Сү.Батболд: Оффшор данс бол хуулийн хүрээнд хийгдсэн бизнесийн ажил юм

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас “Панамын материалууд” гэх 215 мянган компани, бизнесмэн, улстөрчийн оффшор дансны мэдээллийг тавдугаар сарын 9-нд нийтэд дэлгэсэн. Харин товлосон цагаас өмнө "Монгол HD" телевиз Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумтай хамтран оффшор данстай зарим улстөрчдийг зарласан юм. Үүний дотор Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нарын нэр байсан юм. Тэгвэл тэд өнөөдөр Төрийн ордны танхимд энэ талаараа мэдээлэл хийлээ. 

Сү.Батболд: Өчигдөр "Монгол HD" телевизээр гарсан мэдээлэлд тодруулга хийх нь зүйтэй гэж шийдсэн юм. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу улстөрчид бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцохгүй, харин хөрөнгө оруулж болно гэж заасан байдаг. Тэгэхээр бид хуулийн хүрээнд хийгдсэн бизнесийн ажил юм. Өөрөөр хэлбэл, Энэтхэгийн хөрөнгө оруулалттай Монгол улсад бүртгэлтэй, Монголд үйл ажиллагаа явуулж ирсэн компани юм. Хоёрдугаарт, энэ компанид орохдоо ил далд, нууцаар ороогүй. Улс төрч хүн хувьцаа эзэмшиж болно гэж заасны дагуу бидэнд нууж хаах асуудал байхгүй. Бүртгүүлэхдээ ч өөрсдийн нэрээрээ бүртгүүлсэн. Batu mining компанийн хувьцааг 2003 онд худалдаж авсан. Гаднаас эх үүсвэр нь ойлгомжгүй хөрөнгөөр хөрөнгө оруулаагүй, өөрийн хөрөнгөөр 18.771 ам.доллартай тэнцэх хувьцаа авсан. Энэ нь тухайн үеийн ханшаар 21 сая төгрөг болж байгаа юм. Тэгээд 2005 онд хувьцаагаа өртгөөр нь зарж, албан ёсоор гарсан.

Гуравдугаарт, хүмүүс хөрөнгө оруулгын мэдүүлэг дээр тусгах ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ Хөрөнгө оруулгын тухай хууль нь 2007 онд батлагдаж, мөрдөгдөж эхэлсэн учраас мэдүүлэх шаардлага байгаагүй. Харин хууль мөрдөгдөж эхэлсэн цагаас хойш бүх орлогоо мэдүүлж ирсэн гэдгээ баттай хэлмээр байна.

Эцэст нь хэлэхэд Оффшор компанийн данс миний нэрэн дээр байхгүй. 

Д.Цогтбаатар: Надад оффшор данс байхгүй. Тухайн үед Австралийн хөрөнгө оруулалттай компанид хөрөнгө оруулж байсан. Учир нь миний Австрали дахь найзууд хөрөнгө оруулах санал тавьсан. Ердөө Монголд үйл ажиллагаа явуулдаг монгол компанид хөрөнгө оруулсан төдий.

2003 онд Монголд ямар ч гадны хөрөнгө оруулалт орж ирдэггүй байсан үе. Тиймээс гадны хөрөнгө оруулагчдыг татах үүднээс хөрөнгө оруулсан. 11 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 2005 оны сүүлээр албан ёсоор гарсан. Харин хөрөнгө оруулгын мэдүүлгийг 2007 оноос хойш мэдүүлэг болсон. Тэр үед надад данс байхгүй байсан учир мэдүүлээгүй юм. Мэдүүлэх ч шаардлага байгаагүй. Энэ бол бирж дээр хувьцаагаа зардаг компани. Хууль бус зүйл байхгүй.

Монголын төр тухайн компанийн толгой компанийг нь оффшор данстай шүү гэдгийг нь бүртгээд авчихсан байдаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)