Сүүлийн хоёр жилд чөлөөлсөн 24.1 тэрбумын 15.4 нь МАК-ынх

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдийн эзэмшдэг компанийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн мэдээлэл гараад буй. Үүнийгээ Н.Номтойбаяр “Импортыг орлох үндэсний томоохон үйлдвэр байгуулж буй аж ахуйн нэгжүүдийг Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч, мэргэжилтэн илгээх тухай хуульд заасны дагуу ажлын байрны татвараас чөлөөлдөг.

Би нэг их давуу байдал гаргаж, хууль зөрчин хөнгөлөлт эдэлчихсэн юм биш. Уг зохицуулалтад энэ онд 22 компани хамрагдсан. Түүний нэг нь надтай хамааралтай компани. Урьд нь Хөдөлмөрийн сайд байсан Я.Санжмятав, С.Чинзориг нарын үед ч ийм тогтоол гарч байсан. Хуульд Хөдөлмөрийн асуудал хариуцсан сайд нь асуудлыг оруулж ирнэ гэж заасан байдаг. Тухайн жилд импортыг орлох томоохон ямар бүтээн байгуулалт байна, түүнийг төр засгийн зүгээс дэмжих үүднээс хөнгөлөлт үзүүлж ирсэн.

Өмнөх хууль, тогтоолыг хар. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Сү.Батболдын Засгийн газрын үед ч ийм зарчим барьж ирсэн” хэмээн тайлбарлаж буй. Ингээд өмнөх сайд нар гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрлийг хэдэн компанид өгч, хэчнээн аж ахуйн нэгжийг хэдий хэмжээний ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх шийдвэр гаргаж байсныг харьцуулан хүргэж байна.

● Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нарын гарын үсэгтэй 2013 оны хоёрдугаар сарын 23-ны Засгийн газрын 60 дугаар тогтоолоор найман компанийн 2407 ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлж, 38 компанид гадаадаас ажиллаж хүч оруулж ирэх зөвшөөрөл олгожээ.

● Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нарын гарын үсэгтэй 2014 оны хоёрдугаар сарын 21-ний Засгийн газрын 53 тоот тогтоолоор зургаан компанийн 936 ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлж, 42 компанид гадаадаас ажиллах хүч авчрах зөвшөөрөл олгожээ.

● Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нарын гарын үсэгтэй 2015 оны гуравдугаар сарын 2-ны тогтоолоор гурван компанийн 620 ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлж, 41 компанид гадаадаас ажиллах хүч оруулж ирэх зөвшөөрөл олгосон байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нарын гарын үсэгтэй 2016 оны хоёрдугаар сарын 1-ний 84 тоот тогтоолоор хоёр компанийн 2310 ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлж, 22 компанид гадаадаас ажиллах хүч оруулж ирэх зөвшөөрөл өгчээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нарын гарын үсэгтэй 2016 оны арванхоёрдугаар сарын 21-ний 201 тоот тогтоолоор гурван компанийн 2310 ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлж, 14 аж ахуйн нэгжийн гадаадаас ажиллах хүч ажиллуулах зөвшөөрлийн хугацааг сунган, найман аж ахуйн нэгжид шинээр зөвшөөрөл олгожээ.

Жич: Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө ажлын байрны төлбөрийг энэ хуулийн 9.2-т заасан хэмжээгээр төлнө”, 9.2-т “Ажлын байрны төлбөрийн хэмжээ нь нэг сард гадаадын иргэн бүрт Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна”, Ашигт малтмалын тухай хуулийн 43.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх бөгөөд тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 10-аас дээшгүй хувь нь гадаадын иргэн байж болно”, 43.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаадын иргэдийг энэ хуулийн 43.1-д зааснаас илүү хэмжээгээр авч ажиллуулсан тохиолдолд ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлнө” хэмээн хуульчилсан байдаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)