С.АЛТАНЦЭЦЭГ: “Сайн байна уу, ядарсан уу, тавтай морил” гэж хэлэхэд нь хоолой зангирсан

БНЭУ-д 145 мянга гаруй хүн коронавирусийн халдвар авч, тохиолдлын тоогоороо дэлхийд есдүгээрт бичигдсэн тухай ЭМЯ-наас өчигдөр мэдээлсэн. Хүн ам олонтой, халдварын эрсдэл өндөртэй тус улсаас Монгол Улс тавдугаар сарын 19-нд 158 иргэнээ авчирсан билээ. Тэдний нэг, тусгаарлах байранд буй С.Алтанцэцэгтэй цахимаар ярилцлаа.

-Та эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Сүхболдын Алтанцэцэг гэдэг. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумд төрсөн. МУИС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. Боловсролын салбарт 10, мэдээллийн технологийн салбарт долоо дахь жилдээ ажиллаж байна. Боловсрол судлалын магистр зэрэгтэй.

-“Ковид-19” цар тахал дэлхий нийтийг түгшээсэн хэвээр. Энэтхэгт нөхцөл, байдал хүнд байна. Та тус улсад хэзээ, ямар ажлаар очсон юм бэ?

-Энэ аюулт вирус хүмүүс олноор цугласан тохиолдолд хормын зуур халдварлаж байна. Олон улс эдийн засгийн хямралд өртөж, хүнд байдалтай байгаа ч дэлхий нийтээрээ аюулт тахалтай тэмцсээр. Энэ хэцүү цаг үеийг хэрхэн, яаж хохирол багатай даван туулах аргаа олох нь дэлхийн улс орон, хүн бүрийн өмнө тулгарсан үүрэг, хариуцлага болжээ. Цар тахлыг дарах хугацаа тодорхойгүй, хэзээ дуусах нь мэдэгдэхгүй энэ үед бүгдээрээ сайн хамгаалж, үүрэг, хариуцлагаа ухамсарлан, дор бүрнээ хянамгай байгаасай л гэж хүсэж байна. Би Энэтхэгийн Засгийн газраас хэрэгжүүлдэг Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны (ITEC) хөтөлбөрт хамрагдахаар өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд Гужарат мужийн Ахмадабад хотод очсон. Хүний нөөцийн хөгжил, ур чадвар болон хамтын нөхөрлөлийн үйл ажиллагааг сайжруулах зэрэг олон боломж олгодог тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч EDII олон улсын институтэд богино хугацааны сургалтад хамрагдсан юм. Гэтэл “Ковид-19”-ийн улмаас Энэтхэгийн Засгийн газар гуравдугаар сарын 20-нд бүх үйл ажиллагаагаа зогсоож, хөл хорио тогтоосон. Миний хамрагдсан хөтөлбөр 40 хоног үргэлжлэх ёстой байсан ч таван долоо хоног хичээллээд гуравдугаар сарын 18-нд зогсоосон. Энэ үеэс эхлэн Энэтхэгт байсан монголчууд бид 60, зарим нь 90 хоногийн турш хорио цээрийн дэглэмд байлаа.

-Энэтхэгт хаана амьдарч байв. Тэд монголчуудад яаж хандаж байсан бол?

-Миний амьдарч байсан Ахмадабад хот коронавирусийн тархалтаар Энэтхэг улсдаа хоёрдугаарт жагсаж, улаан бүсэд орсон учир EDII институтийн байранд тусгай өрөөнд тусгаарлагдаж, хорионд орсон. Хөл хорио тогтоосон цагаас эхлэн олон улсын институт өндөржүүлсэн байдал зарлаж, ажилчдаа чөлөөлөн, цөөн хүн ажиллуулж, тэднийг гадагш гарахыг хориглосон юм. Монголчуудын заримыг түр гадуур явахад “Коронавирус” хэмээн хашхирч, “Чи хятад хүн үү” гэж асууж байсан гэсэн. Мөн хүнсний жижиг дэлгүүрээр үйлчлүүлэх үед тэнд байсан энэтхэгчүүд бүгд зугтаж, эмийн сангаас эм авах гэхээр гадаад иргэдэд үйлчлэхгүй гэх зэргээр хандсан тохиолдол бий.

-Тус улсад хэчнээн монгол хүн ажиллаж, амьдардаг юм бол оо?

-Би яг төд гэсэн баттай тоо хэлж мэдэхгүй. Энэтхэгт байгаа монголчуудын олонх нь ажиллах гэхээсээ илүү сурахаар очсон байдаг юм билээ. Энэтхэг дэх Монголын Элчин сайдын яамны мэдээллээс харахад тус улсад 600-700 лам, ламхай байдгаас насанд хүрээгүй 200-гаад ламхай эх орон руугаа буцах хүсэлтээ өгсөн гэсэн. Монгол руугаа буцах хүсэлтэй иргэд эхлээд 300-гаад байснаас яг ирсэн нь 158. Цаана нь 100 гаруй хүн үлдсэн гэхээр 800- 900 орчим иргэн байдаг юм болов уу гэж таамаглаж байна.

-Гадаадад гацсан маш олон монгол хүн эх орондоо ирж чадахгүй байгаа. Та бүхэн ямар шалгуур давж ирэв ээ. Элчин сайдын яам хэр анхаарав?

-Энэтхэг бусад улс орныг бодвол нөхцөл байдал арай өөр. Нэгдүгээрт, вирусийн халдвар авах эрсдэл маш өндөр байсан. Энэ оны нэгдүгээр сард Энэтхэг улсад “Ковид-19”-ийн халдварын анхны гурван тохиолдол бүртгэгдсэн юм билээ. Тэд хэдий бүрэн эдгэрсэн ч гуравдугаар сарын 5-наас хойш халдвар эрчимтэй тархсан. Биднийг тэнд хорионд орох үеэс Энэтхэгийг голомтын тархалтын дараах бүс гэж ДЭМБ тэргүүтэй олон улсын байгууллага анхааруулж байлаа. Энэ нь ч үнэн болж байдал өдрөөс өдөрт хүндрэн, хоногт 6000-7000 хүн коронавирусийн халдвар авч, тавдугаар сарын 26-ны байдлаар 140 мянга гаруй тохиолдол бүртгэгдлээ. Цаашдаа ч энэ тоо буурахгүй, улам өсөх хандлагатай байна. 1.3 тэрбум хүнтэй, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь иргэн бүртээ хүрч чадахгүй байгаа нь тохиолдлын тоо эрчимтэй өсөхөд нөлөөлж байгаа болов уу. Хоёрдугаарт, Энэтхэг маш халуун орон. Тав болон зургадугаар сард их халдаг. Биднийг байх үед өдөртөө 40-45 градус хүртэл халсан. Өдөржин сэнсээр сэрүүцэж, орох оронгүй хэцүү байдалд орсон зарим хүний бие өвдөж, хямарсан. Мөн монголчууд болон энэтхэгчүүдийн амьдрах орчин, бие махбодын онцлог, хоол хүнс асар ялгаатай учраас халууны улиралд хүнсний асуудал улам хүндэрдэг юм байна. 

Тэдний олонх нь хиндү шашинтай учраас мах иддэггүй, дээрээс нь хорио цээрийн дэглэмийн горимд шилжсэн тул мах, хүнсний бүтээгдэхүүн ховордсон. Тэнд байсан монголчуудын олонх нь 2-3 сар мах идээгүй, өдөр болгон халуун ногоотой хоол идсэнээр ходоод, дотор эрхтэн нь хямарч, өвдсөн л дөө. Гуравдугаарт, Энэтхэгт гацсан монголчуудын олонх нь ажлаар, эрүүл мэндийн шалтгаанаар, урт, богино хугацааны сургалтад хамрагдахаар очоод түр саатсан. Ялангуяа хүнд мэс засал хийлгэсэн иргэд орон байр, шим тэжээлтэй хоол ундны дутагдалд орсон. Бусад оронд ажиллаж, амьдрах бололцоо байдаг ч Энэтхэгт ийм боломж хомс. Энэтхэгийн Засгийн газар олон хоногийн хөл хорио тогтоож, эцэстээ сулруулсан ч эдийн засагт нь сөргөөр нөлөөлж, олон сая хүн ажилгүй болсон. Тиймээс нөхцөл байдал ямар байгаа нь ойлгомжтой. Дөрөвдүгээрт, Энэтхэгт гацсан монголчууд нэгдэн гуравдугаар сарын 23-наас эхлэн төр, засаг, холбогдох байгууллагуудад зургаан удаа өргөдөл, хүсэлт гарган, хэвлэл мэдээллийнхэнд хандаж, бодит байдлаа үнэн зөвөөр мэдээлж байлаа. Мөн Монголд байгаа ар гэрийнхэн минь шаардах хуудас, хүсэлт удаа дараа өгсөн нь биднийг авчрахад түлхэц болсон байх. Энэ мэт олон шалтгаан биднийг шалгуургүйгээр ирэхэд дөхөм болсон болов уу. Энэтхэг дэх Монгол Улсын Элчин сайдын яамныхны иргэддээ хандах хандлага, үйл ажиллагаа эхэндээ тааруу байсан ч сүүлдээ нэг баг болж, биднийг сонсож эхэлсэн. Тусгай үүргийн нислэг үйлдэх хугацаа давчуу байсан учир бидний төлөөлөл цаг наргүй ажиллалаа. Нутаг буцах хүсэлтэй 400- гаад иргэний бүртгэлийг баталгаажуулж, монголчуудаа Делид төвлөрүүлэхийн тулд Энэтхэг улсын ГХЯ-наас хот хооронд зорчих зөвшөөрөл авах зэрэг олон ажил амжуулжээ.

-Тэндээс Монголдоо ирэх хүртэл халдвар, хамгааллын ямар дэглэм барив. Онгоцонд нөхцөл байдал ямар байсан бэ?

-Энэтхэгт хөл хорио тогтоосон үеэс тэнд гацсан монголчууд нэгдсэн нэг зохион байгуулалтад орж, пэйж нээж хоорондоо мэдээллээ солилцох болсон. Монголдоо байгаа иргэдээс ч илүү халдвар, хамгааллын дэглэм баримтлах өндөр шаардлагыг өөрсдөдөө тавьж байлаа. Хүнсээ цуглуулах буюу шаардлагатай үедээ зөвхөн нэг нь л гарч, буцаж ирээд бүх хувцсаа угааж, ариутган, хаа ч явсан амны хаалт зүүж, бээлий өмсөж, гараа ариутгаж байсан. Делигийн нисэх онгоцны буудалд нутаг буцахаар ирсэн иргэдийг харахад бүгд стандартад нийцсэн амны хаалттай, бээлий өмссөн, бүгчим халуун байсан хэдий ч битүү хувцас өмсөж, өөрсдийгөө хамгаалан, онгоц руу орохдоо хүртэл зай барьж байсан. Онгоцонд орохын өмнө хоёр монгол хүн угтан авч, халуун хэмжээд, дараа нь суухад мөн хоёр хүн угтан авч “Сайн байна уу, ядарсан уу, тавтай морил” гэж хэлэхийг сонсоод итгэж ядсандаа, баярласандаа хоолой зангирсан шүү. МИАТ-ийн болон бидэнд үйлчилсэн ажилтнууд нарийн зохион байгуулалттай ажиллаж, эх оронд минь эсэн мэнд авчирсанд талархаад баршгүй. Монголын болон Энэтхэгийн Засгийн газарт талархсан сэтгэлээ илэрхийлж, бид хандив цуглуулж байгаа.

-Онгоцноос буугаад л тусгаарлах байр луу явсан уу. Тусгаарлах байрны орчин хэр вэ. Өдрийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Онгоцноос буугаад л Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдал дээд зэргээр мөрдөгдөж буйг харлаа. МХЕГ, ОБЕГ, ЗӨСҮТ, ЭМЯ-ны ажилтан, албан хаагчид биднийг угтан авч, ачаа тээшийг минь ариутгаж, хуваарилагдсан нэрсийн дагуу автобусанд суулгасан. Цагдаагийн тусгай хамгаалалт дор, ариутгасан автобусанд сууж, тус тусын буудал руугаа явцгаасан. Би 39 хүний хамт “Намуун” зочид буудалд байрлаж байна. Буудалдаа ирэхэд үүдэнд хамгаалалтын хувцастай эмч нар халуун үзэж, найрсгаар угтан авч хүн бүрийг тусад нь өрөөнд оруулсан. Энд онцгой байдлын ажилтан нэг, халдвартын гурван эмч, гал тогооны ажилчид, гадаа үүдэнд машинтай цагдаа нар тасралтгүй хянаж, өндөржүүлсэн бэлэн байдалд бидэнтэй хамт 21 хоног тусгаарлагдаад гэртээ харих юм. Өдөрт таван удаа, аминдэмээр баялаг хоол, цай хуваарийн дагуу өгч байгаа. Өглөө бүр 09.30- 10.30 хүртэл Zoom аппликейшн ашиглан иогийн багш нар бидэнд дасгал заадаг. Хоол, цай авахдаа тогтсон журмын дагуу амны хаалтаа зүүн, үүдэнд байрлуулсан ширээн дээр аяга, тавгаа гаргаж тавиад аягалсны дараа өөрсдөө авдаг. Өрөөндөө хоёр цаг тутам агаар оруулан, бэлтгэж өгсөн материалын дагуу цэвэрлэгээ хийнэ. Өндөр хурдны интернэтэд холбогдсон. Долоо хоногийн лхагва гаргийн тодорхой цагт эргэлт оруулж байгаа.

-Нууц биш бол хэчнээн төгрөгийн зардлаар эх орондоо ирсэн бэ. Гадаадад буй монголчуудын цөөнгүй нь төр, засаг биднийг харж үзэхгүй байна, тийзний зардлаа төлөх чадваргүй хүн ч бий гэцгээж байгаа. Үүнтэй санал нийлэх үү?

-Тийзний зардалд том хүн 2 098 300, хүүхэд 1 682 600 төгрөг төлсөн. Дээр нь байр, хоолны 1 050 000 төгрөгийг ОБЕГ-ын дансанд хийж, тийзээ баталгаажуулсан. Хэдийгээр манай улс хилээ нээхгүй, хугацаа сунгасан ч Засгийн газраас чартер нислэгээ зөвхөн МИАТ-ийн онгоцоор хязгаарлахгүйгээр, гадаадын орнуудаас тусгай нислэг үйлдэж болдоггүй юм болов уу. Гадаадад гацсан иргэдээ аль болох эрсдэлгүй байгаа дээр нь татаж авах нь зүйтэй. Энэтхэгийн Карната хотын Гоман дацанд байгаа бага насны 200-гаад ламхай нараа хурдан авчраасай.

-Ирсэн бүх хүний эхний шинжилгээний хариу сөрөг гарсан. Дахиж шинжилгээ авсан уу?

-ХӨСҮТ-ийн эмч нар ирж, цус болон хамрын арчдасаар шинжилгээ авсан. Маргааш нь бүх хүний хариу сөрөг гарсан гэсэн сайхан мэдээ дуулсан. Бид эх орон, гэр бүлдээ вирусгүй л очиж, дараа дараагийнхаа ирэх иргэддээ саад болохгүй юм шүү гэсэн чин эрмэлзэлтэй, хэцүү бэрхийг даван туулж, тэвчиж, хариуцлагатай байсны үндсэн дээр эхний сорилоор бүгд вирусгүй гарсандаа маш их баяртай байгаа. Вирусийн шинжилгээг гурван удаа авна гэсэн. Хоёр дахь шинжилгээг одоохондоо аваагүй.

-Гараад хамгийн түрүүнд юу хийхийг хүсэж байна даа?

-Зургадугаар сарын 8-нд гараад үргэлжлүүлээд гэртээ 14 хоног хөл хорионы дэглэмд орно. Гэр бүлийнхэндээ санаа зовж, хүүхдүүдээ их саналаа. Тэдэнтэйгээ хурдан уулзмаар байна. Дараа нь ажилдаа орно доо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)