Сэтгүүлч М.Уянгад туслахыг уриалав

Сэтгүүлч М.Уянгад бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний зардал болох 120 сая төгрөгийг бүрдүүлэх хандивын аяныг өчигдөр албан ёсоор эхлүүллээ. Түүний эмчилгээний зардалд “25 дугаар суваг”, ТВ5, С1 телевиз болон сонин, сайтын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн бусад байгууллагынхан нэг өдрийн цалингаа хандив болгон өгчээ. Сэтгүүлч Э.Дагиймаа өчигдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр “Телевизийн мэдээний албаны сэтгүүлч байна гэдэг хэцүү. Амралтын өдөр ч цаг наргүй ажиллаж, ард түмэнд хэрэгтэй мэдээлэл өгөхийн төлөө зүтгэдэг. Бид сүүлийн гурван сар судалж, ярилцсаны эцэст бөөр шилжүүлэн суулгах хагалгааг БНСУ-ын “Асан” эмнэлэгт хийлгэхээр болсон.

Монголын нэг ч гэсэн залуу гэр бүлийг элэг бүтэн байлгахын төлөө энэ аянд нэгдээсэй гэж уриалъя” хэмээсэн юм. Харин М.Уянгын нөхөр Ц.Ариунболд “Бид ханилаад 10 жил болж байна. Ханийнхаа эм, тариаг нь таслахгүйн тулд Өмнөд Солонгос улсад ажил хийж явсан үе бий. Амьдралаа болгох гэж зээлээс зээлийн хооронд явдаг бидэнд 120 сая төгрөг гэдэг үнэндээ төсөөлшгүй их мөнгө. 10 хоногийн өмнө бөөрний дутагдал нь бусад эрхтэнд хүчтэй нөлөөлөх болсныг мэдсэн. Цаг өнгөрөх тусам биеийн байдал нь улам дордож байна. Сайхан сэтгэлт монголчуудаасаа эхнэрийг минь эдгэхэд туслаасай гэж чинь сэтгэлээсээ хүсэж байна” гэлээ.

Сэтгүүлч М.Уянгад хандив өргөх сайхан сэтгэлт монголчууд та бүхэн 

ХААН банкны 5429322222 тоот дансанд мөнгөө хийгээрэй. 

Гэр бүлийнхэнтэй нь 94699393, 99122471 дугаарын утсаар холбогдож болох юм байна.

Бэлтгэсэн: О.Алуунгуа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)