Сүхбаатар аймагт хүүхэд харах үйлчилгээний таван төв ажиллана гэв

Энэ жил сургуулийн өмнөх боловсролд  3-5 настай хүүхдүүд хамрагдах болсонтой холбоотойгоор хоёр настай хүүхдийг хүүхэд харах үйлчилгээний төвд хамруулахаар Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэсэн.

Тэгвэл хүүхэд харах үйлчилгээний төвийг Сүхбаатар аймагт энэ сарын 15-наас эхлэн ажиллуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд таван төв ажиллах байна. Тухайлбал, тус ажиллах таван төвөөс хоёр нь Баруун-Урт суманд, үлдсэн гурав нь Сүхбаатар, Дарьганга, Түмэнцогт суманд байрлах аж. Мөн тус аймгийн хэмжээнд хоёр настай 1,500 гаруй хүүхэд байгаагаас 500 гаруй нь Баруун-Урт суманд байдаг байна.

Түүнчлэн хүүхэд харах үйлчилгээний төвд ажиллах боловсон хүчин нь тавигдах шаардлагуудыг хангасан, хүүхдийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлсэн, бага насны хүүхдийн асаргаа арчилгааг мэддэг байх шаардлагатай. Одоогоор хүүхэд харах үйлчилгээний төвийг ажиллуулах хүсэлтэй иргэн, аж ахуй нэгжийн мэдээллийг авч байгаа учраас яг хэзээнээс бүртгэл хийж, хүүхдээ авч эхлэх нь тодорхойгүй байна гэж тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас мэдээлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)