С.БАЛДОРЖ: Нэхий дээл, савхин хүрмээр оросуудын гарыг цайлгаж, сэлбэг хэрэгсэл авдаг байж билээ

Хөдөлмөрийн баатар С.Балдоржийг “Хоймор” буландаа урьж ярилцлаа. “Дулааны цахилгаан станцынхан бид маш буянтай ажил хийдэг. Эрчим хүчгүйгээр хүн амьдрахгүй, улс орон хөгжихгүй” хэмээн өгүүлэх тэрбээр 1970 оноос хойш 40 орчим жил энэ салбарт ажиллажээ. С.Балдорж гуай 1979 онд эрчим хүчний салбарын анхны залуу аварга болж байсан аж. Мөн улсын чанарын аварга, “ДЦС-1”, “ДЦС-4”-ийн таван удаагийн аваргаар шалгарч байсан нэгэн.

-Та хүүхэд насаа хаана өнгөрүүлсэн бэ?

-Би 1946 онд Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг, Булаг худаг гэдэг газар төрсөн. Тэндээ бага сургуулиа төгссөн, дунд сургууль байгаагүй юм. 1959 онд дөрөвдүгээр ангиа төгсөж байв. Дараа нь Өнжүүл, Алтанбулаг, Жаргалант сумд хуваарилагдан суралцаж, аравдугаар ангиа төгсөөд, 1967 онд цэрэгт татагдан, гурван жил алба хаасан. Амгаланд 012 дугаар ангид алба хаахдаа их зүйл сурсан шүү. Тэр үед 45 хоног карантилагддаг байв. “Улаан од” сонинд миний тухай мэдээ гарч байлаа.

-Эрчим хүчний салбартай хэрхэн холбогдов?

-Энэ салбарт ажиллана гэж бодож байгаагүй. Аав минь залуугаараа бурхан болсон. Ах цэрэгт явчихсан, хоёр дүү минь жаахан байсан үе. Ээж минь нэгдлийн үнээ саадаг байв. Өөрийн цөөн хэдэн малаа хариулаад хөдөө адуучин болчихдог ч юм уу гэж бодож байсан. 15 настайдаа долдугаар ангид орсон юм. Ах С.Зундуй маань намайг сургуульд сур гээгүй бол малчин болчих байлаа. Ах минь хотод дунд сургуульд сурдаг байв. Багш нь Өнжүүлд очиход “Миний дүү сурлага сайтай, сургаж болох уу. Уржнан жил дөрөвдүгээр анги төгссөн юм” гэхэд нь “Аваад ир” гэж. Тэгээд л Өнжүүлд очиж сурсан хэрэг.

Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр эрчим хүчний анхдагч том үйлдвэр болох “ДЦС-1”-т хуваарилагдан, үйлдвэрийн дарга, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ө.Бямбажавтай уулзахад аль цехэд ажиллах вэ гэж асуусан. Тэнд ажилладаг инженерийг дагаж, зуух, турбин, цахилгаан, нарийн хэмжүүрийн гээд олон цехээр явж үзлээ. Тэр үед аз болж, арван хэдтэйгээсээ ажилласан Д.Гэндэндарам даргатай таарсан. Тэгээд л Турбиний цех сайхан санагдаж, тэнд ажиллая гэв. Турбиний машинчийг нэг сар гаруй дагалдан ажилласан даа. Цахилгаан станцын мэргэжилтнүүдийг бэлтгэдэг Эрчим хүчний байнгын курст ажлынхаа хажуугаар суралцсан. Ер нь маш богино хугацаанд турбиний машинч болсон л доо.

“ДЦС-1”-т 10 гаруй жил ажилласан. Би 1981 онд Ардын их хурлын депутат болсон юм. “ДЦС-4” байгуулах болж, шилдэг ажилчдыг татах үед туршлагатай, нэр хүндтэй гээд салбарын яамны томилолтоор тэнд хуваарилагдаж байлаа. Дарханы, “ДЦС-1”, “ДЦС-3”-ын мэргэжилтэн, дөнгөж сургууль төгссөн, цэргээс халагдсан хүмүүс ч ирж ажиллаж байв.

Техниктээ үйлчилгээ хийж буй нь. 1977 он

-Ашиглалтын ажилчид тухайн үед хэдий хэмжээний цахилгаан үйлдвэрлэж, түлш хэрхэн хэмнэснээ тооцдоггүй байсан гэсэн. Харин та анх удаа тооцсон гэсэн, тийм үү?

-Нэг хүн, ээлж, бригадаараа ямар хэмжээний цахилгаан үйлдвэрлэснийг өмнө нь тооцдоггүй байж. ДЦС нийт хэчнээн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, төлөвлөгөөгөө хэрхэн биелүүлсэн, чанарын үзүүлэлтийг л тооцдог байсан хэрэг. 1976 оноос хувийн тооцоотой ажиллах туршлагыг эрчим хүчний салбарт нэвтрүүлсэн. Үйлдвэрлэсэн эрчим хүч, дулааныг өдрийн найман цаг, 10 хоног, сар, жилээр тооцоолдог болсон. Үр дүнгээ хараад улам урам зориг орж, мэрийн ажилладаг байлаа. Одоо төдөн мянган кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэнэ дээ гээд л. Турбиний машинч хүн осол, гологдолгүй, эдийн засгийн хэмнэлттэй ажиллахад турбиний вакум барилт их нөлөөлдөг. Энэ үзүүлэлт өндөр байх тусам түлш хэмнэдэг тул их анхаардаг байсан. Тухайн үед эрчим хүч үйлдвэрлэл, чанарын үзүүлэлтээр хувийн тооцоотой, осол гаргалгүй, гологдолгүй ажилладаг С.Балдоржийн туршлага гэх “хэллэг” гарч байлаа. Ардын их хурлын депутат С.Балдоржийн туршлага гэсэн товхимол тарааж, турбиний машинч нар өмнөхөөсөө илүү үр ашигтай ажиллах болсон. Аймгуудад уригдаж, туршлагаасаа хуваалцаж байлаа.

Эдийн засгийн гол үзүүлэлт болох турбиний вакум барилтыг станцын дунджаас жил бүр 3.5-7.5 дахин дээшлүүлэн тэр үеийн ханшаар 820 мянган төгрөгийн түлш хэмнэсэн. Мөн дотоод хэрэгцээний эрчим хүч, уур, усны алдагдлыг багасган 32 мянган төгрөгийн ашгийг улсдаа оруулж байв. Хүн хүчгүй үед хэдэн сар, жилээр ч 2-3 турбингенераторыг ганцаараа ажиллуулдаг байлаа. Эрүүл мэндийн шалтгаанаар ганц ч удаа акт, бас чөлөө авч байгаагүй. Улмаар 20 жилд 38 жилийн ажил гүйцэтгэсэн. Бас 4.8 сая төгрөгийн цалин хэмнэж, 30 гаруй жил осол, гологдол гаргалгүй ажилласан. Ерөнхий инженер Г.Түвшин, цехийн мастер Ч.Жамсранжав нар миний багш. Амжилт гаргахад их тусалсан Г.Түвшин багш минь “Шантарч, мэргэжлээ сольж болохгүй” гэж хэлдэг байлаа. Ардын их хурал дахь Хөдөө аж ахуйн нийтийн үйлчилгээний байнгын онцгой комиссын гишүүн байсан тул орон нутгаар их явж, нэгдлийн гишүүдэд үйлчилгээ хүрч байгаа, эсэхтэй танилцдаг байв. Амжилтыг минь төр үнэлж, 1991 онд Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан даа.

-Ийм өндөр бүтээмжтэй ажиллах нууц юу байв?

-Дулааны цахилгаан станцынхан 00.00-08.00, 08.00-16.00, 16.00-00.00 цаг хүртэл ээлжээр ажилладаг. Аль ч мэргэжлийн хүн өөрийгөө сайн бэлдэх хэрэгтэй. Манай ахмадууд, багш нар ч ингэж хэлдэг. Эрүүл мэнддээ анхаарч, амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлбэл ажиллах үедээ ядрахгүй шүү дээ.

Эхнэр бид хоёр ханилаад 52 жил болж байна. Ажлаас ирэхэд хоол унд бэлэн, манай гурван хүүхэд гэрийн утсаа юмаар ороогоод баглачихдаг, өлмий дээрээ явдаг байв. Намайг сэрээхгүй гэж тэр. Миний хань Н.Ноёнхүү Алтангадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байсан. Барилгын техникч мэргэжилтэй. Манай том хүүхэд дөрвөн настай байсан юм уу даа. Цэцэрлэг олдохгүй, хоёр багыгаа уяад үлдээчихдэг байв. Том нь хоёр дүүдээ цай хоолыг нь өгдөг байсан юм. Жаахан байхад нь ч хэцүү л байсан. Сүүлдээ 24-ийн цэцэрлэгт гурвууланг нь даваа гарагт хүргэж өгөөд бямбад авдаг болсон.

Осол, гологдол гаргалгүй ажиллахын гол үндэс бол урьдчилан сэргийлэх. Машин, турбин сайн ажиллаж байна гээд назгайрч болохгүй. Өөртөө дандаа асуулт тавьж ажиллах хэрэгтэй. Осол гаргахгүйн тулд яаж ажиллах вэ, тоноглолууд хэвийн ажиллаж байгаа юу гээд. Тоноглол жаахан л доголдолтой байвал урьдчилан тооцож, засуулах хэрэгтэй. Доод албан тушаалын хүмүүстэйгээ нягт холбоотой ажилладаг байв. Ер нь уйгагүй ажиллагаа чухал. Зүгээр суугаад байж болохгүй. Одоо ч “ДЦС-4”-төө очиж, залуучуудтай уулзахдаа үүнийг захидаг.

Уурын турбиний удирдлагын төв. 1999 он

-Техник, тоног төхөөрөмжөө хэрхэн гамнадаг байсан бэ?

-Паар их халж байна, хаачихаж болдоггүй юм уу гэж хүмүүс асуудаг. Цахилгаан станцын тоног төхөөрөмжийг асааж, унтраахад их цаг шаардана, эдийн засгийн хувьд алдагдалтай. Нэг тоноглолыг олон удаа зогсоох нь маш муу. Жижиг тоноглолуудын үйлчилгээг сайн хийх хэрэгтэй. Хар үгээр хэлбэл, маш олон шахуургын хөргөлтийг тохируулж, тос хийнэ, халж байна уу, үгүй юү, гаднын өөр нөлөө, ус гоожиж байгаа, эсэхийг туслахууд хянадаг. Станц маш олон шат дамжлагатай. Тэр бүгдийг машинч хүн мэдэж байх ёстой. Болохоо байсан хойно нь засварчдад хэлдэг байх учиргүй. Соргог байж, наана нь мэдэх шаардлагатай.

-Таныг “ДЦС-1”-т ажиллаж байхад нийслэлчүүдийн эрчим хүчний хэрэглээг хэр хангаж байв?

-“ДЦС-1” 1.5 МВт-ын буюу бага хүчин чадалтай байсан. Сүүлд нь зургаа, 12 МВт-ын хүчин чадалтай болгосон. Тэгэхэд Улаанбаатарын эрчим хүчний хэрэглээ бага байсан л даа. Гэхдээ бүрэн хангаж чаддаггүй, хотын захад цахилгаанд холбогдоогүй айлууд байсан. 1976 оны арванхоёрдугаар сард Оросын Галуут нуурын цахилгаан станцтай холбосон юм. Үүнээс өмнө зарим айл лаа барьдаг байсан. Шинэ жил болох гэж байсан үе. Манай станцын шинэ жилийн баярт Эрчим хүчний сайд С.Батхуяг оролцохдоо “Монголын эрчим хүч Оросынхтой холбогдлоо” гэж хэлснийг санаж байна. Аавынхаа гараас хүүхэд нь хөтлөөд явж буй юм шиг л сайхан байсан. Хэрэв хойд хөршөөс эрчим хүч авахгүй бол манай станцын чадал өдгөө ч хүрэхгүй шүү дээ.

-Томоохон бүтээн байгуулалт өрнүүлэн “ДЦС-4”-ийн суурийг 1979 онд тавьж, 1983 онд ашиглалтад оруулсан. Та хэзээнээс тус станцад ажилласан бэ?

-Ю.Цэдэнбал, Д.Моломжамц дарга нар станцын шавыг тавьж байлаа. Тэр ёслолд оролцож байв. Маш том талбайд газар шорооны ажил хийж, дараа нь доогуур нь шугам хоолой зэргийг суурилуулсан. Турбиний суурь тавих үед бид 1981 онд очсон юм. 1981 оны эцсээр ОХУ-ын Новосибирск дэх ижил төстэй станцад гурван сарын хугацаатай дадлага хийгээд ирэхэд барьж л байсан. Аварга үйлдвэр шүү дээ. 80 МВт-ын, дулаан, цахилгаан хослуулан үйлдвэрлэдэг, анхны турбинийг 1983 оны аравдугаар сард сүлжээнд залгаж, түгээж эхэлсэн. Тэр турбинийг Зөвлөлтийн мэргэжилтэн Сергей Георгирович Иванов, Владимир Анатонович Борцов багш нартайгаа ашиглалтад оруулсан. Орос мэргэжилтнүүдийг бид хоёр жил орчим дагалддаг байв. Анхны ээлжийг оруулсны дараа хүчин чадлыг нь нэмэгдүүлсээр 1984 онд 540 МВт-д хүргэсэн. Өдгөө дээрх тоо 720 орчим МВт болсон. Улаанбаатарын цахилгааны 70, дулааны 60 гаруй хувийг “ДЦС-4” үйлдвэрлэж байна.

Зүүн гар талаас С.Балдорж, Халхын голын дайнд оролцож байсан, ЗХУ-ын
ахмад дайчин Хохлов, Монгол Улсын баатар Ш.Гонгор. Халхын голын 40 жилийн ой,
Зөвлөлт, Монголын тойрон аяллын үеэр. 1979 он

-Орос мэргэжилтнүүдийг явахад өөрсдөө бие дааж станцын үйл ажиллагааг хариуцахад хүнд байсан уу?

-Тэд 1992 онд явсан юм. Ганц манай станц биш, “Эрдэнэт үйлдвэр” зэрэг олон байгууллагад ажиллаж байсан мэргэжилтнүүд буцсан. Манайд зөвлөхөөр хэдэн хүн үлдсэн л дээ. 1992, 1993 онд Улаанбаатарт цахилгаан хязгаарладаг байсан. Сүхбаатар дүүрэгт тэдээс тэд, Баянгол, Хан-Уулд төдөөс төдөн цагийн хооронд гэх мэтээр хуваарийн дагуу тас алдаг байлаа. Үнэндээ станцын чадал хүрдэггүй, Оросоос маш их цахилгаан авдаг байсан. Одоо харин харьцагуй багассан.

Орос мэргэжилтнүүдийг буцсаны дараа бид хөглөж л байлаа. Тэднийг байхад ч станц тэг зогсож байсан шүү дээ. Би нэг орос мэргэжилтэнтэй хамт ажиллаж байсан юм. 1991 онд хүний хариуцлагагүйгээс болж томоохон осол гарлаа. Миний ажиллаж байсан машин үлдээд, бусад нь зогсчихсон. Автомат нь унаж, шатсан гэсэн үг. Цехүүдийн тоноглол хоорондоо холбоотой байдаг. Уг нь тэр үед машинаа зогсоохгүй, “аваад гарчих” байсан юм билээ. Орос мэргэжилтэн “Машиныг зогсоохгүй бол болохоо байлаа. Зогсоохгүй байснаас ч хүнд нөхцөл үүснэ” гээд, давхиж очоод автомат унтраалгын түлхүүрийг нь мушгичихсан. Зогсоохгүй байснаас ч их хохирол гарах тохиолдол бий нь ч бий л дээ. Тэгээд станцын үйл ажиллагаа зогссон. Манайхан сүүлд “Гарыг нь бариад авахгүй, цохичихгүй яасан юм бэ” гэж хошигнож байсан. “Оросын мундаг мэргэжилтэн яах ийхийн завдалгүй очоод мушгичихаар яаж болох вэ” гэж байлаа. “ДЦС-1”-т ажиллаж байхад ч олон осол гарсан. Оросуудын гарыг хардаг болчихсон шиг байгаа юм. Сүрдээд ч гэх юм уу, буруу юм хийчихэж магадгүй гэж эмээдэг байсан болов уу. Гэхдээ ямар ч хүн сурч л байх хэрэгтэй гэж үг бий. Би бүрэн сурч, бүгдийг нь мэдээгүй ч чадлаараа хичээдэг байв.

“ДЦС-1” дандаа гар ажиллагаатай байсан юм. 1981-1983 онд сэлбэггүй болж, тоноглолууд их муудсан тул станцын үйл ажиллагаа үе үе зогсдог байлаа. Тэгээд “ах нар” ирж, тусалсан.

-Осол их гардаг байсан гэлээ. Эрчим хүчний салбарт ажиллахдаа эмээж, эргэлзэж байсан үе бий юү?

-“ДЦС-1”-т ажиллаж байхад айхавтар осол гарч, хүний амь ч эрсдэж байлаа. Ээж минь их санаа зовдог байсан. Ямар одоогийнхтой адил утас гэж байх биш, байнга холбогдоод байж чадахгүй. Тэр үед станцын яндан чанга дуугардаг байлаа шүү дээ. Осол харахаар эхэндээ “Яадаг юм билээ. Ажлаасаа гарах уу” гэж бодож байсан үе бий. Гар ажиллагаатай, хаалт хааж, засварчин байхгүй үед турбиний вакумыг өөрөө үздэг байлаа. Сүүлдээ осол гарахад хурдан л сэргээх юм сан гэж боддог болсон доо.

-Хамгийн хүнд үе хэзээ байсан бэ?

-“ДЦС-1”-т ажиллаж байх үед шугам хөлдөх үе гарч байлаа. Бид дандаа машиныхаа ард зогсоод байхгүй. Турбин хөргөх усгүй болчихоор хоолойдоо хөлдсөн усыг бамбардаж гэсгээдэг байв. Мөн ч бүдүүлэг байгаа биз. 1984 онд гэхээр “ДЦС-1” 50 гаруй жилийн “настай” байсан гэсэн үг. “ДЦС-1” 1934 онд байгуулагдсан. Зарим тохиолдолд шугамыг богино хугацаанд гэсгээчихдэг байсан ч удах тохиолдол цөөнгүй. Шүүрэн шанага шиг болж, муудсан шугамыг тайрах, солих шаардлага гардаг байлаа. Ямартай ч станцын үйл ажиллагааг зогсоохгүйгээр зохицуулдаг байсан. “ДЦС-4”-т ч үйл ажиллагаанд нөлөөлөхөөргүй ч шугам хөлдөх тохиолдол гарч байв. Зуухнууд доголдож эхэлсэн тул 1993 оноос Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (ЖАЙКА) тусламжтайгаар ээлж дараатайгаар 2000 он хүртэл шинэчилж байлаа.

-Социализмаас ардчилалд шилжихэд эрчим хүчний салбарт ямар өөрчлөлт гарсан бэ. Тоног төхөөрөмжөө худалдан авах зэрэгт нөлөөлсөн байх, тийм үү?

-Улсаас бүх зүйлээр хангадаг байсан бол станцынхан сэлбэг, материалаа бие дааж, өөрсдөө явж олж ирдэг болсон. Энэ мэт нь нэлээд хүндрэлтэй байсан. Хангамжийн хэлтсийнхэн нэхий дээл, савхин хүрэм худалдаж аваад түүгээрээ станцынхаа тоног төхөөрөмжөө олж ирдэг байлаа шүү дээ. Тэгэхгүй бол мөд бүтэхгүй, шаардлагатай сэлбэг хэрэгслээ олж ирж чадахгүй. Оросуудын гарыг цайлгаж байж сэлбэгээ олж авдаг байсан үе.

-Эрчим хүчний салбарын ирээдүйг хэрхэн хардаг вэ. Ямар ажил хийх хэрэгтэй гэж боддог вэ?

-Нарнаас эрчим хүч үйлдвэрлэх хэрэгтэй гэж боддог. Манай Төв аймагт “Салхит” салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулсан. Дөргөн, Тайширын усан цахилгаан станц тэр орчмынхоо хэрэглэгчдийн эрэлтийг хангачихаж байна. Ийм эх үүсвэрүүд ашигтай.