Сүхбаатар аймгийн АН-ынхан иргэдэд 5000 төгрөг тараасан, эсэхийг шалгаж байна

Цагдаагийн ерөнхий газраас Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэрхэн ажиллах талаар болон сонгуулийн сурталчилгаатай холбоотой хууль зөрчсөн зарим хэргийг хэрхэн шийдвэрлэсэн тухай өчигдөр мэдээллээ. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн тавдугаар сарын 22-ноос хойш цагдаагийн байгууллагад 115 гомдол, мэдээлэл иржээ. Түүнээс 30 зөрчил нь тогтоогдоогүй бол 19-ийг нь шүүхэд шилжүүлсэн гэнэ. Ирсэн 115 гомдол, мэдээллийг шалгахад 53 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн бөгөөд үүний 13-ыг нь шүүхэд шилжүүлсэн аж.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын АН-ын хороо нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн заалтыг зөрчиж, сумын сонгуулийн нэгдүгээр хэсэгт хуулиар зөвшөөрөгдсөн тооноос илүү зурагт самбар байрлуулж сурталчилгаа явуулжээ. Цагдаагийн байгууллага уг асуудлыг шалгаж Сэлэнгэ аймгийн Сум дундын I шүүхэд шилжүүлсэн аж. Тус шүүх хууль зөрчсөн нь тогтоогдсон гэж үзээд 421200 төгрөгөөр торгожээ. Мөн нэр дэвшигч Н.Удвалын сурталчилгааны самбарыг Арвайхээрийн Захирагчийн албаныхан хууль зөрчиж буулгасан гомдлыг шалгаад шүүхэд шилжүүлсэн гэнэ. Сүхбаатар аймгийн АН-аас иргэдтэй уулзах уулзалтын үеэр гар утасны нэгжний мөнгө гэж 5000 төгрөг, “Онч үг” гэсэн номын хамт тараасныг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж буй аж.

Нэр дэвшигчдийн зурагт хуудас, сурталчилгааны байранд халдсан явдал бас гарчээ. Энэ сарын 5-нд 23.00 цагийн үед АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн морь унасан зураг бүхий сурталчилгааны самбарыг урлаа гэсэн гомдол цагдаагийн байгууллагад ирснийг шалгаад гэм буруутай хүмүүст торгуулийн арга хэмжээ авч, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Мөн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын төвд МАН-ын болон сонгуулийн штабын байрны цонхыг чулуугаар хагалсан гэх мэдээллийн дагуу шалгаж, зөрчил гаргасан хүүхдийн эцэг эхээр цонхны шилийг нь төлүүлсэн гэнэ.



Г.РАВЖАА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)