Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өмгөөлж Олон улсын сэтгүүлчдийн байгууллагаас мэдэгдэл гаргажээ

Дэлхийн 100 гаруй оронд салбартай "Глоб Интернэшнл" олон улсын сэтгүүлчдийн байгууллагаас zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өмгөөлж мэдэгдэл гаргалаа. Манай сайт тус мэдэгдлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

МЭДЭГДЭЛ

Zarig.mn мэдээллийн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн бие махбодид цагдаагийн ажилтан халдаж, дарамт шахалт үзүүлснийг Глоб Интернэшнл төвөөс эрс буруушааж байна. Энэхүү хэрэг явдал нь төрийн өндөр албан тушаалтны гаргасан гомдлын дагуу сэтгүүлчийг цагдаагийн байгууллага дээр шалгаж байх үед гарсан.

Нийгэмд харуулын үүргийг гүйцэтгэдэг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг ийм зүй зохисгүй байдлаар заналхийлж, айлган сүрдүүлж, хүчирхийллийг бий болгож байгаад манай байгууллага гүнээ харамсаж байна. Нөгөө талаар энэ нь бусад цагдаагийн алба хаагчдын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

НҮБ-ын 75 жилийн ой, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тавдугаар сарын 3-ны өдөр "Айдасгүй, ээлтэй сэтгүүл зүй" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа энэ үед ийм харгис үйлдэл үйлдсэнд үнэхээр харамсаж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 2012 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн A/68/163-р тогтоолоор "Сэтгүүлчдийн аюулгүй байдлын үйл ажиллагааны төлөвлөгөө"-г баталсан байдаг. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх бол олон улсын конвенцоор хамгаалагдсан хүний ​​үндсэн эрх юм. Ийм эрхийг хүн бүр эдлэх эрхтэй. Мөн сэтгүүлчдийн аюулгүй байдал нь хүний ​​эрхийн нэн чухал асуудал бөгөөд иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гол гүүр юм.

Монгол Улс бол иргэнийхээ эрх, эрх чөлөөг хамгаалдаг тогтолцоотой ардчилсан улс. Иргэнийхээ эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй цагдаагийн алба хаагч нь сэтгүүлчийнхээ бие махбодид халдсан нь хүний ​​эрхийн эсрэг ноцтой гэмт хэрэг болно гэж бид үзэж байна. 

Сүүлийн нэг жилийн хугацаанд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг сэтгүүлчийн ажлаа хийснийх нь төлөө цагдаагийн байгууллагад удаа дараа дуудаж байцаалт авсан гэв. Хууль, цагдаагийн хүчийг ашиглан сэтгүүлчдийг айлган сүрдүүлэх нь эцэстээ мэдээллийн тэнцвэргүй байдал бий болгоход хүргэдэг. Олон улсын жишгийн дагуу төрийн албан хаагчид нь аливаа шүүмжлэлд тэсвэртэй байх ёстой.

1999 онд байгуулагдсан Глоб Интернэшнл Төв нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хамгаалах, ил тод байх, авлигын эсрэг үйл хэрэгт олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын төрийн бус байгууллага юм.

Монгол Улсын төр засаг сэтгүүлчийн эсрэг үйлдсэн цагдаагийн алба хаагчийн хүчирхийллийг сайтар судалж, хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.

Бид айдасгүй, ээлтэй сэтгүүл зүйн төлөө зогсож байна!

Эх сурвалж


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (29)