Сэржим өргөх ёс

Өнөөгийн бидний мэддэг юм шиг хэрнээ өдөр ирэх тусам бүдгэрч буй олон ёс заншил бий. Нүүдэлчин монголчуудын ахуй амьдралаас урган гарсан, өдгөө мартагдах шахсан тэдгээр өв уламжлал, зан заншлаас бид долоо хоног бүр цувралаар хүргэж байна.


Монголчуудын архи сархадтай холбоотой нэг заншил бол сэржим өргөх ёс. Сэржмийг ядам хуруугаар гурван удаа өргөдөг. Гурван удаа өргөдгийн учир нь “Хөх тэнгэр амгалан байг”, “Хөрст дэлхий амгалан байг”, “Хүн зон амгалан байг” гэсэн утгатай. Гарын таван хуруунаас болох, болохгүй юманд хүрдэггүй хамгийн цэвэр нь гэж үздэг учраас ядам хуруугаар сэржим өргөдөг юм байна.

Сэржим гэдэг нь “алтан хундага” гэсэн төвд үгнээс гаралтай. Хэрвээ хүн шууд савнаас архи хундагалан өгсөн тохиолдолд гурван удаа сэржим өргөн духандаа түрхээд, хортой, эсэхийг шалган эзэнд нь эргүүлэн барьдаг ёсон бий.

Ядам хуруу гэж нэрлэсний учир нь эрт дээр цагт Монголын нөлөө бүхий ноёдыг Манжийн хаан найранд урьжээ. Урихдаа Чингис хааны угсааны том ноёдыг устгая гэсэн далд санаатай байж. Найрын үеэр бүгдэд нь эрдэнийн хаш хундагатай архи барив. Тэрхүү сархад нь бүгдээрээ хортой байсан аж.

Сэжиг авхуулахгүйн тулд хорыг тэр дороо үхэхээргүй удаан үйлчилгээтэй, янз бүрээр найруулсан байсныг Ядам түшмэл мэдэнгүүтээ “Дээдсийг дагаж ирсний хэрэг юу билээ, би нэг хүртчихье” гээд хундгаа тосчээ. Хийгээд өгөхөөр нь хуруугаа дүрээд сэржим өргөхөд хуруу нь хувхай цайж, мах нь шувтраад яс нь гозойгоод үлджээ. Ийнхүү ноёдоо аварсан Ядам түшмэлийн нэрээр гарын таван хурууны дөрөв дэхийг ядам гэж нэрлэсэн хэмээх домог бий.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)