“Сүү” компанид нэмэлт хувьцаа гаргах зөвшөөрөл олголоо

Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Сүү” компанид Санхүүгийн зохицуулах хорооноос нэмж хувьцаа гаргах зөвшөөрөл өчигдөр олголоо. “Сүү”-гийнхэн 85.6 сая ширхэг буюу компанийн 19.9 хувьтай тэнцэх хувьцааг хөрөнгө оруулагчдад нэмж санал болгохоор төлөвлөжээ. Нэмж арилжих хувьцааны 77.03 сая ширхгийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 8.55 саяыг нь олон нийтэд арилжих юм байна. Тус компанийнхан хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн мөнгөөрөө үйлдвэрийн сүү хүлээн авах хэсэг болон боловсруулах цехийн тоног төхөөрөмжөө шинэчлэх, өргөтгөх ажлыг гүйцэтгэх гэнэ. “Сүү” хувьцаат компанийн нэгж хувьцаа одоогоор 186 төгрөгийн ханшид хүрчээ. Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ 64.28 тэрбум төгрөгт хүрэв. Тэднийх өнгөрсөн онд 2.3 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан юм.