С.Баярцогт, Э.Бат-Үүл нар гишүүнчлэлээ сэргээж, С.Жавхлан АН-д элсэв

УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээ илэрхийлж байсан С.Баярцогт, Э.Бат-Үүл, Г.Уянга нар өчигдөр АН-ын гишүүнчлэлээ сэргээж, Үндэсний бодлогын хорооны гишүүн боллоо. Тэднийг ҮБХ-ны нийт гишүүний саналаар бүртгэсэн байна. Мөн “Блүүмберг” телевизийн захирал Э.Долгион нарын долоон хүнийг ҮБХ-ны гишүүнээр батламжилжээ. Мөн УИХ-д бие дааж сонгогдсон гишүүн С.Жавхлан АН-д элсэв. Тус намын ҮБХ маргааш хуралдаж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах бөгөөд С.Жавхлан хаана өрсөлдөх нь тодорхой болно. Тэрбээр 2016 оны сонгуулиар Баянзүрх дүүргээс сонгогдсон. Харин одоо Увс аймагт нэр дэвших сурагтай. Уг нь гишүүн С.Жавхлан энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлээд байсан юм. АН-ын дарга С.Эрдэнэ түүнд гишүүний үнэмлэхийг нь гардуулахдаа, “Манай намын эгнээнд нэгдэж, ардчилал, шударга ёс, хүний эрхийг дээдэлсэн шийдвэр гаргаж буйд баяртай байна” гээд намын туг, дүрэм, үзэл баримтлал болон 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө өглөө. Гишүүн С.Жавхлан “УИХ дахь АН-ын ес дэх гишүүн болж, бүлгээ бүтэн болгож буйдаа баяртай байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ганц хүний дуу хоолой ард түмэнд хүрээгүй. Өөрийгөө өндөр хэмжээнд дайчилсан ч хүч хүрээгүй учраас олуулаа болж, Монгол нутгаа хөх тэнгэр шигээ цэнхэртүүлэх цаг айсуй” хэмээв. Өмнө нь тэрбээр ШИНЭН-тай хамтарч ажиллахаа мэдэгдэж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)