С.Эрдэнэ сайн дураараа огцрох ёстой гэв

АН-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ), бүх шатны намын дарга болон төлөөллийн байгууллагын сонгууль шударга бус болж, Дотоод сонгуулийн хороо гишүүдийнхээ сонгох, сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчиж буй талаар ҮБХ-ны 63 дугаар тойрог (Чингэлтэй, Налайх)-т нэр дэвшигч Н.Тэгшбаяр, Дорноговь аймгийн намын даргад нэр дэвшигч Ц.Гантулга нар мэдээлэл хийлээ.

Нэр дэвшигч Н.Тэгшбаяр “Сонгуулийн сурталчилгааны хугацаанд хоёр удаа л гишүүд, дэмжигчидтэй уулзан, энэ үеэрээ ердөө таван минут үг хэлэхийг зөвшөөрч, бусад үед сурталчилгаа хийхийг хориглосон. АН-ын ҮБХ-ны гишүүнийг сонгоно гэдэг цаашид намын бодлого тодорхойлж, улс орныг авч явах хүнийг сонгож буй хэрэг. Гэтэл нэр дэвшигч нь намдаа, улс оронд ямар ажил хийх, ямар бодол, зорилготой хүн гэдгээ гишүүддээ ойлгуулах нь бүү хэл намтраа ч бүрэн хэлж чадахгүй, цагт баригдаж явна” гэв.

Дорноговь аймгийн намын даргад нэр дэвшигч Ц.Гантулга “Би ҮБХ-ны гишүүнд өрсөлдөхийн тулд сонгуулийн дэнчин, хураамж зургаан сая, аймгийн намын даргад өрсөлдөхийн тулд 15 сая, нийт 21 сая төгрөг төлж, нэр дэвшсэн. Гэтэл “Сонгогдвол аймгийнхаа намыг унаатай болгоно” гэж хэлсний төлөө намайг нэр дэвшигчээс хасчихлаа.

Энэ сонгууль хуучин дүрмээр явж буй гэж үзвэл сунгаа явуулах ёсгүй. Шинэ дүрмээр явж байгаа гэж үзвэл намын даргын сунгаанд оролцсон таван нэр дэвшигч бүгд амлалт өгсөн. Тэгэхээр С.Эрдэнэ дарга өөртөө таалагдаагүй хүнийг үзэмжээрээ хасаж байна гэж үзэхээс өөр арга алга” гэв.

Мөн тэд “Дээд шүүхэд бүртгэгдээгүй дүрмээр сонгууль явуулж байна. Энэ дүрэм хууль зөрчсөн нь тогтоогдвол сонгууль хүчингүй болно. Хууль, дүрмийг уландаа гишгэж байгаа С.Эрдэнэ сайн дураараа хариуцлагаа хүлээж, огцрох ёстой” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)