С.Эрдэнэ: Ардчиллаас ухарсан заалтудыг өөрчилнө

 УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд оруулсан хэвлэл, мэдээллийнхэн, ард иргэдийн мэдээлэл олж авах эрхийг хязгаарласан заалтуудыг өөрчлөх төслийг С.Эрдэнэ, Д.Ганхуяг тэргүүтэй таван гишүүн боловсруулжээ. Үнэндээ зөвхөн сэтгүүлчид, ард түмний биш гишүүдийн сонгогчдодоо байнга харагдах, үг хэлэх боломжийг дээрх заалтаар хязгаарласан. Тэд ч эл өнцгөөс асуудалд хандсан бололтой. Энэ талаар төсөл санаачлагч С.Эрдэнээс тодрууллаа.

-Хуульд яг ямар өөрчлөлт оруулахаар төсөлд тусгав?

-Баталсан хууль Үндсэн хуультай нийцэж буй эсэхийг бид судалсан. Хэвлэл мэдээллийн ажилтнуудыг ажилласан жилээр нь ялгаж, мэдээлэл олж авах эрхийг хязгаарласан заалт нь Үндсэн хуультай зөрчилдаж байна. Мөн УИХ-ын болон төрийн үйл ажиллагаа шаардлагатай тохиолдлоос бусад үед нээлттэй байх зарчмыг зөрчжээ. УИХаар баталж буй хуулийн гол маргаан, гишүүдийн байр суурь Байнгын хорооны хуралдаан дээр тодорхой илэрдэг. Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганд танилцуулдаг ч гишүүдийн байр суурь тодорхой гардаггүй. Үүнийг олон нийтэд хүргэж байгаа хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг хязгаарласан нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж буйтай яг адилхан. Ардчилсан төрийн бодлого, үйл ажиллагаа нээлттэй, тунгалаг байх ёстой. Тиймээс ардчиллаас нэг алхам ухарсан хуулийн заалтуудыг өөрчлөх төсөл боловсруулсан.

-Байнгын хорооны хуралдааныг нээлттэй болгоно гэсэн үг үү?

-Дэгийн тухай хуулийн 53.1-д сэтгүүлчдийг тусгай өрөөнд суулгаж, нэгдсэн мэдээллээр хангахаар заасан нь байж боломгүй үйлдэл. Тусгайлан бэлдсэн мэдээллийг цацах нь төрийн бодлогыг олон нийтээс нууж буй хэрэг. Зохион байгуулж, бэлтгэсэн учраас ямар ч мэдээлэл өгч болно шүү дээ. Бодит байдлыг байгаагаар нь шууд сурвалжлах нь иргэдэд дүгнэлтээ хийх боломж олгоно. Иргэд, төрийн гүүр болж буй хэвлэл, мэдээллийн байгууллагын амыг боох ёсгүй. Ер нь хариуцлага, үүрэг хүлээж буй хүмүүс асуудалд хэрхэн хандаж буй нь эндээс харагдлаа. УИХ 76 гишүүнтэй, үүнд ямар нэг дарга, илүү эрхтэй хүн байхгүй. Гэтэл Байнгын хорооны хуралдааныг хаачихаад дарга нь л мэдээлэл өгч, илүү эрх эдлэх сонирхлоор асуудалд хандаж байна. Байнгын хорооны даргад хэн тийм давуу эрх олгосон юм. УИХ-ын 76 гишүүний төрийн үйл ажиллагаан дахь оролцоо олон нийтэд нээлттэй байх ёстой.

С.УУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)