Сүхбаатар аймагт АН, МАН-ынхан ажиллах нь

Сонголтоо баталгаажуулах гэсэн Сүхбаатарын АН-ынхан өнгөрөгч пүрэв гаригт нутгаасаа 20 “Приус” машин хөлөглөн нийслэлийг зорьсон. Тэд Сүхбаатарын талбайд жагсахаар төлөвлөсөн ч нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл өгөөгүй тул төв талбайг тойрон тайван жагсаал хийв. Тэднийг дэмжиж УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа нар ирж уулзсан юм.

Тэд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Ганцхан аймагт Ардын нам ялагдаж болохгүй юм уу. Сүхбаатар аймаг хууль бус Засаг даргатай хагас жил болчихлоо. Үүнийг хүлээн зөвшөөрсөөр байвал Монгол Улсын ардчиллын үндэс үгүй болно” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Хариуд нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Миний явуулсан бодлого хууль зөрчөөгүй. Сүхбаатар аймгийн Засаг даргыг томилохдоо хуулийн дагуу ажилласан. Хуулийн дагуу гэдгийг нь шүүх тогтоосон” гэж байсан бөгөөд Засгийн газрын тэргүүн уг асуудлаар Сүхбаатарын АН-ынхантай уулзана гэж байсан ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат тэдэнтэй ярилцсан юм. 

Уг уулзалт үр дүнд хүрсэн талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлсэн бөгөөд “Сүхбаатар аймагт үүссэн улс төрийн нөхцөл байдлын талаар хоёр нам зөвшилцөж байна. Маргаан, мэтгэлцээн нэлээд удаан үргэлжилж буй. Иймэрхүү байдлаар үргэлжилбэл сайн үр дүнд хүрэхгүйг хоёр тал ойлголцсон. Тиймээс ирэх даваа гарагт (өнөөдөр) хоёр намын төлөөллийг орон нутагт илгээхээр шийдвэрлэлээ.

Орон нутагт ажиллах баг ИТХ-ыг хуралдуулж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж, цаашид хоёр нам ойлголцож ажиллахад түлхүү анхаарч ажиллах ёстой хэмээн санал нэгдсэн. Аль нэг намын эрх ашиг, хүмүүс хоорондын харилцааг энд илүүд үзэж болохгүй. Ирэх долоо хоногоос Сүхбаатар аймгийн улс төрийн байдал тайван болж, хүмүүс нь ойлголцож, улс төрийн хүчнүүд нь харилцан хамтран ажиллана гэж найдаж байна. Асуудлыг нэг тийш шийдэх хэмжээнд хүрлээ” гэж мэдэгдсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)