С.Эрдэнэ: МАН амласан бүхнээсээ буцсан

Ээлжит сонгуулийн үр дүнд үнэмлэхүй олонхтой парламент бүрдэж, МАН Засгийн газраа дангаараа байгуулан ажиллаж байна. МАН-ын 65 гишүүнтэй УИХ, гаднаас дусал ч “цус”-ны хольцгүй Засгийн газарт ямар ч асуудлын шийдлийг нь олж, урагшлуулах боломж бий.

Энэ хэрээр тэдэнд илүү хяналт хэрэгтэй. Тиймээс манай сонин цөөнхийн дуу хоолой, байр суурийг хүргэх зорилгоор “Сөрөг хүчин” булан нээж байна. Анхны зочноор УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнийг урилаа.

-Шинээр бүрдсэн УИХ-ын анхны ээлжит чуулган эхэллээ. Намрын чуулганаар юунд төвлөрч, ямар үр дүнд хүрэх ёстой гэж харж байна вэ?

-Парламентад үнэмлэхүй олонх болсон МАН сонгуулийн мөрийн хөтөлбөрөө 100 хувь биелүүлэхийн төлөө ажиллах үүрэгтэй. Мэдээж сайн ажил, үйлсийг нь дэмжиж, бурууг нь шүүмжилж ажиллах нь цөөнхийн үүрэг. Энэ удаагийн чуулганаар 2017 оны төсвийн төслийг хэлэлцэх ёстой. Ээлжит бус чуулганаар 2016 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулж, ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийн баримт бичгийг баталсан.

Харамсалтай нь эрх баригчид мөрийн хөтөлбөрийнхөө бараг 100 хувь эсрэг төслүүдийг УИХ-д оруулж, батлуулах гэж оролдсон. Тэдгээрийн олонх заалт нь иргэд, хэвлэл мэдээллийнхэн болон УИХ дахь АН-ын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Бүр МАН-ын зарим гишүүн нь ч эсрэг байр суурь илэрхийлж байсан шүү дээ.

Улмаар Засгийн газар нийт төслийнхөө бараг 50 хувийг буцаан татсан. Хэт олонхдоо эрдэж, хүч түрсэн аливаа үйл ажиллагаа цааш явахгүй нь гэдгийг ойлгосон байх. Анхны ээлжит чуулганаасаа эхлээд олонх аливаа асуудалд ухаалаг хандаж, зөвшилцлийн зарчмаар, мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд шийдээсэй гэж харж байна.

-Үнэндээ АН, МАН-ын мөрийн хөтөлбөрт ижил төстэй олон заалт байсан. МАН өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагааны ихэнхийг зогсоох байдлаар явж байгаа нь мөрийн хөтөлбөрөөсөө эсрэг ажиллаад буйг нь батлах шиг.

-Засгийн газраас оруулж ирж буй төсөл, хөтөлбөрүүд галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг байж болохгүй. Төсөл оруулж ирлээ, ер нь болилоо, эргэж судлаад дахин өргөн барина ч гэх шиг. Тухайлбал, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу багш, эмч нар тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдгийг болиулчихаад төсөл дахин өргөн мэдүүлсэн.

Одоо үүнийг баталж, 36 сарын тэтгэмж олгохоор болбол хоёр гажуудал гарахаар байна. Өөрөөр хэлбэл, уг заалтыг хүчингүй болгосон өнгөрөгч есдүгээр сараас 2017 он гарах хүртэл хугацаанд тэтгэвэрт гарсан иргэд 36 сарын тэтгэмж авч чадахгүй. Хуулийн хийдэлд хэлмэгдэнэ. Нөгөө талаас ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих хуулийн үйлчлэл бүрэн бус.

Учир нь Төрийн албаны тухай хуульд “36 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно” гэж заасан бол одоо өргөн мэдүүлсэн төсөлд “1-36 сар хүртэлх цалингийн дундажтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно” гэж байгаа юм. Мэргэжил, салбарыг нь зааж, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг бүтнээр нь олгоно гээд хуульчилчихсан зүйлийг одоо байгууллага, түүний удирдлагын үзэмжээр шийддэг болох нь.

Ингэснээр төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа нь эрх зүйн хувьд дордож, албан тушаалтны эрх мэдэл нэмэгдэнэ. Энэ нь нөгөө л дарангуйлал, эрх мэдлийг өсгөх гэсэн явуулга. Гэтэл цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлнэ, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангана гэж МАН-ынхан амласан биз дээ. Төрийн эрх мэдэлд гарч ирэнгүүтээ амласнаасаа эсрэг үйлдэл хийсэн.

Түүнийг нь олон түмэн эсэргүүцэнгүүт татаж, дахин өргөн барихдаа хуучнаас нь дордуулах маягаар, олон түмний ойлголт бага байгааг далимдуулан тоглолт хийгээд байна л даа. Ер нь дандаа хууран мэхэлсэн, иргэдийн эрх зүйн байдлыг дордуулаад байна. Энэ нь МАН-д тийм сайн зүйл авчрахгүй ээ.

-Гэхдээ эрх баригчид эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж ийм зүйл хийж буй хэмээн тайлбарлаж байгаа.

-Өнгөрсөн дөрвөн жил эрх барьсан хүмүүс эдийн засгийг сүйтгэчихсэн, юу ч үлдээгээгүй мэтээр ярьж байгаа. Хоёрхон жишээ хэлье. Монголбанкинд 1.3 тэрбум ам.долларын нөөц үлдсэн. Гэтэл Монголбанкны шинэ ерөнхийлөгч гарч ирэнгүүтээ нөөцийн хэмжээ хасах руу орлоо гэж зарласан. Бид ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг 1950 байхад хүлээлгэж өгсөн. Одоо 2280 төгрөг даваад байна.

Төгрөгийн ханш үндсэндээ 300 гаруй төгрөгөөр суларчихлаа. Энэ нь нийгэм, эдийн засагт ямар сөрөг нөлөө авчирч байгааг тооцох хэрэгтэй. Сангийн сайд нь эдийн засаг нурчихсан юм байна, яах ч арга алга, хэцүү байна гээд мэдэгдэнгүүт олон улсын бирж дээрх Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 24 цагийн дотор 5.4 хувиар буурах жишээтэй.

Нэг үгээр хэлбэл, “Бясаагаа алах гээд байшингаа шатаав” гэдэг шиг өмнөх улс төрийн хүчнийг харлуулж, үгүйсгэх гэж хэт улайраад улс орныхоо эдийн засгийг унагааж байгаа юм. Нөгөө талаас үл бүтэх амлалт дэвшүүлчихээд, биелүүлэх аргаа олж ядахдаа өмнөх рүүгээ чихэж байна. Эрх баригчид “Биднийг мөрийн хөтөлбөр боловсруулж байх үед улс орны эдийн засаг ийм болчихсоныг мэдээгүй.

Тухайн үеийн АН-ын Засгийн газар бидэнд эдийн засаг, санхүүгийн талаар ямар ч мэдээлэл өгдөггүй байсан” гэж яриад байгаа. Яах вэ, мөрийн хөтөлбөр боловсруулах явцад мэдээлэлгүй байсан гэж үзье. Үнэхээр мэдээлэлгүй байсан уу гэхээр нөхцөл байдал шал өөр харагдаад байгаа юм. Тухайлбал, 2012 онд АН Засгийн газраа дангаараа байгуулаагүй. УИХ-д 35 гишүүнтэй АН хамгийн олон суудалтай байсан болохоос олонх болоогүй.

Тиймээс МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран Засгийн газар байгуулсан. 2014 онд МАН-тай хамтран гурав, дөрвөн намын эвслийн Засгийн газар байгуулж, жил гаруй ажилласан. 2015 оноос боломжгүй болоод МАН-тай Засгийн газарт хамтрахаа больсон. МАН-аас нэр дэвшүүлэн томилогдсон сайд нар хавтгайрсан халаа, сэлгээ хийж, Засгийн газрын гэхээс илүүтэй ихэвчлэн хувийн, нам руугаа чиглэсэн үйл ажиллагаа явуулж байсан.

Энэ хугацаанд Монгол орны санхүү, эдийн засгийн гол бодлогыг барьж байсан яам, байгууллагыг хэн удирдаж байсныг санаарай. 2012-2014 онд өдгөө МАН-ын гишүүн болоод буй Ч.Улаан Сангийн сайд, 2014-2015 онд одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сангийн сайдаар ажилласан. Бүрэн эрхийн дөрвөн жилийн гуравт нь МАН-ын хоёр сайд Сангийн яамыг толгойлсон. Монгол Улсын эдийн засгийн бодлого, түлхүүрийг барьж байсан хүмүүс мэдээлэлгүй байж таарах уу.

Өнгөрсөн дөрвөн жил УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажилласан Ц.Даваасүрэн одоо МАН-ын гишүүн. Цаашлаад одоогийн УИХ-ын гишүүн Б.Жавхлан өнгөрсөн дөрвөн жилд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч байсан шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жилийн гуравт нь төсвийн төсөл дээр ажилласан ажлын хэсгийг өнөөгийн Сангийн сайд Б.Чойжилсүрэн ахалсан байдаг.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрвөн жилийн санхүү, эдийн засгийн төлөв байдлыг АН-аас илүү МАН-ынхан мэдэж байх учиртай. Мэдээд зогсохгүй гол үүрэг гүйцэтгэж байсан. Өр зээл тавьсан, идсэн уусан гээд байгаа бүх зүйлийг тэд мэдэж байсан. Тэгчихээд “Бид юу ч мэдэхгүй байхдаа мөрийн хөтөлбөрөө боловсруулсан” гэж барим тавим худлаа хэлж болохгүй. Тэгвэл тэд сонгуулиар ард түмнийг хууран мэхэлж, залилсан байна.

Худлаа амлалт, мөрийн хөтөлбөр дэвшүүлснийхээ хариуцлагыг хүлээх хэрэгтэй. Эрүүгийн хуулийн 83 дугаар зүйлээр онц хүнд гэмт хэрэгт төрийн эрхийг зохион байгуулалттайгаар хууран мэхэлж, хууль бусаар авахыг хамруулдаг.

Ингэж олуулаа болж, ард түмний итгэлийг олж авчихаад зүгээр л ажлаа хийж, сайн байгааг нь үргэлжлүүлж, болохгүйг нь зогсоож, шинээр төсөл, хөтөлбөр санаачлаад явбал шударга байж, ард түмний дэмжлэгийг авах байсан.

-МАН-ынхан зогсоож, ухраахын төлөө л ажиллаж байна гэж хэлэх гээд байна уу?

-Бүх зүйлийг харлуулах гээд байна. Жишээ нь, төсвийн алдагдлыг 4.3 их наяд төгрөгт хүрсэн гэж ойлгуулахаар хэтэрхий улайрсан. Улмаар “сайн” гэх тодотголтой бүх хөтөлбөрийг зогсоож, гүйцэтгэл, санхүүжилтийг нь төсвийн өр болгож бичсэн. Сангийн яаманд алдагдал, зарлага, өр болгож болох бүхнийг бич гээд үүрэг, чиглэл өгсөн юм билээ.

Уг нь “сайн” хөтөлбөрүүд төсвийн өр биш юм. “Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдаж 10 сая төгрөгийн зээл авсан хүн хүү, үндсэн төлбөрөө өөрөө л төлнө биз дээ. Зээлийг төсвөөс төлөхгүй шүү дээ. Дарамт багатай, урт хугацаанд тогтмол төлж дуусгах, иргэндээ ч, улсдаа ч ашигтай төсөл байсан. Монголбанк хуулийн дагуу банкуудад зузаатгал олгож, түүгээр нь “сайн” хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн.

Арилжааны банк, Монголбанк, Засгийн газар, иргэдийн аль алинд нь алдагдалгүй. Үүний үр дүнд эдийн засаг руу орох мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, худалдан авах үйл ажиллагаа сайжран, бүхий л салбарт эерэг үзүүлэлт гарч эхэлсэн. Эрнандо де Сато “Нэг хэсгээр нь нүх ухуул, тэгээд цалинг нь өг. Нөгөө хэсгээр нь булуул, бас цалинг нь өг” гэж хэлсэн байдаг. Хүнд зүгээр мөнгө өгч болохгүй. Заавал ажил хийлгэ, тэгээд хөлсийг нь өг.

Тэгж байж л мөнгөний нийлүүлэлт ихсэж, тэр хэмжээгээр эдийн засгийн эргэлт сайжирна. Үүнийг зогсоосноор эрх баригчид эргээд өөрсдөө гацаанд орчихлоо. Ирэх оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэхээр оруулж ирсэн. Эдийн засгаар ингэж тоглож болдоггүй юм даа. Улс орны стратегийн бодлогоор улстөржиж болохгүй.

-Эдийн засгийн хүчин зүйлийг голлон тавьж буй Засгийн газар нөөц боломжийг шавхсан байдал нь хэр байна вэ?

-Бүсээ чангална гэдэг нь “Оюутны 70 мянга”-ыг өгөхгүй, “Хүүхдийн мөнгө”-ийг ялгавартай олгох, ахмадын Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгох, Хүүхэд хамгааллын тухай хуулийг хойшлуулахыг хэлж байна уу гэж асуумаар байна. Хүүхэд хамгааллын тухай хуульд эхний ээлжинд зарцуулах мөнгө дөрвөн тэрбум орчим төгрөг байсан.

Гэтэл хүүхдээсээ дөрвөн тэрбум төгрөг харамлаж, хойшлуулчихаад, золбин нохойны сав бооход таван тэрбум төгрөг зарцуулна гэж яриад сууж байгаа хүмүүсийг юу гэж ойлгох вэ. Золбин нохойг багасгах нь зөв ч цаг үе нь мөн үү.

Эдийн засгийн хэмнэлт хийж, бүсээ чангална гэчихээд онц шаардлагагүй дэд сайд гэсэн албан тушаал гаргаж, зөвлөх, туслах, тэдгээрийн унаа, өрөө тасалгаанд хөрөнгө зарцуулж буй нь төсвийн сахилга батыг дээшлүүлж байгаа хэрэг үү.

Иргэдийнхээ халаас руу гараа хийж, бүсийг нь чангалаад буй мөртлөө өөрсдийнхөө хэрэглээг ер танахгүй, хэмнэлтийн горимд шилжихгүй байна.

-Ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслүүдийн 50 хувь нь буцсан гэж та хэлсэн. Ер нь л эрх баригчдын үг, үйлдэл нь эргэж, буцсан, нэг л эвээ олж өгөхгүй байх шиг.

-Ерөнхий сайд, Сангийн сайд нь үг хэлэхдээ утгын биш, агуулгын, үзэл санааны алдаа гаргасан. Иргэд, ахмадуудаа доромжилсон. Сангийн сайд нь иргэд сүсэг бишрэлээсээ болоод талийгаачийнхаа үлдээсэн мөнгийг авахгүй гэж хүсэлт ирүүлсэн гэж хэлсэн. Ааваас минь үлдсэн халтар манан хөөрөг, дээл хувцас, малгайг би одоо болтол хадгалдаг. Үнэтэй биш ч гэлээ тэр бол миний хувьд хамгийн нандин өв хөрөнгө.

Гэтэл Сангийн сайдын хэлснээр үхсэн хүний юм гээд сэжиглэх гэнэ. Үр хүүхдэдээ хадгаламж нээгээд үлдээе гэвэл нас барсны чинь дараа тэд үлдээсэн мөнгөнөөс тань сэжиглэх хэрэг үү. Насаараа ханилсан хоёр буурайгийн нэг нь цагийн эрхээр түрүүлээд өнгөрдөг нь жам. Гэтэл хань, ижлийнхээ насан туршид нь хадгалсан хуримтлалын мөнгөнөөс хүн авч хэрэглэхээс сэжиглэж, татгалзана гэж үү.

... “Бясаагаа алах гээд байшингаа шатаав” гэдэг шиг засгийн эрхийг атгаж байсан

өмнөх улс төрийн хүчнийг харлуулж, үгүйсгэх гэж хэт улайраад улс орныхоо эдийн засгийг унагааж байгаа юм. Нөгөө талаас үл бүтэх амлалт дэвшүүлчихээд, биелүүлэх аргаа олж ядахдаа өмнөх рүүгээ чихэж байна ...

Үгүй л дээ. Харин ч ханийн минь буян гээд хүндэтгэлтэйгээр авч, хэрэгтэй зүйлдээ зарцуулах байх. Яагаад тэгж ярьж байгаа юм бэ. Тэд зүгээр л ард түмнээ доромжилж, өв соёлоо нулимж байна шүү дээ. Чойжоо сайд багагүй хөрөнгөтэй хүн. Сангийн сайдын үр хүүхэд “Үхсэн хүний хөрөнгөөр яах вэ” гээд өв хөрөнгийг нь өвлөхгүй юм байна л даа. Ерөнхий сайд нь “Хоёр хөгшин бие биенээ харахаар муухай юм бодно” гэсэн.

“Хурдан үхээсэй, миний тэтгэвэр нэмэгдэнэ” гэж бодно гэсэн үг үү. Лав л миний аав, ээж хэзээ ч тийм зүйл бодохгүй. Насан туршдаа ханилсан хоёр хөгшин нэгнийгээ нэг хоног ч гэсэн илүү амьдруулах сан гэж зүтгэдэг биз дээ. Түүнээс биш хурдан, түргэн үхээсэй гэж байсныг мэдэхгүй юм байна. Улс төр хийж болно. Гэхдээ ингэж болохгүй.

-Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосны араас судлах үүрэг өгсөн байсан.

-Би энэ талаар таван жил судалсан. УИХ-аас ажлын хэсэг гарч, гадаад улс орны туршлага судалсан. Олон улсын байгууллагуудын хөрөнгө оруулалт, дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачдын санаа, оролцоотойгоор судалгааны ажлыг таван жил гаруй хугацаанд хийж байж энэ хууль амилсан.

Ганц Монголд ч хэрэгждэг хууль биш. Энэ бол ахмад настанд өгч буй тэтгэмжийн мөнгө биш, тэдний нийгмийн хамгааллын маш том бодлого. Нөгөө талаас хувь хүний хөрөнгө юм.

-Гэхдээ Засгийн газраас ахмадуудад чиглэсэн бодлогын төслөө оруулж ирсэн шүү дээ.

-Тэр бол өнөөх л хишиг, хувь юм. Энд яригдаад байгаа хоёр хууль өдөр, шөнө шиг ялгаатайг яагаад ойлгохгүй байгаа юм бэ. Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосон нь ахмадуудаа дээрэмдсэн хэрэг. Социалист нийгэмд ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн тэдэнд маань хурааж, хуримтлуулсан юу байх билээ.

Цалингаас цалингийн хооронд ажиллаж, бүхий л амьдралаа улс орныхоо төлөө зориулсан ахмадуудад байгаа ганц хөрөнгө нь тэтгэврийн хуримтлал юм. Тэрийгээ хань, ижилдээ үлдээх гэснийг нь болиулчихлаа. Энэ бол коммунист хэлмэгдүүлэлт.

-Монголчуудын дундаж наслалт нэмэгдэж байгаа ч 70-д дөнгөж хүрч байна.

-Дундаж наслалт 69.2 байгаа. Эмэгтэй 70 дөнгөж гарч байгаа бол эрэгтэй нь 66. 70-аас дээш настай бол Цагаан сар, Үндэсний их баяр наадмаар тус бүр 100 мянга, 80-аас дээш бол 200, 90-ээс дээш бол 300 мянган төгрөг өгөх юм байна, тийм үү. Өнөөдрийн нөхцөл байдлаас харвал 70, 80, 90 хүрэх гэсээр байтал талаас илүү нь нас барчих магадлалтай.

Эдийн засаг муудаж байгаа үед дундаж наслалт нэмэгддэггүй гэсэн судалгаа бий. Хамгийн чухал хуулийг нь устгаж хаячихаад, тэрийгээ цайруулж, толгойг нь эргүүлэхийн тулд хийж байгаа ажил л даа. 36 сарын тэтгэмжтэй л адил.

-ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамраг дана гэвэл та дэмжих үү?

-Аргаа барж, өлсгөлөнд нэрвэгдсэн газар л “Стэнд бай”-г сонгодог. Хүнээр хэлбэл сэхээн амьдруулах гэж байгаа хэрэг шүү дээ. Монгол тиймдээ тулаагүй. Нэг тулгуурт эдийн засгийн бүтцээ өөрчилж, олон тулгуурт, оновчтой, зөв бодлого нэвтрүүлж, хуульчлаад оруулаад ирэх юм болов уу гэтэл тэгсэнгүй. Ирэх оны төсвийн төслөөс тийм зүйл харагдахгүй байна.

Нөгөө л өнөө, маргаашаа аргацаасан, энэ оныг яавал гал алдахгүй давах вэ, хэн бидэнд юу өгөх бол, хэнээс хэдэн цаас гуйх вэ гэсэн арга ядсан бодлого харагдаад байна. Зоримог, шинэчилсэн, өөрчилсөн, эдийн засгийн бүтцээ эвдсэн, зөв тийш нь эргүүлэх гэсэн бодлого ер харагдахгүй юм.

-Магадгүй “Стэнд бай”-г сонговол шалтгааныг нь та юу гэж харах вэ?

-Нэгдүгээрт, эрх баригчид чадавхгүй гэдгээ харуулж байна. Улс орныг авч явах чадавх тэдэнд алга. Боломж, боловсон хүчний нөөц алга. Хоёрдугаарт, тэдэнд хүсэл алга. Монгол орныг хөгжүүлье, эдийн засгаа өөрчилье, ард түмнээ сайн, сайхан амьдруулъя гэсэн зорилго, хүсэл алга. Зүгээр л өнөөдрийг яаж аргацаах вэ, яавал албан тушаалдаа удаан суух вэ гэсэн ядмаг бодолд автчихаж.

Зоримог өөрчлөлт хийе гэвэл эрсдэлээс айхгүй. Ингэлээ гээд иргэдийнхээ халаасыг сэгсрээд байж болохгүй. “Сайн” гэсэн тодотголтой төсөл, хөтөлбөрүүдийг зогсоосон нь улс орны бус, улс төрийн ашиг хонжоо л харсан үйлдэл. С.Зоригийн хэлсэнчлэн эрх баригчдын эрх ашгийн эрэмбэ алдагдчихаж.

-Эрх баригчдын бодлого, үйл ажиллагаа зүгээ олохгүй байгаа нь орон нутгийн сонгуультай холбоотой байх.

-Ерөнхий сайд Засгийн газар татвар нэмэх байр сууринаасаа ухраагүй, МАН-ын бүлгийн гаргасан шийдвэрийн дагуу татвар нэмэхийг түр хойшлуулсан гэдгээ ил тод хэлсэн. Орон нутгийн сонгуулийн дараа тэд татвар нэмэгдүүлэх бодлогоо бариад ороод ирнэ. Цаг хожих гэсэн арга.

-Та Баянгол дүүргийн АН-ын дарга. Танай намын хороогоор сонин юу байна вэ. Сонгуульд ямар тактикаар оролцож байна вэ?

-АН хийснээ ярьж, тайлагнаж, эрх баригчдын буруу явуулж буй үйл ажиллагааг шүүмжилж, сум, дүүргийн түвшинд юу хийх вэ гэдгээ танилцуулж байгаа. Эрх баригчид өнөөдөр хумсаа нуусан муур шиг л байна. Сум, орноо хөгжүүлнэ гэж байгаа ч дээд талдаа хийж буй үйлдэл бүр нь эсрэгээрээ байна.

Ер нь бол тэд ард түмнийг хуурч ирсэн. Гурван сарын өмнө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөсөө хэдэн янзаар өөр зүйл ярьж, ухрав даа. Күнзийн сургаалд “Хоёр алхам урагшаа, нэг алхам хойшоо” гэсэн үг бий. Дундаас нь нэг алхам хожих нь. Гэтэл манайх хоёр алхам ухраад, ард түмэн дургүйцэнгүүт буцаж нэг алхам урагшлаад яваад байгаа юм.

Ийм л байдлаар иргэдийн халаас руу гараа дүрж, татвараар дарамталж байна. Дарамт, дарангуйллаа ямх ямхаар ахиулах бодлого баримталж байна. Магадгүй энэ нь нэг намын хэмжээгүй их дарангуйлал бий болгох гэсэн оролдлого байж ч мэдэх юм.

-Баянгол дүүрэгт АН ялалт байгуулбал УИХ-ын гишүүн асан С.Одонтуяаг Засаг даргаар томилно гэж урьдчилан зарласан нь зөв жишиг шиг санагдсан.

-Манай дүүргийн намын хороо 2012 оны орон нутгийн сонгуульд оролцохдоо олонх болбол Баянгол дүүргийг ирэх дөрвөн жилд Д.Оросоо удирдана гэж зарласан. Тэгээд ялсан. Д.Оросоо шинэчлэлийн багийг дөрвөн жил удирдсан. Маш амжилттай ажилласан. Дэвшүүлсэн 5А хөтөлбөрөө 90 гаруй хувиар биелүүлж чадсан.

Одоо ирэх дөрвөн жилд С.Одонтуяаг ажиллуулна гэж дүүргийн намын хорооныхон санал нэгтэй шийдвэрлэсэн. С.Одонтуяа бол төрийн ажлын туршлага хуримтлуулсан, улс төрд өнгө төрхөө харуулж чадсан цөөн эмэгтэй улстөрчийн нэг. Ингээд урьдчилан ил тод зарлах нь ялсны дараа ямар нэг өрсөлдөөн, хуйвалдаан, хагарал гаргадаггүй сайн талтай.

Баянгол дүүргийн МАН-ынхан гэхэд л хэд хэд хуваагдчихсан сурагтай. Хууль ёсны дарга гээд байгаа нэг нь хуурамч тамгатай, намын байраа хүчээр булаагаад авчихсан гээд зөндөө л зөрчил байгаа юм билээ. Сэтгүүлч Г.Жамъян гуай их тод бичсэн байна лээ.

-Танай дүүрэгт төрийн албан хаагчдын халаа сэлгээ хэр явагдаж байна вэ?

-Улс орон даяар л мэдэгдэж байна шүү дээ. Төрийн нарийн бичгийн дарга нар нь томилогдоогүй байсан учраас бас ч гайгүй байсан биз. Одоогоор бидний судалж мэдсэнээр эрх бүхий албан тушаалтан нь томилогдоогүй байхад 4000 орчим хүн халагдчихаад байна. Одоо Төрийн нарийн бичгийн дарга нар томилогдчихлоо.

Орон нутгийн сонгуулийн дараа хэдэн мянгаар халахыг нь хэлж мэдэхгүй. Тиймээс өнөөдрийн хэт олонхдоо эрдэж, төрийн дарамт бий болгож байгаа улс төрийн хүчнийг хазаарлах ёстой. Иргэд, сонгогчдыг хамаагүй басамжилж болдоггүй юм байна гэдгийг ойлгуулах цаг болсон. Тийм учраас сонголтоо ухаалаг хийх хэрэгтэй.

-Цөөнхийн бүлгийн ажиллах нөхцөл, боломжийг хэр бүрдүүлж байна вэ?

-Тааруухан байна. Өмнөх парламентын сөрөг хүчинтэй харьцуулбал манайх гурав дахин бага хүнтэй, ажлын алба нь ч тэр хэмжээгээр хүн хүч цөөтэй. Өрөө тасалгааны хүрэлцээ ч хомс байна. Гэхдээ бид тэглээ гээд үйл ажиллагаагаа зогсоохгүй. Илүү эрчтэй, хүртээмжтэй ажиллахын төлөө зүтгэнэ.

Сөрөг хүчин байна гэдэг юм болгон дээр сөрөхийн нэр биш. Сөрөг хүчин хамгийн ухаалаг байж, эрх баригчид буруу алхам хийхээс урьдчилан сануулж, засаж залруулж, сайн зүйлийг нь дэмжиж, хүч өгдөг байж гэмээнэ жинхэнэ үүргээ биелүүлнэ.

-АН-ын ҮЗХ-ны хуралдаан хойшилсныг янз бүрээр тайлбарлаж байна. Та энэ тухайд юу хэлэх вэ?

-Хоёр янзаар харж байна. ҮЗХ-г хуралдуулах сонирхол маш хүчтэй байсан. Ялангуяа гадна талаас хүчтэй нөлөөлөх гэж оролдсон. Бараг мартагдсан хүмүүс гэнэт гарч ирж, хэсэг бүлэг болж хуваагдаад учир утгагүй мэдэгдэл хийгээд эхэлсэн. Яасан ч их зав, мөнгөтэй юм. Гэнэт яагаад намдаа санаа зовоод эхлэв гэдэг нь сонин байгаа юм.

Нөгөө талаас нам доторх хүчтэй, нөлөөтэй хэсэг нь ҮЗХ-г хуралдуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Миний хувьд нэгэнт шинэчлэл, өөрчлөлтийн цөм болсон бодлогоо боловсруулж амжаагүй байхад ҮЗХ-г хуралдуулах нь утгагүй гэж үзэж байна. Наймдугаар сарын 25-нд хуралдуулсан бол УИХ-ын ээлжит бус чуулгантай давхцах байсан.

ҮЗХ-ны хуралдаанд хамаг анхаарлаа тавих зуур эрх баригчид өнөөдөр буцаагдаад буй маш олон бодлогоо батлуулж амжих байсан. Сая ээлжит бус чуулган дуусангуут ҮЗХ-г хуралдуулахыг шаардсан гадна, дотнын хөдөлгөөнүүд ажиллаж эхэлсэн. Тэр нь орон нутгийн сонгуулийн өмнө дахин зодолдуулж, хагаралдуулж, улмаар сонгуульд хожлын оноо авах зорилготой болохыг олж харсан.

Тиймээс сонгуулийн дараа асуудлыг нэг мөр авч хэлэлцэх нь зүйтэй юм гэсэн байр сууринаас ҮЗХ-ны хуралдааныг хойшлуулсан. Шүүмжлэл дагуулсан ч орон нутгийн сонгуулийн штабаа байгуулж, ерөнхий менежерээр Д.Эрдэнэбат гишүүн томилогдон ажиллаж байгаа.

-Намын шинэчлэлд удирдагч, хувь хүнээс шалтгаалах хүчин зүйл хэр хүчтэй гэж бодож байна вэ?

-Монголын бүх нам шинэчлэгдэх цаг болсон. Хэсэг бүлгийн эрх ашгийн нэгдэлд тулгуурласан улс төрийн хүчнүүд л байна. Бодлогын институц байж чаддаг улс төрийн нам бий болгох цаг ирсэн. АН, МАН-ын аль алинд нь үзэл бодол, онолын бааз суурь алга. Энэ хоёр нам бодлогын институц болж чадахгүй байна. Аль аль нь угшил гарлаараа ойртсон фракцуудын нэгдэл болж байна шүү дээ.

Намыг шинэчлэхийн тулд дарга Батыг Доржоор солиод өөрчлөгдөхгүй. Харин үзэл баримтлал, онолыг нь тогтоох хэрэгтэй. Түүндээ тулгуурлан үнэт зүйлсээ шинээр тогтоох ёстой. Улмаар бүтэц, дүрэм, зохион байгуулалтын асуудлаа цэгцлэх шаардлагатай. Ингэж чадвал нам шинэчлэгдэнэ. Энэ шинэчлэл Ардын намд ч, бусад намд ч хэрэгтэй. Ингэснээр намд жинхэнэ лидер улстөрч гарч ирэх нөхцөл бүрдэнэ.

-Нам дээр шинэчлэлийн баримт бичиг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажил нь хэр урагштай байгаа бол?

-Миний бие намын үзэл баримтлал, онолын төсөл боловсруулах ажлын хэсгийг ахалж байгаа. Манай ажлын хэсгийн ажил нэлээд дөхөж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)