Сүүний эрэлт, нийлүүлэлт тэнцүү ч эдийн засгийн өгөөж бага байна

Манай улс 2019 оны эцэст 70 гаруй сая толгой мал тоолуулсан. Үүний 29.2 сая нь эх мал бөгөөд энэ хавар төллөж буй юм. Жил бүр 26-29 сая мал төллөн (сүүлийн 3-4 жилийн үзүүлэлтээр), зун, намарт сүүний нийлүүлэлтийг өсгөдөг. Тодруулбал, энэ хугацаанд дотоодоос жилд 900 сая литр сүү нийлүүлэх боломж бүрддэг гэв. Үүний 10-20 хувийг томоохон үйлдвэрүүд худалдан авч, боловсруулан сүү, сүүн бүтээгдэхүүн хийдэг гэнэ. Үлдсэн нь малын “дэлэнд үлдэн”, өрхийн хэрэгцээнд зориулагдаад дуусдаг аж. Харин Монгол Улсын хүн амын нэг жилийн сүүний хэрэгцээ 200 сая орчим литр хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам тооцжээ. Сүү боловсруулах салбарын суурилагдсан хүчин чадал жилд 900 орчим сая литр буюу нийлүүлэлтэйгээ дүйцдэг ч чадлынхаа 10-20 хувийг л ашигладаг. Манайх мал аж ахуйн орон учраас дотоодын сүүний хэрэглээг, дөрвөн улиралдаа бүрэн хангаад, нэмж 400 сая литрийг үйлдвэрийн аргаар боловсруулах боломжтойг мэргэжилтнүүд тооцжээ. Гэвч түүхий эд бэлтгэлийн тогтолцоо муутай, тээвэр ложистик сайн хөгжөөгүйгээс хот суурин, үйлдвэрүүдэд сүү хүргэхэд хүндрэлтэй хэвээр байгаа юм. Тиймээс Засгийн газраас тогтоосон квотын дагуу аж ахуйн нэгжүүд хуурай сүү импортлон хүн амын хүнсний хэрэгцээг хангадаг. Үүний тулд жилд 4000-5000 тонн хуурай сүү худалдан авахад 100 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг юм байна. Бид хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд их хэмжээгээр бэлтгэдэг ч боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байгаагийн нэг жишээ бол сүүний салбар юм. Эл салбарыг хөгжүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, түүхий эдээ бүрэн ашиглах тухайд дараах хүмүүс санал бодлоо хуваалцлаа.

...Тодруулбал, энэ хугацаанд дотоодоос жилд 900 сая литр сүү нийлүүлэх боломж бүрддэг гэв. Үүний 10-20 хувийг томоохон үйлдвэрүүд худалдан авч, боловсруулан сүү, сүүн бүтээгдэхүүн хийдэг гэнэ. Үлдсэн нь малын “дэлэнд үлдэн”, өрхийн хэрэгцээнд зориулагдаад дуусдаг аж. Харин Монгол Улсын хүн амын нэг жилийн сүүний хэрэгцээ 200 сая орчим литр хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам тооцжээ...

Монголын сүүний нэгдсэн холбооны тэргүүн О.Амарцэнгэл “Түүхий сүү ихээр нийлүүлэх боломжтой манай улсад боловсруулах салбарт нь ахиц бараг гарахгүй байгааг дурдах нь зүйтэй. Энэ нь фермийн аж ахуйг төдийлөн хөгжүүлээгүйтэй холбоотой. Ашиг шим ихтэй, сүүний чиглэлийн үхрийн аж ахуйг төв суурин газрын ойролцоо олноор нь байгуулбал дөрвөн улирлын турш бүтээгдэхүүнээр тасалдахгүй байх боломжтой. Тархай бутархай амьдардаг малчдын малын сүүг цуглуулж, нийлүүлж, хадгалах хүндрэлтэй. Сүү нь тээвэрлэлт “даадаггүй”, амархан гашилж, мууддаг тул өндөр үнэтэй, маш нарийн технологи, тоног төхөөрөмж шаардлагатай” гэв. Тэгвэл 10 гаруй төрлийн бяслаг үйлдвэрлэж буй “Маку” компанийн менежер Х.Ганболд “Манайх одоогоор бяслагаа Япон руу экспортолдог. Улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд зарим бүтээгдэхүүнийг татварын таатай нөхцөлөөр арлын орон руу нийлүүлдэг юм. Өнгөрсөн намар Хятадаас албаны хүмүүс ирж манай бүтээгдэхүүнд шинжилгээ хийсэн. Гол нь түүхий эдийнхээ гарал үүслийг тодорхойлж, эрүүл малаас, ариун цэврийн шаардлага хангасан орчинд сүү бэлтгэдгийг олон улсын жишгийн дагуу нотолж чадвал бяслаг худалдан авах бүрэн боломжтой гэсэн. Удаан хадгалах бодис, өнгө, амт оруулагч нэмээгүй байгалийн цэвэр гэдгээрээ Монголын сүүн бүтээгдэхүүн онцлог. Холбогдох байгууллагууд нь экспортлох боломжийг өсгөн, олон улсын түвшинд хөдөө аж ахуйн худалдааг өргөжүүлж, таниулах хэрэгтэй” гэлээ.

Харин Улаанбаатараас 130 орчим км-ийн зайд байрладаг, сүүний чиглэлийн 60 орчим үнээтэй фермер О.Цолмон “Фермээ 10 гаруй жилийн өмнө хөдөө аж ахуйг дэмжих зээлийн хөрөнгөөр байгуулсан. Сайн үүлдрийн эцэг малаар монгол үнээг хээлтүүлж, өсгөж байна. Өнгөрсөн оноос л үхрүүд маань бүрэн эрлийзжэн, ашиг шим нь тогтворжиж эхэлсэн. Өдөрт нэг үхрээс 10 орчим литр сүүг, жилийн турш саадаг. Харин зун, намарт буюу нэг жилийн хагаст нь сүүний үнэ хямдарчихдаг тул ашиг буурдаг. Гэтэл сүүн бүтээгдэхүүний ханш тогтмол өсөлттэй байдаг шүү дээ. Мөн тэжээл олох нь бэрхшээлтэй. Сайн үүлдрийн малд чанар сайтай, хүчит тэжээл өгдөг учраас санхүүгийн асуудал их гардаг” хэмээн ярилаа.

Манай улсад 1990 оноос өмнө сум бүрт, бараг багийн төв болгонд сүүн завод байжээ. Айл өрхүүд тодорхой хэмжээний сүүг өдөр бүр нийлүүлэх үүрэгтэй байв. Сүү боловсруулах анхан шатны нэгжийн ариун цэвэр, халдваргүйжүүлэлт, малын эрүүл ахуйд онцлон анхаарч байсан бөгөөд дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангаж байж. Өдгөө орон нутагт сүү боловсруулах томоохон үйлдвэр байхгүй, түүхий эд цуглуулах нэгж, малчид, аж ахуйн нэгж хоорондын тээврийн албагүй нь хамгийн том асуудал аж. Хэрэв сүү боловсруулах, цуглуулах анхан шатны нэгжийг олноор нь байгуулж чадвал боломж их гарах нь. 

Тодруулбал, нэг литр сүүнээс 100-120 грамм хуурай болон хатаасан сүү гаргаж авдаг гэнэ. Тэгвэл 900 сая литр сүүнээс 9000 тонн хуурай, хатаасан сүү гаргах боломжтой. Дотоодын үйлдвэрлэгч, иргэдийн хэрэглээг хасаж тооцоод ч дээрх дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний бүтээгдэхүүн хийсэн ч эдийн засгийн өгөөжийг нь үнэлж баршгүй юм.

Сүүний үнэ хямд, орон нутагт худалдан авагч цөөтэй учраас малчид бог малаа саахаа больжээ. Сүү үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, түүхий эдээ хаягдалгүй ашиглахын тулд сүүнд урамшуулал олгох хэрэгтэй гэх хүн цөөнгүй байна. Засгийн газрын түвшинд ч энэ талаар олонтоо яригдан, ноолуур, ноосны адилаар сүүнд татаас олговол малчдыг идэвхжүүлж, үйлдвэрүүдийг бүрэн ажиллуулах боломжтойг онцолдог. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох “Малчдаас өвлийн улиралд үйлдвэрүүдэд тушааж буй сүүний литр тутамд урашуулал олгох талаар яригдаж байна. Мөнгө өгч эхэлбэл иргэд хоршин, түүхий эдээ цуглуулах анхан шатны нэгж байгуулан, үйлдвэрт сүү өгөх боломжтой. Фермийн аж ахуйг хөгжүүлэхэд бид анхаарч саалтуур, шаардлагатай бусад тоног төхөөрөмжийг аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлээр олгосон. Мөн хангалттай тэжээлтэй байх зорилгоор жил бүр тэжээлийн ургамлын талбайн хэмжээг өсгөсөөр байна. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд бордох нь чухал” гэлээ.

Олон улсад бэлчээрийн малын сүүгээр хийсэн бүтээгдэхүүнийг өндөр үнэлдгийг мэргэжилтнүүд дурдаж байв. Тиймээс манай улс фермийн аж ахуйг хөгжүүлэхээс гадна бэлчээрийн малын сүү, махыг олон улсад сурталчилбал үр дүнтэй байх нь. Бэлчээрийн малын сүүгээр хийсэн бүтээгдэхүүний өртөг фермийн малын сүүгээр хийсэн ижил төрлийн хүнснээс 2-3 дахин өндөр байдаг жишиг БНХАУ-д бий. Мөн 100 литр сүү боловсруулахад 1.5-5 ажлын байр бий болж, түүхий сүүний нэг литрийн өртгөөс 3-8 дахин их үнэтэй бүтээгдэхүүнүүд хийх боломжтой аж. Дэлхий дахины сүүний хэрэгцээний 40 хувийг Азиас нийлүүлдэг ба ирэх дөрвөн жилд Ази болон бусад тивийн хөгжиж буй орноос бэлтгэх сүүний хэмжээг 20-30 хувиар буюу 180 орчим сая тонноор өсгөх шаардлага бийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газраас дурджээ. Сүүлийн хоёр жилд Энэтхэг улс сүү цуглуулах, боловсруулах дэвшилт технологи нэвтрүүлснээр фермер, малчдынх нь томоохон үйлдвэрт нийлүүлдэг сүүний хэмжээ 2.5 дахин өсжээ. ХБНГУ, Нидерланд, Франц, Итали, Дани зэрэг орон бяслагны экспортоос жилд дунджаар таван тэрбум гаруй ам.доллар олдог гэнэ. Дэлхийн хүн амын сүү, сүүн бүтэгдэхүүний хэрэглээ сүүлийн 30 жилд хоёр дахин өсөж, өдгөө жилд 700 сая тонноос давжээ. Түүнчлэн сүү, сүүн бүтээгдэхүүний худалдааны 72 орчим хувийг хуурай сүү эзэлж байх жишээтэй. Хуурай сүүний импортоор БНХАУ, Хонконг тэргүүлдэг юм байна. ОХУ-ын хувьд ч хуурай сүүний импортын хэмжээ, зарцуулдаг хөрөнгө нь тогтмол өсөлттэй байгаа нь манай улсад экспортын том зах зээл буйг илтгэж байна.