Сэтгүүлчдийн "Би"-г шүүмжилсэн бүтээл шилдгээр шалгарлаа

БАЛДОРЖ сан, СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуультай хамтран сэтгүүл зүйн шүүмжийн уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Оролцогчид БАЛДОРЖ шагнал хүртсэн шилдэг бүтээлүүдэд шүүмж бичсэн юм.

Тус уралдааныг СУИС-ийн захирал Э.Сонинтогос нээж үг хэлэхдээ “Монголын сэтгүүл зүйн хөгжилд шүүмж судлал чухал үүрэгтэй учраас бид БАЛДОРЖ сантай хамтран эл уралдааныг зохион байгуулдаг. Энэхүү уралдаанд өнгөрсөн жил 15 шүүмж ирж байсан бол энэ жил 35 хүн бүтээлээ сойжээ” гэв.

Уралдааны тэргүүн байранд АНУ-д амьдарч байгаа А.Оюунгэрэлийн бүтээл шалгарсан. Түүний шүүмжийн талаар уралдааны шүүгч, СУИС-ийн доктор (Ph.D) П.Батхуяг “Сэтгүүлчид бүтээлдээ хувийн үзэл баримтлал оруулж байгааг баримттай дэлгэснээрээ энэ бүтээл үнэ цэнтэй болсон. Ингэхдээ сэтгүүлч “Би” гэдэг үгийг хэдэн удаа давтсаныг ч онцолсон” хэмээн түүний бүтээлийг үнэлэв.

Хоёрдугаар байрт “Тагтаа” хэвлэлийн газрын редактор У.Бямбанямын “Цогшиж байсан сэдэв гал болох уу, эсвэл” судалгааны бүтээл шалгарлаа. Өнгөрсөн жилийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн тэрбээр хэлэхдээ  “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга “Хувьсан өөрчлөгдсөөр буй “үнэн” буюу цианидын хэргийн буруутан хэн бэ” нэртэй найман цуврал нийтлэл бичсэн. Нийтлэлүүдээ ар араас нь тасралтгүй гаргах боломжгүй, цаг алдах хугацаанд нөгөө талаас мэдээллийг залруулж, хариу арга хэмжээ авсан. Энэ тохиолдолд сэтгүүлч өөрийгөө хамгаалах баримттай байх ёстойг анхааруулмаар байна” гэсэн юм.

“Монголын үнэн” сонины сэтгүүлч Б.Мөнх-Эрдэнийн “Сэтгүүл зүйд үе солигдож байна. Үүнийг дагаж ирэх өөрчлөлт юу байх бол”, МУИС-ийн урлаг судлалын ангийг төгсөгч Д.Золбоогийн “Цаг хугацааны зогсоол” шүүмж гуравдугаар байрт оржээ. “Цаг хугацааны зогсоол”-ыг СУИС-ийн захирал Э.Сонинтогос “Мэргэжлийн гэрэл зурагчдын бүтээлд шүүмж бичсэн тохиолдол урьд нь байгаагүй. Энэ жил зурагчдад үнэлэлт дүгнэлт өгсөн нь шүүмжийн уралдааны шинэлэг тал боллоо” гэж онцоллоо.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)