Сэтгэлийн бороотой эхэлсэн “Сүүлчийн шөнө”

Цаг хугацаа усны давалгаа мэт биднийг элээж оддог уу, эсвэл биднийг тойрон байдаг уу...? Хайр гэж чухам юу вэ? Бид дурлахаараа эгээ л хүүхэд мэт хөөрч, аз жаргалаар умбадаг ч, цагаа олоогүй хайр нандин бүхнийг хаяж явах хүчтэй гэж үү... Цаг хугацаа алсрахад хайр хөрдөг үү?...Анхны хайр сэтгэлийн тээр тэнд нуугдчихаад бодох төдийд л хамгийн гэгээн аялгуу эгшилүүлэн зүрхний гүнд мөнхөд оршдог билээ.

 Парамайнд арт болон “Тэнгри консепт”-ын хамтын бүтээл, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол Төрийн соёрхолт, Н.Наранбаатарын найруулман, “Сүүлчийн шөнө” кино аравдугаар сарын 10-нд нээлтээ хийлээ.  Нээлтийн  улаан хивсэн дээр зогсож буй гол дүрийн жүжигдийнхээ дээрээс сэтгэлийн бороо асгаруулаад авсан. Энэ нь киногоо үзэх үзэгчдийн сэтгэлээс гарах тэр бороог илэрхийлж буй.  Тус кино нь хүний амьдралд хайрын үнэ цэнэ, итгэлийн үнэн хаана оршдгийг өгүүлэх юм. Энэхүү киног дэлгэцийн бүтээлийн хамгийн хүнд төрөл болох Мелодрам төрлөөр хийсэн байна. Киноны ерөнхий продюссороор  соёлын тэргүүний ажилтан Х.Соёмбо, хоёрдугаар найруулагчаар  соёлын тэргүүний ажилтан Н.Отгонтогос ажиллажээ.

Кино хүний гурван үеийн амьдралын хайр хэмээх агуу зүйлийг нэг шугамд багтааснаараа онцлог байв.

Киноны нээлтийн үеэр зохиолч Ш.Гүрбазараас сэтгэгдлийг нь хуваалцаа.

-Танд баяр хүргье. Кино нээлт их сайхан боллоо. Танд ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-Баярлалаа. Энэ бол ямар нэгэн хайрын тухай кино биш. Дотроо гурван хэсэгтэй. Магадгүй 18 наснаас 60 нас хүртэлх насанд  хайр байдаг гэдэг үнэнийг учирлаж байгаа юм.

-Хайр бол мөнхийн сэдэв шүү дээ. Энэ кино хүний амьдралын гурван үеийн хайрыг нэг шугаман дээр аваачсанаараа онцлог. Тэгвэл киноны зохиолч хайрыг юу гэж тодорхойлох вэ?

-Хайр өөрөө таагдашгүй юм л даа. Таахын аргагүй байсандаа өнөөдрийг хүртэл мөнх байна. Хэрвээ хайрыг таадаг байсан бол, ямар нэгэн гаргалгаа байсан бол өнөөдөр хүн төрөлхтөн ойлгочихно шүү дээ. Шекспир, Гомероос эхлээд суутнууд хүртэл хайрыг өнөөг хүртэл ойлгохгүй байгаа. Гүрбазар, Наранбаатар байтугай Шекспир хүртэл хайрыг тайлж чадаагүй. Тиймээс хүн амьд байгаа цагт  энэ бол мөнхийн л зүйл юм шиг байгаа юм.

-Таны дараагийн уран бүтээл юу вэ?

-Би одоо өөрийн жүжгийн зохиол дээр ажиллаж байна. Яруу найргийн ном маань мөн англи хэл дээр гарч байгаа. Тэр бүгдийг уншигчдадаа хүргэхийг хүсэж байна

МУГЖ Н.Батцэцэг “Н.Наранбаатарын бүтээл бол манай Монголын киноны өнөөдрийн түвшинг харуусан бүтээл болно гэж би бодож байна. Энэ кинон дээр би гадаадад олон жил болоод ирсэн Саянцэцэг гээд бүсгүйн дүрийг бүтээсэн. Кинон дээр миний хэлдэг нэг үг бий. “Би гадаадад олон жил явлаа. Эд хөрөнгө, тансаг амьдрал, өөрийн мөрөөдөж байсан бүх зүйлийг оллоо. Би ганцхан зүйлийг олоогүй. Тэр бол хайр сэтгэл. Яг одоо би тэр хайж явсан зүйлийнхээ дэргэд сууж байна” гэж хэлдэг. Энэ бол манай киноны хэлэх гэсэн гол санаануудын нэг. Үлдсэнийг нь өөрсдөө үзээд сэтгэлийнхээ гүнд нуугдсан тэр нандин зүйлээ олж харах байх гэж хэлмээр байна” хэмээн ярилаа.

Энэхүү кино гарснаар үзэгчдэд соёл хүмүүжлийн хүчтэй зэвсэг болж, сэтгэлгээний шинэчлэл авчирна гэж найдаж байгааг киноны уран бүтээлчид хэлж байлаа. Найруулгын шинэлэг арга барилыг шингээн бүтээсэн энэхүү бүтээлд кино урлагийн шилдэг зураглаач, гэрэлтүүлэгч нар ажиллаж байгаагаас гадна тайз дэлгэцийн гурван үеийн төлөөлөл болсон мэргэжлийн жүжигчид гол дүрийг бүтээснээрээ онцлог аж.

Хүний гурван үеийн амьдралыг нэг кинонд багтаасан энэхүү уран бүтээл нь хүний ариун нандин сэтгэлийн чинад байдаг тэрхүү агуу сэдвийг хөндөж чаджээ.

Сурвалжилсан М.Болорцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)