Сэтгэлийн зангуу

Хайр дурлал гэдэг агуу гэдэг ч нөгөө талаараа аймшигтай зүйл бололтой. Мэхлэлт, худал хуурмаг амлалт миний хайр дурлалын ертөнцөд орон зай олдохгүй гэсэн итгэл хүн болгонд байдаг биз. Миний хамгийн дотнын найз маань гэрлээд 7 жил болжээ. Миний найз ажлаа хийнэ, хүүхдүүдээ өсгөнө, гэр орноо сайхан авч явна. Түүний нөхөр ажил хийнэ, мөнгөө ихэнхдээ өөртөө зориулна, авгай хүүхэнтэй орооцолдоно, авгайдаа гар хүрнэ. Түүний амьдралыг хараад би гайхдаг байж билээ. Яагаад мэдлэг боловсролтой, ухаантай, ажилсаг бас царайлаг миний найз энэ хогийн нөхрөөс салдаггүй юм бол. Найзыгаа салгах гээд дийлээгүй дээ. Гэхдээ би найзынхаа амьдралын тухай өгүүлэх гээгүй. Би одоо 31 настай. Банк санхүүгийн мэргэжилтэй. Манай томоохон банкны салбарын захирал ажилтай. Одоогийн байдлаар гэрлэсэн ч юм шиг гэрлээгүй ч юм шиг хувийн амьдралтай нэгэн. Бид хоёр албаны шугамаар танилцсан юм. Тэрбээр хотын захиргаанд ажилладаг байлаа. Сэргэлэн нүдтэй, инээд алдсан залуу нүсэр хүнд суртлын газар их л содон сэтгэгдэл төрүүлснийг одоо санаж байна. Эхний үед бид ажил хэргийн шугамаар уулздаг байсан бол хэсэг хугацааны дараа болздог болсон юм. Түүнтэй хамт байхад надад сайхан байсан. Тэрбээр анхаарал халамжтай, хөгжилтэй, царай зүс, бие бялдар сайтай залуу санагдсан. Одоо эргээд бодоход эхний хэдэн болзооноос хойш уулзалт болгонд гарах зардлыг би төлдөг байж. Би цалин ихтэй банкны ажилтан харин залуу маань төрийн алба хаагчийн даруу цалинт. Гэсэн ч тэрбээр надад баяраар цэцэг, үнэтэй сүрчиг бэлэглэнэ. Ээжтэй нь танилцлаа. Тэнгисийг (миний залуугийн нэр) есөн настай байхад аав нь нас барсан аж. Тэгээд ээж нь ахиж хүнтэй суулгүй амьдралаа хүүгийнхээ төлөө зориулжээ. Яваандаа Тэнгис ээжээрээ ч юмаа даалгадаг  нь мэдэгдэв. Гуч хүрсэн залуу утасныхаа мөнгийг ээжээрээ даалгаад байж болохгүй биз дээ. Анхны сэрэмжлүүлэг тэр байсан юм. Би энэ тухай түүнтэй элэн далангүй ярьсан ч Тэнгис “Яалаа гэж дээ, хайраа. Би мөнгөгүй болчхоод л ээжийг ганц удаа утасны мөнгө төлчхөөч гэж гуйсан юм” гэж намайгаа тайвшруулав. Хэдэн сарын дараа бид хамтдаа амьдрах боллоо. Хамтын амьдралын талаар хэн хэн маань мэдлэггүй ч бүгдийг хамтдаа гэсэн хамгийн наад захын зүйлийг хэн бугай ч мэднэ шүү дээ. Гэтэл хайрт залуу маань энэ тухай заавал надаар хэлүүлэх гээд байгаа юм уу сайн дураараа талх ч бариад ирдэггүй байв. Байр, гэрлийн төлбөрийн талаар яриад ч хэрэггүй. Цалин хүрэхгүй байна гэсэн ганц хариутай. Дээрээс нь засаг төр өөрчлөгдөн найз залуу маань бүр ажил ч үгүй болов. Найз нөхөд, танил талаараа гуйж байгаад цалин сайтай ажилд орууллаа. Хоёр сарын дараа Тэнгис үе үе гэртээ ирж хонохгүй болов. Гэтэл мөрийтэй тоглож хамаг цалингаа дээрээс нь ээжийнхээ мөнгийг үрдэг гэдгийг нь санаандгүй олж мэдээд бөөн хэрүүл уруул болж хоёр тийшээ болохоор шийдэв. Түүнээс салаад сэтгэл амар байсан уу гэвэл үгүй. Түүнд хайртай байснаас гадна маш их дассан байлаа. Тэнгис сарын дараа царай зүс алдчихсан гэмшсэн хүн ирээд өвдөг сөхрөн байж хайрцагтай бөгж сарвайгаад гэрлэх санал тавьсан юм. Би түүнийг санаж байсныг хэлэх үү уярч хайлаад л хүлээгээд авсан даа. Яг л анх эхэлж байсан шигээ хэсэг сайхан байсаан. Харамсалтай нь юу ч өөрчлөгдөөгүй юм байна гэдэг нь хоёр сарын дараа л ойлгомжтой болсон юм. Гадуур хонож мөрийтэй тоглодог байсан бол гэртээ онлайнаар мөрийтэй тоглох болж. Миний банкны картаас нууцаар мөнгө авч байсныг би сүүлд мэдсэн юм. Хуримын тов хойшлогдсоор. Гэхдээ би түүнийг хөөж явуулж чадахгүй байв. Сүүлдээ мөрийтэй тоглох нь түүний ганц дутагдал биш байв. Тэрбээр ганц ч биш хэд хэдэн бүсгүйтэй холбоотой нь мэдэгдэв. Нэг нь бүр түүний хүүхдийг төрүүлсэн аж. Бөөн хэрүүл уруул болж байж түүнийг гэрээсээ хөөж явуулсан юм. Түүнтэй байх хугацаанд би өрөнд орсон юм. Бид хоёр тийш болоод гурван сар болж байна. Тэнгис над руу мессеж бичдэг ч би хариулахгүй л байгаа. Түүнтэй буцаад нийлнэ гэдэг хамгийн тэнэг зүйл гэдгийг ухаанаараа ойлгоод байгаа ч зүрх сэтгэл минь түүнийг өгүүлсээр. Яагаад гэдгийг ойлгохгүй нь гаслантай. Яг л найзыгаа ойлгодоггүй байсан шигээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)