​Сэтгэлийнхээ тэнхээгээр жигүүрлэгч


Монголчууд хөнгөн жингийн тамирчдаараа дэлхийд алдартай. Бокс, жүдо, чөлөөт бөх гээд цөөнгүй спортын төрөлд 50-60 кг-ын жинд өрсөлддөг шилдгүүдийн амжилт нэлээд жин дарна. Саяхан Унгарт болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс эрэгтэйчүүдийн 61 кг-д Т.Түвшинтулга хүрэл медаль хүртсэн нь үүний илрэл.

Үндэсний шигшээ баг, “Аваргууд” академийн тамирчин тэрбээр дэлхийн дэвжээнд гурав дахь удаагаа зодоглон, Будапештийн дэвжээнд Төрийнхөө далбааг мандуулсан юм. Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн 31 дэх тамирчин болсон Т.Түвшинтулга олон улсын хэмжээний мастер цолтой.

Булган аймгийн Тэшиг сумын харьяат, 26 настай Т.Түвшинтулга эхний тойрогт Азийн АШТ-ий хошой хүрэл медальт У.Жолдасбековт ялагдах тун дөхсөн. Учир нь барилдааны эхний үед тэрбээр зургаан оноо алдав. Удаах үеүдэд алдаа гаргалгүй, хийгүй барилдсаар учраа бөхөөсөө найман оноо дараалан авч, 8:6-гаар ялсан.

Ер нь түүнд том, жижиг ямар ч тэмцээний эхний тойргийн барилдаан тун эвгүй байдаг гэнэ. Тэрбээр энэ тухай “Өдий хүртэл хийсэн барилдаанаа харахад ямар ч тэмцээнд эхний тойрогт өрсөлдөхдөө нэлээд сандардаг. Тэгснээс ч тэр үү, ялагдчих гээд байдаг гэмтэй. Багш нараасаа заримдаа энэ талаар асуудаг юм.

Эхний даваанд дажгүй барилдчихвал ерөнхийдөө болчихдог. Энэ жил би өмнөхөөсөө илүү төвлөрч, тайван барилдсан болохоор алдаагаа давтаагүй байх. Тэгээгүй бол У.Жолдасбековт 10:0-ээр ялагдах байсныг ч үгүйсгэх аргагүй” гэв.

Ямартай ч гэтлэхэд бэрх байдаг эхний тойрогт өрсөлдөгчөө өвдөг шороодуулан, уужирсан Т.Түвшинтулга удаах даваанд өнгөрсөн жил дэлхийн дэд аварга болсон, Европын хошой аварга Г.Рашидовт ганцхан онооны дутуугаар буюу 2:1-ээр дийлдсэн.

Тэрбээр ДАШТ-ий өмнө Сочи хотод хамтарсан бэлтгэл хийхдээ түүнтэй барилдах бодолтой байсан ч санаснаар нь болоогүй юм билээ. “Тэр нь ч зөв байж. Хэрвээ өмнө нь барилдаад ялагдчихсан бол биеэ барин, төлөвлөсөн барилдаанаа гаргаж чадахгүй ч байсан юм бил үү” хэмээн өгүүлсэн.

Дэлхийн дэд аваргатай өгөө, аваатай өрсөлдөн, ганцхан онооны зөрүүгээр дийлдсэн нь бэлтгэл, сэтгэл зүй сайтайгийнх нь илрэл биз ээ. Хэрвээ цагийн төгсгөлд хийсэн түүний мэхэнд нэг бус, хоёр оноо өгсөн бол ялах ч боломж байв. Шүүгч нар барилдааных нь бичлэгийг хянаж үзээд нэг оноо өгснөөр Т.Түвшинтулга бус өрсөлдөгч нь ялсан юм.

Улмаар дагах тойрогт Энэтхэгийн бөх Сонга Гонганег 7:0-ээр ялж, хүрэл медалийн төлөөх барилдаанд эчнээ танил, ДАШТ-ий мөнгөн медальт, Гүржийн бөх Б.Ломтадзетай өрсөлдөв. Ийн тодотгосон нь учиртай.


Дэлхийн дэд аварга Б.Ломтадзег ингэж ялж, шилдгээр шалгарав

Тэд 2016 онд Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд хүч сориход Т.Түвшинтулга хөмөрч шидээд цэвэр ялсныг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос оны шилдэг барилдаанаар онцолсон юм. Энэ удаад ч бас тэрбээр дэлхийн дэд аваргаас илүү байж, 6:3-аар өвдөг шороодуулав.

Спортын хүрээнийхэн Боёо гэдэг нэрээр нь андахгүй Т.Түвшинтулга дэлхийн медальт бөх болж, шагналын тавцанд зогсож байхдаа монгол хүн болж төрснөөрөө, аав, ээж, багш нараараа их бахархсан гэнэ.

ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар багшийнхаа амжилтыг буухиалсан тэрбээр бөхийн удамтай. Түүний өвөө нь аймгийн арслан М.Оргил бол аав нь залуудаа чөлөөт бөхөөр шаггүй барилддаг байж. Удамд нь чөлөөт бөхөөр хүч сорьдог цөөнгүй хүн байдаг юм билээ.

Энэ нь түүнийг эл спорттой амьдралаа холбоход нөлөөлсөн нь мэдээж. Багадаа хөдөөний бусад хүүхдийн адил дээл, гутлаа ханзартал барилдаж өссөн хүү 13 настайдаа буюу 2005 оны арваннэгдүгээр сард дасгалжуулагч П.Чулуунбаатарын шавь болж, чөлөөт бөх заалгажээ. Тэрбээр өдөр бүр бэлтгэл хийсээр, ур чадвар нь ахисаар.

Үүний сацуу 2010 онд “Гацуурт олимп” клубийг байгуулахад О.Пүрэвбаатар гавьяатын удирдлагад бэлтгэл хийх болсон нь амжилтад ташуур өгчээ. Т.Түвшинтулга өнөө жил ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээс илүү 2014 онд оюутны дэлхийн аварга болсноо дурсах дуртай, сэтгэлд нь тод үлджээ.

Тэгж дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлэхдээ шилдэг оюутан бөхөөр шалгарч, давхар цохилт хийсэн юм. Тэмцээнээс ирснийх нь дараа хамаатан садан, найз нөхөд нь “Дэлхийн аварга аа” гэж дуудахад эхэндээ сандарсан ч дотно, сайхан санагдсан гэнэ.

Боёод үүнээс гадна И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при”, Азийн АШТ-ий хүрэл медальт, “Mongolia open” тэмцээний хоёр, УАШТ-ий гурван түрүү бий.

Түүний цээжин дээрх шивээс спортын хорхойтнуудын анхаарлыг их татдаг. Тэрбээр гоёж, бусдад догь харагдах гэж бус, өөртөө эрч хүч өгөхийн тулд шивээс хийлгэсэн гэдэг. Энэ тухайгаа “2013 онд бэлтгэл хийж байгаад эрүүгээ хугалан, нэлээд хүнд бэртсэн. Хэдийгээр гэмтлээ эдгээн, бэлтгэл хийж эхэлсэн ч өмнөх шигээ төвлөрч, барилдаж чадахгүй байв. Тийм үед сэтгэлээр унан, тайлбарлахын аргагүй сонин мэдрэмж төрдөг юм билээ.

Тэгээд гарцыг нь бусдаас бус, өөрөөсөө хайхаар шийдэв. Нэлээд бодож байгаад энэ шивээсийг хийлгэсэн юм. Эрч хүч, итгэл найдвараар үргэлж дэврүүн явахыг бэлгэдэн далавчтай хүний дүрс шивүүлсэн. Өөрийгөө хурцлах гэсэндээ л тэр. Хүн сэтгэлийн амьтан гэдэг үнэн юм билээ.

Энэ шивээс надад хүнд байдлаас гарахад тусалсан, итгэл найдвар бэлэглэсэн. Бусад орны тамирчид миний шивээсийг их сонирхдог. Зарим нь намайг шивээсээр минь таньдаг” гэв.

Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, олимпын нэг, дэлхийн гурван удаагийн аварга А. Садулаев нарыг хүндэлж, үлгэрлэдэг түүний барилдаж буй 61 кг олимпын бус жин. Тиймээс “Токио-2020” олимпын эрх авахын төлөө жин уруудан, 57 кг-д өрсөлдөхөөр төлөвлөжээ.

Т.Түвшинтулга эхээс гурвуулаа, хоёр эмэгтэй дүүтэй, эхнэрийнхээ хамт амьдардаг. Түүнээс ойрын хугацаанд тавьсан зорилгынх нь талаар сонирхоход “Юуны түрүүнд бэлтгэл хийж эхлэхээсээ өмнө хэд хоног амарч, аав, ээждээ тусална.

Тэд маань Зуун айлд барилгын материалын лангуу ажиллуулдаг. Би зав л гарвал тэнд очин, аав, ээждээ туслах дуртай. Ачаа барааг нь зөөх надад хүчний бэлтгэл болдог юм. Чөлөөт бөхийн тухай бодохгүй болохоор тархи амардаг. Ээж надаар ачаагаа зөөлгөх, туслуулах дургүй. Бие нь буларчихна, ядарчихна гээд хавьтуулдаггүй. Тэглээ гээд би ажлаас хойш суулгүй, аав, ээждээ туслахыг хүсдэг” гэв.

П.Чулуунбаатар дасгалжуулагч шавиа “Боёо багадаа хөдөлгөөнтэй, адтай, сэргэлэн хүүхэд байж билээ, одоо ч хэвээрээ. Би энэ жил ДАШТ-д шигшээ багийн дасгалжуулагчдын хамт шавиа дасгалжуулсан. Хүрэл медаль хүртэхэд нь шавиараа бахархлаа. Олон жил хүлээсэн тэр мөчид өөрийгөө дасгалжуулагч болох дөхөж байна гэж жаахан тоолоо.

Хүссэн бүхэн ДАШТ-д амжилт гаргадаггүй. Шавь минь чөлөөт бөхөөр 13 жил хичээллэн, амжилтын төлөө хөдөлмөрлөөд дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтлаа. Цаашид амжилтаа ахиулах, олимп, дэлхийн аварга болох нөөц, ур чадвар түүнд бий” гэж дүгнэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)