"Сүрьеэгийн халдвар авсан 500 хүүхэд ЭРҮҮЛ"

Өнөөдөр Нийслэлийн 15 дугаар сургууль дээр үүссэн сүрьеэгийн халдвартай холбогдуулан ХӨСҮТ-ийн Сүрьeэгийн албаны их эмч Д.Наранзул нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль дээр үүссэн асуудал нь өнгөрсөн хугацаанд болж л байсан. 2017 онд тус сургууль дээр сүрьеэгийн өвчлөл анх бүртгэгдсэн. Дараагаар нь мэргэжлийн байгууллагууд орон нутгийн байгууллагуудтай хамтран сүрьеэгээс сэргийлэх олон ажлууд хийсэн. 

Сүүлийн өдрүүдэд сүрьеэгийн халдвар авсан хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх эмчилгээнд оруулахтай холбогдуулан эмч нар сурагчдын эцэг, эхчүүдтэй уулзаж зөвлөгөө, мэдээлэл өгсөн. Мөн ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн албаны эмч нар, НЭМГ, ХУД-ийн Эрүүл мэндийн төв, 15-р сургуулийн удирдлагууд хамтран эцэг эхийн төлөөлөлтэй уулзаж, харилцан ойлголцоо.

Халдвар авсан 500 гаруй хүүхэд сүрьеэгээр өвчилсөн хүүхүүд биш. Эдгээр хүүхдүүд сүрьеэгийн халдвар авсан ч өвчлөөгүй, эрүүл" гэлээ.

Ташрамд дурдахад, дэлхийн хүн амын гуравны нэг нь, Монгол Улсын хүн амын 35 хувь нь сүрьеэгийн халдвартай аж. Нийт халдвар авсан хүмүүсийн 10 хувь нь амьдралынхаа хугацаанд сүрьеэгээр өвчилдөг хэмээн судлаачид тогтоожээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)