С.Амарсайхан: Төрийн алба авлигын “хар авдар”-тай болж, зарим албан хаагч тендерийн хувь хүртэхэд анхаарлаа хандуулдаг болсон нь нууц биш

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэгт ажилдаа томилогдсон дариудаа худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй болгох иргэн, олон нийт, хэвлэл мэдээллийнхний оролцоо, хяналтын дор явуулдаг байх үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу өнөөдөр нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас “Нийслэлийн иргэний танхим”-д “Ил тод худалдан авах ажиллагаа 2019” арга хэмжээг зохион байгууллаа.

Худалдан авах ажиллагаа ямар үе шаттай, хэрхэн зохион байгуулагддаг хийгээд, цахимаар тендер зохион байгуулах ажил өдгөө ямар түвшинд байгааг олон нийтэд нээлттэй, шууд дамжуулан үзүүлэв. Тодруулбал, өнөөдөр Ус сувгийн удирдах газарт Крантай ачааны машин худалдан авах төсөл болон Багахангай дүүргийн нэгдүгээр хорооны цогцолбор барилгыг төвийн халаалтад холбох ажил гэсэн хоёр тендерийн нээлт боллоо. Цахим системд тендерийн материалыг хүлээн аваад, нэг цагийн дотор нээхдээ оролцогч аж ахуй нэгжүүдийн нэр, санал болгож байгаа үнийн дүн, тендерийн баталгааны хугацаа, хүчинтэй хугацаа зэргийг олон нийтэд зарладаг аж. Ус сувгийн удирдах газарт Крантай ачааны машин худалдан авах төслийн төсөвт өртөг нь 600.3 сая төгрөг бөгөөд энэ тендерт зургаан аж ахуйн нэгж үнийн санал ирүүлжээ. Харин Багахангай дүүргийн барилгын ажлын тендерт (төсөвт өртөг нь 211 сая төгрөг) оролцохоор 11 аж ауйн нэгж материал ирүүлсэн байв. 

Компани болгоны ирүүлсэн үнийн саналыг ийнхүү олон нийтэд ил тод зарласнаараа төрийн дээд, дунд, доод шатны албан хаагчид “тендерийн цавчаа” хийдэг явдлыг үгүй болгохын эхлэл гэдгийг зохион байгуулагчид хэлсэн.

Өнөөдрийн үйл ажиллагааг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Тендерийн хуулийн хэрэгжилтийг хангуулах, тендер шалгаруулалтын процессыг элдэв хардлага сэрдлэггүй, авлигаас ангид, олон нийтийн хараа хяналтан дор зохион байгуулахын тулд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас өнөөдөр энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Тендерийн үйл ажиллагаатай холбоотой олон гомдол санал нийслэлд ирдэг. Тендер зохион байгуулагчдын зүгээс тухайн сонгон шалгаруулалтад оролцогчдоос шан харамж хэлбэрээр “10 хувийн цавчаа” авдаг болсныг хэн хүнгүй ярьдаг, хүлээн зөвшөөрдөг, байх ёстой зүйл мэт ойлгодог хандлага ч газар авчээ. Үүнээс болж тендерийн гүйцэтгэлийн хугацаа хойшилдог, чанаргүй бараа үйлчилгээ, бүтээгдэхүүн нийлүүлдэг, төрийн алба авлигын “хар авдар”-тай болж, зарим албан хаагч ажил хийхээс илүүтэй тендерийн хувь хүртэхэд анхаарлаа хандуулдаг болсон нь нууц биш. Би Нийслэлийн Засаг даргын хувьд ийм зүйлтэй хэзээ ч эвлэрэхгүй. Авлигагүй Улаанбаатарын төлөө ажиллах болно” хэмээн онцоллоо. Түүнчлэн худалдан авах ажиллагаанд оролцож, үнэнч шударгаар ялалт байгуулахыг зорьж буй аж ахуйн нэгж, компаниуд өнөөдрөөс эхлэн албан тушаалтад өгдөг 10 хувиараа ажлаа чанартай, зарласан хугацаандаа хийж гүйцэтгэхэд зарцуулаг болж, тэр мөнгөөрөө 10 хүн цалинжуулж, 10 гэр бүлд тус нэмэр болох учиртай гэдгийг хотын дарга энэ үеэр цохон тэмдэглэв.

Энэ жил нийслэлийн хэмжээнд нийт 503,7 тэрбум төгрөгийн 1019 төсөл арга хэмжээний худалдан авалтын үйл ажиллагааг зохион байгуулах аж. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар өнөөдрийн байдлаар 30 орчим тендер зарласан бөгөөд дараагийн шатны зураг төсөл, бичиг баримтын боловсруулалт хийгдэж бэлтгэл ажил хангагдсан 100 орчим тендер байгааг тус газрын дарга Э.Болормаа хэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)