"Сүрьеэгийн шинэ халдвар илрээгүй"

Завхан аймгийн Нөмрөг суманд эрүүл мэндийн баяр буюу үзлэг оношилгоо шинжилгээг цогцоор нь хийлээ.

Тодруулбал, тус суманд ЭМЯ, Глобал сангийн дэмжлэгтэй, төслийн мэргэжилтэн Б.Гансүх, ХӨСҮТ-ийн Оношзүйн тасгийн эрхлэгч Ч.Хүрэлбаатар, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Д.Бадмаагаар ахлуулсан эмчийн баг, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар ЭМГ-ын газрын дарга Ч.Дэмчигсүрэн,  аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төв, Түдэвтэй, Баянтэс, Асгат, Тосонцэнгэл, Их-Уул сумын эмч нарын хамтарсан “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг оношилгоо”-г хоёр өдөр амжилттай зохион байгуулав.

Нийтдээ нийслэл болон орон нутгийн нийлсэн 70 гаруй эмч хоёр өдөр ард иргэдийн эрүүл мэндийн төлөө амсхийх завгүй ажиллаж, бүх төрлийн үзлэг шинжилгээ оношилгоог нэг дор хийлээ.

Үзлэгт тус сумын 1400 гаруй иргэн хамрагдахаас 1202 хүн хамрагдаж нийт хүн амын 81.3 хувь нь хамрагдсан амжилттай байна. Хүүхдүүдийн хувьд нийт хүүхдийн 90 хувь нь үзлэгт хамрагдаж, эмчийн зөвлөгөө авчээ. 

Дээрх эрүүл мэндийн үзлэгээр анхан шатны үзлэг болоод рентген аппараар цээжний хөндийн эмгэг илрүүлэх, эхогоор дотор эрхтнүүдийг нэг бүрчлэн үзэх, эмэгтэйчүүдийн эхо, зүрхний цахилгаан бичлэг, сахар тодорхойлох, нүд чих, хамар хоолойн үзлэг, лабораторийн шинжилгээ, гэмтэл мэс засал, арьс харшил, хүүхдийн үзлэг гэх мэт олон үйлчилгээг нэг дор хийсэн.

Тухайлбал, нарийн мэргэжлийн дотрын их эмч, хүүхдийн их эмч, Мэдрэлийн их эмч, Сэтгэцийн их эмч, Их барих эмэгтэйчүүдийн их эмч, Нүдний их эмч, Шүдний их эмч, Сүрьеэгийн их эмч, БЗДХ их эмч, Дүрс оношилгооны их эмч, Эхо, Гэмтэл согог заслын, Лабораторийн их эмч нар тус бүрдээ 2-3 эмч ажилласан болохоор ачаалал нь харьцангуй бага байлаа.

Үзлэгийн эхний өдөр рентген аппарат дээр илүү ачаалалтай байсныг эс тооцвол иргэдийн хамрагдалт идэвх маш сайн байв.

Эмч нарын хувьд ч иргэдэд хүртээмжтэй байдлаар ачаалал үүсгэхгүйгээр хурдан шуурхай үзлэгээ хийж, зөвлөгөө, аргазүйн мэдээ мэдээллийг цаг тухайд нь өгч чадсанд нутгийн иргэд баярлаж байлаа.

Өөрөөр хэлбэл, нарийн мэргэжлийн буюу гуравдугаар шатлалын үзлэгийг суманд хийсэн болохоор ам сайтай, дээр нь хамрагдалт ихтэй байлаа. Нөмрөг сумын алслагдсан багийн айл өрхүүд ч үзлэг шинжилгээндээ хамрагдаж чадсан юм.
Ийнхүү сумын иргэд нийслэл рүү цаг хугацаа алдаж, санхүү мөнгө үрэх шаардлагагүй болж сумандаа нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх боломж нээгдсэнд талархсанаа эмч нарт илэрхийлсэн юм.

Суманд гуравдугаар шатлалын үзлэг хийж, аливаа өвчний эрт илрүүлэх, эрт оношилж, урьдчилан сэргийлнэ, мэдлэг мэдээлэл өгнө гэдэг нь эрүүл мэндийн салбарын хувьд ололт амжилт юм. Нөгөө талаар төр засгаас, эрүүл мэндийн салбарын үйлчилгээг иргэдэд илүү ойр хүртээмжтэй болгож байгаа нэг үзүүлэлт бол яах аргагүй энэ үзлэг юм.

Завхан аймаг энэхүү халдварт болон халдварт бусын үзлэг шинжилгээг 24 сумандаа хэрэгжүүлэх бөгөөд анхных нь ийнхүү Нөмрөг сумаас эхэлж байна.

Сүрьеэгийн шинэ халдвар илрээгүй

Нөмрөг сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Дармааням “Суурин хүн амдаа эрт илрүүлэг үзлэг шинжилгээг хоёр өдрийн турш хийлээ. Нийт 1480 хүн амтай үүнээс 1202-ыг нь хамрууллаа. Бүх насныхаа хүмүүсийг хамруулахаас гадна хүүхдийнхээ эрүүл мэндэд их анхаарч 90 гаруй хувийг нь хамруулсан их давуу тал. Яагаад гэвэл хүүхдүүд эрүүл байж бидний ирээдүй эрүүл байх ёстой. Үзлэг дууссан учир эрсдэлт бүлгийнхээ үзүүлэлттэй танилцаж амжаагүй байна. Гэхдээ манай сумаас шинэ сүрьеэгийн халдвар илэрсэнгүй. Бид нар өвчлөлийнхөө талаар судалгаа хийнэ. Тэргүүлэх таван өвчлөлөөр иргэдээ өвчлүүлэхгүй байх тал дээр анхаарна. Үзлэгт 0-15 насны хүүхдийн 90 хувь нь, насанд хүрэгчдийн 70-80 хувь нь хамрагдсан.

Манай суманд артерийн даралт ихсэх, бөөр шээс дамжуулах замын өвчин зонхилдог. Саяын үзлэгээр энэ төрлийн өвчин давамгайлж байгаа нь харагдсан. 70 гаруй эмч мэргэжилтнүүд ирж ажиллахдаа ачаалал их, алдаа оноо байсан. Гэхдээ сэтгэл зүрхээ зориулж багаар яаж ажиллаж болдгийг тод харуулсан. Цаашид манай аймгийн бүх сумдад хэрэгжүүлнэ. Завхан аймаг халдварт өвчингүй эрүүл аймаг болох байх” гэлээ.

Эрт илрүүлэг, үзлэгийн зохион байгуулалт сайн байлаа

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Д.Бадмаа “Завхан аймгийн Нөмрөг суманд хоёр дахь удаагаа ирлээ. Манай газрын дарга Ж.Одын аав ээж хоёр энэ сумын хүн эмнэлэгээс ажлын гараагаа эхэлж, бага эмчийн салбарыг их эмчийн салбар болгон өргөжүүлж байсан хоёр гэдэг. Ингээд аав ээжийнхээ амьдралын гараагаа эхэлж байсан сум орон нутгаас энэ оношилгоо шинжилгээг хийе гэсэн шийдвэрийг гаргасан юм билээ. Эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд аймгийнхаа эмч нараа оролцуулж хийнэ гэсэн зорилтын хүрээнд хоёр өдрийн үзлэгт манай эмч нар оролцлоо.

Энэ илрүүлэг үзлэгийн зохион байгуулалт сайтай байлаа. Завхан аймгийн удирдлагууд, Нөмрөг сумын удирдлагууд сайхан баг бүрдүүлж ажилласан. Энэ эрч хүчээрээ дараа дараагийн сумандаа иж бүрэн үзлэг шинжилгээг хийх байх” гэв.

“Глобал” сангийн хувьд санхүү болон мэргэжил аргазүйн дэмжлэгийг үзүүллээ

“Глобал” сангийн дэмжлэгтэй, төслийн мэргэжилтэн Б.Гансүх “Эрүүл мэндийн яам, халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, ЗДТГ, Нөмрөг сумын эрүүл мэндийн байгууллага болон бусад сумын эмнэлгийн эмч нартай хамтран Нөмрөг суманд ажиллалаа.

Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл хөтөлбөрийн хүрээнд энэхүү үзлэгийг амжилттай зохион байгуулахын тулд манайхаас санхүү болон мэргэжил аргазүйн дэмжлэгийг өгч ажиллалаа. Нийт хүн амын 81,3 хувь нь үзлэгт хамрагдаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч чадлаа. Нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг сумын иргэдэд багцаар үзүүлж байгаа нь эрүүл мэндэд нь оруулж байгаа том хөрөнгө оруулалт юм. Тухайлбал, малчид тэр бүр суурин газар орж эрүүл мэндийн цогц үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй шүү дээ. Тиймээс цаг зав болоод эдийн засгийг нь хэмнэж энэ суманд анх удаа халдварт болон халдваот бусын үзлэг шинжилгээг хийлээ.

Эрүүл мэндийн үзлэг хийхээс гадна сумын иргэдэд эрүүл мэндийн чиглэлээр мэдлэг мэдээллийг нь сайжруулах, эрүүл мэндийн боловсрол олгох, цаашид яамр нэг өвчнийг эрт  илрүүлснээр эмчилгээ ямар байх уу, юунаас сэргийлж явах уу гэх мэт олон талын зүйлийг хамруулсан нь онцлог байлаа. Үзлэг үр дүнтэй болсон” гэлээ.

Малчин А.Сүрэнжаргал “Суманд ийм үзлэг ирнэ гэдгийг багийн Засаг дарга нар тараасан. Бүх төрлийн шинжилгээнд хамрагдана. Төрийн ажлыг суманд нь хүргэж яваад баярлаж байна. Улсын эмнэлгийн үйлчилгээг авна гэдэг таатай санагдлаа. Малчин бид нар тэр бүр хот болон суурин газар орж эрүүл мэндийн ийм иж бүрэн шинжилгээ хийлгэж чадахгүй шүү дээ. Дээр нь бүх үзлэг шинжилгээ нь үнэгүй гэхээр их баярлаад байгаа юм. 1000 км-ийн цаанаас хот орж үзүүлнэ гэдэг худлаа. Аймаг орж чаддахгүй хүмүүст сайхан боломж олдлоо” хэмээн баярлаж буйгаа илэрхийлэв.

Ташрамд дуулгахад, өнгөрсөн аравдугаар сарын эхээр Завхан аймагт “Тэмбүү, сүрьеэ өвчний гаралтыг бууруулахад шийдвэр гаргагчдын дэмжлэг” сэдэвт нөлөөллийн уулзалтыг хийсэн. Уг уулзалтад 24 сумын Засаг дарга болон сумын эмнэлгийн эмч нар, мөн аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд, Глобал сан, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ХӨСҮТ, НЭМҮТ-ийн мэргэжилтнүүд, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од тэргүүтэй удирдлагууд оролцож, сумдын эмнэлгийн эмч нар Засаг даргатай хүн амын эрүүл мэндийнх нь талаар санал бодлоо хуваалцаж ярилцаад Нөмрөг сумаас дээрх үзлэгийг эхлүүлэх шийдвэрийг гаргаж ийнхүү хэрэгжүүллээ. Ирэх хавраас дараа дараагийн суманд энэ үзлэгийг хийгээд явах юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)