С.Эрдэнэ: Бид аль нэг намын эрх ашиг харж Ерөнхий сайдыг огцруулахыг зориогүй

Төрийн ордон дахь улс төр эхэлж байна. Оюутолгойн гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцүүлэн өөрчил гэсэн шаардлагад 19 гишүүн нэгдэн гарын үсгээ зурж, маргааш Засгийн газарт хүргүүлэхээр төлөвлөжээ. Ц.Батбаяр, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Д.Балдан-Очир, Б.БатЭрдэнэ нар МАН-аас, Р.Амаржаргал, С.Эрдэнэ, Н.Батбаяр, Д.Ганхуяг нар АН-аас нэгджээ. Нэг ёсондоо АН-аас Ардчилсан хүчний холбооныхон, МАНаас “эсэргүү” дөрвөн гишүүн нийлсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Оюутолгойн гэрээний яг ямар заалтуудыг өөрчлөх ёстой гэж Та бүхэн үзэж байна вэ?

-УИХ 57 дугаар тогтоол баталсан. Засгийн газар уг тогтоолыг огт хэрэгжүүлээгүй. Оюутолгойн гэрээг байгуулахаас өмнө энэ тогтоолыг баталж, гэрээ хэлэлцээ хийхдээ юуг анхаарахыг зааж өгсөн. Тухайлбал, “Анхны хөрөнгө оруулалтаа нөхс өнөөс хойш Монголын эзэмших хувийг 50-д хүргэнэ” гэсэн заалт уг тогтоолд бий. Гэтэл Засгийн газар Оюутолгойд ашигтай бүх нөхцөлийг гэрээнд тусгасан атлаа Монголын ард түмэнд ашигтай зүйл оруулаагүй. Усны нөөцийг тэр чигээр нь хөрөнгө оруулагчдад өгч, Гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас чөлөөлсөн. Хөрөнгө оруулагч, хувь нийл үүлэгчийн гэсэн хоёр өөр гэрээ хийсэн. Эхний гэрээ нь өнгөц төдий. Хувь нийлүүлэгчийн гэрээнд 80 хувь нь давуу эрхийн, үлдсэн нь энгийн хувьцаа байхаар заасан. Тэгсэн атлаа 80 хувийн давуу эрхийн хувьцаанд Монголын тал оролцох боломжг үй гэрээ хийсэн. Их хэл ам болж байж үүнийг хүчингүй болгосон. Хувь нийлүүлэгчийн гэрээг нууцын зэрэглэлд оруулчихсан байсан. Хэнээс, юу нууцлаад байгаа юм бэ. Дээрээс нь тогтвортой байдлын гэрээг 30 жилээр байгуулчихсан. Бидний тооцсоноор их удлаа гэхэд л 4-5 жилд анхны хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой. Одоо тогтоосноор Оюутолгойн орд 1800 тонн алт, 49 сая тонн хүдрийн нөөцтэй. Цаашаа хэд ч болж нэмэгдэж болно. Гэтэл ТЭЗҮ дээр алтыг 1000 тонн, зэсийг 32 сая тонн гэж тооцсон. Цаана нь манай “Эрдэнэт” үйлдвэрийн дайны буюу 17 сая тонн хүдэр үлдэж байна. Мөн 800 тонн алт байна. Энэ бүхнийг хаях гэж байгаа юм уу. Олборлоход хүнд нөхцөлд, бүр далд байгаа гэдэг шалтгаанаар энэ хэсгийг хаях нь. Өрмийг нь хамж, сорчилж аваад л үлдсэнийг нь хаяад гарна гэсэн үг. Сангийн болон Эрдэс, баялаг эрчим хүчний сайд нараас би чуулган дээр “30 жилийн дараа уг ордоос хэдэн хувь нь үлдэх вэ” гэж асуусан. Тэд “44 хувь нь үлдэнэ” гэж хариулсан. Энэ бүхэн дээрх дүгнэлтийг баталж байгаа юм.

-Асуудал хөндсөн гишүүд голдуу АХХ-ныхон байна л даа. Тус холбоо анхнаасаа хамтарсан Засгийн газрын эсрэг байр суурьтай байсан. Үүнтэй холбоотой юу?

-Энэ бол өнөөдөр л гэнэт ярьж буй асуудал биш шүү дээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үеэс нь л Монголын талд ашиггүй гэдгийг хэлсэн. Бид аль нэг намын эрх ашиг харж, эсвэл хэн нэг Ерөнхий сайдыг огцруулахыг зориогүй. Намын эрх ашиг ярилгүйгээр л анхнаас нь тэмцсэн, Монголын ард түмэнд ашиггүй гэрээ боллоо гэдгийг сануулсан.

-Тухайн үеийн шүүмжлэлд Сангийн сайд “Гэрээг өөрчилж, залруулах боломжтой” гэсэн хариу өгч байсан.

-Өнөөдрийг хүртэл тэгж хуурсаар ирсэн. Гэрээнд дорвитой өөрчл өлт оруулаагүй л байна. Бидний шаардсанаар “Давуу эрхийн хувьцаа 80 хувь байна” гэснийг л болиулсан.

-Гэрээ байгуулснаас хойш шаардаад өөрчилж чадаагүй. Одоо Та бүхний шаардлага үр дүнд хүрэх болов уу. Засгийн газарт хэдий хугацаа олгож байгаа юм бэ?

-Тиймээс л бид 19 гишүүн Ерөнхий сайд, Засгийн газарт асуудал тавьж байна. Аравдугаар сарын 1-ний дотор гэрээг өөрчлөхгүй бол Засгийн газарт хариуцлага тооцно, огцруулах асуудал тавина. Үүний дараа Тавантолгой, стратегийн бусад ордын талаар ч хөндөх болно.

-Одоо Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Саяхан Иргэний танхимд энэ асуудлаар хэлэлцүүлэг болсон. Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг танилцуулахад эрдэмтэд “УИХ-ын 39, 40 дүгээр тогтоолыг биелүүлээгүй байна. Ер нь Тавантолгойд үндэсний компаниудыг оруулах ёстой” гэж байсан. Таны байр суурь ямар байна вэ?

-Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газар эдгээр тогтоолын эсрэг боловсруулсан гэж үзэж байгаа. 39 дүгээр тогтоолд “Эрдэнэс Тавантолгой төрийн өмчит компани байгуулж,” ашиглалтын лицензийг Эрдэнэс МГЛ”-ээс хуваахгүйгээр шилжүүлнэ” гэсэн. Гэтэл одоо Цанхийн баруун, зүүн хэсэг, Ухаа худаг гэх мэтээр 5-6 хэсэгт хуваачихсан байна. Ухаа худагийг нэг компанид эзэмшүүлэх эрхийг хэн өгсөн юм. УИХ-ын 27 дугаар тогтоолын хавсралтын нэгдүгээрт “Энержи ресурс” компанийн эзэмшлийн Ухаа худагийг Тавантолгой ХХК-ийн тусгай зөвш өөрлийн газарт оруулж ойлгоно” гээд баталчихсан. УИХ ийм тогтоол баталсан байхад Ухаа худагийг таслаад өгөх эрх байхгүй. Ийм шийдвэрийг УИХ гаргаагүй. Нөгөө талаар Тавантолгойг нийт ард түмэнд эзэмшүүлнэ гэчихээд эрчим хүчний 7-10, коксжих нүүрсний 12- 14 хувийн нөөцийг багтаасан Ухаа худагийн хэсгийг ганц компанид тасалж өгснөө “Энержи ресурс”-ийн лицензийн төлбөр болгож өгсөн гэж ярьдаг. Нийт эдэлбэр газрын дөрвөн хувь гэнэ. Тэгвэл энэ дөрвөн хувь чинь нийт ордын дээрх хэмжээний нөөцийг агуулж байна. Гол өрөм нь бий. Одоогоор энэ бүх нөөцийг 200 метр хүртэл тооцсон нөөцөөр яриад байгаа. Цаашид нөөцийн хэмжээ өснө. Ухаа худагийн хувьцааг Хонконгийн хөрөнгийн бирж дээр гаргаад IPO хийгээд 6-7 тэрбум долларын хөрөнгө босгочихсон. Нэг талаар сайн хэрэг. Гэвч Монголын ард түмний өмчийг ганц компани эзэмших, уг ордыг 5-6 хуваах эрхийг хэн олгосон юм. Мөн улс орнуудад оноосон хувийг ямар тооцоонд үндэслэж, хэн хуваагаад байна гэх мэтээр асуудал их байна. Ийм зүйл хийж суудаг Засгийн газар байж болохгүй.

-Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар ярилцана. Тэр үед энэ бүхнийг сөхөх үү?

-Мэдээж энэ бүхнийг ярина.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)