С.БЯМБАСҮРЭН: Чамайг барилгын сууринд хийгээд цементэлчихнэ шүү гэж сүрдүүлдэг байлаа

-С.Зоригийн хэрэг гарах үеэр эхнэр бид хоёр хүүхдүүдтэйгээ Дорноговьд байсан-

УИХ-ын гишүүн С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгт яллагдан, хоригдож байгаа Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнтэй ярилцлаа. Тэрбээр эхнэрийгээ дээрх хэрэгт холбогдсоноос хойш эргэж тойрч, үнэн мөнийг тогтоолгохоор хөөцөлдөхөд ойрыг бодож хүүхдүүдтэйгээ нийслэлд суурьшаад хэдэн жил болж байна.

-Төрийн түшээг егүүтгэсэн гэм буруутай гэж үзэн Таны эхнэрт шүүхээс 20 жилийн ял ногдуулсан. Гэтэл энэ хэрэг задарч, яллагдагч нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн болж таарлаа. Энэ явдлаас хойш Та эхнэртэйгээ уулзав уу?

-Ял эдэлж буй хүмүүстэй ар гэрийнхэн нь улиралд нэг удаа уулзах журамтай байдаг юм. Уулзалтын хугацаа болоогүй тул эргэж очоогүй л байна. ШШГЕГ-ын харьяа эмнэлэгт хэвтэж байгаа шүү дээ. Дүүтэйгээ утсаар ярьсан байна билээ.

-Сэтгэл санаа нь ямар байх шиг байна гэнэ. Эмчлүүлж байгаа гэсэн, бие нь гайгүй юу?

-Ямар олигтой байх вэ. Уйлж унжаад байна гэсэн. Холбогдсон хэрэг нь задарч байгаа тухай, өөрийг нь эрүүдэн шүүсэн, дарамталж байсан тагнуул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнуудыг хорьж шалгаж эхэлсэн талаарх мэдээллийг сонссон байна гэсэн. Дээрх хэрэгт эхнэрээс минь гадна манай гэр бүлийнхэн (хоолой нь зангирч, нүдэнд нь нулимс цийлэгнэж байлаа) бүгд хэлмэгдсэн. Намайг хүртэл хорьж цагдсан юм шүү дээ.

-Тийм гэсэн, ямар үндэслэлээр хорьж шалгасан юм бол?

-Айлгаж, амыг минь барих гэж л тэр. 2016 оны гуравдугаар сарын 20-нд шиг санаж байна, бямба гараг байсан юм даг. Баривчлах зөвшөөрөл байсан, эсэхийг мэдэхгүй, хэдэн хүн ирээд машинд суулган авч яваад Төв аймгийн Урьдчилан хорих байранд хорьсон. “Танай эхнэр С.Зоригийнхоос кетчуп авчирсан уу” гэсэн хачин юм асуудаг байлаа. Урьдчилан хорих төвд байхад нэг өдөр эхнэртэй минь жорлонд уулзуулсан. 

Эхнэр минь намайг хараад бараг шоконд орсон байх. Хэсэг байж байгаад “Намайг эндээс аваач ээ” гээд уйлсан (Ийн яриад мөн л хоолой нь зангирав). Чи минь биеэ бодоорой, өлсгөлөн зарлаад бие чинь дийлэхгүй шүү. Үнэн мөнийг олуулахын тулд би шоронд өлсгөлөн зарлана гэж хэлсэн. Гэтэл бидний яриаг сонсож байсан юм билээ. Тэгээд эхнэртээ үг заасан гэж баахан дарамтлуулсан. Арвандөрөв хоног хорьж, суллахдаа “Амаа мэдэж яваарай, чамайг барилгын сууринд хийгээд, цемент цутгачихсан байхад хэн олох юм бэ” гэж сүрдүүлсэн.

Эхнэрийг минь баривчлан явснаас хойш миний бүх үйл хөдлөлийг үл таних хүмүүс хянаж, хаана ч явсан 70-... УНЭ гэсэн улсын дугаартай, таксины тэмдэгтэй нэг машин дагадаг байлаа. Хамаатан садныхаа буяны ажилд оролцож явахад хүртэл ирчихсэн л байдаг. Сүүлдээ би тоохоо ч больсон. Машин, хүн нь үе үе солигддог ч би тагнаж байгааг нь мэддэг байлаа.

-Ээжийгээ шоронд байхад нэг хүүхэд тань бурхан болсон гэсэн. Юу болсон юм бэ?

-Бидний том охин л доо. Гуч дөхсөн сайхан охин минь ээжийнхээ төлөө явж байгаад нас барсан. Сэлэнгэ аймагт байдаг Ээж модонд очиж эхийгээ даатгах гэж яваад осолд орсон юм. Хүнд өдрүүдийг арай гэж өнгөрүүлж байсан бидэнд маш их уй гашуу болсон. Осол гэмтэл хэлж ирэх биш дээ, бас нэг амьтныг шоронд хатаагаад яах вэ гэж бодоод жолоочид гомдолгүй гэж хэлээд ялаас мулталсан. 

Одоо манайхантай уулздаггүй юм, тэр жолооч. Магадгүй биднийг улам дарамтлах гэж тэр ослыг зохион байгуулсан юм биш биз гэж сүүлийн үед бодох боллоо. Эхнэрийг минь хилс хэрэгт холбогдуулан хорьж цагдаагүй байсан бол бид элэг бүтэн, нутаг орондоо амьдарч байх байсан. Хүүхдүүдээ Эрдэнэтэд орхиод хотод ганцаараа ирэх минь яалаа даа гэж өөрийгөө зүхэж сууна даа, ах нь.

...Миний эгч Гансүрэн, хүргэн ах Доржсүрэн хоёр нэг хүүхдээ алдчихаад Амгаланбаатарыг өргөж авсан юм. Тэгэхээр би багаас нь мэднэ. Гудамжнаасаа ч гарч чаддаггүй, өөрөө яваад тамхиа авчихдаггүй тийм аймхай хүүхэд байсан юм шүү дээ. Тамхиндаа миний хоёр охиныг явуулдаг байсан. Муугаа мэдэхгүй бас хулгай хийнэ...

-Таны ахыг бас хорьж шалгасан байдаг. С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой гэж сэжиглэсэн юм уу?

-Миний ах томоохон нэг компанийн захирлаар ажилладаг юм. С.Зоригийг егүүтгэсэн хэргийн захиалагч гээд баривчилж, найман сар шахам хорьж шалгасан. Эхнэр, бид хоёрын араас хөөцөлдөх, хэл үг гаргах ганц хүн гэж тагнуулынхан үзсэн юм байлгүй, бас л айлгах, дарамтлах, амыг нь барих гэж хорьсон. Хорьж цагдах ямар ч үндэслэл тагнуулынханд байгаагүй. Асуудаг юм нь “Чи захиалга өгч С.Зоригийг алуулсан уу” гэдэг байсан гэнэ лээ.

-Эхнэрийг тань гудамжнаас баривчилсан талаар Та хэдийд нь мэдэв?

-Эхнэр минь “Эрдэнэт үйлдвэр”-ийн гэрээт компанид ажилладаг байлаа. 06.30 цаг гээд гэрээсээ гардаг. Би хашаанаасаа гаргаж өгөөд, харж зогсдог байсан. 2015 оны наймдугаар сарын 31-ний тэр өдрийг би сайн санаж байна. Эхнэрээ гаргаж өгчихөөд зогсож байтал манай урд талын айлын хашааны гадна, өмнө нь огт харж байгаагүй нэг хүн, хажуу айлын хашааны үүдэнд бас нэг хүн зогсож харагдсан. 

Юун танихгүй хүмүүс манай гудамжинд зогсож байдаг юм бол гэсэн шүү юм бодоод гэр лүүгээ орох гэтэл хар, цагаан хоёр жийп өөд уруугаа зөрөөд давхиад байсан. Манай гудамжинд хүн амьтны бие муудаж, бурхан болсон юм биш байгаа. Тийм хүн байхгүй дээ гэж бодоод орсон. Нэг гудамжныхан чинь биенээ мэдэлгүй яах вэ дээ. Ингээд гэртээ ороод хэвтэж байтал хэдий хугацаа өнгөрснийг мэдэхгүй, гэнэт л 20 шахам хүн хаалга эвдэх нь холгүй дайрч орж ирсэн. 

“Бямбасүрэн гэж мөн үү” гэж асуусан. Тийм ээ, мөн гэлээ. “Танай эхнэрийг С.Зоригийг хөнөөсөн хэргээр шалгаж эхэлсэн” гэж байна. Тийм юм байхгүй ээ гэж хэлсэн. “Гэрийг чинь нэгжинэ” гээд хамаг юм онгичиж, надаас байцаалт авна гээд Орхон аймгийн Тагнуулын хэлтэст аваачиж хорьсон. Бүтэн найм, есөн цаг суулгаж байгаад арав хүрэхгүй минутад ойр зуурхан юм асуусан болоод явуулсан. Гэртээ иртэл эхнэр эзгүй, хаана байгаа нь тодорхойгүй, асуугаад мэдэх хүн байгаагүй. Энэ тухай хадам ээж, ах, эгч нарт нь, өөрийнхөндөө дуулгасан. 

Хэд хоногийн дараа Улаанбаатарт байгааг нь мэдэж, хот руу явах болоход хүүхдүүд минь “Ээж хүн алсан байх учиргүй, бид ч явна. Ээжийгээ гаргаж авна” гээд бид хашаа хороо, гэр орноо орхиод хотод ирсэн. Түүнээс хойш Улаанбаатарт амьдарч байна. Тэр хэргийг мөрдөж байгаа гэх хүмүүстэй уулзлаа. “Энэ хэргийн талаар хаана, хэнд ч нэг ч үг ярьж болохгүй, хэрэв мэдээлэл тараавал хариуцлага хүлээлгэнэ, хорьж, цагдана” гэсэн.

-УИХ-ын гишүүн С.Зориг алагдах үеэр танайхан Дорноговьд байсан гэл үү?

-Тийм, эмээгийн бие өвдөөд, Чимгээ асрахаар тэнд очсон байсан. С.Зоригийг егүүтгэсэн хэрэгт холбогдуулан ээжийг нь баривчилсны дараа дунд охин минь “1998 оны есдүгээр сарын 1-нд би Дорноговь аймгийн төвийн сургуульд ороо биз дээ. Тэгэхэд ээж хүргэж өгч байсан. “Ээж нь энэ сургуульд сурч байсан” гэж ярьж байсныг би санаж байна” хэмээн хэлсэн. Энэ баримт биш гэж үү, хүүхэд худлаа хэлэхгүй. 

Манайхыг Дорноговьд байсныг гэрчлэх баримт, хүн байсаар атал энэ хэргийг шалгаж байсан ажлын хэсгийнхэн ялтан Ц.Амгаланбаатарын үгээр Чимгээг Эрдэнэтээс ирж хүн алсан болгох гээд зүтгэчихсэн. Дорноговьд ямар ч байсан нэг хэсэг амьдрах нь гээд тэр оныхоо зургадугаар сард Эрдэнэтэд байсан хашаа, байшингаа зарсан юм даг.

-Шүүх хуралд танайхнаас орсон уу?

-Оролцуулаагүй шүү дээ. Манай өмгөөлөгч л орсон. Шүүх хурал болохын өмнө өмгөөлөгчийн маань хүүг хар тамхины хэргээр баривчилж байгаа юм шүү дээ. Зорилго нь тодорхой, амаа мэдээрэй л гэсэн сануулга. Тэгээд сүүлд нь хэрэгт холбогдолгүй шахам юм байна гэж хэлээд сулласан дуулдсан. Ямар сайндаа л Ц.Нямдорж сайд өмгөөлөгчгүй шүүх хурал гэж нэрлэж байх вэ дээ.

-Ц.Амгаланбаатар ер нь ямар учраас эхнэрийг тань дарамталж, хүнд хэрэгт гүтгэх болсон юм бол. Та түүнийг хэдийнээс мэдэх вэ?

-Ийм учиртай юм. Миний эгч Гансүрэн, хүргэн ах Доржсүрэн хоёр нэг хүүхдээ алдчихаад Амгаланбаатарыг өргөж авсан юм. Тэгэхээр би багаас нь мэднэ. Гудамжнаасаа ч гарч чаддаггүй, өөрөө яваад тамхиа авчихдаггүй тийм аймхай хүүхэд байсан юм шүү дээ. Тамхиндаа миний хоёр охиныг явуулдаг байсан. Муугаа мэдэхгүй бас хулгай хийнэ. Доржсүрэн ах, Гансүрэн эгч хоёрыг эзгүй хойгуур ээжийн дүү Цэвэлмаа тэр хоёрт үрчлүүлнэ гээд хажуу айлаасаа өргөж авсан байж. 

Төрсөн эцгийг нь Дэлгэрсайхан гэдэг байсан шиг санаж байна. Насаараа шоронгоор явсан хүн юм гэнэ лээ. Аавыг нь шоронд орсны дараа хэвлийдээ үлдсэн хүүхдийг нь өргүүлнэ гэж эхнэр нь ярьдаг байж. Үүнийг сонссон Цэвэлмаа эгч өргөж аваад манай хоёрт өгсөн юм гэсэн. Тэгсэн Ц.Амгаланбаатар хулгай хийдэг, янз бүрийн асуудал гаргадаг хүүхэд болж, манай хоёрт дийлдэхээ байж л дээ. Аргаа ядаад “Бид хоёр энэ хүүхдийг хүмүүжүүлж дийлэхгүй юм байна. Өргөж авснаараа та өөр дээрээ ав” гэж Цэвэлмаа эгчид өгсөн юм гэсэн. Доржсүрэнгийн гэсэн овогтой байгаад Цэвэлмаагийн Амгаланбаатар болсон нь ийм учиртай.

-Ц.Амгаланбаатар хүн хөнөөсөн хэргээр шоронд сууж байхдаа эхнэрийг тань заналхийлсэн мессеж хэдийнээс бичих болсон юм бэ?

-Би “Оюутолгой” компанид ажилладаг байсан юм. 2014 оны үед юм байна, эхнэр нэг өдөр утсаар ярьж, “С.Зоригийг алсан хэргээ хүлээгээч ээ гээд Ц.Амгаланбаатар байнга мессеж бичээд байх боллоо. Бүр сүүлдээ хэргээ хүлээхгүй бол дэмий л юм болно шүү. Танай хоёр охин сая тэнд, тийм хувцастай явж байна гээд яг хажууд нь байгаа юм шиг хэлээд байх юм. Уг нь шоронд байгаа биз дээ. Одоо яах вэ” гэдэг юм байна. Яах юу байх вэ цагдаад мэдэгдэхгүй юү гэсэн. Цагдаад хэлсэн гэсэн, ямар нэг арга хэмжээ аваагүй.

Эхнэрийг минь тагнуулынхан дээрх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэхээр нь эхэндээ за ямар ч гэсэн тэр асуудал нэг тийш болох нь, ашгүй дээ гэж бодож байж билээ. Гэтэл бүх зүйл бидний эсрэг чиглэсэн.

-Б.Содномдаржаа, Б.Отгонбаатар нарыг хэр мэдэх вэ. Танайхтай нэг гудамжинд шахам амьдарч байсан юм билээ?

-Гэртээ шатаж нас барсан Б.Отгонбаатарын нэрийг нь ч мэддэггүй явсан. Паар гэж нэрлэдэг банди гүйж явдаг байлаа. Б.Отгонбаатарыг гэр бүлтэй нь шатаасан гэхээр нь гайхсан. Ямар Отгонбаатар, огт танихгүй гэсэн чинь нөгөө Паар гэж дууддаг байсан хүүгийнх болж таарсан. Юун түүнтэй хамтарч хүний амь бүрэлгэх, нэрийг нь ч мэдэхгүй явсан юм чинь. Харин ах нарыг нь бол таних төдий.

Б.Содномдаржаагийнх Ц.Амгаланбаатарынхтай хамар хашаанд амьдардаг байсан. Усны тэрэг түрсэн хүүхэд явж харагддаг байснаас өөрөөр мэдэхгүй.

-Одоо яажшуухан амьдарч байна даа, ажилд орсон уу?

-Тодорхой хийсэн ажил алга. Хилс хэрэгт яллуулсан эхнэрээ шоронгоос яаж суллуулах вэ, үнэн мөнийг хэрхэн тогтоолгох вэ гэсэн бодолтой, өдөр хоногийг байнгын айдас, түгшүүртэй л өнгөрөөж байна. Эхнэрийгээ баригдаад явснаас хойш бүтэн нойртой хонож үзээгүй. Нааштай зүйл сонссоноос хойш харин сүүлийн хэдэн шөнө овоо унтчихаад байдаг боллоо. Айдас түгшүүрээ түр ч атугай дарах, зовлонгоо мартах гэж хааяа архи дарс балгадаг болсон, нуугаад яах вэ. Намайг архи уудаггүй байсныг олон хүн мэднэ.

Охин, хүү хоёр минь сургуулиа төгссөн, ажил хийдэг. Энэ хэргийг шударгаар шүүх, яллуулсан хүмүүс хэрэгтэн биш гэдгийг тогтооход анхнаас нь дуугарсан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Д.Оюун-Эрдэнэ, сайд Ц.Нямдорж нарт үнэхээр их баярлаж байгаагаа хэлье.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)