С.Бямбацогт: “Алсын хараа-2050” бол монгол төрийн эрхэм зорилго, хар хайрцгийн бодлого

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаараа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай тогтоолын төслийг хэлэлцжээ. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван нар мэдээлэл хийлээ. Олонхын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Алсын хараа-2050” хөгжлийн баримт бичгийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдлээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан ажлын хэсэг байгуулсан. Үндсэн хуулийн дараа орох том баримт бичгийг яаралтай хэлэлцэн батлах нь зөв” гэв.

Тус ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт “УИХ өнгөрсөн онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүнд “Монгол Улсын төрийн, хөгжлийн бодлого тогтвортой байна” хэмээн тусгаад буй. Хөгжлийн бодлоготой бусад бүх баримт бичиг нийцэж, урт, дунд, богино хугацааны төсөл, хөтөлбөрүүд өөр хоорондоо уялдах ёстой. Үндэсний хэмжээний бодлого нь бүс нутгийнхтай, бүс нутгийнх нь орон нутгийнхтайгаа нийцэх шаардлагатай гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа. Монгол төрийн эрхэм зорилго, хар хайрцгийн бодлого болсон энэхүү баримт бичиг нь 2050 он хүртэл хэрхэн хөгжих вэ гэдгийг чиглүүлнэ. Уг төслийн хүрээнд УИХ-ын даргын захирамжаар дэд дарга нар, бүх байнгын хорооны дарга, парламентад суудалтай намуудын төлөөллийг багтаасан ажлын хэсгийг ч байгуулсан. 

Энэхүү баримт бичгийн төслийг зөвхөн МАН-ын 65 гишүүн боловсруулж, батлах гээд байгаа юм биш. Засгийн газар ч өнгөрсөн жил гаруйн хугацаанд эл төслийг боловсруулахдаа эрдэмтэн судлаачид, улс төрийн намуудын төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагынхныг оролцуулан, санал бодлыг нь сонсож, тусгасан. 2016 онд баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичгийн зорилго, зорилтуудыг “Алсын хараа-2050”-д тусгахад ажлын хэсэг анхаарч байгаа. Ингэхдээ зарим алдаатай заалтыг засаж, залруулахыг хичээлээ” хэмээн онцолсон. Тухайлбал, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д ядуурлыг 2030 онд тэг түвшинд хүртэл буулгана гэх зорилт байсныг тухайн онд 15, 2040 онд 10, 2050 онд таван хувь болгохоор төлөвлөлөө. Түүнчлэн нэг хүнд ногдох ДНБ-ийг 2030 онд 17 500 ам.долларт хүргэхээр тооцож байснаа эргэн харж, мөн онд 12, 2050 онд 38 мянга байхаар “Алсын хараа-2050”-д тусгалаа” хэмээн тайлбарласан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)