С.Алиманцэцэг: Миний дүү хүн гэмтээсэн хэрэгт холбогдоогүй

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын санаачилгаар өчигдөр Төрийн ордонд нэгэн хэлэлцүүлэг боллоо. Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшүүлсэн хүмүүсийн талаар иргэд, олон нийтийн байгууллагын төлөөллийн саналыг сонсох зорилготой уг хэлэлцүүлэгт 90 гаруй хүн оролцсоноос гадна санаачлагч гишүүд болох Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч М.Чинбат, С.Алиманцэцэг нар байлцав. 

Эдгээр гишүүн АТГ-ын удирдлагын томилгоотой холбогдуулан нийтийн сонсгол зохион байгуулах хүсэлтээ УИХ-ын даргад уламжлаад буй бөгөөд УИХ-тай зөвшилцөн томилдог улсын ерөнхий прокурор, түүний орлогч гэх мэт албан тушаалтны талаар сонсгол хийх хууль, эрх зүйн боломжгүйг хэлж байсан юм. 

Улмаар Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, зөвхөн УИХ-аас томилогддог биш, зөвшилцдөг албан тушаалтантай холбоотойгоор томилгооны сонсголыг хийж болох нөхцөл бүрдүүлэхээ мэдэгдээд буй. Хэдийгээр эдгээр албан тушаалтны талаар сонсгол хийх боломжгүй ч олон нийтийн саналыг сонсохыг нь УИХ-ын Тамгын газрын зүгээс дэмжиж, дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь энэ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүн Х.Нямбаатар “Нэр дэвшигч М.Чинбат салбартаа тасралтгүй 20 гаруй жил ажилласан юм байна. Тэр дундаа мөрдөн шалгах үйл явцад хяналт тавин ажиллаж байсанд олзуурхаж буйгаа хэлье. Өмнө нь улсын ерөнхий прокуророор улс төрийн намын удирдлагад ажиллаж байсан хүнийг томилоод ямар үр дагаварт хүрснийг хүн бүр мэдэж байгаа. 

Дараа нь цагдаагийн байгууллагыг удирдаж байсан хүнийг улсын ерөнхий прокуророор томилсон. Тэр нь зарим тодорхой асуудлыг шалгаж хэрэг үүсгээгүй. Ер нь эрүүгийн хэргийн гомдол тасрахаа байлаа. Тиймээс та уг албан тушаалд томилогдвол авлига, албан тушаалын олон үйлдэлтэй хэргийг шалгаж байна гэх нэрийдлээр замхруулдаг байдлыг халаарай. Хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг нь хүлээж, улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөх, сонгуультай холбох гэх мэт олон шалтгаанаар хэргийг дардаг. 

Шинээр баталсан Эрүүгийн хуулиар ингэж дарагдуулах боломжийг хааж чадсан юм шүү. Өөрөөр хэлбэл, үйлдэл бүрийг нь бие даасан хэрэг болгож, шалгаад холбогдох хариуцлагыг нь хүлээлгэхээр хуульчилсныг хэрэглэхгүй байна. Нөгөө талаас прокурорын байгууллагын нэгдмэл, төвлөрсөн удирдлага гэж гагцхүү улсын ерөнхий прокурорт бүх эрх мэдэл төвлөрөхийг хэлээгүйг үйл ажиллагаандаа тусгахыг хичээгээрэй. 

Тус байгууллагыг санхүү, боловсон хүчний бодлогын хувьд л нэгдмэл байлгах тухай ойлголт юм шүү дээ” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Нэр дэвшигч М.Чинбат эдгээр асуудалд анхаарахаа илэрхийлээд, прокурорын байгууллагын нэр хүнд унаж байгаа явдалд дүгнэлт өгч ажиллах боломжтойг хэлж байлаа.

Түүнчлэн Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийг төлөөлж Ш.Түвдэнбалжир “Аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарч ажиллах нь зүйтэй. Та улсын ерөнхий прокурорын орлогчоор томилогдвол хэд хэдэн зүйлд анхаарал хандуулаарай. Тухайлбал, мөнгөний ханшийг зориудаар унагаж, байгалийн баялгийг лиценз нэрээр авч, олон улсын зах зээлээс өч төчнөөн хөрөнгө босгож байгааг орхигдуулж огт болохгүй. 

Тариалан эрхлэлтийг дэмжих санд 20 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хүнийг Шинжлэх ухаан, технологийн сангийн даргаар томилчихоод байгаа шүү” хэмээн захисан бол Хараат бус захирлуудын зөвлөлийг төлөөлж Н.Дашзэвэг “Прокурорын байгууллагын удирдлагууд бямба, ням гаргийг ард, иргэдтэй уулзахад зориулах хэрэгтэй. Өмнөх даргынхаа хэрэгсэхгүй болгосон бүх хэргийг сэргээж шалгаарай” гэж онцолсон.

Мөн “Дархан Монгол нэгдэл” ТББ-ын Удирдах зөвлөлийн тэргүүн Д.Даш нэр дэвшигч С.Алиманцэцэгээс “Таны төрсөн дүү хамт ажиллаж байсан хүнтэйгээ нийлж, Жамсран гэх хүний толгойг оргилуун дарсны шилээр цохиж гэмтээсэн гэсэн. Ийм явдал болох үед та хаана ажиллаж байсан бэ. Хэргийг нь хаахад та нөлөөлсөн үү. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы компанид дүү, нөхөр хоёр тань ажилладаг юм байна. Энэ хүнтэй холбоотой хэрэг гарвал шударгаар ажиллаж чадах уу” гэж асуухад “Миний дүү таны яриад байгаа хэрэгт холбогдож шалгагдаагүй. Тухайн үед би Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт ажиллаж байсан. Манай дүү Үндсэн хуульд заасанчлан ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийн үндсэн дээр өөрийн хүсэлтээр тээвэр зууч, ложистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид ажилладаг. Харин нөхөр маань тэр компанид ажилладаггүй” хэмээн хариулсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)