бичилцжээ. Газар тариалангийн салбарт юунд анхаарах нь зүйтэй гэж анзаарч байна вэ?

-Газар тариалангийн бүс нутгийг нэлээд эрт бэлчээрийн мал аж ахуйгаас ангид байлгасан бол хөрсөө маш сайн хамгаалах боломжтой байсан. Гэхдээ одоо ч оройтоогүй. Манай хөрсний үржил шимтэй үе давхарга нэлээд нимгэрсэн. Өмнө нь бид 25 см орчим гүн хагалахад гайгүй байсан бол одоо 18 гаруй см хагалахад доороос нь хайрга, цагаан шавар маягтай “юм” гарч ирж байгаа. Биднийг бага байхад газар тариалангийн нутагт салхи дэгдвэл нүүр, нүдгүй улаан шороо шуурч, говийн угалз шиг юм болдог байсан. Одоо хавар шуурлаа ч тийм шороо босохоо больсон. Өнгөн дээр байдаг нунтаг, үржил шимтэй шороо нь хийссээр байгаад тэр. Иймээс одоо хөрсөө хамгаалахад яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Мал бэлчээхийг хязгаарлаад, хөрс хамгаалах чиглэлийн технологиудыг нэвтрүүлэхээс өөр аргагүй.

Би Халхголд очиж үзээгүй. Гэхдээ хүмүүс “Хар шороон хөрсний давхарга бараг 70, 80 см” гээд байгаа. Хөрс эвдрэхдээ амархан. Бүх ажлаа дискдэж байна гээд буй нь хөрсөнд их халгаатай. Ингэж суллаж, сийрэгжүүлэх нь үржил шимтэй хөрс хийсэх эрсдэлд хүргэнэ. Тэр сайхан газарт элдэншүүлэггүй уринш хийх нь зөв.

-Малын хөлөөс хамгаалахын тулд талбайгаа хашаалах хэрэгтэй тухай яриад байна аа даа?

-Тийм ээ. Гэхдээ хашаа барина гэдэг том ажил. Жишээлбэл, манайх 5000 орчим га эргэлтийн талбайгаа бүгдийг нь хашаална гэж байхгүй. Сайн чанарын хашаа нэг км-ийг барихад найм орчим сая төгрөг шаардлагатай. Манайд гэхэд 500 орчим км хашаа хэрэгтэй болно. Улаанбаатараас Сэлэнгэ орох зайтай дүйх нь байна шүү дээ.

-“Их шинэстэй” компани Монгол Улсын “Үрийн аж ахуй” улсын бүртгэлийн гэрчилгээг хоёр жилийн өмнө авсан байх аа?

-Тийм ээ. Одоо бид үрээ шинэчилж хараахан чадахгүй байна. Эрдэм шинжилгээний байгууллагууд супер элит үр гаргаж байгаа. Түүнийг нь авч үржүүлэн, аж ахуйн нэгжүүдэд олгож буй хэрэг. Үрийн аж ахуй гэдэг бол маш өндөр хариуцлагатай. Бодлого, техникийн шинэчлэл шаардагдана. Манай компани үр нийлүүлнэ гэж хэлэхэд эртэднэ. Бид 4-5 жилийн дотор стандартын үр гаргах, үржүүлэх чадвартай болж байж аж ахуйн нэгжүүдэд чанар сайтай үр нийлүүлнэ. Одоохондоо цөөн аж ахуйн нэгжид бага хэмжээний үр худалдаж байгаа. “Дархан-144” сортын үр тарилаа гэхэд үрлэгч, буудай хураах машин тусдаа, үтрэм дээр тусад нь цэвэрлэх ёстой. Зөөх машин, хадгалах агуулах ч тусдаа байх учиртай. Тэгж байж үр холилдохгүй. Энэ бүгдийг иж бүрнээр шийдэхэд тодорхой хугацаа шаардлагатай. Цаашдаа аж ахуйн нэгжүүд зөвлөлдөөд Ерөөгийн “Их шинэстэй” компани ийм сортынхыг, Номгоны аж ахуйн нэгж тийм сортынхыг тарья гээд төрөлждөг болох байх. Бид цаашид эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтраад үр үржүүлэхэд онцгой анхаарна.

-1992 онд Үндсэн хууль батлахад Та АИХ-ын депутат байсан гэсэн. Бас 2004-2009 онд Ерөө сумын Засаг даргаар ажилласан юм билээ?

-Ардчилсан сонгуулиар нутаг орны иргэд дэмжиж, өрсөлдөж, ялаад Ардын их хурлын депутат болж байсан. Итгэл үзүүлсэн Ерөөгийн ард иргэддээ баярлаж явдаг, дэм болж явах юм сан гэж хичээдэг. “Засаг дарга болооч” гэхэд нь эхэндээ “Өө, би чадахгүй. Газар тариалангаараа л явна” гэж байсан ч сумынхаа Засаг даргаар таван жил ажилласан.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)