Сүйхэнтийн ойг сүйдэлж дуусгажээ

Эртний ном сударт араукария, оросууд хожмоо намгийн агар майлс гэж нэрийдсэн нэг төрлийн шилмүүст модны үлдэгдэл Монголын говьд буюу Дорноговь, Өмнөговь аймгийн нутагт тэмдэглэгдсэн байдаг. Үүнийг шинжлэх ухаанд чулуужсан мод гэж нэрлэдэг. Энэ нь 140-150 сая жилийн өмнөх цаг үед холбогддог учир геологийн үнэт олдворт тооцдогоос гадна магма, боржин зэрэг галт уулын чулуулгийн хольцтой тул барилгын (тансаг зэрэглэлийн) гоёл чимэглэл, үнэт эдлэл урлалд ашигладаг байна. Үүнээс нь болоод иргэд чулуужсан модыг хууль бусаар худалдах, зориулалтын бус газарт хадгалах, тэр ч бүү хэл, хил давуулан үнэд хүргэж зарах тохиолдол газар авчээ. Дэлхийн чулуужсан модны нөөцийн дийлэнх нь ийм шалтгааны улмаас устах аюулд ойртсон гэнэ. Манай орны хамгийн том, чулуужсан модны ойтой гэгддэг байсан Сүйхэнт уул ч яг энэ замаар тоногдож, сүйдсэнийг археологич, судлаачид болон орон нутгийн иргэд харамсан өгүүлж байна.

Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Сүйхэнт уулын чулуужсан модон ой талбайн хэмжээгээрээ Монголдоо томоохонд тооцогддог ч ердөө 0.5 га-г эзэлдэг байв. Манай улсын нийт ойн сангийн хэмжээнээс 37 сая дахин бага, сум, тосгоны иргэдэд гэр бүлийн зориулалтаар нэг удаа өмчлүүлэх газрын хэмжээнд арай хүрдэггүй гэсэн үг. Тиймээс энэ ойг хамгаалах зорилгоор Засгийн газар 1996 онд Сүйхэнт уул орчмыг байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан билээ. Гэтэл иргэд овор хэмжээ багатайг нь зөөсөөр одоо тэнд ердөө ганц том мод л ил үлджээ.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн судалгааны салбарын эрхлэгч, доктор Ц.Төрбат “Говийн гайхамшиг болсон чулуужсан модыг өмнөд хөрш рүү гаргаад, дуусгасан. Үүний ачаар орон нутгийн иргэдийн ахуй амьжиргаа сайжирсан байх. Сүйхэнтийн моднууд цөлмөгдөхөд манай хил, гаалийнхан ямар ч хариуцлагагүй хандаж, хилийн хяналт “шүүрэн шанага” шиг болохыг гэрчилж буй юм. Одоо тэнд буй үргэлжилсэн, ганц том модыг хадгалж, хамгаалж, хойч үедээ өвлүүлээсэй гэж хүсэж байна” гэсэн юм. Харин ШУТИС-ийн Геологи, геофизикийн тэнхимийн багш, геологич Т.Очир-Дарь “Монголоос илрүүлсэн чулуужсан мод бусад орныхоос ихээхэн онцлог. Мод нь үндэс, мөчир, холтостойгоо, эрт цагт ургаж байсан төрх хэлбэрээ харьцангуй сайн хадгалж үлдсэнд тооцогддог. Өнгө нь ч тэс өөр. Тиймээс гадаадынхан шунаж, шохоорхдог. Та бүхэн санаж байгаа бол, “Аяллын цаг” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Г.Бадамсамбуу чулуужсан модны талаар сурвалжлахдаа газар орныг нь тодорхой зааж, хэлдэггүй. Хулгайчдаас сэрэмжилсэндээ л тэр шүү дээ. Манай улс соёлын өв, дурсгал, олдворууддаа эхнээсээ ингэж хандсан бол өнөөгийн ийм байдалд хүрэхгүй. Шинжлэх ухааны салбарынхан, ялангуяа эд өлгийн зүйл, олдвортой харьцдаг хүмүүс ийм тийм зүйл оллоо, нээлээ гэж мэдээлэхдээ бодолтой байхгүй л бол тонуулчдад замыг нь зааж өгснөөс ялгаа алга. Чулуужсан модны өлгий гэгддэг Дорноговь, Өмнөговь аль аль нь хилийн боомттой учраас энэ төрлийн олдвор “гадагш алдагдах” бүрэн боломжтой. “Малчид чулуужсан модоо урагшаа зөөгөөд дуусгалаа” гэсэн яриа нутгийн иргэдийн дунд үүсдэг. Байгаль дээр ил байснууд нь алга болсон. Монголд үүнийг мэдэж, шинжиж, худалдаж авах хүн ховор. Хэнтий, Дорноговь, Өмнөговийн музейд ганц ганц бий гэдэг. Тэгэхээр энэ яриа үнэний ортой байх магадтай” гэсэн юм.

Аялал жуулчлалын “Гайхамшигт говь” ТББ-ын тэргүүн Х.Түмэндэлгэр энэ чулуутай холбоотой сонирхолтой мэдээлэл өгөв. Тэрбээр “Нарийвчилсан судалгаа хийвэл говийн хөрсний гүнд чулуужсан мод мэдээж бий байх. Байгальд ил үлдсэнийг нь дуусгачихсан. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын ЗДТГ-ын байрны үүдэнд 12 метр шахам урттай нэг мод бий. Сүйхэнтэд ганц том байгаа. Өөр мэдэхгүй юм. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Алшаа аймагт Хачин чулууны музей, гудамж гэж бий. Янз бүрийн үнэт, ховор чулуу дэлгэдэг. Тэнд их хэмжээний чулуужсан мод байдаг юм билээ. Манайхаас аваачсан нь гарцаагүй. Хятадууд ийм чулууг чимэглэл болгон ашиглаж, гоёлын ээмэг, зүүлт хүртэл хийдэг. Дарга, өндөр албан тушаалтнууддаа хүндэтгэл үзүүлж, бэлэг өгөхдөө чулуужсан мод дурсгадаг гэж дуулсан. Бид чулуужсан модны талаар мэдээлэлгүйгээсээ болоод алдсан. Одоо Өвөрхангай аймгийн Арц богд уул, Дундговийн Дэлгэрцогт сумд орон нутгийн иргэд гартаам, чүнчигноров, үзмэн мана, байгалийн өнгөт чулуу түүж байна. Бүр худалдаж авдаг, түүдэг сүлжээ бий болгосон. Хэдэн жилийн дараа энэ төрлийн чулууны нөөц бас л барагдаж, түгээмэл тархацтайд тооцогдохоо болих нь” гэв.

Сүйхэнт уул орчмын 4827 га газрыг улс тусгай хамгаалалтад авсан учраас чулуужсан модтой хэсгийг энэ хугацаанд орон нутгийн байгаль хамгаалагчид хариуцаж иржээ. Мөн Сүйхэнт уулаас 10 гаруй км-ын зайд орших Өлгий хийдийнхэн ч үүнд анхаардаг байж. Ингэж санаа тавиад ч нэмэр болоогүйг Дорноговь аймгийн БОАЖГ-ын дарга Д.Сүрэн хэлэв. Тэрбээр “Сүйхэнтийн модыг өмнөговийнхон нэлээд зөөсөн. Мод хулгайгаар зөөж, тээвэрлэж, гэртээ нуусан зөрчил байнга гардаг байлаа. Нөөц нь багассан учраас одоо эрхбиш буурсан. Мэдээлэл ирүүлэхээ ч больсон. Хажууханд нь байх Өлгий хийдийнхэнд захиж, хамгаалуулаад ч дийлээгүй” гэж ярьсан юм.

Хамарын хийд орчимд ашигт малтмал олборлохоор санаархсан компанитай холбоотой зөрчил, маргаан нэг хэсэг олны анхааралд байсан билээ. Орон нутгийн иргэд тэмцэж, хэвлэл мэдээллийн байгууллагынхан бодит байдлыг нэхэн сурвалжилж, Дорноговиос УИХ-д сонгогдсон гишүүд энэ талаар дуугарч, санаачилга гаргасны дүнд түүхэн дурсгалт эл газрыг хамгаалан үлдэж чадсан. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг тэр үеэр Сүйхэнтийн асуудлыг сөхөж байв. Тэрбээр “Цэрдийн галавын зааг үед холбогдох нэн эртний, ховор тогтоц бүхий гайхамшигт газар ашиг хонжоо хайгч гадаад, дотоодын иргэдийн хөлд сүйдсээр дуусаж байна. Сүйхэнтийг одоогоос 25 жилийн өмнө улс тусгай хамгаалалтад авсан ч хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүйгээс ийм байдалд хүрлээ” гэсэн юм. “Овоо хараагаа” Хамарын хийдэд тохируулсан албан тушаалтнууд ч, чулуужсан модны талаар мэдлэг, мэдээлэлгүй иргэд ч энэ чухал асуудлыг чихнийхээ хажуугаар өнгөрөөж, тоомжиргүй хандсан юм. Дорноговь аймгийн Мандах сумын Засаг дарга ч үүний дараа энэ талаар нэлээд ярьж, “гүйсэн”. Өлгий хийд, Сүйхэнт уул, тэдгээрийн дунд байх тооройн төглийг хамруулан, шинэчилсэн цэс тогтоож, тусгай хамгаалалттай болгох хүсэлтийг тэрбээр холбогдох байгууллагад гаргаж байж. Гэвч түүний энэ санаачилгыг хэн ч дэмжээгүй аж.

Америк, Авсрали зэрэг оронд чулуужсан модны жижиг үлдэгдлийг хулгайд алдахаас сэргийлэн, музейд байршуулж, зориулалтын газарт хадгалж, хамгаалдгийг судлаачид ярьж байна. Гэтэл монголчууд түүнийг музейд залах нь битгий хэл харийнханд худалдаад дуусгажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)