Сөүл-Улаанбаатарын чиглэлд “Asiana airlines” нислэг үйлдэхээр шалгарчээ

БНСУ-ын Засгийн газар “Korean air” компанийн Монгол дахь монополыг задлах шийдвэр гаргасан билээ. Хоёр улсын агаарын тээврийн хэлэлцээр өнгөрсөн сард болох үеэр Улаанбаатар-Сөүлийн чиглэлд манайхаас МИАТ, БНСУ-ын талаас “Korean air”-ээс гадна өөр нэг компаниар нислэг үйлдүүлэхээр шийдсэн юм. 

Сөүл-Улаанбаатарын чиглэлд “Korean air”- тэй хамт зорчигч тээвэрлэхээр “Asiana airlines”, “Jeju air”, “Eastar jet” зэрэг компанийнхан өрсөлдсөн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг өрсөлдөөнд “Asiana airlines” шалгарсан тухай БНСУ-ын Засгийн газрын эх сурвалж мэдээлснийг “Yonhap” агентлаг уламжиллаа. Тус компани нислэгтэй холбоотой бүхий л бэлтгэлийг хангана гэдгийг уг мэдээлэлд дурджээ.

“Asiana airlines” нь “Korean air”, МИАТ-тэй адил, “prestige” буюу үнэтэй нислэгийн компани аж. Харин “Jeju air”, “Eastar jet” нь “low cost carrier” буюу хямд нислэгийн компани бөгөөд аль нэг нь сонгогдвол дээрх чиглэлийн тийзийн үнэ 30-40 хувиар хямдрахыг мэргэжилтнүүд үгүйсгэхгүй байсан юм. 

1988 онд байгуулагдсан “Asiana airlines” нь улсдаа “Korean air”-ийн дараа бичигдэх агаарын тээврийн компани юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)