С.Батзориг: Найруулагч “Өөрийгөө өөрчил, 20 кг тур” гэсэн ч биелүүлж чадна

“Х ТҮЦ” продакшны жүжигчин С.Батзоригийг “Нямын зочин”-оор урилаа.

-Багаасаа л Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд суралцсан юм билээ. Жүжигчин болох нь таны хүүхэд насны мөрөөдөл байсан уу?

-Дунд сургуульд байхдаа сургуулийнхаа урлагийн үзлэгт ангийнхныгаа уриалан, идэвхтэй оролцдог хүү байлаа. Сурлага ч сайтай, дүүрэг, улсын олимпиадуудад оролцдог байв. Наймдугаар анги төгсөхөд сурагчдыг сурлагаар нь жагсаахад эхний 10-т багтсан.

Гэхдээ яг үнэндээ драмын дугуйланд суралцаж эхэлснээс хойш сурлага муудсан тал бий. Би зургадугаар ангиасаа Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд суралцаж, төгсөөд СУИС-д шалгуулан, элссэн. СУИС-иас өөр их, дээд сургуульд шалгуулаагүй.

Заавал энэ сургуульд л орно, тэнцэхгүй бол Солонгос руу явж ажил хийнэ гэж бодож байлаа. СУИС-ийг 2011 онд Ардын жүжигчин Ж.Лхамхүү багшийн удирдлагад төгссөн.

-Юу нь тэгтлээ сэтгэлийг тань татаж, өөр зүйл ч сонирхолгүй энэ мэргэжлийг эзэмшихээр шийдсэн юм бэ?

-Сайн хэлж мэдэхгүй юм. Урлагийг нэг л сонирхож, дурлавал эргэлт буцалтгүй автуулдаг шидтэй. Монголын хүүхдийн ордонд сурч байхдаа УДЭТ-ын жүжгүүд, хошин урлагийн тоглолтууд их үздэг байлаа. Мундаг уран бүтээлчдийг харж, тэдэн шиг болохыг л хүсдэг байсан даа.

-“Х ТҮЦ” продакшнаар овоглоод хэр удчихав. Сургуулиа төгсөөд л орсон уу?

-Үгүй ээ, сургуулиа төгсөөд хэсэг лааз өшиглөсөн. Урлаг хатуу шүү дээ. Бусдаас онцгой, чадваргүй л бол хэн ч тоохгүй. Гэсэн ч энэ тогоонд л баймаар байсан. Төгсөөд жил гаруй тогтсон ажилгүй, энд тэндхийн арга хэмжээ, тоглолт хөтөлдөг байв. Аргаа бараад өөр чиглэлээр ажиллая гээд аж ахуйн нэгж, байгууллагуудад анкетаа өгсөн боловч тэнцдэггүй байлаа.

Их сургууль төгсөж, мэргэжил эзэмшчихээд ажилгүй, орлогогүй байна гээд л хүмүүст нүд үзүүрлүүлнэ. Ингээд 2013 онд “Х ТҮЦ” продакшнд залуу уран бүтээлч шалгаруулж авч буйг сонсоод очиж шалгуулсан юм.

-Хошин урлаг таны төсөөлж байснаас өөрөөр угтсан уу?

-Сургуулиа төгсөөд ёстой алж өгнө дөө гэж боддог байлаа. Хүүхдийн ордонд суралцаж байхдаа “Өлгийтэй инээд” хүүхдийн хошин шоу тоглолтод голлон оролцдог, СУИС-д оюутан болоод курсийн болон дипломын ажлын гол дүрүүдэд ажилладаг хүн тэгж том бодохоос ч яах билээ.

Гэтэл яг сургуулиа төгссөн чинь ажилгүй. Ёстой ам, ажил алд дэлэм зөрж байгаа юм. Хошин урлаг миний төсөөлснөөс өөр байсан шүү. Үзэгчдийг инээлгэх хэцүү. Аливаа зүйлд, ялангуяа урлагт эрэмбэ дараа гэж бий. Би “Х ТҮЦ”-т анх ороод тайз зөөдөг байлаа. Дараа нь бүжиглэдэг боллоо. Тэгж явсаар ганц нэг үг хэлдэг, дараа нь үгээ хүмүүст хүргэдэг болдог. Би хичээсээр л байна.

Хошин урлагийг хэцүү төрлүүдийн нэг гэж боддог. Жүжигчнээс маш их мэдрэмж шаарддаг урлаг.

-Залуу жүжигчид аль нэг хамтлаг, продакшнд 5-6 жил ажиллаад л чөлөөт уран бүтээлч байх, эсвэл бие даан уран бүтээл туурвихыг эрмэлзэн хамт олноо орхих нь элбэг. Танд тийм бодол төрж байна уу?

-“Х ТҮЦ”, “Шинэ үе” гээд хошин урлагийн продакшнаас салаалсан студи, продакшн цөөнгүй. Хүмүүс янз бүрээр л ярьдаг юм. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөлөө гэдэг шиг тусдаа гарлаа л гэнэ. Мөнгө төгрөгнөөс болж муудалцсан гэнэ гээд л.

Уг нь тийм биш шүү дээ. Уран бүтээлч хүн бүрт өөр өөрийнхөөрөө туурвих боломж бий. Залуу хүмүүс бие даагаад үзэхэд юу нь буруу гэж. Гэхдээ надад одоохондоо тийм бодол алга.

-Та тайз, дэлгэцийн уран бүтээлд хослуулан ажиллаж буй. Шинэ киноны санал хэр их авдаг вэ?

-Би хоёр гуравхан кинонд л гол дүрд ажилласан шүү дээ. Туслах дүр хэд хэд бий.

-IFI продакшн, найруулагч Б.Гарамхандын “Итгэл” уран сайхны кинонд тоглосон дүр тань үзэгчдэд арай өөрөөр харуулсан гэж боддог.

-Жүжигчин Б.Амарсайхан ах надад энэ дүрд тоглох боломж олгосон юм. Өмнө тоглосон дүрүүдээс өөр, эсрэг дүр учраас их сонирхолтой байсан. Огт байдаггүй дүр биш шүү дээ. Долигонуур, урваач шарваач хүмүүс хаа сайгүй бий. Тэднийг л ёгтлох, харуулах гэсэн санаа. Ажиллахад их “амт”-тай байсан.

Тэр дүрээрээ өнгөрсөн жил “Cinema awards” шагнал гардуулах ёслолын шилдэг туслах дүр төрөлд нэр дэвшсэн. Тус кинонд мөн зургийн даргаар ажилласан. Маш их ачаалалтай ажиллаж, үзэгчдэд хүргэсэн дээ. “Итгэл”-д тоглосны дараа тиймэрхүү эсрэг дүрд тоглуулах гурван ч санал ирсэн.

-Танд найруулагч нар инээдмийн кино юм уу, хөгжилтэй дүрд тоглуулах санал их тавьдаг байх даа.

-Намайг өөрөөр харуулах дүрийн санал ирээсэй гэж хүсдэг. Найруулагчаас хэцүү даалгавар авч, хүссэнээр нь тоглохын тулд өөрийгөө шахахыг хүсэж байна. “Өөрийгөө өөрчил, 20 кг тур” гэсэн ч би биелүүлж чадна.

Сонирхолтой эсрэг дүрүүдэд тогломоор байна. Уран бүтээлч хүн шуналтай шүү дээ. Байнга л тоглоогүй дүр, ажиллаагүй төрөлдөө шунана. Би ч тэр нь зөв гэж боддог. Тэгж байж улам л урагш ахидаг гэж боддог юм.

-“Итгэл”-ээс хойш хэд хэдэн киноны зургийн даргаар ажиллачихав уу?

-Би “Х ТҮЦ” продакшныхаа менежерээр давхар ажилладаг. “Итгэл”-ийн дараа продакшныхаа “Солиот эх” киноны зургийн даргаар ажилласан. Ирэх сараас үзэгчдэд хүргэх IFI продакшны “Mongolian connection” кинонд мөн ажилласан. Г.Аюурзанын “Хэвтрийн хүн” зохиолоос сэдэвлэн найруулагч С.Бямбын бүтээх кинонд удахгүй ажиллана.

-“Солиот эх” кино БНХАУ-ын Чиндаод зохион байгуулсан олон улсын кино наадамд амжилттай оролцож, Гавьяат жүжигчин И.Одончимэг шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарсан.

Ажилласан кино нь гадаадын томоохон наадмаас шагнал хүртэхэд мэдээж их баярласан байх.

-“Солиот эх” кино гуравхан гол дүртэй. Үзэгчдийн харж байгаа нь тэд. Гэтэл тус киноны ард 100 гаруй уран бүтээлч ажилласан. Чиндаод болсон кино наадамд олон улсын 80 гаруй уран бүтээл өрсөлдсөн. Тэдгээрээс бидний хамтын бүтээл үзэгчдийн сэтгэлд хүрч, шагнал хүртэхэд баярлалгүй яах вэ.

БНХАУ жилд гадаадын 11 бүтээлийг л кино театруудаар гаргах журамтай юм билээ. Тэдгээрийн нэгээр “Солиот эх” шалгарсан. Өөрөөрөө, хамт ажилласан бүх хүнээр бахархаж байна.

-Ирэх сард үзэгчдэд хүргэх “Mongo­lian connection” кинонд найман улсын уран бүтээлчидтэй хамтран ажилласан гэсэн. Гадаадын уран бүтээлчдээс суралцах зүйл бишгүй.

Мөн өөрсдөдөө дүгнэлт хийсэн байж таарна. Манай уран бүтээлчдэд гадаадын уран бүтээлд ажиллах боломж хэр байна вэ. Ямар чадварыг суралцах ёстой гэж санагдав?

-Хамгийн гол нь л өөрсдөдөө дүгнэлт хийх шүү дээ. Манай уран бүтээлчдийн авьяас, ур чадвар хаа ч гологдохгүй. Харамсалтай нь, гадаад хэлний бэрхшээлээс болж боломжуудыг алдаж байна. “Mongolian connection” кинод Казахстан, Их Британи, Турк гэхчлэн найман улсын уран бүтээлч ажилласан. Бүгд англиар л ойлголцоно.

-Танай продакшны найруулагч, Гавьяат жүжигчин И.Одончимэг, жүжигчин Т.Бархүү нар хамтран бүтээсэн “Алтан өндөг” уран сайхны кино өнөөдрөөс үзэгчдэд хүрнэ. Энэ кинонд ажилласан уу?

-Уг киног ӨМӨЗО-ы уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн. Зургийг нь “Солиот эх” киноны өмнө авсан. И.Одончимэг эгч найруулж, Т.Бархүү ах продюсороор ажиллалаа. Тус киноны монгол дахь зохион байгуулагчаар ажилласан.

-“Х ТҮЦ”-ийнхэн “Хориотой жүжиг”, “Сэрүүн хасын нууц”, “Аянгын бороо” гэхчлэн драмын жүжиг үзэгчдэд хүргэсэн. Энэ төрлийн уран бүтээл хэзээ дахин хүргэх вэ?

-Манай продакшны уран бүтээлчид драмын таван жүжиг хүргэж байсан. Тавуулаа л олны таашаалд нийцсэн. Дахин энэ төрлийн уран бүтээл хийх төлөвлөгөө бий. Мөн хөгжимт жүжиг тавих талаар ярилцаж TODAY

байгаа.

-Жүжигчин, менежер, зургийн даргаар ажиллаж байна, та. Үргэлжлүүлэн найруулах урлагт суралцах бодол бий юү?

-Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг гэдэг дээ. Тийм бодол бий. Өөрийгөө тэр талын өгөгдөлтэй ч гэж боддог. Гэхдээ цаг нь болоогүй. Эхлээд мундаг найруулагчдын дэргэд суралцъя, шүүсээ шахуулъя. Цаг нь ирэхээр үзээд алдана.

-Нээрэн, эхнэртэйгээ номын санд танилцсан гэсэн. Номтой ойр хүн үү?

-Эхнэртэйгээ Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд танилцаж байлаа. Жүжигчид байнга унших ёстой. Тэгж байж дүрийн судалгаа, зохиолын задаргаа хийнэ, мэдлэгээ тэлнэ.

-Үүнийг л кино болговол энэ дүрд нь л тоглох юм сан гэж шунаж явдаг зохиол, дүр байдаг уу?

-Байдаг шүү. Олон бий. Номыг хүн өөрийнхөөрөө дүрсэлж, төсөөлж уншдаг болохоор илүү сонирхолтой санагддаг юм. Сүүлд Д.Төрбат гуайн “Хаан төрийн нууц”-ыг уншсан. Одоо Орхан Памукийн “Цас” романыг уншиж байгаа. Би гэхдээ ямар ч зохиолыг уншихдаа гол дүрд нь биш, эсрэг юм уу, сонирхолтой туслах дүрд нь шунаж уншдаг. Эерэг дүрийг эсрэг нь илүү товойлгодог шүү дээ. Хааны дүрийг харц нь тоглож өгдөг ч гэдэг яриа бий.

-Залуу хүн, тэр дундаа уран бүтээлч хүн үргэлж шинийг эрэлхийлж, сурах хэрэгтэй. Одоо суралцахыг хүсэж, төлөвлөж буй зүйл тань юу вэ?

-Сурахаар төлөвлөж буй зүйл, эзэмшихээр хичээж буй дадал зөндөө бий. Гитар тоглож, кино найруулж сурмаар байна. Фитнесээр тогтмол хичээллэмээр байна.

-Сүүлийн үед залуус бодибилдинг, фитнесээр хичээллэх нь ихэссэн. Та ч бас хичээллэж байгаа юу?

-Өнгөрсөн хавраас хичээллэж, долоон кг хасчихаад байна. Улам л сонирхолтой санагдаж, эрч хүч авч байгаа.

-Ярилцлагаа тун удахгүй зургийг нь авч эхлэх найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн” киноны тухай асуултаар өндөрлөе. Тус кинонд мөн зургийн даргаар ажиллах уу?

-Арилжааны бус, арт төрлөөр туурвидаг, Бусаны олон улсын кино наадмын шагналтай найруулагчтай хамтран ажиллах нь залуу уран бүтээлчийн хувьд том завшаан. Тиймээс энэ боломжийг алдахыг хүсээгүй. Өвөрмөц ертөнцтэй зохиолчийн бүтээл туршлагатай найруулагчийн ураар хэрхэн амилах нь сонирхолтой санагдаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)