С.Амарсайхан: Хятадын компанид ямар ч газар олгоогүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар яг одоо мэдээлэл хийж байна. Тэрбээр "Нийслэлээс хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар долоо хоног бүр танилцуулж байхаар боллоо. Өнгөрсөн хугацаанд НИТХ-ын даргын албан тушаалыг нэг жил орчим хугацаанд хашсан. Мөн Хотын захирагчийн ажлыг хүлээж аваад, иргэд олон нийтийн санал хүсэлтэй холбоотойгоор хийх ажлаа судлах, бүтэц уялдаа холбоотой ажлыг хэрэгжүүлж ирлээ. Цаашид аль болох цаг алдахгүйгээр иргэд, аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарч, нийслэлийн ажил амьдралтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэж ажиллана.

Мөн сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар худал мэдээлэл цацаж байгаа асуудлаар өөрсдийн байр суурийг хүргэе. Нэгдүгээрт, хятадын компанид 50 га газрыг Хотын дарга С.Амарсайхан өгсөн гэх мэдээлэл цацагдах болсон. Монгол Улсын Засгийн газрын хэмжээнд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцах ашигтай хамтарч ажиллах асуудал өнгөрсөн оны 12 дугаар сард яригдсан. мөн тодорхой ажлууд дээр хамтарч ажиллахаар тохиролцсон юм билээ. Түүний дагуу Засгийн газрын хүрээнд Ерөнхий сайдын захирамж гарч, судалгаа тооцоо хийх ажлын хэсгийг байгуулсан. Дараа нь ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Баясгалангаас Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан миний нэр дээр Тяньжинь хотын захиргаатай хүлэмж байгуулах, хүнсний ногоо тариалах асуудлыг судлах, холбогдох судалгаа тооцоог хийх шаардлагатай байгаа гэсэн албан бичгийг 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн. Тус өдөр миний зүгээс ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд БНХАУ-ын Тяньжинь хотын захиргаатай хамтарч хийх 10 ажлын тооцоо судалгааг хийх, Нийслэлийн 100 хувийн өмчит аж ахуйн нэгжийн нэрийг хүргүүлсэн. Ямар ч газар олголт явагдаагүй. Ийм шийдвэр ч гараагүй. Харин дотоодын хүнсний ногоо тариалагчид, эрхлэгчид, хүлэмжийн ногоо эрхэлж байгаа хүмүүсийг дэмжих зорилгоор аж ахуйн нэгж, иргэдийн нэрийг хүргүүлсэн. Гэтэл үүнийг НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун улс төрийн зорилгоор зориуд мушгин гуйвуулж, Хотын дарга шийдвэр гаргаж, Хятадуудад 50 га газрыг олгож байна гэж мэдээ түгээсэн. Дээрээс нь энэ хүн ийм мэдээ тараасан нь хувийнх нь ашиг сонирхолтой шууд хамаатай. Өөрийнхөө хадам эхийн нэр дээрх аж ахуйн нэгжийн нийслэлийн өмчит байрыг хувьчилж өгөх асуудлыг НИТХ-ын төлөөлөгчийнхөө хувиар санал оруулж, хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад оруулсан. Үүнийг хууль бус хэмээн үзэж миний бие гарын үсэг зураагүй. Иймээс намайг доромжлох, гүтгэх ажил эрчимжиж байгаа" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)