Сүүлчийн там уу, диваажин уу

Анданманы арлууд дахь чулуун зэвсгийн үеийн сүүлчийн оршин суугчдаа Энэтхэг улс өдөр ирэх тусам олширч буй жуулчдаас хамгаалан үлдэж чадах болов уу?

Тус улс Анданманы болон Никобарын арлаа дэлхийн түвшний аялал жуулчлалын төв болгохоор бэлтгэж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард төв Засгийн газар нь аялал жуулчлалын салбарыг хөхиүлэн дэмжихийн тулд цогц арга хэмжээ авахаар 16 арал сонгожээ. Нэг жилийн өмнө эрх баригчид нь Андаман болон Никобарт гадаадын иргэд зорчих дэглэмийг хялбаршуулж, зорчих зөвшөөрлийг урьдчилж хүсэхгүй, арлуудын нийслэл Порт-Блэр хотод нисэх, эсвэл хөлөг онгоцоор очсон хойноо авах боломжийг нээсэн байна. Энэтхэгийн визтэй бол 30 хоногийн зөвшөөрөл төвөггүй өгнө гэсэн үг.

Энэ оны эхээр Энэтхэгийн Нисэх буудлуудын удирдах газраас мэдээлснээр арлуудад удахгүй “нисдэг завины” орчин үеийн нисэх буудлын сүлжээ байгуулна. Эхний гурвыг Свараж, Шахид, Лонг аралд нээх аж. Бенгалын булангийн бүлэг арлын энэ хэсэгт хамгийн ирээдүйтэй салбарт тооцогдож буй аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд ийм төсөл хэрэгжүүлж эхэлжээ.

Андаман нь хэдийнээс элсэн эрэг, шүрэн тэнгисээрээ алдартай. Эдгээрийн төлөө жил бүр хэдэн мянган хүн зорьж очдог. Гэхдээ аялал жуулчлалын дэд бүтэц сайн хөгжөөгүй учир Андаманы арлуудыг тансаг зочид буудал, үйлчилгээ шаарддаггүй гадаадын иргэд болон энэтхэгчүүд илүүд үздэг. Энд жилд дунджаар гадаадын 15 мянга гаруй жуулчин очдог гэнэ.

Эл арлыг 1970-аад оны эхээр мэдэх хүн цөөн байсан бол өдгөө тэнгисийн амралт сувиллын тансаг газрын бэлгэ тэмдэг болох шахаж буй тул хэтдээ Мальдивт сорилт болгохоор төлөвлөгөө Шинэ Дели сэдсэн бололтой. Андаманд ч тийм эргэлт хийх боломж бий. Учир нь Мальдив, Канар, Пасхи аралд ч байхгүй онцгой зүйл эл аралд байдаг нь чулуун зэвсгийн үеийн байдлаараа аж төрж буй уугуул омгийнхон юм. Тэд аялал жуулчлалын чиглэлийн сурталчилгааны брэнд болж буйгаа мэдээгүй байх.

СҮҮЛЧИЙН ОМГУУД

Үнэндээ чулуун зэвсгийн үеийн оршин суугчдыг олж харах амаргүй гэнэ. Тэд тийм амар хүрэхээргүй, тусгай газар нутагт байдаг аж. Гэсэн ч Андаманд уугуул иргэдийн манекенийг зочид буудлуудад, нутгийн дэлгүүрүүдэд бэлэг дурсгал, ил захидлаас гээд хаанаас ч харж болно. Мөхөж буй хосгүй соёл аялал жуулчлалын довтолгооны золиос болчих вий хэмээн Энэтхэгийн болон дэлхийн бусад улсын угсаатан судлаачид ч түгшиж байна.

Өдгөө жуулчдыг татах онцгой зүйлд тооцогдож буй Андаманы “зэрлэгүүд” саяхныг хүртэл тэдгээр арлын “мангаа” байжээ. Тэднийг чөтгөр, соёл иргэншилтэй болохыг хүсдэггүй буруу номтнууд гэдэг байв. Энэ нь Андаманы арлуудын оршин суугчдыг Британийн колоничлолын үед найрсаг бус, аюултай, зэрлэг хүмүүс хэмээн нэрлэснээс эхтэй гэдэг.

Андаманы аймшигтай оршин суугчдын тухай Британийн зохиолч Артур Конан Дойл алдартай тууждаа аймшгийн газрын өршөөлгүй алуурчнаар дүрсэлсэн байдаг аж. Үнэн хэрэгтээ Андаманы оршин суугчид нум, сумаас өөр зэвсэггүй шахам гэнэ.

Гэсэн ч домог үргэлжилж, цаг хугацаа өнгөрсөөр буй. Сүүлийн удаа андаманчуудын зэрлэг, бүдүүлэг байдлын тухай 2018 оны арваннэгдүгээр сард дэлхий даяар ярьжээ. Америкийн иргэн Жон Аллен Чау христийн шашин сурталчлахаар Сентинел арлыг зорьсон аж. Тэрбээр өдрийн тэмдэглэлдээ “Бурхан минь! Таны нэрийг сонсоогүй, сонсох ч боломжгүй арал байна” хэмээн бичжээ. Номлогч биш хэдий ч христийн шашны судар, дурсгалын зүйлс, хөлбөмбөгийн бөмбөг зэрэг бэлэг авч, хүрээлэн буй ертөнцтэйгөө холбоо тогтоохоос эрс татгалздаг омгийнхон аж төрдөг Сентинел арлыг зорьсон аж. Арлын оршин суугчид эхлээд тэр залууд гар хүрээгүй ч эндээс яв гэсэн зангааг нь хэн ч ойлгохоор байсан тухай 27 настай америк залуу тэмдэглэжээ. Эцэст нь ухуулга эмгэнэлтэйгээр төгсөж, зэрлэгүүд номлогч болох гэсэн эрийг олон сум харваж хөнөөсөн тухай хэвлэлүүдэд бичсэн байв.

ХАРИЙНХАНД ГИШГЭХ ГАЗАР ҮГҮЙ

Чаугийн түүх дуулиан тарьж, Сентинел арлын оршин суугчдын тухай дэлхий дахинд нийт бараг л анх удаа сонсжээ. Гэвч тэдний хэлийг хэн ч мэдэхгүй бөгөөд ойлгохгүй. Эл газарт хэчнээн хүн аж төрж буйг хэн ч хэлж чадахгүй. Тиймээс Энэтхэгийн Андаман болон Никобар арлуудын нийслэл Порт-Блэр хотоос холгүй орших Бенгалын булангийн Умард Сентинелийн арлууд XXI зуунд манай гаргийн хамгийн оньсого шиг газар хэвээр байна.

Өдгөө Андаманы арлуудын гол оршин суугчид нь Индостан хойгоос ирсэн энэтхэгчүүд. Гэхдээ эндхийн иргэд бүгд гадаад ертөнцөд нээлттэй байдаггүй. Тэднээс хамгийн хамгийн хаалттай нь сентинелчүүд. Харийнхныг аралдаа хөл тавихыг зөвшөөрдөггүй, халдахыг оролдсон хүнийг өршөөлгүй устгадаг. Найрсаг бус арлынхны хөнөөсөн анхны хүн нь Чау биш. Нутгийн загасчид сентинелчүүдэд ойртохоос айдаг. Тус бүс нутагт сураггүй болсон хүмүүсийн тухай ам дамжсан түүх ч бий. Хавч агнахаар нутгийн оршин суугчидтай тохиролцохоор 2006 онд очсон хоёр загасчныг газар дээр нь хороожээ. Тэдний цогцсыг авахаар нисдэг тэрэгтэй очсон цагдаагийнхан уугуул иргэдийг агаарт яваа машиныг хараад тарж зугтана гэдэгт итгэлтэй байсан бол тэд айгаагүй төдийгүй нум сум харваж байсан гэнэ. Цагдаагийнхан нэг загасчны цогцсыг л авч амжсан аж.

Тус арлынхныг зэрлэг авирласан гэхэд хэцүү. Учир нь гадаад ертөнцтэй нүүр тулахад нь тэдэнд сайн зүйл тохиолдоогүй нь тодорхой. Тухайлбал, Андаманы арал хохирсон 2004 оны хүчтэй цунамигийн дараа нутгийн эрх баригчид нисдэг тэрэгнээс нэн түрүүнд шаардлагатай эд зүйл тараажээ. Харамсалтай нь, нисдэг тэрэгнээс шидсэн нэг ууттай зүйл арлын оршин суугчийн аминд хүрсэн аж. Түүнээс хойш дээгүүрээ ниссэн тэргийг синтинелчүүд үхэл дагуулагч төмөр шувуу мэтээр хүлээн авч, нум сум харваж угтдаг болжээ.

Гэхдээ үргэлж тийм байгаагүй аж. XIX зууны эцсээр британичууд арлуудыг колоничилж, Андаманыг хаант улсынхаа хамгийн аймшигтай шорон болгохдоо сентинелчүүдтэй харилцаатай байсан аж. Хадгалагдан үлдсэн баримтаас үзвэл ахмад, язгууртан Морис Видал Портман омгийнхныг орчин үетэй холбохыг оролдож байснаараа онцгой. 1880 онд тэрбээр багийн хамт Андаман, тухайлбал, Сентинел аралд хэд хэдэн удаа очжээ. Шинжилгээний аяллынхаа үеэр британичууд янз бүрийн омгийнхноос хүн олзолж, гавлын яс, бие, бүр бэлэг эрхтнийг нь хэмжсэн байдаг. Ингээд хэдэн зууны турш тусгаарлагдмал аж төрсөн, Андаман дахь бүх ард түмэн хүрээлэн буй ертөнцөд тархсан олон өвчний дархлаагүй гэсэн шинжлэх ухааны дүгнэлт хийжээ.

Гэхдээ соёлт хүн төрөлхтөн зөвхөн угсаатны судалгаа хийж байгаагүй аж. Тодруулбал, британичууд (дараа нь дэлхийн II дайн жилүүдэд арлуудыг эзэлсэн япончууд) андаманчуудыг яг л зэрлэг амьтан адил агнаж байсан нотолгоо бий. Мөн аралд очигсдын зарим нь уугуул нутгийн эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгтөө идэвхтэй хамруулж байжээ. Гадаад ертөнцийн эдгээр харилцаа арлынханд сайнаар нөлөөлөөгүй бөгөөд XVIII зууны сүүлчээс уугуул оршин суугчдын тоо эрс цөөрсөн гэнэ.

ЧУЛУУН ЗЭВСГИЙН ЗУУНЫГ ХАМГААЛЪЯ

“Энэтхэгийн Засгийн газрын бодлого нь эл арлуудын оршин суугчдыг харийнхнаас хамгаалахад чиглэсэн” гэж тус улсын хамгийн алдартай хүн судлаач, Шинэ Делигийн их сургуулийн профессор Ануп Капур мэдэгджээ. Сентинел арал руу найман км-ээс илүү ойртуулахгүй гэнэ. Тус улсад аж төрдөг зөвхөн андаманчууд төдийгүй омгийнхныг хамгаалах жагсаалт бий. Тэднийг зорьж очихын тулд тусгай зөвшөөрөл авдаг.

Чау мэтийн аялагчид зөвшөөрөлгүйгээр загасчин хөлслөөд, арлыг зорьдог. Андаманы цагдаагийнхнаас эш татан хэвлэлд бичсэнээс үзвэл Чау тус тусдаа аж төрж буй үндэстнүүдийн дунд христийн шашин дэлгэрүүлэх зорилготой “All nations” байгууллагатай холбоотой аж. Түүний эцэг нь АНУ-ын Номлогчдын хамтын нийгэмлэгийг хэт үзэл нэвтрүүлсэн, хүүгийнх нь үхэлд буруутай гэж үзжээ. Андаманы арлуудад аялал жуулчлал хөгжихийн хэрээр даяаршлын үед арлынхныг хамгаалж чадах уу гэсэн бас нэг чухал асуудал тулгарч байна. “Арлын усанд эргийн хамгаалалтын усан онгоц үе үе эргүүл хийдэг. Умард Сентинелийг цэргийн хөлөг онгоцоор хүрээлүүлж, бүгдийг толгой дараалан устгуулах боломжгүй. Чауг дагагчид гарч ирэх нь мэдээж” гэдэгт сэтгүүлч Пракаш итгэлтэй байна.

“Америк залуугийн гунигт түүх эмгэнэлт сургамж болж, дахин хэзээ ч тийм явдал болохгүй хэмээн найдах хэрэгтэй” гэж Шинэ Делид байрладаг “Observer research foundation”-ы эрдэм шинжилгээний ахлах ажилтан Абхижит Сингх ярьжээ. Тус арлынхныг тайван орхих хэрэгтэй гэсэн түүнтэй Ануп Капур ч санал нэг байна. “Энэтхэгийн Засгийн газар тэр хүмүүстэй холбоо тогтоох гэлгүй, тэнд аж төрж байгаа хүмүүс амьдрах эрхтэй гэж үзэж буй. Хэн ч тэдний нийгэм, соёлд хөндлөнгөөс саад болох эрхгүй. Гэсэн ч сайхан үг амьдралд хэрэгжинэ гэдэгт итгэх хүн цөөн. Сентинел рүү жуулчид зорчих нь хэтэрхий аюултай” гэж тэрбээр хэлсэн байна.

Эл нийтлэлийг зохиогч хэдэн жилийн өмнө Андаманд очиход хөтөч нь автохтон омгийнхны арлуудад очихдоо машинаас гарч болохгүй, ил шууд гэрэл зураг дарахгүй, харин хүүхдүүд харагдвал шоколад болгоомжтой шидэх хэрэгтэй хэмээн зөвлөжээ.

Энэтхэгийн олон улстөрч, хүний эрхийн төлөө тэмцэгч “хүн шугуй” бий болгохоо зогсоохыг шаардаж байна. Гэвч жуулчдын тоо өсөхийн хэрээр арлуудад тулгамдсан асуудал нэмэгдэх болжээ. Зарим судлаачийн үзэж буйгаар сентинел болон Андаманы бусад омгийнхны үр удмын төлөөлөгчид нь Индостан хойгт 50 мянга орчим жилийн өмнө шилжин суурьшсан, Африкаас гаралтай анхны хүмүүс учир жуулчдын анхаарлыг татахгүй байх аргагүй аж.

Бэлтгэсэн: З.Ариун


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)