С.Баярцогт үндэслэлгүй хөрөнгөжсөн, эсэхийг шүүхээр тогтоолгоно

“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэрэгт холбогдоод буй, ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд зэрэг албан тушаал хашиж байсан С.Баярцогтод холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон хэмээн тэрбээр ярилцлага өгсөн. “Энэ хугацаанд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, түүний хэрэгжилтийн талаар УИХ, Засгийн газар, Үндэсний аудитын газар, УУХҮЯ, Сангийн яамны ажлын хэсгүүд олон сар, жил ажиллаж, тайлан дүгнэлтээ гаргасан. УИХ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, түүний хэрэгжилтийн талаарх асуудлыг 2019 оны арваннэгдүгээр сарын 21-нд 92 дугаар тогтоолоороо эцэслэн шийдвэрлэсэн. 2009 онд уг гэрээг байгуулахдаа хөрөнгө оруулагч талд давуу байдал олгож, Монгол Улсад ашиггүй, хохиролтой гэрээ хийсэн, хийсэн хүмүүс нь авлига, хээл хахууль авсан гэх 10 жилийн хардлага сэрдлэгэд нэг мөр цэг тавилаа” хэмээн С.Баярцогт ярьсан билээ. Тэгвэл түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгоогүй, яллагдагчаар татсан тогтоолыг нь хүчингүйд тооцож, хэрэг бүртгэлтийн хэрэгт шалгасан хэвээрээ байгаа хэмээн хууль хяналтын байгууллагын хэд хэдэн эх сурвалж мэдээллээ.

Улс төрд нөлөө бүхий албан тушаал хашиж байсан түүнд холбогдох хэд хэдэн хэргээс яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үйлдэл аж. Түүнийг 2009 онд Сангийн сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үед эрх мэдэл албан тушаалаа урвуулсан хэмээн буруутган шалгаад багагүй хугацаа өнгөрч буй билээ. Шалгалтын явцад мэдээлэлд ойр байсан эрх мэдлээ ашиглан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үед хямд үнэтэй байсан компанийн хувьцааг худалдан авч, улмаар гэрээ баталгаажсаны дараа олон улсын зах зээлд хувьцааны ханш өсөх үед нь борлуулж ашиг олон гадаадын банкны дансанд байршуулсан гэж буруутгаж байгаа юм. Хэдийгээр энэ нь жирийн нэг хөрөнгийн зах зээлийн арилжаа мэт боловч Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсэгт чухал үүрэг гүйцэтгэсэн С.Баярцогтын хувьд Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулж буй компанийн олон улсын хөрөнгийн биржид гаргасан хувьцааны ханш өсөхийг мэдэж байсан, мэдээлэлд ойр албан тушаалаа ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн үзэж байгаа юм билээ.

Бэлтгэсэн: Г.Орчлон


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)