Сэтгэхүйн хувьсгал

Шинэчлэлийн хэмээх тодотголтой Засгийн газрыг цахим ертөнцөд “эргэн дурсав”. Хоёр жилийн өмнө арваннэгдүгээр сарын 5-нд Н.Алтанхуягийн танхимыг АН-ын зарим фракцын тусламжтайгаар огцруулж байсан юм. Намынхаа түүхэнд хамгийн удаан буюу хоёр жил гаруйн хугацаанд ажилласан цорын ганц Засгийн газар нь энэ байлаа. Богино хугацаанд хурдтай, сайн ажиллаж, бүтээн байгуулсныг нь өнөөдрийн Засгийн газартай жиших хүмүүс ч байна.

Улмаар Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын хурдгүй, няцамтгайг шүүмжилж ч буй. Гэхдээ АН-ынхан энэ өдрүүдэд илүү “гунигласан” болов уу. Хэдхэн сарын өмнө эрх баригч байснаа, хийсэн ажлаа жижиг эрх ашгийн төлөөх талцлаараа булж явснаа тунгаасан гэж найдъя. Энэ бүхнийхээ хариуд тэд өнөөдөр УИХ-д есөн суудалтай, жижигхэн сөрөг хүчин болчихсон яваа. Сайн цагийг дурсаж болно. Харин гаргасан алдаагаа давтах учиргүй.

Тус намын Үндэсний зөвлөлдөх хороо энэ сарын 16-нд хуралдахаар тов гараад байна. Хэдийгээр УИХ дахь хүрээ нь хумигдсан ч энэ нам улс төрийн голлох хүчин хэвээр учраас алдаагаа залруулах шийдвэр гаргаж чадах уу гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байгаа. Гэхдээ дарга солих, дүрэм өөрчлөх нь шинэчлэл болох уу.

ИРЦ, БАС ДАХИН ИРЦ

Ардчилсан намынханд өмнөх алдаагаа давтахгүй байх чин эрмэлзэл байгаа, үгүйг ҮЗХ-ны ирц бүрдэх үү, үгүй юү гэдгээс нь л харчихаж болно. Сүүлийн таван удаа тэд ҮЗХ-ны хурлаа хийх гээд амжилт олоогүйг уншигчид санаж буй байх. Хоёр хуралдааныг хойшлуулсан бол заримд нь ирц хүрээгүй юм. ҮЗХ дотроо бүрэлдэхүүн олонтой аль нэг фракц нь ирцээр бойкотлоход л гацаа үүсдэг.

Ирцийн бойкот энэ намд 10 жилийн өмнө ч байсан. Гэхдээ ингэж хүндэрч байгаагүй болов уу. Энэ удаа ҮЗХ-ны хуралдаанаар шийдэх хамгийн гол асуудал нь АН-ын даргыг сонгох. Үүнд л тус намын болон олон нийтийн анхаарал түлхүү чиглэж буй. Гэвч ирц бүрдэхгүй, хурлаа хийхгүй бол ямар ч дарга тодрохгүй. Тэгэхээр АН-ын фракцууд дарга болохын төлөө хор найруулахаасаа гадна энэ талаар ядаж саналаа нэгтгэх учиртай болж байна.

ФРАКЦУУД

Өөр нэг чухал зүйл бол яавал энэ нам шинэчлэгдэж, эрүүлжих вэ гэсэн асуулт. Сонгуулийн дараа З.Энхболд намын даргынхаа ажлыг өгч, ялагдал хүлээлгэсний хариуцлагаа үүрэхээ мэдэгдсэн. Үүнтэй зэрэгцээд л даргын суудлын төлөөх марафон эхэлсэн нь нууц биш. Гүйцэтгэх зөвлөлөөс нь УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг үүрэг гүйцэтгэгчээр томилоод буй. Даргад өрсөлдөх гол хүмүүсийн нэг нь тэр.

Тэрбээр МҮДН-ын төлөөлөл. Мөн “МоАН санаачилга”-аас Г.Батхүү, УИХ-ын гишүүн Л.Болд, “Шонхор”-оос С.Эрдэнэ, “Нэг ардчилал”-аас Л.Гантөмөр, мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан нарын горилогч тодорсон. Бүгд л УИХ-д хэдэнтээ сонгогдсон, эсвэл улс төрийн хүрээнд хэдийнэ танигдсан, хуучин дүр төрх. Намаа шинэчил хэмээн шаардаад буй залуус нь тэднийг бүгдийг нь солиод л шинэ хүн дарга болгочихвол сайн сайхан болчих мэт сэтгээд буй.

Нийгэм ч ялгаагүй “улиг болсон дүр төрх”-нд таагүй ханддаг. Гэхдээ суурьгүй байшин байдаггүй гэдгийг дундаж насныхан нь буюу “ад үзэгдээд” буй одоогийн улстөрчид нь хэлж байна. Зөвхөн өөрсдөө л албан тушаал бүхнийг эзэмшихийг хүсэгчид ч бий л байх. Юутай ч олонх нь “Залуусаа дэмжилгүй яах вэ. Гэвч туршлага, хүлээн зөвшөөрөгдөх чадвар чухал. Тиймээс бүх үеийн төлөөлөл хамтраад ажиллая” гэж буй нь хамгийн зөв өнцөг мэт. Юутай ч горилогчид өөр өөрийн арга барилтай аж.

Даргын төлөөх марафонд гишүүдийнхээ олонхын дэмжлэгийг хүлээж буй Д.Эрдэнэбат буурь заан чимээгүй ажиглаж байгаа бол Г.Батхүү орон нутгаар явж, намынхаа гишүүдтэй тулж уулзаж байгаа сурагтай. Тэгвэл Л.Гантөмөр фракц хэмээх “дайсан”-тай тулах гэнэ. АН-ынхан нэг цул байж чадалгүй олон бүлэглэлд хуваагдан, жижиг эрх ашгийнхаа төлөө арсалддаг нь тэдний гол алдаа.

Гэвч үнэндээ фракцыг үүсгээд буй улстөрчид нь л буруутай. Тэдний сэтгэлгээг цэвэрлээгүй байж фракц гэдэг үгтэй дайтаад үр дүн гарах нь юу л бол. 2012 онд З.Энхболд АН-ын даргын албыг Н.Алтанхуягаас авмагцаа “Манай нам фракцгүй боллоо” хэмээн мэдэгдсэн. Гэвч фракц нь алга болоогүй, улам батажсан, улам л хорон болсон, төрийн ажилд илүү хохирол учруулсан. Түүний мэдэгдэл ердөө л нэг мөрөөдөл байсны баталгаа нь энэ.

Удахгүй болох ҮЗХ-ны хурлаар тус нам шинэ даргаа тодруулна. Олон толгойт фракцаа зангидаж ажиллах удирдагч энэ намд хэрэгтэй. Өөр нэг хэлэлцэх асуудал нь дүрэм. Хөрсөн дээр буусан дүрмээ чадварлаг удирдагч нь ягштал хэрэгжүүлэх нь чухал. Гэхдээ энэ намын ирээдүйн даргад гишүүд, улстөрчдийнхөө сэтгэхүйд л хувьсгал хийж том үүрэг ногдож байна.

Бүлэглэлийн улс төр хийж, албан тушаалын төлөө эх орноо ч худалдахаас сийхгүй болтол “бохирдсон” сэтгэхүйг өөрчлөхгүйгээр ганц АН ч биш, улс орон хол явахгүй. Нэг ийм бүтээлч хувьсгал, өөрчлөлтийг олон нийт хүсэж байна. Хариуг нь АН өгч чадах уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)